УИХ-ын 2020 оны наймдугаар сарын 28-ны 24 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшний хамт баталж, хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө биелэлтийг УИХ-д өргөн бариад байгаа юм.
Уг тайланд дурдсанаар Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2020 оны арванхоёрдугаар сарын 9-нд батлан, хэрэгжүүлж эхэлжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “COVID-19” халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн үндсэн зургаан бүлэгт багцлагдсан байна. Илүү нарийвчилж авч үзэх юм бол нийт 23 тэргүүлэх зорилго, 259 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 1087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
ЦАР ТАХЛЫН ҮЕД ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖЭЭ ДЭМЖЛЭЭ
Манай улс дэлхийн бусад улс орнуудын адил 2019 оны сүүлээс эхлэн “COVID-19” цар тахлын эсрэг онцгой байдлын дэглэмд шилжсэн. Цар тахлын улмаас нийгэм, эдийн засгийн амаргүй нөхцөл байдал үүсэж, Засгийн газар хүнд сорилттой тулгарч байгаа. Тухайлбал, өнгөрсөн 2020 онд манай улсын эдийн засаг 5.3 хувиар буурсан, улсын төсөв 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан зэргийг дурдаж болно. Түүнчлэн бизнес эрхлэгч өрхийн 27 хувь нь орлогогүй болж, 68.9 мянган ажлын байр хаагджээ.
Цар тахлын энэ хүнд нөхцөлд Засгийн газар бүхий л нөөц бололцоогоо шавхан ажиллаж, хямралыг даван туулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө ажиллаж байгаа. Энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжүүддээ хүрсэн тодорхой, бодитой шийдвэр, шийдлүүдийг гарган хэрэгжүүлсэн билээ. Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр 183 тоот тогтоолоор иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгохоор болж, нийгмийн даатгалын шимтгэл болон албан татварт тооцох алданги, торгуулиас аж ахуйн нэгж, байгууллагыг чөлөөлсөн. Мөн орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан хойшлуулах, банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, алданги, торгууль тооцохгүйгээр ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан нь иргэд, аж ахуйн нэгжийн хэвийн байдлыг хангах, орлогыг хамгаалах чухал арга хэмжээ болсон юм.
Дараагийн нэг томоохон шийдвэр нь айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг мөн 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд төрөөс хариуцан төлөх, сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар хөнгөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн явдал. Засгийн газрын энэ шийдвэр цар тахлын удаа дараагийн хатуу хөл хорионы үед айл өрх, аж ахуйн нэгж бүрд хүрсэн бодит дэмжлэг болсон.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИВ
Ийнхүү иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, орлогыг нь хамгаалахын зэрэгцээ төрийн байгууллагуудын зардлыг хэмнэх, үргүй зардлыг багасгах чиглэлд Засгийн газар шийдэмгий алхмууд хийжээ. Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолоор энэ бүхнийг тодорхой зааж өгсөн юм. Тухайлбал, 2021 оны төсвийн жилд төсвийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэх зорилгоор зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, батлагдсан төсвийн 10-аас доошгүй хувьд хэмнэлт гаргах, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр зардлыг хэмнэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал урамшуулал олгохгүй байх, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж төсөв, зардлыг хэмнэх шийдвэр гаргасан. Үүнээс гадна салбарын хэмжээнд хийх хурал, сургалт, семинар, зөвлөгөөн болон газар дээрх хяналт шалгалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулж, баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан, тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх, бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх замаар бичиг хэргийн зардлыг бууруулж ажиллахыг улс, орон нутгийн төсвийн бүх байгууллагын төсөв захирагч нар болон төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт даалган ажиллаж байгаа.
Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийн идэвхжүүлэх зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Батлагдсан төлөвлөгөөний хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлын байрыг дэмжих зээлд хамрагдах аж ахуйн нэгжийн төлөх зээлтийн нийт хүүгийн 6.0 хувийг, иргэдийн төлөх зээлийн хүүгийн 7.0 нэгж хувийг, хөдөө аж ахуйг зээлийн хүрээнд хаврын тариалалт, ноолуур бэлтгэлийн зээлд хамрагдах зээлдэгчийн төлөх зээлийн нийт хүүгийн 7.65 нэгж хувийг, малчдыг дэмжих зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг тус тус Засгийн газар хариуцан төлнө.
ДАРХЛААЖУУЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын эсрэг вакцинд 18-аас дээш насны хоёр сая 83 мянга буюу нийт хүн амын 63 хувийг хамруулахаар төлөвлөж, Монгол Улсын хүний эмийн зөвлөлөөс зөвшөөрөл олгож бүртгэсэн БНЭУ, БНСУ-ын Астразенека, БНХАУ-ын Вероцел, ОХУ-ын Спутник-В вакциныг тус тус импортолж, 2021 оны хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд иргэдийн I тунд хамрагдалт 89.8, II тунд хамрагдалт 64 хувьтай байна. Харин нийслэлийн хэмжээнд I тунд хамрагдалт 99.8, II тунд хамрагдалт 78.3 хувьтай байгаа юм. Ийнхүү иргэдээ вакцинд хамруулснаар цар тахлын дэгдэлтийг хязгаарлаж, хэвийн амьдралдаа шилжин, эдийн засгаа сэргээх боломж бүрдэнэ гэж тооцоолж буй.
Засгийн газар 2020 оны долоодугаар сараас эхлэн 2021 оны гуравдугаар сар хүртэлх хагас жилийн хугацаанд цар тахлаас иргэдээ хамгаалах, иргэд, аж ахуйн нэгжийг санхүүгийн хямралаас хамгаалах, улс орныхоо эдийн засгийн богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгох, хугацаа тулсан өр, төлбөрийг барагдуулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, түүхий эдийн экспортыг тогтвортой байлгах, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ахмад нас-тан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамж үзүүлэх зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллажээ.
ЭДИЙН ЗАСГАА ТЭТГЭХ МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ЭХЛҮҮЛЭВ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2020-2021 онд хэрэгжүүлж дуусгах 75 арга хэмжээ байгаагаас 19 арга хэмжээг хэрэгжүүлж дуусгаад байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт экспортыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгон иргэдийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засагт нөлөө үзүүлэх 10 томоохон төслийг санхүүгийн боломжит бүх арга хэрэгслийг ашиглан санхүүжүүлэх зорилт туссан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд амжилттай тавигджээ. Эдгээр томоохон төслүүдийн заримаас дурдахад Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил амжилттай өрнөж байгаа юм. Одоогоор Газрын тосны үйлдвэрийн хотхоны барилга угсралт, үйлдвэрийн хашаа барих ажил, талбай тэгшлэх ажлууд эрчимтэй үргэлжилж, ашиглалтад хүлээн аваад байгаа аж. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн байгууламжуудыг төрийн өмчид бүртгүүлж, ашиглалт засварын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж байгаа юм. Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.
Жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг нийслэлийн зүүн бүсэд барьж байгуулан 2020 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийсэн том бүтээн байгуулалт болсон юм. Нийт долоон шугам бүхий уг үйлдвэр хоногт 1500-1800 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай.
“Тавантолгой түлш” ХХК-ийн баруун болон зүүн бүсийн үйлдвэр өнгөрсөн өвөл 666815 тонн сайжруулсан түлшийг 686 борлуулалтын цэг, 28 хангамж, 35 нөөцийн агуулахад тээвэрлэн, 198 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангаж ажиллажээ.
Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх дараагийн том ажил нь хотын түгжрэлийг бууруулах явдал. Энэхүү арга хэмжээнд зориулж Засгийн газар урьд өмнө байгаагүй томоохон хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Засгийн газар хотын түгжрэлийн асуудлаар анх удаа өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, энэхүү хүндрэлийг арилгахад 420 тэрбум төгрөг зарцуулах болсон нь түүхэн шийдвэр байв. Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарсан байна. Тиймээс хотын түгжрэлийг арилгах цогц төлөвлөгөө бол эдийн засгийн ач холбогдол өндөр бөгөөд агаарын бохирдлыг бууруулсантай дүйцэх томоохон бүтээн байгуулалт ирэх жилүүдэд өрнөхөөр болж байгаа аж.
Г.Хангарди
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Ulaan namiin uzel surtal end yavj baina. Oyuerdene vaccinejuulaltiin talaar hudlaa medeelel taraagaad baina. HOSUT-iin medeelel: UB hotiin 90% 1-r tundaa, dongoj 37% 2-r tundaa hamragdsan gej baina. MANgas erh medlee behjuulehiin tuld hamag buzar bulai buhniig hiij baina...
За за дэлхийн хөгжилтэй орнуудтай мөр зэрэгцжээ, сайхан ч амнууд далаг худалчууд!!! Боловсон хүчингүй бүтээн босголт байдгаа!!!!
Пин
Хөшгийн хөндий рүү нүүвэл хөнгөлөлт үзүүл