sonin.mn
Өнгөрсөн есдүгээр сарын эцсээр болсон Японы Либерал Ардчилсан намын даргын сонгуульд Япон Улсын Гадаад хэргийн сайд асан Фумио Ишида ялалт байгуулж намын дарга болсон билээ. Улмаар Японы парламентаас түүнийг Японы Ерөнхий сайдаар томилсон. Тун удалгүй Япон Улсын парламентын доод танхимын ээлжит сонгуулийг товлосон. Энэхүү сонгуулийг угтаж Японы Либерал Ардчилсан намаас сонгуулийн хөтөлбөрөө боловсруулан гаргажээ. Энэхүү мөрийн хөтөлбөрийн хөтөлбөрийг танилцуулахын өмнө тус улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг товч танилцуулья.
 
НЭГ. ЯПОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
 
Япон Улсын хувьд эдийн засгийн цар хэмжээгээр АНУ болон БНХАУ-ын дараа дэлхийд гуравдугаарт жагсдаг. ДНБ-ний хэмжээ 2020 оны жилийн эцсийн байдлаар 5.048.7 тэрбум ам.доллартай тэнцэж байжээ. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 40.146 ам.доллар. Тус улсын гадаад валютын нөөц энэ оны эхэнд 1.391.0 тэрбум ам.доллартай тэнцэж байсан. Цар тахлын улмаас тус улсын эдийн засаг 2020 онд -4.8 хувиар агшсан. Японы Засгийн газар, Төвбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд тус улсын эдийн засаг аажмаар сэргэж энэ оны нэгдүгээр улиралд -1.1 хувиар буурсан бол, хоёрдугаар улиралд 0.5 хувиар тус тус өссөн. Энэ оны гуравдугаар улиралд эдийн засгийн өсөлт 1.0 хувьд хүрнэ гэж Японы Төвбанк, Эдийн засгийн төв байгууллагууд таамаглаж байгаа ажээ.
Тус улсын 2021 оны эдийн засгийн өсөлтийг 2.4 хувьд хүрнэ гэж ОУВС-ын шинжээчид таамаглаж байна. Өндөр хөгжилтэй, аж үйлдвэржсэн томоохон эдийн засаг бүхий улс орны хувьд хоёр хувиас дээш өсөлтөд хүрнэ гэдэг нь нааштай сайн үзүүлэлт гэж ойлгож болно.
 
Япон улсын эдийн засгийн цаашдын өсөлтийн таамаглал, зарим үндсэн үзүүлэлтүүд:
 
 
  Эх сурвалж: Япон улсын эдийн засгийн судалгааны төвийн тооцоолол.
 
Хоёр. Ерөнхий сайд Ф.Кишидагийн Сонгуулийн хөтөлбөр буюу Манифесто Парламентын сонгуулийг угтаж Либерал Ардчилсан намаас Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг саяхан олон нийтэд танилцуулсан.
 
Ерөнхий сайд Кишидагийн танилцуулсан хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийн бодлого нь Ерөнхий сайд асан Абе Шинзогийн баримталж байсан бодлоготой илүү ойр буюу орлогын ялгаатай байдлыг багасгах, дунд давхаргыг түлхүү дэмжихэд чиглэхээр байна. Фумио Кишида намын даргын сонгуульд оролцох явцдаа танилцуулсан хөтөлбөрт нь “мөнгөний хүчтэй бодлого, уян хатан төсвийн бодлого болон эдийн засгийн өсөлтийн стратеги” гэсэн гурван талт бодлого тусгагдсан юм. Ерөнхий сайд Кишида 2001-2006 онуудад Ерөнхий сайд байсан Койзуми Ерөнхий сайдын баримталж байсан “Неолиберал бодлого”-оос татгалзаж орлогыг татварын бодлогоор дамжуулан дахин хуваарилах замаар нийгэмд орлогын ялгаатай байдлыг багасгахад чиглэсэн “Япон маягийн шинэ Капитализм” гэсэн бодлогыг танилцуулжээ.
 
 
Засгийн газар юуны өмнө коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлах, намжаах бодлогыг эрчимтэй авч хэрэгжүүлэх, улмаар эдийн засгийг сэргээх томоохон үнийн дүн бүхий хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, ковидын улмаас хүндрэлд орсон бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрийн газруудыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 
 
 
 
Ердийн цаг үед японы иргэд, үүний дотор өндөр настай иргэд гадаад орнуудад ихээр аялан жуулчилдаг байсан бол ковидын улмаас хилийг хааж, зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарласны улмаас японы иргэдийн өрхийн төсвийн зарцуулалт буурч, хуримтлал нь ихээхэн нэмэгджээ. Тухайлбал 2021 оны эхний хагас жилийн байдлаар тус улсын нийт иргэдийн хуримтлалын хэмжээ 1.072.0 их наяд иенд буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн байна.
Мөн Японы компаниудын дотоодын нөөц хөрөнгө 484.3 их наяд хүрсэн гэнэ. Энэ их хуримтлагдсан, эргэлтэд орж чадалгүй гацаад байгаа мөнгөн хөрөнгийг инфляц, үнийн хөөрөгдөл үүсгэлгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага үүсэж байна. Батлан хамгаалах салбарын хувьд Ерөнхий сайд Кишида тус салбарын төсвийг ДНБ-ний хоёр хувьд хүргэн өсгөх шаардлагатай гэж үзэж байна. Япон улсын хувьд Номхон далайн бүс нутгийн асуудал, Тайванийн асуудалд ихээхэн анхаарал тавьж ирсэн бөгөөд АНУ, Австрали, Энэтхэг улстай хамтарсан дөрвөлийн эвсэлд багтаж тус бүс нутагт БНХАУ-ын цэргийн болон улс төрийн хүч нөлөөг нэмэгдэхийн эсрэг байр суурьтай байгаа билээ.
 
Гурав. Японы парламентын доод танхимын сонгуулийн талаар товчхон
 
Энэ сарын 31-ний өдөр Япон улсын парламентын доод танхимын 49 дэх удаагийн (дэлхийн II дайнаас хойш тоолсон) сонгууль явагдахаар товлогдсон.
Японы Парламентын доод танхим нь 465 гишүүдээс бүрддэг ажээ. Уг сонгуульд өрсөлдөх улс төрийн гол намууд:
(Парламен дахь одоогийн суудлын тоог дурьдав)
• Либерал Ардчилсан Нам, намын дарга Фумио Кишида, 276 суудал, нийт суудлын 59 хувийг эзэлдэг.
• Үндсэн хуульт Ардчилсан нам, намын дарга Юкио Эдано, 113 суудал, нийт суудлын 2463 хувийг эзэлж байна.
• Комейто нам, намын дарга Нацуо Ямагучи, 29 суудал
• Японы Коммунист нам, намын дарга Казио Ши, 12 суудал
• Шинэчлэлийн нам, намын дарга Ичиро Мацуй, 10 суудал
• Ардын Ардчилсан Нам, намын дарга Ючиро Тамаки, долоон суудал
• Социал Демократ нам, намын дарга Мизухо Фукушима, нэг суудал
• Эн Эйч Кэй Нам, Намын дарга Такаши Тачибана, нэг суудалтай.
 
 
Олон нийтийн дунд явуулж буй урьдчилсан санал асуулгын дүнгээс үзвэл иргэдийн 40 гаруй хувь Либерал Ардчилсан намыг, 35 орчим хувь нь нам бус нэр дэвшигчдийг, найм орчим хувь нь Үндсэн хуульт Ардчилсан намыг дэмжиж санал өгөх урьдчилсан дүр зураг гарч байгаа ажээ. Энэ удаагийн сонгуулиар Либерал Ардчилсан нам парламентын доод танхимд олонхийн байр сууриа хадгалан үлдэх магадлал өндөр байна.
 
 
ЭДИЙН ЗАСАГЧ Н.ЭНХБАЯР