sonin.mn
ОХУ-ын “Красная звезда” Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний “Соёмбо” сонин нь  түүхийн салшгүй холбоотой. Оросод  “Красная звезда” сонин хэвлэгдэж эхэлснээс хойш сар гаруйхны дараа Монгол Улсын цэргийн төв хэвлэл "Ардын цэрэг" сонин мэндэлсэн түүхтэй. 
 
ОХУ-ын Зэвсэгт хүчин хэд хэдэн томоохон хэвлэлийн газартай бөгөөд цэргийн төв хэвлэл нь “Красная звезда” буюу "Улаан од" сонин юм. Нэгэн зууны түүхтэй тус сонин нь Зөвлөлт холбоот улсын ууган хэвлэлүүдийн нэг. Тодруулбал, "Улаан од" сонин нь анх ЗХУ-ын Улс төрийн товчооны төв хорооны гишүүдийн 1923 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  хурлын шийдвэрийг үндэслэн байгуулагдсан.
 
1924 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр тус сонин анхны дугаараа гаргаснаар түүхэн замнал нь эхэлсэн юм. “Красная звезда” сонин өдөр тутам хэвлэгдэж эхэлснээсээ хойш маш хурдацтайгаар цэргийнхэн төдийгүй  энгийн ард иргэдийн дунд нэр хүнд нь өсөж байв. Үүнээс гадна 1924-1925 оны ЗХУ-ын цэргийн шинэчлэлийн мөн чанар, цэргийн болон флотын хүчний өөрчлөлт цогц шинэчилсэн зохион байгуулалтыг ард иргэдэд ойлгуулахад чухал хувь нэмэр оруулсан. 
 
Мөн “Красная звезда” сонин нь Аугаа их эх орны дайны үед арми, улс оронд хэвлэлийн онцгой эрх мэдэлтэй болж, тактик болон байлдах урлаг, цэргийн салбарыг янз бүрийн нөхцөлд хэрхэн, яаж ашиглах, тэдгээрийг байлдааны талбарт хэрхэн удирдах тухай нийтлэл гаргаж байсан бөгөөд офицерын бие бүрэлдэхүүнийг цагийн байдлын талаарх мэдээллээр хангахад чухал хувь нэмэр оруулсан.
 
Нийтэлсэн дугаар бүр нь уншигчдад дайсныг ялна гэсэн итгэлийг төрүүлэх, цэргүүдийн сэтгэл санааг дээшлүүлэх, тэднийг мятрашгүй тэмцэлд уриалах хүсэл тэмүүллээр дүүрэн байв.Сонины сэтгүүлч, сурвалжлагч нар үргэлж дайны халуун цэг дээр байсан бөгөөд цаг алдалгүй түргэн шуурхай мэдээллээр хангадаг байв. “Красная звезда” сонин нь өнөөдрийг хүртэл ОХУ-ын Зэвсэгт хүчин төдийгүй Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Төмөр замын цэрэг, бусад хууль сахиулах төрийн байгууллагуудын цэргийн ангиудыг нэгдсэн мэдээллээр хангасаар байна. Мөн тус сонин нь орон нутгийн цэргийн мөргөлдөөнтэй бүс нутагт Оросын цэргүүдийн үйл ажиллагаа, Батлан хамгаалах үйлдвэрүүдэд хөрвүүлэлт хийх, дотоодын цэрэг, аж үйлдвэрийн цогцолборын чадавхыг хадгалах асуудлын талаар нийтэлдэг. Сонин нь долоо хоногт гурван удаа Даваа, Лхагва, Баасан гарагуудад хэвлэгддэг бөгөөд Оросын томоохон хотууд болох Москва, Санкт-петербург, Хабаровскт мөн хэвлэгддэг байна. 
 
Тухайн үеийн ардын төр, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үрээр 1924 оны эхээр ардын цэрэг зохион байгуулалтын хувьд бэхжиж, орон тооны талаар өсөж шинэ анги, салбарууд байгуулагдан, тэр  үеийн шилмэл зэвсэг техникээр хангагдсан нь нийт цэрэг дайчдын улс төр, ерөнхий мэдлэг, цэрэг техникийн боловсролыг сайжруулах, цэрэг ардын холбоог бэхжүүлэх, ах дүү Зөвлөлтийн армийн арвин баялаг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, цэргийн доторх улс төр, соёл хүмүүжлийн ажлыг сайжруулах зорилтыг дэвшүүлэн тавьжээ. Энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд сонин хэвлэлийн соён гэгээрүүлэх, ухуулан сурталчлах, зөвлөх үүрэг чухал гэж төр засгийн удирдлага үзсэн байна. Ийм ч учраас 1923 оны 11 дүгээр сард Монгол Ардын Хувьсгалт намын гишүүд, тэргүүлэгчид, Цэргийн яамны сайд, цэргийн комиссарууд залуучуудын төлөөллийн хамтарсан хурал болж цэргийн сонин хэвлэлийн ач холбогдлыг хэлэлцээд Ардын цэргийн хэвлэлтэй болох нь зүйтэй хэмээн үзээд нэгдүгээр тогтоол гаргажээ. Уг тогтоолыг  үндэслэж 1924 оны 2 дугаар сарын 5-нд "Ардын цэрэг" нэртэйгээр бүх цэргийн анхны сонин хэвлэгдсэн түүхтэй.
 
Манай оронд Ардын хувьсгал ялаад хоёр жил гаруйхны дараа буюу 1924 онд Улсын Анхдугаар Их хурлаас БНМАУ-ыг тунхаглаж, Монголын ард түмний анхны Үндсэн хуулийг батлан гаргасан түүхэн цаг үед  "Ардын цэрэг" сонин ийнхүү төрж уншигч олонтойгоо учран золгосон юм.
 
Анхны дугаараа уншигч олондоо өргөн барьсан эл өдрийг Монгол Улсад цэргийн сонин үүссэн, бүр тодруулбал Бүх цэргийн төв хэвлэл "Соёмбо" сонины төрсөн өдөр хэмээн үзэж жил бүр ёслон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Ийнхүү нам, засгаас цэргийн бие даасан тусгай сониныг бий болгосон нь Ардын хувьсгалын үр дүнд үүсэн байгуулагдсан шинэ төрийн Зэвсэгт хүчнийг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, ардын цэргийн дайчдыг эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэх чинхүү хүсэл эрмэлзэлтэй, нэгдмэл цул хүчин болгон төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн билээ. "Ардын цэрэг" сонин анхны дугаартаа цэргийн сонин гарах болсон тухай зарлалыг гаргаж нийтэд тунхагласан байна.
 
Монгол Улсын Ардын бүх цэргийг сурган боловсруулах хэлтсээс эрхлэн долоо хоног бүр нэг удаа хэвлэн гаргаж олон нийтэд үнэ төлбөргүй тараадаг байжээ. Ардын цэрэг сонин тухайн үед улс орныг удирдан зохион байгуулж байсан улс төрийн хүчин  болох Монгол Ардын намын бодлогыг зөвхөн дайчдын дунд сурталчлаад зогсоогүй хөдөлмөрчин олон түмэнд тайлбарлан таниулж, орон нутагт нам, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт ардын цэргийн дайчдыг уриалан дуудаж байсан юм.
 
