сонин mn
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар ангийн хүчжүүлсэн салбарын шав тавих ёслолд оролцов. Тэрбээр хилийн дурсгалын баганад Монгол Улсын Төрийн сүлдийг тогтоож, гэрэгэд гарын үсэг зурлаа.
 
 
Хил хамгаалалтын зориулалт бүхий шинэ техник, технологи нэвтрүүлэх, хилчдийн ахуй нөхцөл, амьдрах орчныг сайжруулах зорилгоор дээрх ангийг өргөтгөх болсон байна. Энэ нь хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, цаатан иргэдийн амьдралыг сайжруулах, сурч боловсрох орчин нөхцөл бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч буй төрийн бодлогын илрэл гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хэллээ.
 
 
 
Цаашид хилийн халдашгүй дархан байдал, хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлэх, хил хамгаалалтын чадавхыг дээшлүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон хил хамгаалалтын арга тактикийг шинэчлэх, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх зэрэгт орчин үеийн холбоо, зэвсэглэл, техник, технологи нэвтрүүлэх зэрэг зорилт тавьсныг тэмдэглэв.
 
 
 
Тэрбээр дараа нь Цагааннуур сумын иргэд болон хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Хил хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаад нь талархал илэрхийж, тус суманд ирэх жилээс сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж эхлэх болсныг хэлэв.
Салбарын шав тавих ёслолд  УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Х.Лхагвасүрэн болон албаны бусад хүн оролцлоо.