Манай сайтын "Зохиогчийн булан"-гийн албан ёсны гишүүн, судлаач, профессор Д.Чулуунжавын судалгааны бүтээлийн эмхэтгэлийн 15, 16-р дэвтэр хэвлэгдэн гарчээ.
Уг хоёр дэвтрийн редактораар ажилласан судлаач профессор А.Жамбалын өмнөтгөл үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Судлаач, профессор Д.Чулуунжавын судалгааны бүтээлийн эмхэтгэлийн уг 15, 16-р дэвтэр нь түүний хэвлүүлж буй 59, 60 дахь ном болж буй юм.
Редакторын үг
Аль ч улс орны түүхчид ихэнхдээ л ямар нэгэн түүхэн том үйл явдал, аль нэгэн түүхэн том бие хүн (хаан, жанжин, хамба гэх мэт), эсвээс аль нэгэн зуун жил, бүр их зориг, хүч гаргаж бүхэл амьдралаа зориулсан зарим нь түүхэн нэгэн эрин үеийг (нэн эртний, эртний, дундад зууны, шинэ, шинэхэн, сэргэн мандалтын гэх мэт) сонгон авч тал бүрээс нь, элдэв өнцгөөр үзэж судалсаар насаа элээдэг нь нийтлэг жишээ билээ. Социалист байгуулалтын үеийн манай түүхчид, ахмад түүхчид маань бас л энэ жишгээр “өөр өөрийн зуунтай, зурвас үетэй” байлаа. “Нэн эртнээс XX эхэн (дунд, сүүлч) үе” гэсэн тууш уртаар түүх, түүхэн тойм, түүхийн философи хэмээсэн дорвитой бүтээл, монографи хэн нь ч бичсэнгүй, ийм сэдэв, төсөл ч байсангүй. Яг “Монгол хүн, Монгол угсаатан, Монгол төр улсын” гэсэн гурван урт, улаан шугам дагуу үзэж, судалж, бодож, бясалгасан, нэн эртнээс өнөө үеийг хүртэл улируулан, ургуулан бичиглэсэн хамтын бүтээл гарах боломж ч бас үгүй талдаа байв. Гэхдээ иймэрдүү хэмжээ, түвшний ном, бүтээлийн хэрэгцээ, сонирхол бол их байжээ. Энэ тухай харамсан, гомдоллон ярьдаг оюунлаг хүмүүс ч тун олон байсан юм шүү. Энэ хэрэгцээ, шаардлагыг ойлгож, үйл ажиллагаандаа тусгаж, ийм чиг, шугамыг тууштай баримтласан судлаач бол Чулуунжав юм. Тэрээр “Монголын түүхийн философи”-ийг ч тэр “Дэлхийн түүхийн философи”-ийг ч тэр бүр бүхлээр нь, нэн эртнээс XXI зууны эхэн гэсэн үнэмлэхүй хугацаагаар “барьж авчээ”. Тэрээр мөн “Байгалийн хувьслын философи”-ийг, бас “Нийгмийн философи”-ийг мөн л нэгэн бүхэл болгон судалж монографиуд бичжээ.
Аливаа үзэгдэл, үйл явцыг эхлэл, үргэлжлэл, өнөөгийн төлөв байдалд нь нэгтгэн, тодруулан үзэх тухайд судлаач ихэд гаршчээ. Иймэрдүү ажил, үйлсэд судлаач бүх амьдралаа зориулсан болохоор түүний туурвисан бүтээлүүдийн чанарыг голох, өөлөх аргагүй байдаг юм.
Тэрээр судалгаа, шинжилгээний ажлын үр дүн болж бичигдсэн 60 ном, товхимол, 330 гаруй судалгааны өгүүлэл, хамтын бүтээлд 33 бүлэг, зүйл туурвиж, 90 гаруй хувийг нь өөрийн зардлаар хэвлүүлжээ.
Та аль нэг номыг нь аваад уншаад л үзээрэй. Уншиж дуусаад л та өөрийн эрхгүй л түүний бүтээлүүдийг цуглуулж эхлэх болно. Чанартай ном, бүтээлүүд, шинэ санаа, онол, сонин, хачин баримт, дүгнэлтүүд хэний ч сонирхолыг татдаг даа...
Нэгэнт шийдэгдсэн мэт байсан олон асуудлын шүүмжийг та эдгээр бүтээлээс олж үзэж, лавлуулан сонирхохыг ч эрмэлзэх болно.
