sonin.mn
Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 1 жил 8 дахь сар руугаа дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, нэрээ хэлэхийг хүсээгүй оросын Вагнерын цэргийн нэгэн албан хаагч, оросын блогер Андрей Босман, украины цэргийн зүтгэлтэн Александр Штупун, Андрей Рыженко, израилийн сэтгүүлч Цви Зильбер нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
 
Орост цэрэг татлага гарцаагүй боллоо. Харин дайчилгааг хэрхэн зарлаж цэрэг татах тухай ид ярилцаж байна. Оросуудыг Украины фронт руу илгээхийн эсрэг Кремлийн олон түшмэл байна. Энэ нь оросуудаа хайрлаж буй биш, харин ямар нэгэн эсэргүүцлийн үймээн дэгдэхээс эмээсэндээ тэгж байгаа хэрэг хэмээн Цви Зильбер ярив. Оросын хүн амын 35% нь дайныг дэмжихгүй байгаа тухай оросын ТВ-ээр Владимир Соловьев хүлээн зөвшөөрөв. 35% гэдэг бага тоо биш, мөн төдий тооны хүн Путины түрэмгийллийг цээжээрээ хамгаалж, үлдэх хувь нь амаа үдэн чимээгүй бүгэж байна. 
Фронтод ялахгүй нь тодорхой болсон, ялагдаж шившгээ тарихгүйн тулд ноднин эзлэж авсан газартаа бэхжиж байх нь л чухал. Тиймээс ямар ч үнээр хамаагүй байрлалаа хадгалан үлдэхийг хүснэ. Фронтод явж байлддаг л бол хэн ч хамаагүй дээрээ тулсан. Зарим суртал нэвтрүүлэгчид ТВ-ийн ток-шоугаар Хятадаас 1 сая, Хойд Солонгосоос 1 сая цэрэг гуйя хэмээн хэнэггүй ярьж харагдав. Тэгж уриалаач гэж Путинээ шахна. Оросын сэтгүүлч,  “Дилетант” хэмээх түүхийн сэтгүүлийн эрхлэгч Виталий Дымарскийн ярьснаар В.Путин өөрөө БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахдаа тэгж гуйсан болж таарав. Солонгосоос цэрэг ирүүлээч гэсэн гэв. Харин цаадхи нь өөрийнх нь фронт суларчихна гээд цааргалсан бололтой. 
 
Фронтын байдал Украины хувьд аажмаар алгуурхнаар, ашигтайгаар эргэсээр байна. Оросууд агаарын нисэх хүчний дайралт хийхээ азнасан байдалтай, онгоцоо хэмнэх, эсвэл нисэгчид нь онгоцтойгоо оргочихож магадгүй гэсэн айдаст авсан. Ми-8 нисдэг тэрэгний нисэгч ахмад Максим Кузьминов гэдэг залуу Оросын зэвсэгт хүчнээ гутаасан, үнэнийг өчсөн ТВ-ийн нэвтрүүлэг, баримтат кино хийлгээд Киевийн төв гудамжнаас урвалтаа рекламдаад байдаг, ОХУ-ын БХЯ, ЗХЖШ нь таг чиг. Агаарын дайралтын оронд их буу, танкнаас галлах нь ихэссэн, бусдаар оросууд ганц ч метр урагшлаагүй. Александр Штупуны ярьснаар фронтын өмнөдөд харьцангүй “нам гүм”, харин Марьинка районд оросууд үр дүнгүй давших гэж оролдсон, Мелитополийн чиглэлд украины зэвсэгт хүчин чөлөөлсөн нутагтаа бэхжиж байна, Малая Токмачка, Дубовый  районд оросын цэрэг давших гэж оролдоод үлэмж хохирол амсан ухарсан. Бахмутын чиглэлд Андреевкаг украины арми чөлөөлсөн, Клищиивкийн районд амжилттай давшиж байна. Харин Оросын цэргүүд блиндажаас (нүхэн гэр) Путиндээ хандаж уриалга гаргасан бичлэгээ цацжээ. “Биднээс 25% нь амьд үлдсэн, мөнгө алга, ямар ч дэмжлэг алга, их бууны галын дэмжлэг гэж бүр ч алга, ийм байхад Бахмутад ялна гэж яаж байдаг юм бэ?”
 
Хар тэнгис дэх өдөр шөнийн байлдаанд украины цэрэг үнэхээр гаршиж, ОХУ-ын флотыг амар заяа үзүүлэхгүй байна. Эзлэгдсэн Крым даяар өдөр бүр гал түймэр, дэлбэрэлт, украины дрон агаараар ч, усаар ч хэзээ мөдгүй гэнэт ороод ирдэг нь хэвийн үзэгдэл болсон. Оросын хөлөг онгоцууд руу шөнийн атак гэдгийг тогтмолжуулав. Севастопольд дизель-цахилгаанаар ажилладаг “Ростов-на-Дону” гэх шумбагч хөлөг онгоцыг далавчит пуужингаар довтолж дэлбэлжээ.
 
Мөн “Минск” гэх десантын хөлөг онгоцыг довтлон дахин ашиглах аргагүй болгожээ. Энэчлэнгээр оросын бүх флотыг ниргэх төлөвлөгөөтэй хэмээн усан цэргийн хурандаа Андрей Рыженко ярьжээ. Сөнөөгдсөн “Минск” нь тэнгисийн 120 явган цэрэг, 14 хуяагт техник, БТР ачаад явдаг, хамар дээрээ  “Град” катюштай, тэр нь  25 км-т тусдаг, 320 тийрэлтэт пуужинтай, Украины эсрэг дайнд нь бол нэн хэрэгтэй хөлөг онгоц юмсанж. Дайны эхэнд Умард флот, Балтийн флотоосоо тийм 6 хөлөг онгоц татан авчирч байлдуулж байжээ. Мариуполийг эзлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэх энэ хөлөг сүйрснээр “Москва”, “Оленегорский горняк” гэх сүйрсэн онгоцны араас бичигдэх хамгийн том хөлөг гэж үзэж байна. Эдгээр хөлгүүд нь социализмын үед Польшид захиалж угсарсан, эд ангиуд, запас нь польшийнх учраас одоо эргэж сэргээн засах боломжгүй болжээ. Эдгээр хөлгүүдээ алдсан Оросын флотын хувьд десантын операц хийнэ гэдэг үлгэр болсон, оролдож магадгүй, тэгэхдээ бүтэлгүйтнэ. Давшиж буй цэрэгтээ тэнгисээс галын хүчний дэмжлэг үзүүлэх нь ч эргэлзээтэй хэмээн Рыженко ярьжээ. Явж явж ОХУ-ын БХЯ мөд шийдвэр гаргана, Хар тэнгисийн флотын командлалаа Крымээс нүүлгэх, байлдааны хөлөг онгоцуудаа Оросынхоо эрэг  рүү татаж магадгүй байгаа ажээ.
 
ЧВК Вагнерын хөлсний цэрэг асан гэж амандаа маск зүүсэн таксичин нөхрийн урт яриа сайтуудад тавигджээ. Евгений Пригожин нь тэдний хувьд удирдагч, захирагч, санхүүжүүлэгч төдийгүй чухам л төрсөн эцэг шиг нь халамжтай нэгэн байсан хэмээн харамсан ярина. Пригожин үхсэн, одоо вагнерчуудыг тоох амьтан гэж үгүй болсон. Тэднийг хаана ч ажилд авахгүй байна. Хүчний байгууллага ч, цэрэг-аж үйлдвэрийн комплекс ч, тэр ч байтугай ресторанд зөөгчөөр ажилд авахгүй байна гэж гомдоллов. Ажилд авахгүй гэсэн хариултыг вагнерчууд массаараа хүлээн авчээ. Росгвардид орчих санаатай хөөцөлдөөд бүтээгүй, явж явж хувийн таксичин хийж байна гэв. Украинд вагнерчуудын гавьяа тэр үедээ л шуугиулаад өнгөрчээ. Украинаас татаж гаргаад Оростоо авчраад хааш нь шингээхээ мэдэхгүй болсон, аргаа бараад Беларусьт түр аваачсан. Ихэнхэд нь амралт өгөөд гэрт нь буцаасан, эргээд ажилгүй, цалингүй болсон, гэтэл Пригожин нь гэнэт алагдчихсан, түүний үхэлтэй хамт Вагнерын түүх төгссөн, одоо БХЯ-тай өрсөлдөөд ямар ч нэмэргүй болсон, дэлхийн халуун цэгүүдэд (Африк, Ойрхи Дорнод) зохион байгуулаад явуулж байлдуулж байсан тэр сайхан цаг үе эзэнтэйгээ хамт өнгөрсөн гэж ярив. Пригожины хөвгүүдэд одоо гурван төрлийн ажил олдож байгаа нь аз юм. Тэр нь барилга дээр хар ажил, такси, манаа сахиул гэнэ.
 
Шоронд ял эдэлж байгаад вагнерч болж Украин яваад алуулчаагүй буцаж ирсэн зекүүд өршөөгдсөн гэсэн батламж гардаж авсан ч ажил төрөлд тэднийг авахгүй байгаа гэнэ. Ажил төрөлд орох гэж очиход нь аюулгүй байдлын албанаас татгалзсан бичиг дагалдаж очдог, ингэснээр тэд Орос орондоо хүний хүн болж хөсөр хаягджээ. ФСБ нь тэднийгээ давхар хянаж байдаг юм байна.
 
Оросын блогер Андрей Босман сайтад бичжээ. ОХУ яагаад ялж чадахгүй байна вэ гэдэгт хариулт өгчээ. Түүний бичсэн нь:–Тайлбарлаж ядах юмгүй. Яагаад гэвэл Орос бол задгай тэнгэрийн дорхи орших асар том нэгэн шорон юм. Шорон гэдгийг хамгийн муу утгаар, гэхдээ гуйвуулж хэлж байна. Шоронд сайн муу, шударга ба шударга бус, увайгүйтэх ба дэгтэй байх гэж байдаггүй юм. Мөнхийн лоозон нь “Чи өнөөдөр үх, би маргааш үхье”. Орост үнэнч царайлж байгаад худлаа хэлэх нь ердийн үзэгдэл. Цагааныг хар болгож чадна, харыг цагаан болгож чадна, хүн энгийнээрээ ердийнөөрөө байх нь энд гэмт хэрэгт тооцогдоно. Шорон улс учраас эрх чөлөө ялна гэж хэзээ ч байхгүй. Энэ шорон бусад өөр шоронг ялж байсан туршлагатай. Шорон шоронгоо ялдаг зарчмаар гитлерийн Германыг эрх чөлөөт ертөнцийн идэвхтэй туслалцаатайгаар ялсан. Гэтэл эрх чөлөөт иргэд амьдардаг жижигхэн улс орныг ч ялж чаддаггүй. Жишээ нь Финланд, эсвэл Афганистаныг ялж чадаагүй. Хэрэв тэгсэн бол гэж шүүн хэлэлцэж, “Хүйтэн дайн”-д СССР ялсан бол гэж ярьж болдоггүй юм. Тэр хэзээ ч ялахгүй байсан. Одоо эрх чөлөөт Украиныг энэ том шорон хэзээ ч ялахгүйгээр болчихоод байна гэжээ.
 
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь