sonin.mn
АН-ын дарга гэх М.Тулгат, АН-ын ЕНБДарга гэх Ч.Өнөрбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Ц.Оюундарь нар мэдээлэл хийлээ.
 
Тэд АН байгуулагдсан өдөр буюу 12-р сарын 6-нд АН-ын дотоод чуулганыг, ардчилсан хөдөлгөөний анхны жагсаал болсон өдөр буюу 12-р сарын 10-нд Хүний эрхийн Үндэсний чуулган зохион байгуулахаар болсноо энэ үеэрээ дуулгасан юм.
 
Энэ үеэр АН-ын ЕНБДарга гэх Ч.Өнөрбаяр: "2022 оны 01 сарын 13-нд Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой болох гэж байна. Хүн үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх үндсэн эрхтэй гэж баталгаажуулсан авч харамсалтай нь энэ эрхийг энэ жил хамгийн их зөрчсөн. Нухчин дарах гэж оролдсон. Итгэл үнэмшлээ илэрхийлсэн игэдийг хуулиар, шорон гяндангаар, баривчилгаагаар айлгасан. Эрх барьж байгаа хүмүүс чөлөөт зах зээл байхгүй гэж зарласан. Хийж байгаа үйлдлээрээ, хэлж байгаа үгээрээ, авч хэрэгжүүлж байгаа бодлогоороо ардчилсан Үндсэн хууль руу шууд заналхийлсэн.
 
 
Цаашдаа хэн нэгэн дарга гарч ирээд Үндсэн хууль руу тургиад, нулимаад байдаг, өөрсдийг нь шүүмжилсэн иргэдийг барьж хориод байдаг улс байх юм уу? гэдэг зарчмын асуудлуудыг ярих юм. Ардчилсан нам бол мөнгө дагаж үүссэн нам биш. Мөнгөтэй хүмүүсийг дагаж намирдаг нам биш. Тийм учраас итгэл үнэмшлээ тодруулах хэрэгтэй. Үүнийг хамгаалах ёстой.
 
 
Энэ санаачлага дээр зогсож байгаа иргэдтэй бид хамтарч ажиллах ёстой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нам дагаж амьдардаг үзэгдэл гарсан. Тэгэхээр улстөрийн намуудын суурийг өөрчлөх ёстой. Бидний анхнаасаа барьж ирсэн зарчим ийм. Социализмаас өвлөгдөөд ирсэн олон зүйлээсээ салахгүй бол Монгол улс цаашаа явахгүй гэдэг нь харагдаж байна." гэв.
Мөн "О.Цогтгэрэлийн талынхан таныг АН-ын дэд даргаар ажиллахыг урьсан, үүнийг хүлээн авах уу?" гэсэн асуултанд М.Тулгат: "12 сарын 6 бол нийт ардчилагчдын тэмдэглэдэг өдөр. Ардчилсан намын дотоод нөхцөл байдал ойлгомжгүй, тодорхойгүй байгаа хэдий ч хүний эрхийн, эдийн засгийн эрх чөлөөний асуудал, улстөрийн шинэчлэлийн, парламентийн ардчиллыг хамгаалах олон асуудал дээр үнэт зүйлээрээ хамтарч ажиллах талбар нээлттэй байгаа. Миний хувьд улстөрд байгаа маань ямар нэгэн албан тушаалын төлөө биш юм.
 
 
Ардчиллыг өнөөдөр шинэчлэхгүй бол болохгүй болсон байна. Ардчилсан нам мухардалд орсон байна гэдэг утгаараа улстөрийн гал тогоо руу гүн орсон л доо. Тэгэхээр надад дэд дарга ч юм уу, ямар нэгэн албан тушаал үнэндээ сонин биш байгаа.
 
 
Хамгийн гол нь өнөөдөр Ардчилсан намд үүссэн байгаа зүйлийг ашиглаад гүн гүнзгий шинэчлэл хийгээд авах ёстой. Зарчмын хувьд, соёлын хувьд, дүрмийн хувьд. Тэр шинэчлэлийг хийж чадах хүмүүстэй хамтраад явах бүрэн хүсэл эрмэлзэлтэй байна. Гэтэл Ардчилсан намд сүүлийн жилүүдэд орж ирсэн таг зүүний, популист, бараг нацист хүмүүс байна шүү дээ. Тэр хүмүүсийг дээрээ залаад, болшевик байдлаар түрж, олон нийтэд таалагдсан юм ярьдаг бохирдсон зүйлээсээ Ардчилсан нам салах ёстой гэдэг байр суурин дээрээ би хатуу байгаа." гэж хариулсан юм.
 
 
 
 
М.Чойжал