sonin.mn

Гадаад руу ажиллахаар явж буй залуусын 30 хувь нь салдаг, 50 орчим хувь нь хуучин гэр бүлдээ урьдын адил амьдрах боломжгүй болдог. Хайр сэтгэлээр бус хөрөнгө монго харж гэр бүл зохиодог нь салалт нэмэгдэх гол шалтгаан болж байгаа гэнэ. Цаашилбал хамтран амьдрагч гэгдэх залуус, гадаадын иргэдтэй гэрлэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь Монголд бат бөх гэр бүл цөөрөхөд нөлөөлж байна.

Орчин цагийн залуучуудын амьдралд хөрөнгө мөнгө, сексийн тааламжгүй харилцаа гэр бүл салалтанд нөлөөлөх хамгийн том шалтгаан болдог бол бие биенээ дутуу ойлгосноос, үл хундэтгэл, сонголтондоо хариуцлагатай хандаагуй зэрэг нь мөн л гэр бүлийн зөрчил үүсгэж улмаар гэр бүл салах шалтгаан болж байгаа ажээ

Хандсүрэн 33 настай, эмэгтэй
Гэр бүл салалтын шалнааны 60%-ийг хардалт эзэлж байна гэсэн статистик мэдээ саяхан зурагтаар гарч байсан юм байна. Би үүнтэй санал нэг байна. Ихэнх гэр бүлийн гишүүд хайртай бол хартай гэгчээр нэг нэгнээ үндэслэлгүй хардах явдал саяхныг хүртэл байсан. Гэтэл одоо гэр бүлээс гадуурх хууран мэхлэлт сүүлийн үед гэр бүл дотор бодитой үзэгдэх болсон.

Зөвхөн эрчүүд л хуурч мэхэллдэг гэсэн ойлголттой байсан бол эмэгтэйчүүл ч гэр бүлийн хүнээ хуурч мэхлэх явдал эрчүүдээс дутахгүй их байна. Мөн чинээлэг гэр бүлийн салалт ялуу гэр бүлийн салалтаас илүү байгаа нь юуг харуулж байна вэ гэхээр гэр бүлийн амьдрал хайр сэтгэл, харилцан итгэлцэл дээр биш мөнгө хөрөнгө, эд баялаг, бэлэнчлэх сэтгэлгээн дээр тогтож байгааг харуулж байна.

Нарандэлгэр 26 настай, эмэгтэй
Салалт олон талтай тухайн хуний ухамсраас шууд хамаарна. Ер нь бол гэр бүл салалт нийгэмд байх есгүи асуудал гэвч хэзээ ч үүнийг огг байхгүй болгож чадахгүй. Яагаад гэвэл хүн гэдэг чинь өөрөө нийгмийн бүтээгдэхүүн болохоор нийгэм орчноо дагаад сэтгэл санаа нь хувирдаг. Үнэхээр л хамт амьдрахад хэцүү болгон бас хүүхэдгүй бол гэр бүл салах нь тийм ч хүнд асуудал биш байх.

Харин хүүхэдтэй бол салах тухай бодох биш салахгүй байх талаасаа хэн хэн нь хичээх хэрэггэй. Миний бодлоор манайд гэр бүл салалтад ихэнхдээ эмэгтэйчүүд, хүүхдүүд хохирч үлддэг. Тэгэхээр хамгийн түрүүнд иргэдийнхээ гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхийн зэрэгцээ, гэр бүлийн хуулиа яаралтай шинэчлэн сайжруулах хэрэгтэй юм шиг санагдаж байна.

Шинэтулга 28 настай, эрэгтэй
Гэр бүл салалтын ард олон шалтгаан бий. Мэдээж амьдрал маань хэзээ нэгэн өдөр салалтаар дуусна гэж хэн ч боддоггүй шүү дээ. Гэр бүл болж байгаа хүн бүхэн л аз жаргалтай сайхан амьдарна, сайн эцэг эх болж үр хүүхдээ өсгөнө гэж зорьж тэмүүлдэг. Гэвч тэр бүр санасны зоргоор болдоггүй нь харамсалтай. Би хувьдаа гэр бүл салалтанд нөлөөлж буй олон хүчин зүйл шалтгааныг дурьдмаар байна.

Тухайлбал, гэр бүлийн амар тайван амьдралыг алдагдуулдаг шалтгаанд архидалт, ядуурал манлайлж байна. Мөн гэр бүлийн зөрчил, мөнгө санхүүтэй холбоотой асуудал, хардалт, итгэл эвдэж хууран мэхлэх, бэлгийн тааламжгүй харилцаа, эхнэр нөхөр хүүхдүүдийн үл ойлголцол, хайр халамж дутагдсанаас үүдэх маргаан гээд тоочоод байвал барагдахгүй.

Хамгийн өрөвдөлтэй нь хайртай хайртай гэж гэр бүл болчихоод эцэст нь “би энэ хүнийг ийм хүн гэж бодоогүй, миний бодож байснаас тэс өөр хүн байжээ” гэх мэтээр бие биенээ сайн таньж мэдээгүй байж гэр бүл болж байгаа нь гэр бүл салах том шалтгаан яах аргагүй мөн. Ийм юм яриад явж байгаа олон эрэгтэй эмэгтэй хүмүүстэй тааралдаж байсан.

Зүгээр л түр зуурын шохоорхол, хүчтэй бие биедээ татагдсан харилцаан дээрээс гэр бүл болсон амьдрал. Тэдний хувьд гэр бүл болсноор ямар асуудал бэрхшээл бидэнд тулгарах билээ гэдгийг тунгааж бодоогүй, үр хүүхэдтэй болбол ямар үүрэг хариуцлага хүлээх вэ гэдгийг ч бодохгүйгээр гэрлэх шийдвэрт хүрсэн байлаг. Энэ бол залуучууд, гэр бүл зохиох гэж буй хосуудын дунд гардаг хамгийн том алдаа юм.

Болор 31 настай, эмэгтэй
Өнөөгийн нийгмийн байдад бидний ээж аавийн үеийнхээс шал өөр болсон, хүнээс хамаагүй их тэсвэр тэвчээр шаарддаг, маш хүнд сорилтуудтай тулгардаг болсон. Тэр үед амьдралын баталгаатай, ажилгүй, цалингүй хүн байхгүй нийгэм байсан, одоо бол цаг өөр болсон шүү дээ. Нийгмийн зүгээс залуу гэр бүлүүд болон залуучуудыг хайхардаггүй, тэдний боловсрол, амьдралд хандах хандлага, хувь хүнийг төлөвшүүлэх суурийг орхигдуулснаас залуучууд амьдрал дээр гараад маш их алддаг.

Үүний хажуугаар залуу гэр бүлүүдэд маш их дарамт байдгаас түүнийг даван туулах чадвар дутагддаг. Мэдээж багаас нь энэ чадварыг суулгаж өгөөгүй юм чинь алдаа гаргах нь ойлгомжтой. Зарим залуучууд эцэг эхийнхээ сургасан хэлсэн үгээр явдаг бол зарим нь гадны соёл хэв маяг хандалгыг дагаж амьдралд ханддаг.

Эцэг эхийн хэлснээр явахад одоо цагт хоцрогдсон, харин гадны амьдралын хэв маягийг дагах гэхээр манайтай зөрчилдөөд байх жишээтэй. Гэтэл хувь хүнд гэр бүлийн суурь боловсрол, амьдралд ямар үзэл бодол хандлагаар хандах мэдлэг дутмаг байдгаас гэр бүл салалт нэмэгдэх шалтгаан болж байна. Үүнийг боловсролын системд оруулалгүй орхигдуулснаараа төр засаг хариуцлага хүлээх учиртай.

Бас яаралтай энэ тал дээр анхаарлаа хандуулах цаг болсон. Нөгөө талаас яг хувь хүний өөрийн өсөж төрсөн орчин, үзэл бодол, сэтгэлгээ гэр бүлийн салалтанд нөлөөлж байна. Залуучууд эхнэр нөхөр гэр бүлийн харилцаанд ороод ирэхээрээ өөрийнхөөрөө зүтгэх, өөрийнхөө үзэл бодлыг нэгэндээ тулгах, хамтдаа шийдвэр гаргаж чадахгүй дур мэдэх, хэн нэгний ятгалганд орох, хүлээцтэй тэвчээртэй бие биедээ хандаж чаддаггүй гээд олон шалтгааны улмаас гэр бүлийн зөрчил үүсдэг.

Хамгийн чухал нь залуу гэр бүлүүд амьдрал зохиосон бол түүнийхээ төлөө хариуцлага хүлээх учиртай гэдгийг ухамсарлаагүйгээс ихэнхдээ гэр бүлээ салалтаар дуусгаж байгаа жишээ маш олон байна.

Эх сурвалж: “Эрчүүд ба эрүүл мэнд”