sonin.mn
Шивээ хиагтын ултиматум
1921 оны гуравдугаар сарын 15-нд Хиагтад шивээлсэн гамингийн захирагчид мэдтүгэй хэмээх тулган шаардах бичиг хүргүүлжээ. И.О.Макстенекээр дамжуулан өгсөн. ЗОУ-ын Дээд-Шивээнд суугаа консул. Ультиматум нь ардын журамт цэргийн төв штабт боловсрогдсон баримт бичиг. Том гүрний дипломат ажилтан хүн хил дамнан гүйж явна. 
 
Гартаа өөрийнхөө амь насанд ч халтай байж болох айлган сүрдүүлсэн бичиг бариад. Орос-Монгол олон эх сурвалжид байгаа учир үнэн гэдэг нь нэгэнт тодорхой. Гамин цэргийн командлал Сүхбаатарчуудыг өөрсөндөө аюул учруулахаар хэмжээний дорвитой цэрэг дайны хүчин биш гэж басамжилсанаараа тэд их том алдаа гаргасан. Гамингууд тухайн үедээ Сүхбаатар гэхээсээ Барон унгернээс илүү ихээр айж болгоомжилсон. Бүр Хиаггын өмнөд хэсэгт Унгернээс хамгаалах хэд хэдэн цуваа бэхлэлтүүд босгож байсан юм гэж Демко бичжээ. (х.40-42).
 
Шивээ хиагтын штаб
Ардын журамт цэргийг удирдан чиглүүлэгч гол байгууллага нь бүх цэргийн “Төв штаб". Орос-Монголын харьяат олон хүмүүс хамтарсан учир бүх цэрэг гэсэн нэршил хэрэглэсэн. Энэ байгууллагыг 1921 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар ямар хүмүүс бүрдүүлж байсныг И.Г.Демкогийн дурсамжид (х.39) тоочин бичжээ. 
 
Штабын дарга Лятте, түүний туслах Беретти Литвинцев нар болон Иванов-Римский цэргийн эмч Ружичкий, штабын даргын хэлмэрч буриад Бадам-Василев нар гээд оросын харьяат олон хүмүүсийн нэр зоолттой бий. Армийн байлдааны ажиллагааг төв штабаас гаргасан төлөвлөгөөний дагуу ерөнхий командлагч удирддаг. Штабын дарга командалсан уу эсвэл бүх цэргийн жанжин удирдсан уу гэдгийг түүх бидэнд баримтаар дэлгээгүй байна. 
 
Шивээ-Хиагтын тулааныг Д.Сүхбаатар жанжилсан гэдэг хувилбараар нь бид мэддэг. Гэхдээ ноцнодготой явдлууд их л харагддаг. ”Ардын журамт цэргийн түүхэн ялалт (1920-1924)” гэсэн архивын баримтын эмхтгэл номноос үзэж болно. 1980 онд Б.Балжиргарам хянан гаргасан. Тэнд бүх цэргийн штабын дарга Лятте, Сүхбаатар жанжинд зааварчлаад загнаад (х.45) байгаа юм шиг харагддаг. Үдшийн бүрий болмогц их үхэр буугаар эндээс буудсаны дараа гамингүүд бутран гурав салж зугтлаа. 
 
Ивцэг, Хяраан, Бүхлэг гэсэн маршрутаар гэж товчлон бичжээ. Энэ тушаалын үргэлжлэлийг эрсээр яваад өөр номноос олов. Дамдины Сүхбаатар намтрын он дараалсан бичиг, 1986 номонд хэсэглэн гаргажээ. Сүхбаатараа маргааш гэж хойш тавилгүй өнөөдөртөө Хиагтыг бүрмөсөн эзлэн суусан нь дээр. Лятто ёслов. 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр(х.75) гэж тушаасан зурвас байв. Гамингуудыг чинь би үхэр буугаар хөөчихлөө. Одоо түүхэн баатар болох боломжоо нэг хоногоор битгий хойшлуул гэсэн санааг Лятте хэлсэн мэтээ.
 
Шивээ хиагтын партизан
Гамингуудийн үл тоосон Сүхбаатарын арми ямар цэрэгтэй байсан юм бол. Шивээ-Хиагтын байлдаан эхлэхээс хэдхэн хоногийн өмнө монгол партизанууд гар дээрээ буу сумаа авцгаасан байдаг. Ихэнх нь галт зэвсэгтэй харьцаж үзээгүй. Гох дарвал сум гардаг гэсэн ойлголттой. Зарим нөхдүүд бүр балрах шахсан. Сум гарахгүй байна, гох дараастай байна. (А.Ж.Ц.Д. боть1 .х-548). 
 
Ийм эвдэрхий буутай нь гамингийн гарт дуусцгаах юм уу гэх явдал гарчээ. Замгыг нь татаж сумалдаг юм гэж зандарсан гэрч нь Сумъяа бэйс байдаг. Хойш нь татаад хоолойд нь сумыг нь шахаж оруул гэж загнах зааварчлах тохиолдол бас гарчээ. Анх ирж байсан нөхдүүд арай ч үгүй байлгүй дээ гэмээр зэвсэгтэй байсан юм билээ. 
 
Журамт цэрэг Чогдонгийн Дамчаа (А.Ж.Ц.Д.боть2,х-22) бөх бядруун хутга бахим ташуураар зэвсэглэсэн. Лувсангийн Дэмиддорж (1894-1973) дэлэм урт, барим бүдүүн бороохойтой. Доржийн Дэндэв (1899-1971) шийдэм ганзаглаад ирсэн. Мунатай хүмүүс ч мундахгүй байж. Ганц нэгэн цахиур буу, сумгүй берданктай нь боломжийн зэвсэгтэйд тооцогдож байв. Харин богино хугацаанд хурдан амжиж байлдах бэлтгэлээ хангажээ. 
 
Оросын харьяат буриад-халимаг сургагчид ирж тусалсан. Шивээ-Хиагтыг дайрах галын шугаман дээр ардын журамт цэргийн анги ирмэгц С.С.Борисов цэргүүдийн өмнө гарч ирж үг хэлжээ. Зэр зэвсэг, сургагц, зааварлагчаар бид тусаллаа. Журамт цэргүүд одоо өөрсдийн хүчээр Хиагтыг чөлөөлөх үүрэгтэй гээд бүрэлдэхүүнээ аваад буцсан юм гэж Демко бичжээ. Монголчуудын шургуу хүсэлтээр цөөн тооны орос сургагч нар оролцсоныг тэр хүлээн зөвшөөрсөн. 
Дөжиртлөө сонссон дөрвөн зуун партизан гэдэг нь үнэн тоо биш байна. 1957 онд И.Я.Златкины “Очерки новой и новейшей историй Монголий" гэдэг түүхэн судалгааны ном Москвад хэвлэгдсэн. Энэ номын зуун далан хоёрдугаар хуудсанд Сүхбаатар долоон зуун зэвсэглэсэн цэрэгтэйгээр Маймаачинг эзлэн авсан гэжээ. 
 
1921 оны гуравдугаар сарын 15-ны өдөр шифрлэсэн мэдээний текст үүнийг давхар баталдаг. Зөвлөлтийн тавдугаар армийн штаб, Дорнод сибирийн цэргийн тойргоос Москва руу илгээсэн нууц мэдээ. Маймаачнаас баруун тийш 20 модны зайтай орших Уушигийн харуулын районд зургаан зуун хүнтэй улаан монголын партизаны отряд байгуулагдлаа гэсэн морзын шифр байв. 
 
Хиагтын тулаан болохоос гурав хоногийн өмнө зургаан зуун цэрэгтэй болчихжээ. Үүнийг цэргийн тагнуулын мэдээ баталж байна. Довтолгоон эхлэхэд долоон зуун цэрэгтэй болчих магадлал байж болох тоо юм. Шивээ-Хиагтын шифр Москва руу морздож, Эрхүү рүү телеграфдаж байлдааны талбар луу хээрийн цэргийн “Зуммер” телефоноор “байна-уудан” мэдээ дамжуулдаг байснаа И.Г.Демко (1900-1981) дуртгал номондоо үлдээжээ. 
 
Шивээ-Хиагтын байлдааны явцыг хамгийн түрүүнд морзын аппаратан дээрээ Эрхүү хотод хүлээж байсан хүн бол Б.З.Шумяцкий юм. 1921 оны гуравдугаар сарын 19-нд Б.З.Шумяцкий яг хэдэн цагт Алтанбулагийн атак амжилттайгаар дууссаныг Алс Дорнодын Бүгд Найрамдах улсын цэргийн ерөнхий командлагч Р.И.Эйхед мэдээлсэн. 
 
Энэ нь байлдааны бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах дохио код юм. Зэвсэгт бослого хөрш зэргэлдээ улсын хилийн боомт дээр нь гарсан учир АДБНУ армиа түгшүүрийн бэлэн байдалд байлгажээ. 1921 оны гуравдугаар сарын 18-ны 22:00 цагт улаан монголын хувьсгалт отрядад Маймаачин бүрэн эзлэгдлээ гэсэн Борис Захаровичийн телеграф байдаг. Үүрээр бар цагт эхэлсэн байлдаан үдшийн гахай цагт дуусчээ. 
 
Шивээ-Хиагтыг гамингаас чөлөөлөх байлдаан нийт 16-17 цаг үргэлжилсэн нь одоо тодорхой болов. Хоногт нь дуусгасан хосгүй тулаан. Гэтэл үүнээс дөч гаруй хоногийн өмнө буюу 1921 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Нийслэл хүрээг “азийн морин девиз” арван мянган гамингаас анх чөлөөлсөн. Нийт зуу гаруй хоногийн турш гурвантаа дайрч байж дийлсэн түүхтэй. Барон унгерн ба Д.Сүхбаатар жанжин хоёулаа арван мянган гамингийн эсрэг тулалдсан гэдэг. 
 
Шинэ Монгол Улсын XX зуунд ингэж түүхлэгдэн бичигдсэн. Нэг нь Нийслэл хүрээнд. Нөгөө нь хойд хилийн шалган нэвтэрүүлэх боомт дээр. Хэн нь хэдэн гаминтай байлдсаныг мэргэжлийн болон цэргийн түүхчид өнөөдөр үнэн зөвөөр тодруулж өгөх ёстой бас үүрэгтэй.
 
М.Энхпүрэв
Эх сурвалж: "Нийслэл таймс"