sonin.mn
ПАРИС. /AFP/. Европын эрчим хүчний салбарт үүсээд буй хямрал энэ өвлийг дуустал үргэлжилж магадгүй гэж Европын дотоодын зах зээлийн асуудлыг хариуцсан комиссар Тьерри Бретон мэдэгджээ.
Европт эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь хийн үнэ нэмэгдсэнтэй төдийгүй ногоон эрчим хүчинд шилжихтэй холбоотой асуудлаас үүдэлтэй гэж тэрбээр үзэж байгаа аж.
"Эрчим хүчний салбарын хурцадмал байдал энэ өвлийг дуустал үргэлжилж магадгүй гэж бодож байна. Үүнд олон шалтгаан бий" гэж Бретон онцлон хэлжээ. Түүний хэлснээр, энэ нь коронавирусний цар тахлын улмаас үүдэлтэй хямрал төдийгүй газрын тос, байгалийн хийн цооногууд хаагдаж, эрчим хүчний нийлүүлэлт буурахад хүрсэнтэй холбоотой байна. "Бид сэргээгдэх эрчим хүчний асар их эх үүсвэртэй боловч сүүлийн зургаан долоо хоногийн турш Европт салхигүй байсан бөгөөд хүлээгдэж байснаас хамаагүй бага цахилгаан үйлдвэрлэсэн" гэж тэрбээр нэмж хэлжээ.
 
Хямралын өөр нэг шалтгаан нь "геополитикийн хурцадмал байдал", "зарим улс, тэр дундаа Герман Оросын хийнээс хэт хамааралтай" байгаатай холбоотой гэж Бретон үзэж байгаа аж.
 
Есдүгээр сарын 15-нд спот бирж дээр хийн үнэ түүхэн дээд үзүүлэлтийг эвдэж, 1000 шоо метр тутамд 970 ам.долларт хүрсэн боловч дараа нь буурчээ. Гэсэн хэдий ч мягмар гаргийн өглөө Европын биржүүдэд хийн үнэ дахин нэмэгдэж, түүхэнд анх удаа 1000 шоо метр тутамд 1000 ам.доллар давсан байна.
Одоогийн байдлаар Нидерландын байгалийн хийн арилжааны TTF бирж дээр 10 дугаар сард нийлүүлэх хэлцлийн үнэ 1000 шоо метр тутамд 1031.3 ам.долларт хүрч өсөөд байгаа аж. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг