сонин mn
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Т.Доржхандтай ярилцлаа.
 
Та сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентыг бэхжүүлэх асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандах үеэрээ УИХ-ын гишүүдийн тал нь пропорционал хэлбэрээр сонгогддог болох ёстой гэж ярьсан. Ингэснээр ямар үр дүн гарна гэж тооцож байна вэ?
 
Маш том үр дүн гарна. Монгол Улсын Их Хурал 76 гишүүнтэй. Үүний тал буюу 38 гишүүн нь пропорциональ хэлбэрээр, үлдсэн хэсэг нь жижиг тойрог байх байдлаар сонгуулийн тогтолцоог солих хэрэгтэй. Ингэснээр хоёр том үр дүн гарна. Нэгдүгээрт, Монгол улсын төсөв өнөөдөр хөгжлийг биш тойргийг санхүүжүүлдэг, бүр тодруулбал бурханы хөшөө, соёлын төв санхүүжүүлдэг байдлаар 30 жил явж ирлээ. Үүнийг өөрчлөх боломж нь тойргийг төлөөлдөг биш, Монгол улсыг төлөөлдөг УИХ-ын гишүүдтэй болох явдал юм. Өөрөөр хэлбэл Зонховын хөшөө биш төмөр замын асуудлыг шийдэх үү? Хил гааль, боомтын асуудлыг шийдэх үү? Дулааны цахилгаан станцын асуудлыг шийдэх үү? Газар доорх дэд бүтэц, сантехникийн асуудлыг шийдэх үү? гэдэг дээр илүү саналаа өгдөг, кнопоо дардаг гишүүд хэрэгтэй байгаа. Ингэж байж улс орон алсыг харсан, дэд бүтцээ санхүүжүүлсэн, том төслүүдээ санхүүжүүлсэн, үр дүнд нь татварын орлого өсдөг, боловсрол, нийгмийн асуудлаа шийддэг боломжтой болох юм. Үлдсэн 50 хувь буюу 38 гишүүн нь тойргийнхоо асуудлыг шийддэг ийм байдлаар шилжилтийн үеээ явах нь зүйтэй. Үр дүнд нь Монголчууд хожно.
 
Хоёрдугаарт, сая 2 том сонгууль боллоо. МАН үнэмлэхүй яллаа. Эрх барьж байгаа нам сүүлийн 2 сонгуульд 60-аас дээш суудал авлаа. Нөхөн сонгуулиар мөн л үнэмлэхүй ялалт байгууллаа. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт ирц хүрсэнгүй. Саналаа өгсөн ч үр дүн нь адилхан юм чинь гээд сонгуульд орохоо больчихлоо шүү дээ. Ингэснээр нийт сонгогчдын 20 хүрэхгүй хувийг аваад ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болж байна. Энэ бол хүлээн зөвшөөрөгдөх тоо биш.
Цаашдаа энэ байдлаараа явах юм бол нэг л нам, нэг л ажил олгогчтой буюу 1990 оноос өмнөх систем рүүгээ бид орно. Үр дүнд нь 2 нам биш 1 нам, үр дүнд нь зах зээлийн эдийн засаг биш социалист загвар руу шилжээд байгаа нь том ухралт. Үүнийг өөрчлөхийн тулд, иргэддээ сонголт хийх боломжийг нь олгохын тулд, иргэдийн сонголтыг гээхгүйн тулд пропорциональ элементийг оруулж ирэх нь зүйтэй.
Тухайлбал өнөөдөр эрх барьж байгаа нам иргэдийн 40 гаруй хувийн саналыг авчихаад УИХ-ын 85 хувийг бүрдүүлж байна шүү дээ. Ард нь тэр 60 хувийн сонголт байхгүй болчихоод байна. Ийм гажгийг засахын тулд цаашдаа Монгол улс сонгуулийн нэг тойрогтой пропорциональ элементийг оруулах хэрэгтэй. Ингэснээр УИХ-ын гишүүн тойргийг төлөөлдөг байдал устана. Орон нутгийн хамжлага юм шиг систем устана. Ингэснээр УИХ маань илүү бодлого ярьдаг болно. Хөгжлийн асуудлаар мэтгэлцдэг болно. УИХ дээр олон намын төлөөлөл орж ирнэ.
 
Бидний сайн мэддэг “Буян”-гийн Б.Жаргалсайхан буюу БНН-ын дарга нь парламентдаа орж ирээд яриг л дээ. Т.Ганболд нь яримаар байна. Д.Мөнх-Эрдэнэ гээд лайв хийгээд байгаа залуу орж ирээд яриг л дээ. Энэ боломжийг нь өгмөөр байна. Энэ агуулгаараа пропорциональ элемент бол маш чухал.
 
Бид цаашдаа ардчиллыг, тэр дундаа парламентын ардчиллыг бэхжүүлэх шаардлагатай. Гэтэл парламент маань өөрөө давжаа, нийт суудлынх нь 80 хувьд нэг нам ороод суучихдаг, гаргаж байгаа шийдвэрүүд нь ухралт хийсэн, хөшөө дурсгалд мөнгөө зарцуулдаг болчихсон. Өмнөх төсвийн үеэр маш олон эдийн засагчид төсвийн задаргаан дээр суугаад ийм ийм зүйлд төсөв зарцуулагдаж байна, ийм аймгуудад соёлын төв, контор бариад байна, зарим аймгуудад хүүхдийн дотуур байр бариад байна. Ингэж болохгүй гэдгийг зүйл заалттай нь гаргаж, нийтэд ил болгож байсан. Иргэд арай ч дээ гээд шоконд орж байсан, маш их бухимдаж байсан. Гэтэл энэ байдал өнөөдөр дахиад үргэлжилж байна шүү дээ. Харин ч бид нар биш иргэд “Зонховын хөшөө” гээд гаргаад ирж байна. Энэ бол 1300 орчим санхүүжүүлэх хөтөлбөрийн нэг нь л шүү дээ. Ийм нэрээ өөрчилсөн, үр ашиггүй бүтээн байгуулалтууд Монголд зөндөө байна. 30 жил ийм үр ашиггүй цемент зуурч, санхүүжүүлж ирлээ. Цаашдаа болохгүй. Хэрэв сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй. Үр дүнд нь төсөв тэлсэн хэвээрээ л байна. Өнөөдөр Зонхов гээд байшин барилаа, хөшөө барилаа. Үүний санхүүжилт буюу дулаан, цахилгаан мөн ядаж л харуул гээд хүн ажиллаж таарна. Энэ нь улсын төсөвт урсгал зардал болоод сууна. Ямар нэгэн музей, контор, соёлын төв барихаар ашиглалтанд орсон өдрөөсөө хойш ашиглалтын хугацаа нь 50 жил бол 50 жилийн турш урсгал зардал төсөвт суучихдаг. Ийм байдлаар төсвийн зардал тэлээд байна. Ердөө 3, 4 жилийн өмнө 10 их наяд хүрэхгүй байсан Монгол улсын төсвийн зардал өнөөдөр 2 дахин өсөөд 18 их наяд болчихлоо. Энэ нь асар их төсвийн алдагдал үүсгээд байна. Орж ирж байгаа орлого нь бага. Зарцуулж байгаа зардал нь их. Тэр зардлыг судлаад үзэхээр үр ашиггүй бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлээд байна шүү дээ. Төсвийн алдагдал өсөхөөр түүнийг юугаар санхүүжүүлэх вэ? Энэ бол өр. Гэтэл Монгол улсын өр өнөөдөр 30 гаруй их наяд төгрөг.
 
 
 
Нэг хүнд ноогдох өрийн хэмжээгээрээ Монгол улс дэлхийд нэгт явж байна. Энэ өрийг шийдэхгүй бол Монгол улсын төсөв дампуурна. Монгол улс дампуурна. Тийм учраас пропорциональ тогтолцоо маш чухал. Жил бүр төсвөө яриад, шүүмжлээд орхидог байж болохгүй. Үүнийг үндсээр нь өөрчлөхийн тулд тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй.
 
 
 
Үүнд мөнгө хэрэггүй. Санхүүжилт хэрэггүй. Улстөрийн эр зориг л хэрэгтэй. Ямар эр зориг вэ? гэхээр Т.Доржханд УИХ-д Хан-Уул дүүргийн сонгогчдыг төлөөлж байна. 2024 онд Т.Доржханд хийсэн ажилтай болоод дүүрэг дахин УИХ-д сонгогдох нь чухал юм уу? Эсвэл дүүргийн төсвөө түр хойш нь тавьж байгаад Монгол улсад хэрэгтэй бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх ёстой юм уу? Өнөөдрийн УИХ-ын гишүүд бүгдээрээ 2 дахийг нь сонгох ёстой. Монгол улсад хэрэгтэй хил гааль, боомтын асуудлыг шийдье. Улаанбаатар хотын түгжрэлийн бууруулахын тулд дагуул хотуудыг, дэд бүтцийн асуудлыг нь шийдье. Газар доорх бүтцийг хүн хийсэн ажил байна гэж харахгүй л дээ. Гэхдээ энэ цаашдаа олон хүний амьдралд хэрэгтэй. Газар доорх дэд бүтэц, дээгүүр татаж байгаа цахилгаан шугам зэргийг дагаад газар нь эргэлтэнд ордог. Барилга байшин баригдана. Үр дүнд нь Улаанбаатар хотын төвлөрлийн асуудал шийдэгдэнэ. Түүнийг дагаад автозамын түгжрэл буурна.
Нийгмийн бухимдал буурна гэх мэт олон давуу талтай. Өнөөдөр хүмүүст таалагдахгүй гашуун байж болно. Гэхдээ урт хугацаандаа Монгол Улсад хэрэгтэй бүтээн байгуулалтуудыг бид санхүүжүүлэх ёстой. Эх үүсвэр нь Монгол улсын төсөв. Энэ төсвийг бид хайрлах ёстой, гамнах ёстой. Хамгийн зөв зүйлдээ зарцуулах ёстой. 
 
 
 
УИХ-ын 2012 оны сонгууль холимог хэлбэрээр явагдсан. Үүнээс үүдээд зарим хүмүүс пропорционал хэлбэрийг нэр хүнд муутай улс төрчид намын жагсаалтны ард нуугдаж, УИХ-ын гишүүн болдог гэх мэтээр шүүмжлэлтэй ханддаг. Үүн дээр ямар та ямар тайлбар өгөх вэ?
 
Нэгдүгээрт, өнөөдрийн мажаротари  буюу тойрог төлөөлдөг систем бол дэлхий дээр байгаа хамгийн муу  сонгуулийн систем. Дэлхий дээр ердөө найман улсад л байгаа. Арабын зарим улсууд, мөн хөгжил муутай цөөн хэдэн оронд. Бусад бүх улс орон пропорциональ системээр, зарим нь холимог системээр сонгуулиа явуулдаг. Хоёрдугаарт, жагсаалтаар олигархууд ч юм уу, нэр хүнд муутай хүмүүс мөнгөө төлөөд намын ард нуугдаад гараад ирвэл яах юм бэ? гэж. Бодитой шүүмжлэл байна. Гэхдээ пропорциональ систем маш олон хувилбартай. Заавал намын нэрийг л дугуйлах албагүй.
 
Нэг том тойрог дээрээс иргэд өөрсдөө хэн гэдэг хүнийг дэмжиж байгаагаа дугуйлах эрхийг нь өгч болно. Өөрөөр хэлбэл иргэд сонгох гээд байна шүү дээ. Нам үсгийн дарааллаар 38 хүний нэрийг жагсаалаа. Иргэд дэмжиж байгаа хүнийхээ нэрийг сонгоод, хамгийн их санал авсан хүмүүс нь УИХ-д орох боломжтой болно гэх мэт олон улсад ашиглагддаг янз бүрийн хувилбарууд бий. Ганцхан хувилбараар битгий дүгнээрэй.
 
Гуравдугаарт, улстөрийн нам бодлогоороо өрсөлддөг. Парламент гэдэг нь намуудын улстөрийн бодлогын өрсөлдөөний талбар юм. Хувь хүн биш нам институциуд бодлогоо гаргаад сайн хэрэгжүүлэх юм бол үнэлгээгээ аваад засагладаг. Муу хэрэгжүүлэх юм бол сонгуулиар байхгүй болдог, ийм л зүйл шүү дээ. Цаашдаа нам өөрөө институци болж бэхжих ёстой. Тэгэхийн тулд зөв бодлоготой, түүнийг хэрэгжүүлэх баг нь байх ёстой. Тэгж байж ард түмний итгэлийг авна. Тэр дунд нэг л болж бүтэхгүй хүн ороод ирэх юм бол иргэд итгэхгүй шүү дээ. Пропорциональ лист биежиж амилахгүй. Монгол улсад 70 жилийн турш нэг нам байсан. Дараа нь 30 жилийн хугацаанд хоёр нам болсон. Өөр намууд орж ирэхээр хоёулаа нийлж байгаад цавчаад хаячихдаг. Одоо ахиад хоёр нам уу? Нэг нам уу? гэдэг дээр ирчихлээ. ХҮН гарч ирсэн. УИХ-д суудалтай 3 дахь нам. Сүүлийн сонгуулиудад иргэд бидэнд саналаа өгч, хоёрт бичигдэж байгаа. МАН, ХҮН, АН, мөн үүнээс ч олон намууд орж ирээсэй гэж хүсэж байгаа. Яагаад гэвэл ардчилал бол олон өнцөг, олон байр суурь, олон намын тогтолцоо юм. УИХ-д олон намууд орж ирээд ярьдаг байх ёстой. Ингэж байж парламент бэхжинэ. Энэ улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал баталгаажна. Тэгэхгүй нэг намтай бол хоёр хөршийн дарга нар хүрч ирээд, ярилцаад чиглэл өгөхөд дуусна. Бодит байдал бол энэ.
 
Олон нам байж дархлаа тогтоно гэдэг нь зөв, үнэн. Энэ агуулгаараа олон нам байх хэрэгтэй. Гэтэл өмнө нь хоёрхон нам байсан. Нэг нь муу бол нөгөөг нь сонгочихдог. Нөгөө нь муу бол буцаагаад өмнөхөө сонгочихдог. Гэтэл гурав дахь, дөрөв дэхь, тав дахь сонголт буюу бид нар гарч ирээд явж байна. Энэ нь Монголын ардчилалд хэрэгтэй. Олон сонголт гарч ирэхээр пропорциональ систем бодит утгаараа зөв сонголттой болж ирнэ. Ингэж байж ардчилал бэхжинэ. Өөрөөр хэлбэл МАН засаглаж чадахгүй бол иргэд засаглаж чадах боломжтой тэр нам, институцийг дугуйлна. АН-ын жагсаалтанд нэг бүтэхгүй нөхөр ороод ирвэл иргэд: “АН болохгүй юм байна” гээд дөрөв дэхь, тав дахь намыг дугуйлаг л дээ. Ийм байдлаар ардчиллаа аварч байгаа юм. Ийм байдлаар парламентын нэр хүндийг өсгөж, бодлогын мэтгэлцээн болгож чадах юм бол шийдвэрүүд нь зөв болно.Үр дүнг нь иргэд хүртэх ёстой. УИХ-ын гишүүн 20,000, 30,000 хүний саналаар гарч ирээд тэр хүмүүсээ төлөөлдөг байх учиргүй. УИХ-ын гишүүн бол улс орны нийтлэг эрх ашгийн төлөө, нийт 3,4 сая иргэний төлөө, тэдэнд чиглэсэн бодлого шийдвэрийг гаргадаг байх ёстой.
 
УИХ-ын 2016 оны сонгууль холимог системээр явагдах ёстой байсан боловч сонгууль болохоос нэгхэн сарын өмнө цэцийн шийдвэр гарсан гэдгээр тухайн үеийн эрх баригчид  сонгуулийн хуулиа өөрчилчихсөн.Яг үнэндээ тэр үед МАХН, ХҮНам, "Тусгаар тогтнол" эвсэл зэрэг гуравдагч хүчний намуудын рейтинг өндөр байсан тул тухайн үеийн МАН, АН-ын удирдлагууд хуйвалдсан гэж зарим судлаачид дүгнэдэг. Энэ үйл явдлыг та юу гэж дүгнэдэг вэ?
 
Үүнийг би бодитой байдал гэж боддог. Тухайн үед ХҮН шинэчлэгдэн зохион байгуулагдаад, иргэдээс маш их хүлээлттэй байсан. Үнэн шүү дээ. Хэн нэгэн даргын цүнх бариагүй, үзэл санаан дээрээ тулгуурласан олон мэргэжилтэн залуучууд анх удаа дотоодоос, гадаадаас гэр бүл, эхнэр хүүхдээ авчирч байгаад нам байгуулсан. МАН, АН-ын нэр хүнд муу байсан. ХҮН-д иргэдийн хүлээлт өндөр байсан. МАН ялсан шалтгаан нь АН муу байсанд л байсан. Өнөөдөр МАН гарч ирээд байгаа шалтгаан нь МАН мундагтаа биш юм. Сонголт байхгүй учраас л тэр. 2016 онд бид сонголт гаргаж өгсөн. Харамсалтай нь эрх баригчид:  “Гурав дахь хүчин хүчтэй байна. Тийм учраас жижиг мажаритор тойрог дээр тулалдья.” гэчихсэн. Тэнд бүтцийн тулаан болдог. Хэн илүү сүлжээтэй, хэн нь олон гишүүнтэй, хэн санхүүжүүлэх чадвартай, мөнгөтэй нь гарч ирдэг ийм систем. Энэ агуулгаараа сонгуулийн хуулийг ердөө сарын өмнө өөрчилсөн. Эрх барьж байгаа намууд сонгууль бүрийн өмнө өөрсдөдөө тохируулж дүрмээ өөрчилдөг. Сонгуулийн хуулиар оролддог. Үр дүнд нь сонгогчид яаж сонгууль өгөхөө ч мэддэггүй. Хаана очиж, хэнд өгөхөө ч мэддэггүй ийм үл ойлгогдох манан дунд сонгууль яваад байгаа нь Монголын ардчилалд хортой юм. Энэ дунд ХҮН 2020 онд түвшин бүрт суудалтай болсон. Цаашдаа зогсохгүйгээр урагшилна. Гэхдээ өнөөдрийн пропорциональ системээр бид олон суудал авна гэдэг нь гол биш. Энэ нь Монгол улсад хэрэгтэй. Хэрэв шаардлагатай бол ХҮН-ын даргын хувьд би сонгуульд нэр дэвшихгүй байж болно. УИХ-ын гишүүн болох албагүй. Зөв зүйл явж байгаа тохиолдолд би мэргэжлийн ажлаа хийгээд аз жаргалтай байж чадна. Манай намынхан ч өөрсдөө ажлаа хийгээд явахад ямар ч асуудалгүй. Заавал УИХ-ын гишүүн болно, төрийн түшээ болж байж амьдарна гэдэг зүйл байхгүй ээ. Мэргэжилтнүүд нь ажлаа хийдэг, УИХ-аас гарч байгаа шийдвэрүүд нь бодлого судалгаатай, тооцоололтой, иргэдэд таалагдах гэж популизм хийгээгүй байх юм бол Монгол Улсад хэрэгтэй  учраас бид улстөрд орсон.
 
 
 
Өнөөдөр пропорциональ системийг нээж, сонгуулийн холимог системийг оруулж ирэх нь Монгол улсын 3,4 сая иргэний, ардчиллын эрх ашиг юм гэдэг үндэслэлээр ҮХЦ-д хандсан. Сонгууль болох болооүй ч өнөөдрөөс энэ асуудлыг тавиад явах нь зүйтэй юм. Энэ бол Монголын эрх ашиг.
 
 
 
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл АН-ын онц их хурал дээр: "Монголд ОХУ шиг нэг том намтай, түүний шууд нөлөөнд байдаг тоглоомын намуудтай  систем бий болж байна. Жишээ нь ХҮНам яг л Оросын тоглоомын намууд шиг улс төрийн үйлчилгээгээ зарсан” гэж ярьсан. ХҮНам үнэхээр МАН-ын дагуул нам юм уу?
 
ХҮНам бол МАН-ын дагуул нам огт биш. Ардчилсан намынх ч биш. Бид өнөөдрийг хүртэл өөрсдийн амьдралыг өөрсдөө л босгоод ирсэн. Хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй хэсгээс хамааралгүйгээр улс төр хийнэ гэж зорьсон.
Харамсалтай нь үе үеийн гарч ирсэн намуудыг нэг нэгэн рүүгээ наачихдаг, хамгийн болж бүтэхгүй нөхөдтэй нааж харлуулдаг технологи явдаг юм байна лээ.
 
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл маань АН-ын их хуралд оролцсон гишүүдээсээ дэмжлэг авахын тулд “Бидний дайсан бол МАН. Бас нэг дайсан нь ХҮНам. ХҮНам бол бараг үйлчилгээ үзүүлсэн” гэж ярьсан. Мөн  “Монголд хоёрхон нам байх ёстой. МАН-аа та нар анхаараач ээ. АН-ыг ингэж болохгүй шүү дээ. Бид нэг багана нь” гэсэн нь огт таалагдаагүй. Энэ хүн 30 жилийн өмнө Монголчуудын үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний төлөө үнэн сэтгэлээсээ тэмцсэн хүн үү? гэдэгт би эргэлзэж байгаа. Ардчилал гэдэг уг нь үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэд болон үзэл санаан дээрээ нийлж нэгдэж байгаа хамт олон, институци зэргийг чөлөөтэй, нээлттэй  ярь. Шаардлагатай бол УИХ-даа орж ирж ярь. Ингэж байж парламентийн ардчилал бэхжинэ. Ингэж байж ардчилал өөрөө бие дааж оршин тогтноно гэдэг үзэл санаа юм. Гэтэл энэ үзэл санаанаасаа ухраад Монголын ардчилал бол АН юм. МАН, АН хоёр юм. Бусад нь нам биш. Хэрэг ч байхгүй. Наашаа нэгдчих гэдэг байдлаар хандаж байгаа нь буруу гэж бодож байна. Хоёрдугаарт, ХҮН-ын олон залуус Сонгинохайрхан дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуулиар өглөө 06 цагаас орой 22 цаг хүртэл ажилласан. Бүх хороон дээр 15,000- 20,000 айлын хаалга тогшиж иргэдтэй уулзсан. Гэтэл манай Баатар очоогүй шүү дээ. “Би бол Баатар. Мундаг нэртэй учраас намайг сонгоно” гэж бодоод байх шиг байна лээ. Яалт ч үгүй өмнөх болон энэ удаагийн сонгуулиар иргэд АН-аас илүү ХҮНамд итгээд байна шүү дээ. Энэ залуучууд юм хийчих болов уу? Эд нар зөв яриад байна. Хөгжлийг өөрөөр хараад байна. Хүмүүсээ бодоод байна. Эд нар илүү мэргэжлийн байна гээд саналаа өгч байгаа гэж ойлгож байна. Түүнээс биш бид өөрсдөө улстөрийн хоёр дахь хүчин, бид мундаг гэж яриагүй шүү. Хамгийн сүүлд улс орон даяар явсан сонгууль бол Ерөнхийлөгчийн сонгууль.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮНам яг ярьснаараа эрдэм боловсролтой, Монголоо гэсэн, инженер хүнийг нэр дэвшүүлсэн. Тэтгэвэртээ гарсан хүнийг дуудаж авчраад нэр дэвшүүлсэн. Тэр хүн өөрөө ч итгээгүй. Бид ч яагаад болохгүй гэж, ид шид бүтээх ёстой бол бүтээе. Энэ улсын төлөө хамтдаа явья. Та тус болооч гээд урьж авчирсан. Иргэдээс захиалгыг нь авсан. Монголын түүхэнд Ерөнхийлөгчөө 20,000 хүн захиалсан тохиолдол байхгүй. Гадаадад байгаа Монголчуудын 5 хүн тутмын 4 нь дэмжсэн. Ирж саналаа өгсөн. Залуучууд маш ихээр саналаа өгсөн. Үр дүнд нь АН-ын нэр дэвшигч 5-6 хувийн санал авч байхад ХҮН-ын нэр дэвшигч 20 хувийн санал авсан. Тэглээ гээд бид мундаг гэж нэг ч удаа хэвлэлд ярилцлага өгөөгүй. АН эвээ олчихоосой, илүү нягтарч институци байдлаар ажиллаасай гэж дүгнэж байсан. Өнөөдрийг хүртэл АН руу дайраагүй. Аль болох дэмжээд, ардчиллын төлөө яваасай гэж бодож байсан. Гэтэл үеийн үед АН-ын удирдлагуудаас эхлээд ХҮН-ыг доош нь дарахыг оролддог болж. Яагаад гэвэл ХҮН гарч ирвэл өөрсдийнх нь орон зай байхгүй болох юм байна гэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оруулахгүй гээд шүүгч нартаа захиалга өгөөд оруулаагүй нь үнэн шүү дээ. Бид 7 хоног улстөрийн тэмцэл хийж байж сонгуульд оролцох эрхээ олж авсан. Сонгуулийн хугацаа дуусахад 7 хоног дутуу байхад бид самбаргүй орж байсан. Гэсэн ч нийслэлд 3, дүүргүүдэд 12 төлөөлөлтэй болж чадсан. Бид ардчиллаа хамгаалж, үр хүүхдүүдийнхээ, дүү нарынхаа нийгмийг эрүүл нийгэм байлгая. Хоорондоо өрсөлддөг байя, хоорондоо хамтарч ажилладаг байя. Ганцаараа биш, дэлхийн бусад залуучуудтай хамтарч ажиллаж, түнш болмоор байна. Дэлхий рүү гармаар байна. Энэ боломжийг эрх тэгш олгох үүднээс ХҮНам үүссэн. Харамсалтай нь хоёр нам л байх ёстой гэсэн байдлаар, бидний л орон зайн дээр тоглоод байна, биднээс илүү гараад байгаа учраас МАН ард нь байна гэж АН-ынхан харлуулж байгаа нь харамсалтай. Биднийг 7 жил харлууллаа. Ийм зүйлээс болоод ичиж зовоод явна гэж юу байхав. Ах нар маань шаардлагатай бол замаа тавиад, намынхаа залуучуудад боломж өгөөч ээ. Тэдэнтэй бид илүү ойлголцож, илүү дэвшилтэт байдлаар, үзэл санаан дээрээ нэгдээд хамтарч ажиллая. Харин ийм байдлаар хор хутгаад, сонгуулийн тогтолцоогоо өөрчилдөг. Өөрсдөө яаж ийж байгаад гарч ирдэг. Залуучуудаа хажуу тийш нь болгочихдог. Цаанаа очиж өөрсдөө тойргийнхоо тохироог хийчихдэг энэ байдал чинь 30 жилийн зовлонг бидэнд авчирсан шүү. Үүнийг сөрж яваа ХҮН-ын залуучууд яаж ч харлуулсан зогсохгүй. Зөв зүйлийн төлөө бид нам харгалзахгүй нэгдээд явна. МАН, АН, бусад нам нь байна уу хамаагүй. Энэ бол Монгол улсын эрх ашиг. Монгол улсын эрх ашгийг сөрсөн, эсрэг зүйлийг бид шүүмжилнэ. Зогсооно. Тэмцэнэ. ХҮнам ийм байдлаар ажилладаг. Цаашдаа ч илүү олон иргэдэд мэдээлэл өгч, илүү олон иргэдэд хүрч ажиллана. Ингэж ажиллаж ч байгаа. Өнөөдрийн Зонхов гээд хөшөөний жишээн дээр иргэд маань ингэж болдоггүй юм байна гээд харж байгаа байлгүй дээ. Энэ өөрчлөлтийг хэвлэл мэдээллийнхэнтэйгээ, иргэдтэйгээ хамтдаа хийнэ. 
 
Та Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргах үеэрээ "УИХ Засгийн Газарт хариуцлага тооцох боломжийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүд Засгийн Газрын гишүүн, сайдаар ажиллах эсэхтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдэх хэрэгтэй" гэж ярьсан. Ер нь УИХ-ын гишүүд сайдаар ажиллах нь зөв үү? Буруу юу? Олон улсын жишиг ямар байдаг юм бэ?
 
Засгийн газар илүү мэргэжлийн байхыг би дэмждэг. Улстөрөөс хамааралгүй байхыг дэмждэг. Гэхдээ өнөөдөр парламентын засаглал руугаа илүү хандаж, парламентын засаглалаа илүү бэхжүүлж ажиллах учиртай.
Парламентын засаглалтай улс орнуудын хувьд бидний ярьдгаар давхар дээл бол байх ёстой зүйл. Парламентад сонгогдсон улстөрчид дунд мэргэжлийн хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс нь Засгийн газартаа орж, УИХ болон Засгийн Газрын холбоог бэхжүүлж, ард иргэд юу хүсэж байна гэдгийг ойлгож, тэр санал санаачлагыг, хөрсөн дээрээ буух байдлыг илүү мэдэрдгээрээ, тогтвортой байдал болоод иргэдийн шүүмжлэлийг хүлээж авдгаараа давхар дээл нь парламентын засаглалтай олон оронд түгээмэл зүйл. Харин Ерөнхий сайдад яах гэж ийм их эрх мэдэл олгосон юм бэ? гэхээр Засгийн газар нь 1,6 жил тутам солигдоод, бодлогын залгамж гэж алга болчихлоо, үр дүнд нь шийдвэр гарахгүй, ажил хийгдэхгүй, хөрөнгө оруулалт зогсчихоод байгаа учраас үүнийг тогтвортой болгоё гэж эрх мэдлийг нь нэмэгдүүлсэн. Ажлыг нь сайжруулах гэж оруулсан. Гэтэл “Ковид-19”-ын энэ үед Засгийн газар маань хангалттай сайн ажиллаж байна уу? Иргэдийн хүссэнээр ажиллаж байна уу? Иргэд сэтгэл хангалуун байна уу? гэвэл би сэтгэл хангалуун биш байгаа байх гэж бодож байна.
 
Засгийн Газар маш олон алдаатай шийдвэрүүд гаргаж байна. Сайд нар нь эргэж буцсан байдалтай, өмнө байгаагүй олон хүндрэл бэрхшээлийг салбар салбартаа авчраад байна. 7 хоног шатахуунгүй болж үзлээ. Эрчим хүчний хүндрэл үүсэж ч байх шиг. Ийм асуудлаас болоод Засгийн Газартай хариуцлага тооцдог чадамжтай УИХ байх нь зүйтэй гэж бодож байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөрчил үүсгэсэн маш ойлгомжгүй хоёр заалт байгаа. Тэр нь Ерөнхий сайд Засгийн Газрын тэргүүний хувьд бүрэлдэхүүнээ өөрөө бүрдүүлж оруулж ирж, УИХ-аар батлуулна гэдэг заалт. Үүнийг зөв гэж бодож байгаа. Гэтэл нөгөө заалт нь үгүй ээ, үүнээс дөрвийг нь л УИХ-аас томилно гэдэг хязгаар хийчихсэн. Үр дүнд нь 4 сайд нь УИХ-аас. Бусад нь дан дээлтэй. Энэ нь өөрөө чадамжгүй байна. Хоёрдугаарт, цар тахлын үеийн хууль гэж гаргаад УИХ-ын бүх эрх мэдлийг Засгийн Газар өөр дээрээ авсан. Үр дүнд нь УИХ  хяналт тавьж, тоон мэдээлэл авч чаддаггүй. Би УИХ-ын гишүүний хувь мэдээлэл авах гэхээр төрийн нууц гээд өгдөггүй. Өгөхөөрөө та дэлгэж болохгүй шүү гээд гарын үсэг зуруулаад, үзүүлээд л авчихаж байна. Ийм байдлаар явах юм бол УИХ-ын хэрэг байгаа юм уу?
 
Энэ УИХ, УИХ-ын гишүүд хүчгүй сул байна. Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй. Дөрвөн хүн нь сайд болчихоор үлдсэн зургаа нь ямар ч боломжгүй юм чинь Засгийн газраар оролдож байснаас ярьж, ойлголцоод тойрогтоо хөшөө дурсгал бариулья даа гэсэн байдлаар хандаад байна. Ингэхээр нөгөө ардчилал маань ,парламент маань яах билээ? Хөрөнгө оруулалт, Монгол хүний бодит орлогыг, ажлын байрыг нэмэгдүүлэх шийдвэрүүд, эрүүл мэнд боловсролын асуудал маань яах билээ? Ийм учраас парламент нь ажлаа хий. Зөрчилдөөд байгаа хоёр заалтын зөрчлийг нь арилгая. Нэг бол Засгийн газар нь 100 хувь дан дээлтэй. Үгүй бол 100 хувь давхар дээлтэй байх эрхийг нь Ерөнхий сайдад өгөөд, хариуцлага тооцоод явья л даа. Ингэх юм бол Засгийн газарт орж ажиллах сонирхолтой гишүүд зөндөө байгаа шүү дээ. Тэнд очиж сайдтай ярьж тойрогтоо төсөв гуйх биш, тойрогтоо ажил хийлгэх биш эсрэгээрээ мэргэжлийнхээ дагуу шаардлага тавьж эхэлнэ шүү дээ. Шаардлага биелүүлэхгүй бол хариуцлага тооцож эхэлнэ. Засгийн Газартаа, зарим сайд нарт хариуцлага тооцох боломжийг нь бид нээж, УИХ-ыг идэвхжүүлж, агаар оруулахгүй бол хүч байхгүй, сульдаа, давжаа жижигхэн, Засгийн газар нь шийдвэрээ авчихдаг, бэлгэ тэмдгийн шинж чанартай болчих вий? гэдэг болгоомжлол байгаа юм.
 
Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
 
Баярлалаа.
 
Ярилцсан М.Чойжал