sonin.mn
Бид энд манай улсын нэгэн адил социалист системд багтаж байсан Румын улсын тухай бяцхан "дурсамж" өүүлэх гэж байна. Энэ улсын нэрийг дурдахаар монголчууд Румын мебелийг дурсан санадаг. Тиймээ, тус улс мебелийн үйлдвэрлэлээр түлхүү хөгжсөн, манай улсад мебель картоны үйлдвэр байгуулж өгч байсан юм. Мөн бид Румыний мэргэжилтэн, барилгачид манай Улсын циркийг барьж өгснийг сайн мэддэг, таатай дурсаж явдаг билээ.
 
...Манайд хойд хөрш ЗХУ-д 1980-аад оны сүүлээр С.Горбачевын эхлүүлсэн "Өөрчлөн байгуулалт" тэр үеийн социалист системийг бүхэлд нь доргиож, нэгэн дор биш гэхэд хэд хэдэн жилийн зайтайгаар Польш, Чехословак зэрэг улсад ардчилсан хувьсгал өрнөж, цаашлаад олон орныг салхилуулсан.
 
Тэрний нэг нь Румын улс байв. Тус улсын коммунист удирдагч Николае Чаушеску тухайн үедээ Зөвлөлт Холбоот улсыг дагахгүй, нөхөр Л.И.Брежневийн үгэнд ордоггүй, Югославын Броз Тито, Хятадын Мао Зедун нартай найзархагсан, социализмын өөр замыг сонгосон тэрсүүд нэгэн байв.
 
Сүүлдээ социализмын төгсгөлийн үеэр 1991 байна уу, 1992 онд тэрээр өчигдөрхөн удирдагч хэмээн шүтэн хүндлүүлж байсан олон түмэндээ дарангуйлагч хэмээн ад үзэгдэн эхнэрийн хамт Бухарест хотноо олны өмнө дүүжлүүлж "салсан нөхөр" юм. Тэрээр ид мандаж байх үедээ түүнийг манай улсад айлчлахад эхнэр нь монголчууд намайг шагнасангүй, хонины бөгс өмнө тавьж (ууц) доромжиллоо хэмээн уур уцаартайгаар тэр даруйдаа буцсан гэсэн нэгэн явган яриа байдаг байсан.
 
Түүх сөхвөл Румын улсын тэр үеийн нам, төрийн тэргүүн Николае Чаушеску манай оронд 1971 болон 1988 онд тус тус айлчилж байжээ. Ахмад дипломатчдын дурсамж яриагаар бол Румын нөхөр анхны айлчлалаараа эхнэр Еланадаа Сүхбаатарын одон өгүүлэхийг шаардсан гэдэг нь цуу яриа, гэхдээ монголчууд Николае Чаушескуг гомдоогоод явуулж байсан нь үнэн гэнэ.
 
Энэ нь тэр үеийн социалист систем доторх хаграл бүхий улстөрийн хүйтэрсэн харилцаатай холбоотой байсан аж. Юу гэвэл тэр үед Югослав, БНХАУ, Румын, Албани зэрэг социалист лагерийн зарим улс бие даан нэг талд гараад байж. Чухам яг тэр үед нөхөр Н.Чаушеску манай оронд айлчилсан бөгөөд нэгэн үйлдвэр дээр болсон хоёр орны найрамдлын цуглаан дээр хоёр талаас хэлэх үгэн дээр зөрөлцсөн аж.
 
Тодруулж хэлбэл Румыний зүгээс цуглаан дээр зөвхөн хоёр орны харилцаа, найрсаг хамтын ажиллагааны талаар ярина гэхэд манай талаас Монгол, Зөвлөлтийн найрамдал, социалист хамтын нөхөрлөлийн орнуудын хамтын ажиллагааг дурдах нь зүйтэй хэмээн маргалдаж, эцэст нь нөгөө цуглаан нь цуглаан ч биш, цугласан олныг гайхшруулж, хурлыг шууд дамжуулах байсан телевизийн сувгыг улайсгатал цугласан ажичдыг харуулсаар, сүүлд нь дарга нар гарч ирж нэг нэгэндээ баяр хүргэсэн болоод салцгаасан байна.
 
Тухайлбал, Зөвлөлтийн дипломатч, Монгол судлаач Ш.Надировын бичиж үлдээснээр цуглаан дээр Ю.Цэдэнбалын тавих байсан илтгэлийн эхний долоон хуудас орхигдож, найм дахь хуудаснаас үг хэлсэн болоод төгсгөжээ. Чухам тэр үеэс хойш хоёр орны харилцаа хөндийрч, нэг нэгнээ шүүмжилж өөлөх болсон байна.
 
Тухайн үеийн улстөрийн байдлаас хамааралтай энэ харилцаа гэхдээ бүлээсэн түүхтэй. Юу гэвэл тэр таагүй үйл явдлаас арваад жилийн дараа Николае Чаушеску анх ам нээж, 1982 онд Москвад Ю.Цэдэнбалтай уулзахдаа түүнийг эх орондоо урьжээ.
 
Улмаар тэрээр 1988 онд манай оронд хариу айлчилж, тэр үеийн манай нам, төрийн удирдагч Ж.Батмөнх нөхөр Н.Чаушескуг төрийн дээд одонгоор шагнаж байжээ. Чухам тэр шагнал нь Румын улс манайд цирк, мебель-картоны үйлдвэр барьж өгснийг үнэлсэн, өмнө нь өгч "амжаагүй" байсан тэр шагнал байсан гэдэг.
 
Бэлтгэсэн Х.Өлзий
 
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин