sonin.mn
Энэ удаагийн зочиноор “Universe best songs-2010” оны шилдэг оролцогч, Альпийн нурууны ард түмний үндэсний урлаг болох ёодэл гэх өвөрмөц содон аялгуутай дууг дуулж үзэгчдийн сонирхлыг татсан дуучин П.Баярцэнгэлтэй ярилцлаа. Тэрбээр шинэ уран бүтээлийн олз ихтэй, удахгүй шинэ цомог нь хэвлэлтээсээ ирэх юм.
 
-Сайн байна уу. Сүулийн үеийн уран бүтээлээс яриагаа эхлэе
 
-Сайн сайн байна уу. Юуны өмнө Нийгмийн толь сонины уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Удахгүй дан ёодэл дуунаас бүрдсэн "ёодэл" нэртэй шинэ цомог маань хэвлэлтээсээ ирэх гэж байна. Мөн энэ цомгынхоо хоёр дууг дүрсжүүлэхээр ажиллаж байна.
 
Одоо нэг дууны дүрсний ажилдаа орчихсон явж байна. Мөн шинэ цомог ирэнгүүт хэвлэлийн бага хурал зарлаж, үзүүлэн маягийн тоглолт хийхээр төлөвлөчихсөн ажиллаж байна.
 
 
-Шинэ цомгийнхоо онцлогоос?
 
-Монголд анх удаагаа ийм төрлийн дуу болон цомог гэдгээрээ онцлог. Бас цомгонд орсон зарим дууныхаа үг, аяыг би өөрөө болон ахтайгаа хамтарч ёодэл хэлбэрт оруулж, зохиосон байгаа. Мөн Швейцарын дээр үеийн ёодэл дууг дахин сэргээж дуулснаараа онцлог.
 
 
-Цомог хэзээ ирэх вэ?
 
-Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Одоогоор зөвхөн шинэ цомгоо танилцуулах бэлтгэл ажлаа хийгээд явж байна.
 
 
-Ёодэл дууныхаа талаар ярихгүй юу. Монгол хүмүүс тийм ч сайн мэддэггүй?
 
-Энэ дуу өөрөө техникийн урлаг. Альпийн нурууны ард түмний үндэсний урлаг. 
 
 
-"Үзэсгэлэн төгөлдөр" гэх мэт дууныхаа үг, аяыг өөрөө зохиосон. Ер нь дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог уу?
 
-Болсон, болоогүй гэх олон үг, ая зохиосон байдаг. Гэхдээ дууныхаа шүлгийг ихэнхдээ би өөрөө бичдэг. Заримдаа манай ах бичдэг. Миний дууны хөгжмийн найруулга, ая зэргийг ихэвчлэн ах маань хийдэг.
 
 
-Одоо ер нь урын сандаа хичнээн дуутай болсон байна?
 
-Яг тоолж үзээгүй. Гэхдээ тийм ч олон дуу байхгүй ээ.
 
 
-Таны үндсэн мэргэжил чинь жүжигчин. Цаашдаа энэ мэргэжлээрээ ажиллах уу?
 
-Сургуулиа төгссөнөөс хойш яг энэ мэргэжлээрээ хоёр кино, нэг хөгжимт жүжигт тоглосон. Харин одоо шинэ жилийн сэдэвтэй кинонд тоглож байгаа. 12-р сарын эхээр дэлгэцээр хүрэх байх.
 
 
-Ямар нэг продакшн, компанид харъяалагддаг уу, эсвэл чөлөөт уран бүтээлч үү?
 
-Өөр өөртөө захирал, бүхнийг өөрөө болгоол явж байна даа.
 
 
Universe best songs-2010-ын шилдэг оролцогчидтой холбоотой байгаа юу. Сүүлийн үед хамтарч уран бүтээл хийсэн үү?
 
-Уран бүтээлийн хувьд гэвэл UBS телевизээр дамжуулж уран бүтээлээ хийдэг. Харин олон сайхан найзууд бий. Тэдэнтэйгээ хааяа уулзалддаг. 
 
 
-Удахгүй СГЗ Л.Балхжавын "Миний дуунууд-2013" тоглолт болох гэж байгаа. Үүнд “Universe best songs-2010"-ын шилдэг оролцогчид жил бүр оролцдог шүү дээ. Энэ жилийн хувьд?
 
-Ямар ч байсан оролцоно гэж байсан. Гэхдээ одоо сайн мэдэгдээгүй байна.
 
 
-Монголын рок попын ертөнцөд хөл тавьж, тогоонд нь чанагдаж яваа шинэ уран бүтээлчийн хувьд хүндрэл бэрхшээл хэр байна. Шантрах үе олон биз?
 
-Зөндөө. Заримдаа хэцүү дуугаа дуулж чадахгүй үе ч тохиолдоно. Бас шинэ залуу уран бүтээлчийн хувьд хөрөнгө, санхүүгийн асуудал маш хүнд байдаг. Больё, өөр юм хийе гэхч үе гарч байсан. Гэхдээ өөрийн дуртай зүйлээ хийж байгаа учраас хүсэл зорилгодоо үнэнч зүтгэсээр өдий зэрэгтэй явж байна.
 
Зорьсон зүйлдээ тууштай зүтгэвэл түүнийхээ үр шимийг хэзээ нэг цагт хүртэнэ гэж боддог. Үүний эхлэл болж шинэ цомог маань тун удахгүй ирэх гэж байна.
 
 
-Өөр өөртөө захирал уран бүтээлчийн хувьд хөрөнгө мөнгөний асуудлаа яаж зохицуулдаг вэ. Шинэ цомог гаргахад хөрөнгө их шаардана биз?
 
-Шинэ цомгийн ивээн тэтгэгчээр Швейцарын хөгжлийн агентлаг ажилласан. Ер нь ихэнх хөрөнгө мөнгө, санхүүжилтийг гэр бүлээсээ гаргадаг.
 
 
-Гэр бүл гэснээс эхнэр, хүүхэдтэй юу?
 
-Манай эхнэрийг Соёлмаа гэдэг. Хоёр настай хүүхэдтэй гурвуулаа амьдардаг. 
 
Эх сурвалж: