sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улс (БНИУ)-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росато, тус улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Хотын дарга БНИУ-ыг Улаанбаатар хотын найдвартай хөрөнгө оруулагч, хамтрагч орнуудын нэг гэдгийг онцлоод цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлнэ хэмээв. Тэрбээр “Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 27 жилийн дараа амжилттай батлуулсан. Уг хууль хэрэгжиж эхэлснээр хот маань нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж байгаа. Улмаар хотод тулгамдаад буй хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. Тиймээс БНИУ Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээв.
 
 
БНИУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росато “Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ноос, ноолууран бүтээгдэхүүний салбарт амжилттай хэрэгжиж байгаа. Түүнчлэн монголын олон чадварлаг дуучин Итали улсад ажиллан, ур чадвараа гайхуулж яваа. Иймд хотын дарга Д.Сумъяабазарын хэлсэнчлэн нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарт анхааран ажиллах болно” хэмээн онцоллоо.  Мөн БНИУ-ын зүгээс хотын гэрэлтүүлэг, замын хөдөлгөөний зохицуулалт, хот зохион байгуулалтын тал дээр дэмжин ажиллах боломжтойг онцолж байлаа.