сонин mn
Манай улсын шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын үйлдвэр засвартай байгаа учир нийлүүлэлт буурсан ч шатахуун тасалдахгүй, 28 хоногийн нөөцтэй гэсэн мэдээллийг АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр энэ сарын 14-нд нийтэд мэдээлсэн.  Гэвч түүний энэ мэдэгдлээс зургаахан хоногийн дараа буюу энэ сарын 20-ны даваа гарагт нийслэлийн шатахуун түгээх станцууд АИ-92 авто бензиний борлуулалтаа зогсоолоо. Цөөн шатахуун түгээх станц тодорхой хязгаартайгаар худалдаж байна. 
Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ 92 шатахуун хэрэглэдэг. Үүний 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг юм. Гэвч ОХУ-ын нефтийн үйлдвэрүүдэд энэ оны наймдугаар сараас урсгал засвар хийж эхэлснээр хангамж тасалдахад хүрчээ.
 
АМГТГ: АИ-92 шатахууны дөрөв хоногийн нөөцтэй байна
 
Шатахууны хомсдол үүссэн асуудлаар холбогдох байгууллагууд өчигдөр мэдээлэл хийлээ. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр “Улсын хэмжээнд шатахууны 16 хоногийн нөөцтэй болж буурсан. БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. БНХАУ-аас авч байгаа шатахууны хувьд евро тав ангиллын стандарттай. Нөөц хангалттай байсан ч өнгөрсөн долоо хоногт би мэдэгдэл хийсний дараа зарим хүн сүүлийн долоо хоногт их хэмжээгээр авснаас хомстол үүслээ.Өнөөдрийн байдлаар /2021.09.21/ улсын хэмжээнд АИ-92-ийн дөрөв хоногийн нөөцтэй байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна. АИ-92-оос бусад бүтээгдэхүүний нөөц хэвийн байна.
 
 
АИ-95 бензиний үнийг үндэслэлгүй нэмсэн ААН-үүд рүү бид албан шаардлага хүргүүлсэн. Үнэ өнөөдрөөс буурах ёстой. "Роснефть" компани шатахуун импортлогч ААН-үүдтэй хийсэн гэрээний үүргээ биелүүлээгүй тул мөнгөн торгууль төлнө” гэв. 
 
 
 
Г.Ёндон: ОХУ, Хятад хоёр аравдугаар сар хүртэл шатахуун нийлүүлэхгүйгээ мэдэгдсэн
 
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон "ОХУ-аас Ангарскийн үйлдвэрт засвар хийх учир 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй. Зөвхөн 17 мянган тонныг нийлүүлнэ гэдгээ өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн. Иймд хэрэгцээгээ хангахын тулд БНХАУ-ын “China oil” компанитай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийж,   сар гаруй хугацааны хэрэглээний нөөцийг авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан байсан. Гэвч ОХУ-аас есдүгээр сарын 16-нд аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо гэнэт хэлсэн. 
Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Иймд нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн.Нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг урд хөршид төлсөн. Энэ нөхцөл байдлаа өнөөдөр /2021.09.21/ би Шадар сайдтай хамт БНХАУ-ын Элчин сайд Цай Вэнрунд уламжилж, хүсэлтээ тавилаа. Урд хөршөөс шатахуунаа яаралтай авахын тулд Замын-Үүдэд сэлгэн ачих байгууламж бий. Зам тээврийн яам яаралтай арга хэмжээ авна.  Бээжинд суугаа манай элчин сайд, Эрээнд байгаа Консул энэ чиглэлээр ажиллаж байна. Мөн манай яамны мэргэжилтнүүд Орост ажиллаж байна. Маргааш /өнөөдөр/ "Роснефть"-ийн дэд захиралтай уулзана. Орос 2021 оны дөрөвдүгээр сард шатахуун дотооддоо хомсдсон учир гадаадын экспортоо хязгаарлах хэрэгтэй гэсэн мэдэгдлийг анх өгсөн. Үүний дараа наймдугаар сард  тус улсын Засгийн газрын хуралдаанаар хязгаарлахгүй гэж мэдэгдсэн. Гэвч ОХУ долдугаар сараас АИ 95, 98 шатахууныг  зогсоож Хятадаас авсан” гэж ярилаа.
 
Шатахуун импортлогчид 600 саяас 28 тэрбумын алдагдалд оржээ
 
Тус хуралд шатахуун импортлогч ААН-үүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр "М-Ойл" компанийн дэд захирал Д.Батсүх “Одоогийн зарж байгаа АИ-92 шатахууны үнийг 2050 гэж тогтоосноор бид нэг литр шатахуун тутамд 50 төгрөг алдсан. Үүний улмаас манай компани АИ-92 түлшний борлуулалтаас сард 600 сая төгрөгний алдагдалд орсон” гэв. Харин “Петростар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Байгалтуяа  “АИ-92 шатахууны зах зээлийн үнэ 2200 төгрөг байх ёстой. 
Гэвч цар тахлаас үүдэн Засгийн газраас үнээ тогтвортой байлгахыг шаардсан. Ийн АИ-92 түлшийг 2050 төгрөг болгосноор Петровис компани 28 тэрбум төгрөгийг алдсан. Мөн  үнээ бууруулснаас хангалттай хэмжээгээр шатахуунаа захиалж чадаагүй. Хятад руу захиалга өгсөн ч шатахуун нь ирээгүйгээс хомсдол үүсээд байна. 
Өнөөдрийн байдлаар манайх борлуулалтдаа 30 мянган төгрөгийн хязгаар тогтоосон. Улаанбаатар хотод ердийн хэрэглээний гурав хоногийн нөөцтэй байна.Манай компани  ОХУ-аас есдүгээр сард 17 мянган тонныг авахаар Роснефть компанид захиалга өгсөн ч 1500 тонныг авсан. Энэ нь захиалсан хэмжээний 8-10 хувь нь юм.Одоо байгаа нөөцөө эмнэлэг, цагдаа зэрэг аюулгүй хэрэглээнд зориулах, аль болох олон хүнд хүргэхийн тулд дээрх хязгаарлалтыг тогтоогоод байгаа юм.
 
 
 
Улаанбаатар хотод Петровисын 40 колонк байгаагийн 20-д нь хязгаарлалт тогтоосон. Ердийн хэрэглээгээрээ тооцвол шатахууны гурав хоногийн нөөц байгаа. Үүнийг долоон хоног болгохын тулд хязгаарлалт тогтоосон” гэлээ.
 
 
 
Шатахууны хувьд хоёр хөршөөсөө 100 хувь хараат Монгол улсын мөнгийг нь төлж, гэрээгээ хийсэн 1037 вагон АИ-92 шатахуун БНХАУ-д гацжээ. Төмөр замын асуудлаас үүдэн тус улс аравдугаар сар хүртэл шатахууныг нийлүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгчээ. Харин шатахууны гол түнш ОХУ-ын нефтийн үйлдвэрүүд засвартай учир мөн ирэх сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн байна. Ийн УУХҮЯ болоод АМГТГ-ын мэдээлснээр манай улсад шатахуун тасалдсанд Орос ба Хятад “буруутай” аж.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин