Ванлий буюу алдар цуут Баянжаргал
Хүрээний гангачууд найрлаж цэнгэхдээ сүрхий дэг журам баримталдаг байж. Найр эхлэх үедээ,
“Архины дээд нь ванлиг юм
Аашны дээд нь эвлэг юм
Агаараар өнгөрөх буурал хорвоодоо
Агуужим сэтгэлээр найрлан сууя даа” гэж дуулалдаад архи дарсыг хэмжээтэй, таашаалтай нь аргагүй хүртэх зуураа ардын болон хүрээ дуу уянгалуулж, эцэст нь үхрийн нүдэн хундаганд хийсэн архийг шимэн уугаад найр дуусгадаг заншилтай байжээ.
Мөн найр цэнгээний дэг журмыг эвдэгсэд буюу аархуу зантай хэн нэгэнд зориулж,
“Хүзүүн дундуураа дуниартуулаад байдаг
Хүүдэгнүүр зангаа татвал баржээ хө
Далан дундуураа дуниартуулаад байдаг
Давилуун зангаа татвал баржээ хө
Хорвоо гэдэг бөөрөнхий шүү
Хоёулаа гэдэг худлаа шүү” гэх зэргээр сургамжилж, бас уяруулж, ухааруулдаг байж.
Ардын болон хүрээ дуу нь ихэвчлэн хайр сэтгэл, янаг амрагийн явдлыг илэрхийлж байсан тул 1932 онд МАХН-ын Төв хорооны тогтоолоор өнгөрсөн нийгмийн үлдэгдэл, феодалын дуу, завхай дуу гэдгээр “Сүнжидмаа”, “Хандармаа”, “Хэен хуар”, “Аргагүй амраг”, “Ванлий”, “Сумъяа ноён”, “Хөх торгон дээл” зэрэг тавь гаруй дууг дуулахыг цаазлан хоригложээ.
Тэглээ ч “Сүнжидмаа”, “Хандармаа”, “Аргагүй амраг” мэтийн сайхан дуунууд аргагүй л ард түмний сэтгэлд хоногшсон болохоор тайзан дээр биш юмаа гэхэд найран дээр цаазтай цаазгүй дуулагдсаар ирсэн түүхтэй.
Энд “Ванлий” хэмээх дууны тухай онцлон өгүүлье. Гучаад оноос хойш олон жил хориотой байсан “Ванлий” дууг 1979 онд дуучин Адарсүрэн, 1980-аад оны үед дуучин Вандан, Дуламсүрэн нар Монгол даяар уянгалуулсанаар хүн болгон л “Ач үрийг чухал гэсээр байтал амраг Ванлий заяажээ хө” гэж аялдаг байж билээ.
Үүнтэй уялдаад “Ванлий” дууны этгээд хачин түүх албан ёсоор бус аман яриагаар хөвөрдөг байлаа. Жишээ нь “Хориод оны үед нийслэл хүрээнд нэг завхай эр өөрийнхөө төрсөн охинд дурлаад, түүнийгээ 18 нас хүртэл тэжээж тэтгэж байгаад авч суухдаа “Ванлий” гэдэг дуу зохиосон юм гэнэ ээ” гэж ирээд л цуурдаг байлаа. Үнэхээр ч “Ванлий” дуунд охиндоо дурласан байж мэдэх эцэг хүний үг цухалздаг бөгөөд
“Ач үрийг чухал гэсээр байтал амраг Ванлий заяажээ хө,
Арчлан тордож өсгөсөөр байтал арван наймыг насалжээ хө,
Алдар цуутай Баянжаргал бүсгүйгээс
Ахадмаар төржээ, ай Ванлий” гэх бадаг байдаг нь дээрхийг гэрчилнэ.
Наяад оны тэр үеэс эхлээд монголчуудын дунд “Ванлий” гэдэг хэлц үг гарсан бөгөөд хэн нэгэн бүсгүй сайхан хувцас өмсөөд хажуугаар зөрөхөд “Зохисон ч гэдэг нь Ванлий яа” гэх жишээтэй. “Ванлий” дууны жинхэнэ домог нь дээрхээс арай өөр байх бөгөөд 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үед “Алдар цуут” Баянжаргал хэмээх хүрээний сайхан бүсгүйд Да лам Буянхишиг аргагүй сэтгэл алдарч байсаар,
“Алтан гургалдайг барина гэвэл,
Арвай буудай хэрэгтэй еэ ай хөөрхий,
Ааш муутай хүний үрийг дасгая гэвэл,
Арга ухаан хэрэгтэй еэ, ай Ванлий” хэмээсэн уртын урт дуу зохиосон түүхтэй ажээ.
“Минжийн хангайн" дууны эзэн Ичинхорлоо
Хатанбаатар Магсаржавын цэрэг Улиастай хотын “Ганц худаг”-ийн аманд байрлаж Ванданов тэргүүтэй цагаантануудыг дарж байх үед тэр хавьд Ичинхорлоо хэмээх ганц бие бүсгүй цагаан цэргүүдтэй нөхцөж, тэднийг гэртээ орогнуулдаг байж. Энэ тухай Магсаржавын сонорт хүрсэнээр мань жанжин Далай Чойнхор вангийн хошууны Гомбо гэгчид Ичинхорлоо бүсгүйг олж авчрах үүрэг өгчээ.
Энэ тухай “Хатанбаатар Магсаржав” уран сайхны кинон дээр арай өөр маягаар гардаг. Ичинхорлоо бүсгүйн дүрд төрийн соёрхолт Н.Сувд тоглодог бөгөөд тэрбээр нэг орой Вандановыг гэртээ орогнуулж архи уулган сатааруулж байх хооронд Магсаржавын цэрэг Вандановын цэргийг хиар цохьдог билээ. Гэвч тэртээ хориод оны жинхэнэ амьдрал дээр Ичинхорлоо бүсгүй арай л өөр үүрэг гүйцэтгэж байсан бололтой.
Далай Чойнхор вангийн хошууны Гомбо Магсаржавын тушаал ёсоор Ичинхорлоо бүсгүйг олж аваад морь мал хөлөглөн арай ядан аваад иртэл Баатар ван цэргээ аваад Улаангом, Гурван цэнхэр рүү явчихсан байж. Тиймээс Гомбо тэдний араас явахдаа Ичинхорлоо бүсгүйтэй дараа уулзахаар тохироод түүнийг нутаг руу нь явуулжээ.
Гэвч Гомбо дараа нь уулзаж амжсангүй. Мань хоёр эр эмийн хувьд хээр хөдөө хамт явахдаа бас зүгээргүй байсан бололтой. Үүнээс үүдэж Ичинхорлоо бүсгүй “Минжийн хангай” хэмээх дуу зохиосон гэдэг. Тэрбээр,
“Минжийн хангайн оройд нь
Мичид шингэтэл хүлээлээ
Мэндгүй зөрөхийг чинь мэдсэн бол
Миний хүлээдэг буруу байжээ хө
Садар садар салхи нь
Санчиг цантмаар жавар уу даа
Самуун цагийн чамайгаа
Санаж явдаг нь буруу байжээ хө” гэж дуулсанаар аялгуу сайтай энэхүү дуу Улиастайд дорхоноо түгэж байсан гэдэг.
Бүүвэйн дууны домогт мөнхөрсөн Ягаандарь
Засагт хан аймгийн Маньбазар гүний хошууны “Баян” Данзан гэгчийнд харц ядуу Долгорын ганц охин Ягаандарь хэмээх бүсгүй зарцлагддаг байж. Ягаандарь нь ядуу хүний үр байтлаа язгууртан ноёдын гүнж шиг ухаан саруул, үзэсгэлэн төгөлдөр нэгэн байсан бөгөөд ямар сайндаа л нутгийн нь харчуул түүнд зориулж
“Бийр болсон хуруутай,
Бичиг болсон ухаантай,
Өнгөөрөө гайхуулсан солонго,
Өдөөрөө гайхуулсан тогос,
Туяагаараа гайхуулсан нар,
Тунгалагаараа гайхуулсан толь,
Царай зүс нь нүд дүүрэн,
Цараа дүр нь суудал дүүрэн” гэж ирээд л баргийн яруу найрагчаас дутахааргүйгээр толгой, сүүл холбон магтсан байх жишээтэй.
Гэвч угийн шалиг завхай Данзан зарц Ягаандарь хүүхнийг бага хатнаа болгож авахын тулд элдэв арга хэрэглэж байсаар хошуу ноёндоо их хэмжээний хахууль өгч түүний хайртай залууг алс хол хугацаагүй албанд явуулж хоёр хосыг амьдын хагацалд унагасан байна.
Хайртай ханиасаа хагацсан Ягаандарь бүсгүй өөдсөн чинээ үрээ тэврэн байж өлгийн дуу аялсаныг нутгийн нь ардууд үг, аятай нь тогтоон цээжилж хойч үедээ уламжлуулсанаар Монголын баруун хязгаарт “Бүүвэй дуу” хэмээх нэгэн шинэ дуу бүрэлдэн тогтох үндэс болжээ.
“Өөвөн гэрийн сөөвөн үр минь,
Өөжин дотроо тайван нойрс,
Мөнгөн уруулаа цэцэг шиг дэлгэ,
Бүүвэй бүүвэй бүүвэй,
Мөөмөн товчоо үлгэн хөх,
Бүүвэй бүүвэй бүүвэй,
Мөдхөн өсөөд төдхөн дэв,
Бүүвэй бүүвэй бүүвэй” хэмээн Ягаандарь бүсгүйг цөөхөн үгээр маш уран яруу аялгуулан дуурсахад хажууд нь суусан хэнбугай нь ч самсаа шархирч, сэтгэл нь нялхраад явчихдаг байж.
“Нарийн цагаан усан" дууны эзэн Яндаа
Эрт цагт Урианхайн ноён, Захчин ноён хоёр гүн бат ураг барилдахаар хүү охин хоёроо хооронд нь суулгахаар зөвшилцжээ. Тэгээд хадаг, сүүгээ өгч авалцаад “Нарийн цагаан усан” хэмээх газрын Хоогийн голын эрэг дээр “Хоогийн өргөө” гэж байгуулаад Урианхай, Захчин хоёр хошууг доргиосон нижгэр хурим хийхээр болсон байна.
Гэтэл захчин ноёны эрх танхи Яндаа хэмээх цэмцгэр охин Урианхай ноёны хүүтэй суухгүй гээд гэдийчихэж. Хэрвээ энэ охин харц ардын охин байсан бол шууд л богтлогдох байлаа. Даанч эцэг нь хошуу ноён болохоор урианхайчууд түүнийг богтлох арга байсангүй.
Дэмий л захчин эцэг нь гуйж гувшаад, дараа нь урианхай, захчин түшмэдүүд ээлж дараалан аргадан гуйж, эцэст нь хошуу сумаараа учирлан гуйгаад Яндаа охины сэтгэлийг эзэмдэж чадсангүй. Үүнээс үүдэж урианхай нарын дунд “Нарийн цагаан усан” гэдэг дуу зохиогдсон бөгөөд том жижиггүй, хөгшин залуугүй, урианхай захчин гэж ялгалгүйгээр,
“Нарийн цагаан усан
Намрынхаа цагт шижиртэнэ
Яндаа охиныг ятгаад
Найман сумаараа ядав
Хоо цагаан өргөө нь
Хоогийн голд дүнхийнэ
Хонгор Яндааг гуйгаад
Хоёр хошуугаараа ядав” гэж дуулах болжээ. Аргагүй л Яндаа нэрэндээ зохисон яндагнуур бүсгүй байж дээ, хөөрхий.
“Гоо Жи Нан аа” дуун эзэн Дашбалжир
“Гоо жи нан аа” хэмээх алдарт дууг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Энэ дуу 1910-аад оны үед Да хүрээнд анх зохиогдсон түүхтэй аж. “Гоо жи нан аа” гэдэг нь бодит хүн бөгөөд тэр нь тухайн үеийн халхын сайхан хүүхэн Дашбалжир гэгч ажээ.
Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу ноён Намхайжанцан гэгч Богд хаант засгийн үед Да хүрээнд сууж байхдаа Маймаа хотын “Амгалангийн” Жигээ гэдэг залуугийн болзоот бүсгүй Дашбалжирыг хатнаа болгохоор авчруулжээ. Гэвч хүчээр богтлогдож ирсэн Дашбалжир бүсгүй сэтгэлт залуугаа үгүйлэн санаж завсар чөлөө л гарвал түүн рүүгээ гүйж очоод Намхайжанцан ноёныг ихэд сандаргах болсон байна.
Мань ноён сайхан бүсгүйг өөртөө дасгах гэж янз бүрийн арга хэрэглэдэг байж. Тухайн үед Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны толгой баян Цогбадрахын хүү Дэнчингомбо гэгч Да хүрээнд хувийн ажлаар ирэх болгондоо Намхайжанцан ноёныхоор орж гардаг, тэр болгонд үзэсгэлэн гоо бүсгүй Дашбалжирын уймарсан сэтгэлийг гадарладаг байж.
Тухайн үеийн хүүхнүүд гэзэгнийхээ үзүүрт “Хар залаа” гэж нэрлэдэг нарийн туушин утас залгаж сүлжээд гэзгээ урт болгодог байжээ. Нэг өдөр Намхайжанцан ноён Дашбалжир бүсгүйн гэзгийг самнуулж “Хар залаа” залган сүлжүүлж улам үзэсгэлэн төгөлдөр болгуулсан байна. Тэгээд ноён гадуур ажилтай яваад үдэш иртэл хүүхэн нь сэтгэлтэй залуу руугаа явчихсан байж. Харин энэ бүхнийг нүдээр үзэж, сэтгэлээрээ тунгаасан Дэнчингомбо
“Өөвөн сөөвөн гэзгэнд нь,
Өнгийн туушин тааруулаад,
Өөрийн биш хүний юу чинь,
Үдшийн шөнөдөө хоосон доо,
Гоо жи нан аа да хө” хэмээн хожмын алдарт дууны анхны бадгийг зохиожээ.
Энэхүү Дэнчингомбо гээчийг хүмүүс ихэвчлэн Гомбо гэж дууддаг байж. Маргааш өглөө нь Намхайжанцан ноён шадар туслахуудаа явуулж Дашбалжирыг авчруулаад мөн л өөртөө татахын тулд гэзэг үсэнд нь сувдан сам, даруулга, ээмэг, шүр зүүлгэн жуузанд суулгаж тухайн үедээ Да хүрээнд нэр алдартай байсан Сажи ламд бараалхаж хатнаа болгохоор авч явжээ.
Тэгээд Сажи лам дээр очоод “Миний хайртай хүүхний санаа сэтгэлийг нааш нь эргүүлж өгөхийг таньд даалгая” гээд баахан өргөл барьц гардуулсан байна. Сажи лам мань хоёрыг зэрэгцүүлэн суулгаад ном гүрэм уншиж, хүүхнийг үлээж тарнидан сахиус зангиа зүүж өгөөд “За чи одоо энэ ноёны хатан боллоо шүү” гэж сануулжээ. Энэ явдлын дараа Дэнчингомбо
“Сагсгар самбай гэзгэнд нь,
Сам шүүрийг тааруулаад,
Санаа сэтгэл хоёрыг чинь,
Сажи ламдаа даатгана даа,
Гоо жи нан аа да хө” гэсэн бадаг нэмжээ.
Энд гарч байгаа Сажи лам нь Богдыг хаан ширээнд суусаны дараахан Монголд ирж 1922 он хүртэл Да хүрээнд амьдарчээ. Тэгэхээр уг дуу 1910-аад оны үед зохиогдсон бололтой. Ноёны хатан болсон Дашбалжирын сэтгэлт залуу “Амгалангийн” Жигээ нэг өдөр үеийн хэдэн найз нартайгаа ууланд явж байгаад хадан дээрээс хальтраад бэртчихжээ. Үүнийг Дэнчингомбо сонсмогцоо,
“Хадан дээрээс хальтирна гэдэг,
Хазгай гишгэсэний харгай юу даа,
Ханилж суугаад алдана гэдэг,
Харгүй явсаны харгай юу даа,
Гоо жи нан аа да хө” гэсэн бадаг нэмсэн байна.
Дэнчингомбо нь аливаа сонирхолтой юмыг хараад тэр дор нь шүлэглэн дуулдаг авъяастай хүн байжээ. Сүүлдээ харин архинд ороод шүлэг зохиох нь байтугай үгээ хэлж чадахгүй шал согтуу цал пал гэж ярьдаг болсон гэж нутгийн хөгшчүүл нь хуучилдаг байж. Дэнчингомбо нь нутагтаа байхдаа “Оросын ногоон дээлт” гэж нэршсэн Ичинноров гэдэг царайлаг хүүхэнтэй сууж байгаад салжээ.
Ичинноров нь хэдэн жилийн дараа Сандаг гэдэг хүнтэй суусан байна. Нэг удаа Эрдэнэ дүүрэгч ван Намхайжанцан үзэсгэлэнт хатан Дашбалжирыгаа дагуулаад нутагтаа очжээ. Гэтэл тус нутгийнхан ноёныхоо хатныг үзэж сонирхоод,
“Дүүрэгч вангаас дүү хатан,
Дүрсгүй Гомбоос дуутай хатан,
Сайд ноёдыг санаашруулсан хатан,
Сажи ламаас сахиустай хатан” хэмээн егөөдөн шүлэглэж байсан гэдэг.
“Гоо жи нан аа” дууны гарал үүслийн талаар Балжинням бэйс ноёны хатан байсан Ц.Батнасан, Бишрэлт гүний хатан явсан Рэгзэдмаа нар хожим өгүүлэхдээ “Дүүрэгч ван Намхайжанцан болон түүний үзэсгэлэнт эхнэр Дашбалжир бид нэгнийхээрээ ирж очдог сайхан найз нөхөд байлаа” гэж дурссан байдаг.
Мөн Маймаа хотын уугуул, алдарт хөгжимчин Д.Ишдулам гуай “Дүүрэгч вангийн хатан явсан Дашбалжирыг би сайн мэднэ. “Гоо жи нан аа” дуу нь Дашбалжирт зориулагдсан дуу байгаа юм” гэж дурсдаг байж. Эрдэнэ дүүрэгч ван Намхайжанцангийн үзэсгэлэнт хатан Дашбалжираас гарсан хүү нь дээхэн үед “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан зохиолч Намхайн Жамбалсүрэн ажээ.
Мөн Дэнчингомбын хүү нь ахмад дайчин Дагва гэдэг хүн байж. Зуугаад жилийн тэртээ зохиогдож монголчуудын сэтгэл зүрхэнд өнөөдрийг хүртэл уянгалсаар байгаа “Гоо жи нан аа” хэмээх алдарт дууны талаар цухас өгүүлэхэд ийм буюу. Өөр бусад “Сүнжидмаа”, “Хандармаа”, “Хэен хуар”, "Сэндэр охин", “Аргагүй амраг”, "Алигармаа", “Хөх торгон дээл” зэрэг 12 дууны домог түүх энд багтсангүй.
Сэтгэгдэл(11)
Цаазлан хориглоод байхдаа яахав дээ. Дуулахыг хориглож байжээ л гэнэ биз. Өнгөрсөн нийгмийг муулах гээд бүр ядчих юм. Социализм чинь харин зөв сайхан нийгэм байсан. Тэр үед ажилгүй хүн байгаагүй, ядуу хүн байгаагүй, гудамжинд гуйлга гуйдаг хүн нэг ч байгаагүй, траншейнд хонодог хүүхэд гэж нэгч байгаагүй, бүх хүн авсан цалингаараа сайхан амьдардаг байлаа. Монгол улсад бүх үйлдвэрийн газрууд цэцэглэн хөгжсөн тэдгээрт олон мянган хүн ажиллаж цалингаараа сайхан амьдардаг байлаа.... гээд ярьвал дуусахгүй
ene oidov gegch zarimdaa ih hudlaa shaanaa, ... Bas ih uls turiin ungu ayas oruulj olny tolgoig erguulne. YAg unendee bol muulaad baigaa huuchin niigmiinhee achaar amid uldsen buus l duu...
Санал нэгтэй хүн таарсанд баяртай байна. Социализм Монголд таарч байсан.Одоо бүх зүйл эсрэгээрээ байгаад бидний үеийн хүмүүс стресстэж үр хүүддэдээ санаа зовж, нийгмийг хэрхэн сайн сайхан руу чиглүүлэх вэ? хэмээн аргаа барж байна.
ymhii uhruudiin duuldag duu ni hurtel buzar. dandaa l 1 bool mool baisan, dandaa l neg iadarch zuderch guilgachilj buzartaj baisnaa sanan durssan baliar duu shulegtei. iadahad iar gegcheer ene buzartai uitgar gunig booliin amidraltai duund garch baigaa hymuusiin ner us gazar shoroo ni buzar tovd nertei. tovdiin bogs dolooj tovdiig tejeej hamag baidgaa tovd ruu teverch zooson mongol pizdaanuud
Өмхий хасаг амны алдас болов аятайхан бгаарай илжиг ээ
tyhain chagtaa egyylberiin hebsmel sinjiig gaihaltai tysgasan ni ard tymen oilgosoor l irsen yum daa!!eneegiin ta nar modon heltei bolsonoos ene metiin ertnii ayalgyyt heliig yahin medeh bilee!teheer ta nart syrah yum ikhe l bna daa?Zaluus aa!!!
ВАНЛИЙ дуу чинь бол ХОРЧИН АРДЫН дуу юм шүү?ХҮРЭЭНД ИРСЭН ХОРЧИНГУУД олон саихан дуу халхуудад үлдээгээд З-н улсын гэрээний заалтаар нутаг буцсан ба ХҮРЭЭ донж маяг ХҮРЭЭ дуу ая дан тэдэнтэи нягт холбоотои ба зохиогч ньч гэж хэлж болно?
Bitgii hudlaa bich. Goojnanaa chin' 60-d ony dunduur Selenge Yeruu nutgaar hersen huuraa chirsen hun baisnyg bii biyeer medeh yum baina ene talaar google-deed uzsen ch zarim bodit barimt baigaa baih
Хориглож байсан ьүнэн шүү.Энэ хэдэн эртний дуу битгий хэл Амрагийн дууг хориглож байсан тэнэгүүд шүү.Тэр ч бүү хэл 1980 ондтөгсөх сурагчийн уянга дууг хориглож байсан юм шүү
Энд сэтгэгдэл бичсэн хогуун юмнуудыг хараад ой гутах шиг болох юм. Өөрсдөө бол ганц өгүүлбэр эвтэйхэн холбоод бичиж чадахгйү л нөхөдб айгаа даа.
Бусдын бичсэнийг өөлж муулаад таашаал авдаг гаж донтонууд Монголоор дүүрсэн шүү дээ. Энэ муусайнууд яах вэ, амныхаа зоргоор бурж л байдаг. Эд нарын бичсэн сэтгэгдэл ч гэж дээ чааваас... Өөрсдөө л сайхан таашаал авбал болох нь тэр дээ.