sonin.mn

Хорт хавдраар өнгөрсөн жил 3272 хүн нас барсан тухай дүнг Хавдар судлалын үндэсний төв гаргажээ. Үүний 50 хувь нь элэг, ходоод 16 хувь, уушиг 11 хувь, дөрвөн хувь нь умайн хүзүүний хорт хавдраар нас барсан байгаа юм. Иймд энэ удаагийн дугаартаа ходоодны хорт хавдрын талаар мэдээлэл өгөхийг зорилоо. Ходоодны хавдраар 50- иас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс өвчлөх эрсдэлтэй байдаг аж.

 

Гэхдээ эрэгтэйчүүдийн хувьд өвдөх магадлал нь хоёр дахин өндөр гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Хэрвээ гэр бүлийнхний хэн нэг нь ходоодны хавдраар өвчилж байсан бол ойр дотны хүмүүсийн өвчлөх магадлал 20 хувиар өсдөг байна. Мөн хоёрдугаар бүлгийн цустай хүмүүст ходоодны хавдар голцуу тохиолддог аж. Мэдээж хоол хүнснээс шалтгаалах нь зүйн хэрэг.

 

Хүнсэндээ хурц, давсалсан, утсан, хуурч шарсан, лаазалсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь уг өвчин үүсэх магадлалыг мэдэгдэхүйц ихэсгэдэг байна. Мөн архи, тамхи хэрэглэснээр ходоодны үрэвсэл, шарх, ходоодны ур, хоргүй хавдар мэтийн ходоодны өвчнүүдээр удаан хугацаагаар өвдөх, ходоодондоо хагалгаа хийлгэсэн хүмүүсийн өвдөх магадлал 2.5 дахин ихэсдэг аж.

 


Түүнчлэн зарим эрдэмтэд хеликобактер хавдар үүсгэдэг гэж үздэг. Энэ асуудал дээр эрдэмтэд маргалдсаар л байгаа. Витамин В 12, С-ийн дутагдалд орсон хүмүүст ч хавдар үүсдэг байна. Эрүүл ходоодонд хавдар үүсэх боломжгүй гэдгийг эрдэмтэд нотолсон. Улмаар хорт хавдрын өмнөх байдал гэж нэрлэгддэг ходоодыг бүрхэж буй эсийн бүтцийн өөрчлөлтөөс нөлөөлдөг аж.

 

Ийм байдал нь ихэвчлэн хүчиллэг багатай ходоодны үрэвсэл, шархлаа болон ходоодны ургацагтай үед үүсдэг байна. Хавдрын өмнөх үеэс хавдар үүсэх хүртэл дунджаар 10-15 жил болдог байна. Хавдрын эхний шатанд ходоодонд хоёр смээс бага хэмжээтэй хавдар үүсдэг аж. Аажмаар энэ нь томорч ходоодны гүн болон гадаргуугаар тархан ургадаг байна.

 

Ходоодны хавдар нь олон тооны үсэрхийлэл үүсэх байдлаар илэрдэг гэнэ. Зарим хавдрын эсүүд эх хавдраасаа салж бие махбодиор тархаж, шинэ хавдрын зангилаа үүсгэдэг байна. Ходоодны хавдрын үед үсэрхийлэл нь ихэвчлэн тунгалагын булчирхайнууд болон элгэнд үсэрхийлнэ. Зарим тохиолдолд өндгөвч, өөхөн эслэг, уушиг, арьс яс зэрэгт үсэрхийлдэг байна.

 

Ходоодны хавдар нь хоол боловсруулах үйл ажиллагааг алдагдуулахаас гадна гэдэсний дэргэд байрласан тохиолдолд хүнс гэдсээр дамжихад саад болдог аж. Улаан хоолойнд ойр байрласан үед хүнс ходоодонд ороход саад болно. Үр дүнд нь хүн огцом турж эхэлдэг байна. Хавдар нь ходоодны ханаар тархан ургаж байхдаа бусад эрхтэн бүдүүн гэдэс, нойр булчирхайд дамждаг.

 

Элэг, уушиг, тархи болон ясанд хүртэл үсэрхийлдэг аж. Ийнхүү бүх гэмтсэн эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж, эцэстээ үхэлд хүргэх аюултай. Хавдрын хэмжээ жижиг байхдаа ямар нэгэн шинж илрэхгүй. Зарим то хиолдолд хоолны дуршил өөрчлөгдөж мах, загас зэрэгт дургүй болдог байна. Хавдар томрохын хэрээр шинэ шинж тэмдгүүд илэрнэ.

 

Тухайлбал, хоол идсэний дараа ходоод цанхайх, дотор муухайрч бөөлжих, гүйлгэх, өтгөн хатах, хэвлийн доод хэсгээр өвдөх, бүсэлж өвдөх, турах, хавдар судас гэмтээсэн тохиолдолд цус алдах эрсдэлтэй. Мэдээж онош хэдий эрт тавигдана, эмчилгээ төдий чинээ амжилттай. Ходоодны хавдар байж болзошгүй гэх өчүүхэн төдий сэжиг төрсөн үед ходоод гэдэсний эмчид хандах хэрэгтэй.

 

Ходоодыг шинжлэх үндсэн арга нь дурандах аж. Дурандах үед эмч ходоодны салст бүрхүүлтэй танилцаж, сэжигтэй хэсгээс эд эсийн шинжилгээ авна. Эд эсийн шинжилгээгээр хавдар илрүүлээд зогсохгүй түүний хортой хоргүй эсэхийг  тогтоох боломжтой аж. Мөн нэмэлт шинжилгээ болох хоол боловсруулах замын рентген шинжилгээ, томограф, хэвлийн хөндийн эрхтний хэт авианы шинжилгээ /эхо/ зэргийг хэрэглэх боломжтой юм байна.

 

Ходоодны хавдрын эмчилгээний үр дүн нь хавдрын хэмжээ болон ойролцоох эд эрхтэндээ тархсан байдлаас шууд хамаардаг аж. Үндсэн эмчилгээний арга нь хавдрыг ходоодтой нь, эсвэл хэсэгчлэн авах мэс заслын арга хэрэглэж байна. Мөн олон тохиолдолд ходоодноос гадна дэлүү, элэг болон гэдэсний хэсгийг авдаг байна. Эрт онош нь тогтоогдсон үед хими болон туяа эмчилгээ хийдэг байна.

 

Ходоодны хавдраас урьдчилан сэргээлэхийн тулд хатингарших хэлбэрийн ходоодны үрэвсэл, шархлаа, ходоодны уртай, төрөл садан нь хавдраар өвчилж байсан хүмүүс жил бүр ходоод дурандуулах шинжилгээнд орж байхад хавдраас хамгаалах бүрэн боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ходоодны хорт хавдар тохиолдлынхоо тоогоор дэлхийд IV байранд, хавдрын гаралтай нас баралтын II байрт орж байна.

 

Америкийн Хавдар судлалын нийгэмлэгээс 2007 онд гаргасан судалгаагаар жил бүр ходоодны хорт хавдраар нэг сая хүн оношлогоонд орж, тэдгээрийн 70 гаруй хувь нь манайх шиг хөгжиж буй орнуудад тохиолдож байгааг тооцоолжээ. Түүний 80 гаруй хувь нь хавдрын улмаас нас бардаг байна. Газар зүйн хувьд ходоодны хорт хавдрын өвчлөл Ази, өмнөд Америк, хойд Америкийн өмнөд хэсгээр илүүтэй тохиолддог байна.

 

Хавдрын II үе шатанд мэс засал хийхэд нийт өвчтөн таван жил амьдрах нь 30- 50 хувь байдаг аж. Хавдар хожуу оношлогдох бүрт амьдрах хувь улам бүр багасдаг байна. Ходоодны хорт хавдар ихэвчлэн 60-аас дээш насныханд зонхилдог бол сүүлийн үед залуужиж 30 гарсан хүмүүст ч тохиолдох болжээ.


Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн Мэдээ”