sonin.mn

“М-Си-Эс Интернэйшнл” ХХК Өмнөговь аймгийн  Цогтцэций суманд Ухаа худаг дулааны цахилгаан станц барьж, өнгөрсөн онд нээлтээ хийж байсан билээ. Үндэсний томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж бай­даг тус компанийнхан Эрчим хүчний яамны за­хиалгаар, Сангийн яам­ны санхүүжилтээр, мөн компани өөрөө эргэн төлөг­дөх нөхцөлөөр хөрөнгө оруу­лалтынхаа дийлэнх хувийг гарган Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгой 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаа­рын шугам, дэд станц барих төсөл хэрэгжүүлж байна.


Эхний ээлжинд Өмнөговь аймгийн Даланзадгад хот болон Манлай сумыг төвийн бүсийн эрчим хүчинд холбох дэд станцыг Цогтцэций суманд барьж ашиглалтанд оруулж байгаа аж. Энэхүү станцын нээлтэд оролцох, улсын төсвийн хөрөнгө оруу­лалтаар хийгдэж буй ажилтай танилцахаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй албаны хүмүүс, хэвлэл, мэдээллийнхэн  Өмнөговь аймагт өнгөрсөн даваа гарагт томилолтоор ажиллаад ирлээ.


Биднийг очиход тус айм­гийн Засаг дарга Б.Бадраа Нутгийн хөгж­лийн ордондоо хүлээн авч уулзан, аймгийнхаа өвөл­жил­тийн байдал, эрчим хүчний хомсдолын талаар танилцуулав. Үүний дараа Даланзадгад хотын ДЦС-ын бодит байдалтай салбарын сайд өөрийн биеэр очин танилцаж, Даланзадгадын цахилгаан  станцын  гүйцэт­гэх захирал Ж.Доржид за­рим арга хэмжээ авах, засч сайж­руулах талаар үүрэг өгсөн юм. Тэрбээр ажлаа аваад удаагүй ч станцынхаа үйл ажиллагааг шинэ ша­танд гаргахаар ажиллаж байгаа гэв.  


Даланзадгад хотод 2000 онд солонгосчууд 6МВт-ийн хүчин чадалтай ДЦС барьж өгсөн ч Өмнөговийнхныг бү­рэн хангаж чаддаггүйн дээр байнга л доголддог тул ца­хилгааны хязгаарлалт хийхэд хүрдэг байна. Бид­нийг очих үеэр ч хяз­гаар­лалтын байдалтай байлаа. Нутгийн иргэдэд Далан­задгад хотыг төвийн бүсийн эрчим хүчинд холбож, найдвартай цахилгаанаар хангах дэд станцыг “М-Си-Эс Интернэйшнл ХХК” барьсан талаар дуулгахад эхлээд нэг л итгэл төрөөгүй юм.

 

Учир нь, энэ мэт үгийг удирдах албан тушаалтнуудаас байнга хэлж тайвшруулаад, байдал өөрчлөгдөхгүй хэвээр байсаар байдаг явдал бий.Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа “Өмнөговь аймгийг төвийн эрчим хүчний системд холбох дэд станц ашиглалтад орсноор Даланзадгад хотын тал хувь буюу барилга, орон сууц, нисэх, гэр хорооллын айл, өрхийг байнгын найдвартай цахилгаанаар хангахаар боллоо. Хотын үлдсэн хэсгийг Даланзадгад дулааны цахилгаан станц хангана” гэв.


Томилолтын хоёр дахь өдөр буюу мягмар гарагт “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Ухаа худагийн дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай салбарын сайд танилцсаныхаа дараа “Даланзадгад, Ухаа худаг ДЦС-ууд өдөр, шөнө шиг ялгаатай байна. Ухаа худагийн станц нь хамгийн сүүлийн үеийн технологиор баригдсан, байгаль орчинд ээлтэй стандартын шаардлагад нийцсэн, утаа бага ялга­руулдаг станц байна. Бид V цахилгаан станцийг энэ жишгээр барих хэрэгтэй” хэмээн онцлов.


Мөн тэрбээр “Төсөл бүрэн дуусвал хүчдэл 12 мВ-аар нэмэгдэнэ. Цаашид говийн бүс нутагт ажиллаж байгаа үйлдэр аж ахуйн газар, уул уурхайн компанийхан ямар нэг асуудалгүй найдвартай  эрчим хүчээр тэжээгдэнэ. “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн барьсан 400км орчим үргэлжлэх цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцийг манай яамны инженерүүд шалгаж үзээд чанарын шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн.


Улсын хэмжээнд 330 сум эрчим хүчинд холбогдсон байгаа. Одоо зургаан сум сэргээгдэх эрчим хүч ашиглаж байна. Энэ ондоо багтаад бүх сумдыг төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох зорилт тавин ажиллаж байна. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өссөж байгаа. Тэр дундаа Өмнөговь аймагт уул, уурхайн компанийнхан үйл ажиллагаа явуулж буйтай холбогдуулж хүн амын нягтаршил ихсэж, эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн тул Засгийн газраас анхаарал хандуулж байгаа” гэв.


Дэд станцын нээлтийн үеэр Эрчим хүчний яамны стратегийн бодлого, төлөв­лөлтийн газрын дарга П.Товуудорж “Даланзадгад хот болон Манлай сумыг төвийн эрчим хүчний системд холбох нээлтийн ёслол болж байна. Монголын эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж буй Өмнөговь аймагт эрчим хүчний хангамж төдийлөн сайн биш байсныг хүн бүхэн мэднэ. Цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станц монгол инженерүүдийн гараар бүтсэн томоохон бүтээн байгуулалт юм. Шугам ашиглалтад орсноор Таван толгой, Даланзадгад цаашлаад Оюу толгойг төвийн бүсийн эрчим хүчтэй холбох чухал нөлөөтэй.


Эрчим хүчний яамны төлөвлөснөөр Таван толгойн станц энэ онд баригдаж дуусна. Ингэснээр төв рүү шаардлагатай тохиолдолд эрчим хүч дамжуулах боломжтой болж байгаа юм. Хамгийн гол нь, төвийн эрчим хүчний системийн эх үүсвэр нь найдвартай, чадварын хувьд хүрэлцээтэй байх хэмжээнд цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдох ёстой. Энэ шугамыг монголчууд анх удаа зураг төслөөс нь эхлүүлээд угсралтын шатанд хийж байна.


“М-Си-Эс Интернэйшнл” ХХК урд нь Булган, Мөрөн, Арвайхээр, Баян­хонгорт шугам барьсан туршлагатай. Өмнөговийн 12 сум найдвартай эх үүс­вэртэй болж, цаашид эрчим хүчний хомсдол хязгаарлалт гарахгүй байх боломжтой боллоо” гэв. Энэ үеэр аж үйлдвэрийн гавьяат ажилчин, зөвлөх инженер Д.Жанчиваас сэтгэгдлийг нь асуулаа.


Тэрбээр “2011 оны зургаадугаар сараас Мандалговь-Таван толгойн 250 км урт, 1300 орчим төмөр баганатай 220 кВ-ийн шугамыг “М-Си-Эс Интернэйшнл” компа­нийнхан богино хугацаанд барьж, эхний ээлжинд говийн бүсийн хэрэглэгчдийг найдвартай хангах дэд станцыг өнөөдөр ашиглалтад оруулж байна. Энэ бол манай эрчим хүчний барилгачдын барьсан хамгийн том шугам” хэмээн бахархав.

 

Ингээд төслийг гүйцэтгэсэн “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганболтой ярилцлаа.

 

-Эрчим хүчний найд­вартай эх үүсвэрт холбох ажлыг хэдий хугацаанд хэрэгжүүлсэн бэ?

-2008 онд олон улсын нээлттэй тендер зарлагд­санаар Мандалговь-Таван толгой-Оюу толгойн  өндөр хүч­дэлийн шугам, дэд станцыг барьж байгуулах ажил эхлэх байсан. Гэрээний хэлцэл удааширч, улмаар 2010 онд ажил гүйцэтгэх гэрээ, 2011 онд төлбөр тооцооны гэрээг холбогдох газартай байгуулснаар төслийн ажил маань албан ёсоор эхэлсэн. Хэрэв хуга­цаандаа эхэл­сэн бол Таван толгой, Оюу толгойн төслийн барилга угсралтын ажил хэдийнэ дуусах байсан.



-Төслийн хүрээнд ямар ажил хийсэн бэ. Монгол инженерүүдийн гараар боссон гэсэн үү?

-Анх удаа монгол инже­нерүүд маань бие даан 220 кВ-ийн хоёр хэлхээт өндөр хүчдэлийн шугам, дэд станцын инженерингийн зураг төслийг иж бүрнээр нь боловсруулсан. Улмаар 400 орчим км шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.  Цаашид манай дотоодын компанийн инженерүүд энэ мэт бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэх дадлага, туршлага хуримтлуулсан. Энэ ажилд одоогоор дотоодын 40 гаруй компани оролцсон.



-Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсоноор ямар үр дүн гарах вэ?

-Төслийн гол зорилго нь Өмнийн говийн ард иргэдийг найдвартай цахилгаан хангамжид холбох, Таван толгой, Оюу толгой, Цагаан суврага зэрэг манай улсын хөгжилд хувь нэмэр оруулах ордыг цахилгаан эрчим хүчээр хангаж, тус газруудыг түшиглэн хүчин чадалтай станц барихад оршиж байгаа. Бид хугацаа алдсанаас болж нэлээд ач холбогдолтой Оюу толгойн төсөл удааширч, тэд Хятадаас импортоор цахилгаан нийлүүлж байна. Эрчим хүчээ дотоодоосоо хангах асуудлыг яаравчлах хэрэгтэй байна.



-Тэгвэл дээрх толгой­нуудыг эрчим хүчээр хангах бүрэн бололцоо бий юү?

-Томоохон хэрэглэгчдийг дотоодоосоо эрчим хүчээр хангаж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлбэл эр­гээд ард иргэдээ хямд цахил­гаанаар хангах боломж бүрдэх юм. Нүүрсний нөөцөө түшиглэн Таван толгой орчим хэд,  хэдэн хүчин чадал  бүхий цахилгаан станц барих хэрэгтэй. Цахилгаан станц барихад багаар бодоход гурваас доошгүй жил, ихээхэн хөрөнгө оруулалт, хүн хүч шаардана.


Түүнчлэн Таван толгой болон V цахилгаан станц баригдах хүртэл эрчим хүчний аливаа доголдол үүсч, дотоодын хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрвэл Оюу толгойгоор дамжуулан бидний шинээр барьсан цахилгаан дамжуулах агаа­рын шугамыг ашиглан Хятадаас эрчим хүч авах шинэ эх үүсвэр бий болсон.

 

Б.Бямбасүрэн

Эх сурвалж: "Өглөөний сонин"