х х х
“Судалгааны бүтээлийн эмхэтгэл (арван зургаадугаар дэвтэр)” гэсэн шинэ ном уншигчдын гар дээр очиж байна. Судлаач энэхүү арван зургаан дэвтрийг эрдэм шинжилгээний залуу ажилтнуудад зориулан тун олон сэдвээр бичжээ. Байгалийн шинжлэл, нийгмийн шинжлэл, олон шинжлэх ухааны уулзвар, заагийн үүднээс шинэ, хуучин, өнгөрсөн, одоо, ирээдүйн олон асуудлыг сонин, хачин өнцгүүдээс авч үзсэн өгүүллүүд энэ дэвтэрт оржээ.
Өгүүлэгдсэн санаануудаас өлгөж аваад цааш цааш нь гүнзгийрүүлэн үзэх, судлах, бүр диссертаци бичих боломжтой асуудлууд ч цөөнгүй байна. Залуу судлаачдад хэрэгтэй зүйлүүд мөн ч олон байна даа. Өгүүлэл болгонд байгаа гол зүйлүүдийг нь өөр өөрийн өнцгөөс бясалган бодох аваас, лавлуулан нягтлах аваас уншигч таньд ч гэсэн үнэн мэдлэг, зөв мэдээлэл буй болно. Цаашид хэрхэх талаарх зөв хандлага ч тодрох болно.
Энэ дэвтэрт орсон өгүүлэлүүдийн ихэнхи нь Сонин.МН сайтад тавигдаж олны хүртээл болжээ. Өмнөх 15 дэвтрийг ч Танд редакторын хувиар санал болгож байна.
Чулуунжавын ном, бүтээлүүдэд өнгөрснийг шинээр авч үзэж дүгнэсэн, ирээдүйг урьдчилан харж, хандлага, хөгжлийг нь дүгнэсэн үнэлгээ, онол олон байдаг онцлогтой. Гэхдээ тэр бүхэн нь шинэ шинэ баримтаар, хөгжил, хувьслын явцаар батлагдсаар л байдаг. Жишээ нь судлаач одоогоос 15 жилийн өмнө Хятад орны хөгжлийн явц, дэлхийд, Азидаа ч эзлэх байр суурийн талаар бичсэн “Ази тивийн түүхийн философийн зарим асуудал” гэсэн том өгүүлэл бий. Уг өгүүлэлд хийгдсэн дүгнэлтүүд өнөөдөр яг л биеллээ олоод байна. Үнэхээр л зөвөөр урьдчилан харж, дүгнэж чаджээ. Ийм жишээ олныг өгүүлж болох юм.
Монголын түүхэнд Барон Унгерны гүйцэтгэсэн үнэлгээний хувьд ч манай түүхчид, олон улс судлаачид Чулуунжавын араас дагаж түүхэн үнэнийг ойлгоцгоожээ. 10-аад жилийн өмнө түүний бичиж нийтлүүлсэн үнэнийг тэд жилийн өмнө батлан нотлож, хурал зохион байгуулжээ.
“Монголын түүхийн философи (нэн эртнээс XXI зууны эхэн )” монографид өгүүлсэн онол-арга зүйн дагуу монгол хүн, монгол угсаатан, Монгол төр улсын гарвал, түүхийг шинэчлэн бичих аваас манай түүх бичлэг дэх олон олон алдаа, ташаарал засварлагдаж түүхэн үнэн сэргээгдэх болно. Дэлхийн түүхийн философи, нийгмийн философид нийцүүлэн Монголын түүхийн философийн анхдагч хувилбарыг бүтээсэн судлаачийн нөр их хөдөлмөрийг түүхч бүхэн анхааралдаа авч, нягтлан үзэж, цааш цаашдын судалгаандаа ашиглаж байх нь зүйтэй болов уу.
Оюун ухаантай хүн анх Африкт биш Азид үүссэн байж болох талаарх түүний санал, үндэслэгээ мэрэгжлийн судлаачдын анхаарлыг татахгүй байж чадахааргүй хэмжээ, түвшинд өгүүлэгджээ. Амьдрах нэн таатай орчинд хөхтөн амьтад, тэр дундаас хүн дүрстэй бичүүдийн хөгжил удааширдаг нь үнэн юм.
Математик дахь “0” бол тоо биш, тоон утгатай биш, зөвхөн л аравт, зуут, мянгатын оронг тэмдэглэдэг талаарх түүний санал, үндэслэгээг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна.
Монгол хүн, монгол угсаатан, монгол төр улсын талаарх түүхэн үнэн, монгол төрийн түүх 3000 гаруй жилийн настай болох талаарх судлаачийн тооцоо, гаргалгаа ч маргах аргагүй хэмжээ, түвшинд үндэслэгджээ.
“Нийгмийн философи” номондоо тэрээр нийгмүүдийн хувьсал хөгжлийн талаарх үзэл, сургаалуудыг тоймлон үзэж, ололт ба дутагдал, үнэн ба худлыг нь дүгнэж, цэгнэжээ. Энэ номонд ч шинэ санаа, үнэ цэнэтэй таамаглал, дэвшүүлсэн санаа олон буй.
“Иргэний нийгэм ба ардчилсан бие хүн” бүтээлдээ судлаач “Иргэний нийгэм” гэх ойлголтыг “нийгмүүдийн хувьсал, уламжлал, яс булчинд нь “түшиглэн үндэслэж, тайлбарлажээ. Урьд өмнө нь ийм хэмжээ, түвшний боловсруулалт бүхий, гүн алсуур сэтгэж бичсэн бүтээл байгаагүй нь үнэн юм.
“Захчины гарал, түүх: өөр өнцөг, шүүмж” товхимолд өгүүлэгдсэн санаа, сэтгэгдэл, үндэслэгээ, шүүмжид энэ талаарх түүхэн үнэн яалт ч үгүй ноттой тусгагджээ. Ястан хэмээн нэрлэж, бусдаас нь онцлон, ялган үзэхэд хүргэдэг өвөрмөц шинжүүд тэнд дурдагдсан цөөн жилүүдэд буй болж чадахгүй нь маргаангүй юм. Энэчлэн судлаачийн ном, өгүүлэл бүхэнд “нилээд өндөр сорьц” бүхий “үнэт металлууд” тун ч олон бий дээ. Тэр бүхнийг олж харах билгийн нүд, билгүүн сэтгэлгээ л хэрэгтэй. “Эд мэдэхгүй хүн эдийн чанарыг танихгүй өнгөрөх, бүр гутаах нь элбэг болсон нь ч үнэн билээ.
“Байгалийн хувьслын философи”, “Дэлхийн түүхийн философи” “Монголын түүхийн философи” “Нийгмийн философи” “Монголын улстөрийн философи” зэрэг ном, бүтээлдээ судлаач жинхэнэ шинэчлэгч сэтгэгч гэдгээ ийнхүү тод харуулжээ. Тэрээр XX, XXI зууны монголчуудын оюун санааны амьдралын нэгэн том хөтлөгч, хөглөгч болохоо ч дээрх бүтээлүүдээрээ нотолжээ.
Өндөр боловсрол, өргөн мэдлэг, гүн алсуурх сэтгэлгээний цар, түвшин нь түүний “Судалгааний бүтээлийн эмхэтгэл” хэмээсэн 16 дэвтрээс ч илт мэдрэгддэг юм. Миний энэ үгс бол магтаал биш харин залуу судлаачдад хандан хэлж буй зөвлөгөө, юунд анхаарахыг зааж буй чиглэл, ном бүтээлүүдийнх нь үнэ цэнийг тодотгож байгаа товч тайлбар юм шүү. “Чадварлаг судлаач, чанартай бүтээлүүд магтаал шаардахгүйгээр эзлэх байр, сууриа өөрөө олчихдог юм” хэмээсэн үнэн үг байдаг даа.
Судлаач профессор А.Жамбал
Сэтгэгдэл0
Лав л ХХ зуун , ХХ1 зууны эхний хахаст Чулуунжав шиг эрдэмтэн Монголд төрөөгүй нь үнэн , бас аль ч цаг үед ил чадахгүй ч далд ДАРЖ байсан болов уу гэж боддог юм . Одоо ч хар л даа , аль ч шатныханд санаа - сэдэл авхаар - бүр шууд хэрэгжүүлчихмээр сануулга мөн хүрэлцээтэй өгч байна , гэвч аль ч шатандаа чимээгүйхэн - цаанаа бол харамсмаар шаналгаатай нам гүмхэн ...
Ээ нүдний булай. Философич биш фобософич амьтан юм биш үү.