sonin.mn

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбооны гүйцэтгэх захирал, Эм зүйн ухааны доктор О.Дамбатай ярилцлаа.

Нэг. Бүртгэлтэй л бол хуурамч биш

-Манай монголчууд нэг үеэ бодвол эмийг их хэрэглэдэг болсон. Үүнийг аптекийг зоригсдын тоогоор хэлж болохоор. Үүнтэй холбоотойгоор эмийн зохистой хэрэглээ гэж юуг хэлдэг гэдгийг улам тодруулах шаардлага гарч байна?

-Энэ талаар ярихын тулд олон чиглэлийн зүйлийг хөндөх хэрэг гарна. Хамгийн товчоор бөгөөд энгийнээр хэлэхэд эм гэдэг нь хоол биш. Харин тодорхой хэмжээний өвчин. зовиур, эмгэг, шаналалыг арилгах, намдаах зориулалттай бэлтгэгдсэн өвөрмөц төрлийн бүтээгдэхүүн юм. Зориулалтын дагуу, тодорхой тун хэмжээгээр хэрэглэвэл үр дүнгээ өгч эм болно.

Харин дутуу эсвэл илүү хэрэглэвэл үр дүнгүй эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлж, хор болох үндэслэлтэй. Эмийн ач холбогдлыг мэдрэхийн тулд зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Өөрөөр хэлбэл, эм бол өвчин анагаах мэргэжил эзэмшсэн эмчийн өвчинтэй тэмцэх ганц зэвсэг нь юм. Тэгэхээр энэ зэвсгийг эмч хүн л ашиглах ёстой.

Гэтэл өнөөгийн нөхцөлд эмчийн барьдаг зэвсгийг өвчтөн өөрөө, эсвэл эмийн санч дангаараа, дураар, зохисгүй хэрэглэж байгаа нь эргээд сөрөг үр дагавар гаргаж байна. Манай улсын хэмжээнд 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.

Үүний 800 орчим нь нийслэл хотод төвлөрч байна гээд бод. Ер нь манайхан баруун Европын хөгжилтэй орнуудын хууль, эрхзүйн орчинг шууд буулгах гэдэг. Гэтэл манай хөрсөн дээр нэг л буудаггүй.

Ер нь хүн өөрийгөө өвдсөнөө мэдвэл эхлээд эмийн сан руу гүйх биш эмчид очиж, шинжилгээ хийлгэж, оношлогоогоо тогтоолгон эмчээсээ жор авч, түүний дагуу хэрэглэх л ёстой. Эмч нь хүрэлцэхгүй, өрхийн эмнэлэг дутагдалтай, сум, багт эмч нар хүрэлцэхгүй байгаагаас бэлэн эм хэрэглэдэг.

Нөгөө талаас сүүлийн арав гаруй жилд ихэнх эмийн сан хувьчлагдсанаас эм зах зээлийн арилжааны хэлбэрт шилжиж, эмийн сангууд жороор хяналттай үйлчлэхээ больсон учраас эмийг зохисгүй хэрэглэх үндэс суурь болсон.

Хоёр. Тунг хэтрүүлвэл витамин ч гэсэн хор

-Сүүлийн үед хувь хүмүүс болон байгууллагууд янз бүрийн эм, бэлдмэл, витаминыг гадаадаас авчран борлуулдаг болсон. Ер нь импортын эмийн хэдэн хувийг улс, хэдэн хувийг хувь хүн, байгууллага эзэлж байна вэ?

-Эмийн зах зээл дээрх нийт борлуулалтын 80 орчим хувийг импортын эм, үлдсэнийг нь дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлдэг. Харин витамины бүлгийн хувьд 20-25 хувийг дотоодын үйлдвэр хангаж байна. Гаднаас оруулж ирж буй эм чанарын хувьд сайн, муу гэсэн тодорхой зүйл байхгүй. Улсын бүртгэлд 1500 орчим эм бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн л бол хуурамч байх үндэслэлгүй. Учир нь эмийн бодит чанарыг шалгаруулж бүртгэдэг байх ёстой. Харин манай улсад жортой, жоргүй худалдаалах эм гэж бий. Жоргүй худалдаалдаг эм нь биеийн тамир тэнхээг сайжруулдаг, витаминжуулалтын зориулалтын эмнүүд юм. Гэхдээ түүнийгээ зөв, зохистой, зориулалтаар нь хэрэглэхгүй бол витамин ч бас хор болно.

-Саяхан Ерөнхий сайд ихэнх эмийг эх орондоо үйлдвэрлэх боломжтой гэж ярьж байсан. Ер нь эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, түүний үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэхийн тулд юу хийвэл илүү үр дүнтэй вэ?

-Зах зээл эхлэхэд үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх нь үндэсний эрх ашгийг дэмжинэ гэсэн бодлого, уриатай эхлэсэн. Гэвч энэ нь амьдралд төдийлөн хэрэгжээгүй. Ер нь дотоодын эм үйлдвэрлэлийг дэмжих асуудал сүүлийн жилүүдэд л яригдаж эхэлж байна. Одоо манай улсад байгаа 34 эмийн үйлдвэрийг хувьчлалын дараа хувь хүмүүс, мэргэжлийн эм зүйчид л байгуулсан.

Нэг ёсондоо улсаас, төрөөс дэмжиж байсан удаа байхгүй гэдгийг хэлэх гээд байна. Үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг бол эм. Тэгвэл энэ талын төрийн хар хайрцагны бодлого нь тодорхой байх ёстой. Ер нь эмийн үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд төрөөс дэмжиж, хяналт шалгалт тавьж, олох төсвийг нь анхаарах шаардлагатай байгаа гэвэл байгаа. Гэтэл энэ нь зах зээлд шилжих үеэс л алдагдаж эхэлсэн. Энд зах зээлийн, эмийн сангууд хувьчлагдсаны буруу мэдээж байхгүй байх....

Гурав. Валютын зөрүүгээ авч чадахгүй байхад хураадаг татвар нь хэвээрээ л байгаа. ..

-Одоо яах ёстой юм болоо?

-Төрөөс үндэсний үйлдвэрүүдээ бодлогоор дэмжиж, тоног төхөөрөмжөөр хангаж, хөнгөлөлт үзүүлэх, зээл, буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжиж байна. Тэрэн шиг л дэмжих хэрэгтэй байна. Одоо ажиллаж байгаа эмийн үйлдвэрүүд дунд төрийн дэмжлэгээр барьсан үйлдвэр гэж байхгүй.

Дандаа санхүүгийн богино эргэлт, банкны зээлээр байгуулсан хувийн жижиг үйлдвэрүүд л байна. Үйлдвэрийн хэмжээнд ч хөгжиж амжаагүй л байна. Социализмын үед буюу 1990 он хүртэл ганцхан эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх төв болон эмийн сан нь хүртэл улсын хяналтанд байсан.

Гэтэл зах зээлд шилжсэнээс хойш энэ бүхэн нь алга болчихсон. Түүнчлэн тухайн үед валютын ханш болон эмийн үнэ хэд байв, одоо валют хэд дахин нэмэгдэхэд эм харин хэдээр нэмэгдэв гээд зөрүү их гарна.

-Тэгэхээр энэ жилийн валютын чангарал эмийн салбарт ч хүндхэн нөлөөлжээ?

-Тэгэлгүй яах вэ, хүнд нөлөөлсөн. Жилийн өмнө байгуулсан гэрээний үнэ нь өнөөгийн валютын огцом өссөн өөрчлөлтөөс болж эм ханган нийлүүлэгч, гэрээлэгчид ихээхэн хэмжээний хохирол хүлээж байна. Эм үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж, түүхий эд гээд бүгдийг нь гадаадаас, тэр дундаа валютаар авдаг.

Тэр дундаа хөнгөлөгдсөн үнээр бус дандаа хувийн бизнесийнхэн валютын зээлээр л худалдаж авч байна. Дотоодын эмийн үнэ нэмэгдэж байгаа нь үүнтэй бас холбоотой. Цаашлаад үндэсний үйлдвэрлэлийн өсөх чадвар, импортыг орлох бүтээгдэхүүний тоо багасч байгаа нь мөн үүнтэй л холбоотой.

Хэрэв дэмжлэг сайн байвал эмийн салбар хөгжих ёстой. Гэтэл манай зах зээл дээр тендерээр нийлүүлж буй бүтээгдэхүүнээс валютын зөрүүгээ авч чадахгүй байхад хураадаг татвар нь хэвээрээ л байна. Импортоор орж ирсэн түүхий эдээс гаалийн, НӨАТ-ын, ААН-ийн татвар, борлуулсан бараанаас нь ашгийн татвар гээд бүгд хэвээрээ.

Гэтэл тендерт хамгийн бага үнээр нийлүүлж байна. Манай холбооны гишүүн байгууллагууд импортоор орж ирж буй эмээс валютын ханшийн зөрүүг гаалийн татвар ч юмуу ямар нэг татвараас чөлөөлөх эсвэл нөхөн олгох талаар санал тавьсаар ирсэн. Засгийн газраас 90 хүртэл хувийг буцааж олгоно гэж хоёр жил худлаа ярилаа.

Энэ жилийн тендер ч ийм маягаар л өнгөрнө байх. Төр, засгийнхан дээрээ бол "Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэе!", "Эм бол үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг" гэж ярих хэрнээ яг амьдрал дээр бодитой ач холбогдол өгөхгүй байна.

Дөрөв. Эмийн бодлого ерөнхий байсан учир хэрэгжээгүй

-Эм, витаминаас гадна төрөл төрлийн бэлдмэл, тураах эм, аппаратууд импортлоход тавигдах журам, хяналт гэж ер нь хэр байдаг юм бол? Танай холбоогоор дамждаг уу?

-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, тураах эм зэргийг эмчийн заавраар л хэрэглэх хэрэгтэй ёстой юм. Практик дээр энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглээд үр дүнд хүрээгүй тохиолдол их бий юу гэхээс үр дүнгээ өгсөн бэлдмэл гэж бараг сонсоогүй юм байна. Миний хувьд тураах эмийг эм гэж үздэггүй. Мэргэжлийн хүрээнд ч ойшоодоггүй. Үүнийг Мэргэжлийн хяналтын газар авч үзэх ёстой ч тэр бүр хяналттай байдаг гэж бодохгүй байна.

Үүнээс гадна төрөөс импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг болох нэн тэргүүнд шаардлагатай байна. Ер нь тураадаг эм, хүч тамир өгдөг бэлдмэл зэргийн түүхий эдийн ургамал нь бүгд манай улсад ургаж л байгаа шүү дээ.

Гагцхүү үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй олж, хэрэглэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн бодлого дутагдаж байгаагаас зах зээлийн урсгалаар л урсаад байна. Мэдээж техник, технологи хэрэгтэй...

-УИХ-ын байнгын хороон дээр Төрөөс баримтлах эмийн бодлогыг хэлэлцсэн. Бодлогын баримт бичигт ямар зүйлүүд голчлон тусгагдсан бэ?

-Өмнөх бодлого нь арван жилийн хугацаатай байхаар батлагдсан. Уг нь жилийн өмнө боловсруулсан бодлого УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэгдээгүй өдийг хүрлээ. Одоо даруйхан баталж асуудлуудыг цэгцлэх хэрэгтэй байна. Өмнөх бодлого хэтэрхий ерөнхий тунхаглалын шинжтэй байснаас тодорхой хэсэг нь хэрэгжээгүй.

Мөн зах зээлийн үйл ажиллагаа маань төгөлдөржөөгүй. Тиймээс одоо илүү оновчтой, тодорхой бодлого хэрэгтэй байна. Энэ талаар манай холбооны гишүүд саналаа өгчихсөн. Нэмж хэлэхэд эм бол үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг. Иргэний эрүүл мэндийн асуудал, эрүүл байх нөхцлөөр хангагдах эрх нь Үндсэн хуулиар баталгаажсан. Тиймээс эмийн талаар төрөөс бүх талаар анхаарч явах ёстой юм, уг нь.

-Бодлогогүй нэг жил өнгөрч байгаа юм байна. Энэ хооронд сөрөг үр дагавар гарав уу?

-Манай улсад эмийн асуудлыг нэгдсэн журмаар зохицуулах зохицуулагч агентлаг байхгүй. Тийм хэрнээ, мөн УМХГ, НМХГ, Стандартчилал хэмжил зүйн газар, ЭМЯ, ТББ, холбоо зэрэг оролцогч тал олонтой мөртлөө бодлогоор цэгцлэхгүй бол горьгүй болчихоод байна. Эм бол хоол эсвэл талх биш гэдгийг би эхэнд хэлсэн.

Бодлогыг даруй гаргаж цэгцлэхгүй бол эмийн зохисгүй хэрэглээ нэмэгдэж, шаардлага хангасан, хангаагүй импортлогч, эм ханган нийлүүлэгчид замбараагаа алдлаа. Дараагийн арван жилд гол жанжин шугам болгох бодлогод мэргэжлийн хүмүүсийн үүрэг хариуцлага, ёс зүйг түлхүүтэй чиглүүлсэн зарчмыг мөн тусгаж өгөх ёстой. Мөн эдийн засаг, хууль эрх зүйн дэмжлэгээр таатай орчныг бүрдүүлмээр байна.

Тав. Тендерт хамгийн хямд гэхээр чанаргүй нь шалгарах гээд байдаг...

-Тендерийн барааны чанарыг сайжруулж, тендерийн үнийг нэмах шаардлагатай юу?

-Төрийн худалдан авалтын тендер шалгаруулалт нь хамгийн хямд гэсэн зарчмыг барьж байгаа учраас зарим талдаа чанаргүй нь тендерт шалгараад байна. Одоо үед 50 хувь чанар, үлдсэн хувь үнийн саналыг хардаг болсон. Гэхдээ үнэ хямдыг сонгох хандлага байсаар байгаа. Хамгийн хямдаар нь биш, хамгийн чанартай, эмнэлгийн практикт хэрэглэдэг эмийг л сонгох учиртай, хэрэгтэй.

Чанартай эмийг нь сонгох ёстой. Эмнэлгийн үйлчилгээний чанар дээр бол өвчтөн богино хугацаанд бүрэн эдгэрэх ёстой гэсэн эдийн засгийн үзүүлэлтээр харах ёстой. Гэхдээ дахин хэлэхэд гол нөхцөл нь чанартай сайн эм. Тендерийн тухайн жилд ирсэн бараа бүтээгдэхүүнд анализ хийгээд үр дүнгээр нь мөн дүгнэлт хийж дараа жилийн худалдан авалтаа хийдэг болмоор байна.

Түүнээс биш бага үнэтэй, эсвэл үзэгдээгүй рекламаар шалгаруулж болохгүй. Зах зээлийн зарчмаар явагдаж байгаа мэт боловч агуулга нь буруу байгаад байна. Ер нь өнөөдрийг хүртэл эмийн үнэ хамгийн доод түвшинг л барьж ирсэн. Талхнаас дөрөв дахин хямд. Гэтэл эмийн технологи шаардлага нь талхнаас 10-20 дахин их байдаг.

Тиймээс тендерийн сонгон шалгаруулалтыг иргэдийнхээ эрүүл мэнд, эмчилгээний үр дүнг сайжруулах ёстойг харгалзаж явуулмаар байна. Тэгэхгүй бол чанартай чанаргүй эм уусаар байж болохгүй. Хүмүүс өөрсдөө даатгалаа төлж байгаагийн хувьд чанартай эмийг шаардах эрхтэй.

-Энэ салбарт учирч буй эдийн засгийн хувьд бэрхшээл юу байна?

-Хамгийн бэрхшээлтэй зүйл нь амьдрал дээр хэрэгжихээргүй, хөрс нь тавигдаагүй тунхаглалын чанартай хууль журмууд байна. Энэ нь эдийн засгаар дэмжих байтугай улам дарамт бий болгоод байгаа юм. УИХ-ын энэ хаврын чуулганаар Эм хангамжийн салбарын тулгамдсан асуудлууд, Эмийн талаар төрөөс баримтлах бодлогод эмийн зохисгүй хэрэглээг цэгцлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төрийн хар хайрцагны бодлого зэрэг чухал, бидэнд төдийгүй нийгэмд хэрэгцээ шаардлагатай байгаа асуудлыг хэлэлцэхээр болсон. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд эмийн үйлдвэрийн барилга, боловсон хүчин, түүхий эдийг олон улсын шаардлагад хангасан болгохын тулд ийм төрлийн төслийг төр нь дэмждэг болох хэрэгтэй байна.

Ярилцсан Д.Энхнаран

Эх сурвалж: "Бизнес таймс" сонин