1924 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар  хотноо анх хэвлэгдсэн сонин бол "Ардын цэрэг" юм. “Ардын цэрэг" сонин нь тухайн үедээ Ардын Арми болон Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт олон зүйлээр анхдагч болсон түүхэн гавьяатай сонин юм. Тэр цагаас хойш “Улаан одон”, “Улаан од“, “Тусгаар тогтнол”, “Соёмбо”  гэсэн нэртэйгээр уншигч олноо хүрч байгаа Монголын ууган  сонинуудын нэг юм. Манай улсад сонин хэвлэгдсэн он тооллыг авч үзвэл бусад орноос арай эрт л дээ. Учир нь 1895-1897 онд монгол, орос, буриад хэлээр “Дорнод хязгаарын амьдрал”, 1908 онд хятад, монгол хэлээр “Монгол үгийн бодрол” нэртэй анхны сонин гарсан түүхтэй. 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин гарснаар жинхэнэ утгаараа үндэсний сэтгүүл зүй үүссэн гэж үздэг. “Дорнод хязгаарын амьдрал” сонин нь хаант Оросын бодлогоор монгол, орос, буриад хэлээр хэвлэгдэж байсан бол “Монгол үгийн бодрол” нь хятадуудын бодлогоор гаргаж байсан мөн л харийн сонин. Энэ хоёрыг Монголын сэтгүүлзүйн эхлэл гэж үзэх боломжгүй. Тэгэхээр манай үндэсний сэтгүүл зүй “Шинэ толь хэмээх бичиг” сониноос эхтэй.       
 
Цэргийн сонин дайны жилүүдэд
Халхын голын байлдааны эхний өдрөөс "Улаан одон" сонин Монгол Зөвлөлтийн цэргийн байлдааны үйл ажиллагааг өөрийнхөө хуудсаар дамжуулан цэрэг, олон түмэнд сурталчилж,  их буучид, нисгэгчид, танкчид бусад төрлийн цэрэг дайчдыг ялах эрдэмд сайтар суралцаж, баатарлаг үйлстэн болохыг уриалж байв. Тус сонин цэргүүдийн сэтгэл зүрхэнд эх оронч дайчин уламжлалын галыг асаах, болж өнгөрсөн тулалдаан бүрийн сургамж, дүгнэлт, туршлагыг сурвалжлан дэлгэрүүлэхэд нийтлэлийн бодлогоо чиглүүлж байв. Энэхүү ажлын хүрээнд “Улаан одон” сонины газраас цэргийн дээд удирдлага болох Улс төрийн газрын шууд хяналтад ажиллаж, “Эх орны төлөө” нэртэй сониныг фронтод зориулан гаргасан бөгөөд Халхын голын байлдаан дуустал нийт 80 дугаарыг гаргаж хамтын их ялалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
 
 
“Эх орны төлөө” сонин нь фронтын хүнд хэцүү нөхцөл байдлын дунд нам, засгийн бодлого шийдвэр, Бүх цэргийн жанжны тушаал, нэгтгэл ангийн баатарлаг дайчдын тухай өргөн нийтэлж монголын ард түмэн фронтын ар талд унтах нойр, идэх хоолоо умартан хөдөлмөрлөж, цэрэг дайчидтайгаа зүрх сэтгэлээрээ хамт байлдаж байгааг тогтмол мэдээлж байсан юм. 
 
Тус сониныг эрхлэн гаргахад ОХУ-ын “Красная звезда” сонины сэтгүүлч, сурвалжлагч нар багагүй туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байсан юм. “Эх орны төлөө” сонин зөвхөн фронтод болж буй үйл явдлыг мэдээлээд зогсохгүй тухайн цаг үеийн олон улсын цэрэг, улс төрийн байдал ЗХУ-ын хөгжил дэвшил, түүний улаан армийн дайчдын баатарлаг гавьяа, тэднээс манай орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалахад үзүүлж буй сэтгэл харамгүй тусламжийг нэгэн адил сурталчилж байлаа. Фронтод тулалдаж байсан дайчдын хамгийн ойрын нөхөр, зоригжуулагч хүчин зүйл болж дайчдын өвөрт удаан хадгалагддаг байсан бөгөөд зарим хүнд энэ сонины дугаар насан туршийнх нь дурсгал болон үлдсэн байдаг.
 
Ахлах дэслэгч Г.ИТГЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин