sonin.mn
Эх орны Үнэнч хүүгийн зүрх Энд оршивой
/Алтан-Өлгий дэх мөнхжингийн бичээс/
 
...Хүнлэг чанартай, хүнийг ялгадаггүй, удирдах чадвартай нь Ш.Жадамба генерал юм аа. Өөрийн үзэл бодол, үйл хэрэгтээ туйлын үнэнч байсан, хүнийг үнэлэх хоёр үзүүлэлт бол хүн чанар, мөн чанар хоёр юм. /”Утга зохиол урлаг” сонинд өгсөн миний ярилцлагаас/
 
ЗХУ задарсны дараа буюу 1991 оны 1 дүгээр сард өдгөөгийн Украин Улсын Львов хотын Цэргийн улс төрийн дээд сургуулийн гадаадын сонсогчдыг яаравчлан төгсгөсөн юм. Украин Улс тусгаар тогтнолоо зарлаж, энэ орны нийгэм, улс төрийн байдал тун ч ээдрээтэй байсан тэр шуурган цаг дор бидний дөрвөн сонсогч сургуулиа хугацаанаас өмнө төгсөж, ёстой хөхөө өвлийн хүйтэн хөр цасны хайрууд нутгийн зүг яаран сандран мордлоо. Төгсөгчид яамны коллегийн хурлаар хэлэлцэгдэж томилолт авах болов шүү. Саарал толгойтой генерал бидний материалтай танилцаж байгаад миний нэрийг дууддаг юм.
 
-Би гэж огцом хэлбэл тэр генерал,
 
-Энэ нөхрийг сонинд өг, нөгөө гурвыг нь хөдөөгийн анги руу явуул гэлээ. Хурлын танхимаас гарсны дараа Ц.Ганболд маань,
 
-Чи хотод хүн танихгүй л гээд байсан бүр яаманд тэгээд генерал таньдаг л юм байна шүү дээ. Биднийг хөдөө хөөгөөд чамайг хотод үлдээдэг тэр генералыг хэн гэдэг юм бэ гэлээ.
 
-Би тэр генералыг танихгүй ээ, харин тэр генерал миний авьяасыг таньж байна гэж би марзганан хэлээд мар мар хөхөрсөөр Ц.Ганболдоос салж, троллейбусаар сонины редакц руу явсан юм даг. Мэдэх нь ээ, тэр генерал нь сайд Ш.Жадамба байжээ. Ц.Ганболдын маань хардсанчлан юун танил тал байх вэ, цэргийн  төв хэвлэл ганц, цэргийн сэтгүүлчийг тэнд л томилно шүү дээ, хөдөө гадаа сонин байхгүй юм чинь.
 
Зэвсэгт хүчний 70 жилийн ойн баярын дугаар бэлтгэж байлаа. Эрхлэгч хурандаа А.Баярмагнай надад үүрэг өгөв, миний хувьд хүндхэн даваа аж. Ирээд дөнгөж найман сонины ард гараад байсан би БХЯ-ны сайдтай уулзаж ярилцлага авах юм боллоо шүү. Сайдын өрөө хаана байдаг, түүнтэй уулзахад ямар шат дамжлагатайг мэдэхгүй ч би ажлаа орхиод яам руу сүнхийлээ. Боловсон хүчний хэлтсийн дарга хурандаа Р.Даваатай уулзаж учир явдлаа хэлбэл “Сайд эмнэлэгт хэвтэж байгаа” гээд ам тагладаг юм. Тэндээсээ сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэг рүү харайлгаж, сувилагч бүсгүйтэй ярилцаж, танилцаж бараг л болзоонд урих шахуу юм болж байж цагаан нөмрөг хөдрөөд сайдын хэвтэж буй өрөөнд орж явчихлаа шүү. Ойг хэрхэн тэмдэглэх талаар чамгүй шалгааж суутал сайд нүдний шил дээгүүрээ давуулж хараад,
 
-Чиний бичсэн шүлгүүдийг сонин хэвлэлээс хараад л байгаа, хөөрхөн санаатай юм билээ гэдэг юм. Энэ үг миний загатнасан газар маажна гэдэг болохгүй юу. Шүлэг л сайд бид хоёрыг холбосон гүүр болчихсон юм. Ш.Жадамба генерал залуудаа шүлэгт сүрхий хорхойссон нэгэн байж. Нэг курсийн Ц.Ганболд маань, танил юм уу гэж асуудаг генералтайгаа би ингэж нүүр тулан уулзаж танилцсан юм аа.
 
1992 оны намар Сайдын зөвлөлийн хуралд сууж байлаа, сурвалжлагч үүдний орчим жижигхэн шар ширээтэй байв. Хэлэлцэх асуудлын төгсгөлд Цэргийн чуулгын 60 жилийн ойгоор шагнагдах уран бүтээлчдийн талаар хэлэлцдэг юм. Гавьяат цолонд тодорхойлогдож буй гурван хүн нь нийтэд танигдаагүй, хоёр нь хурандаагийн эхнэр, нэг нь нэрд гарсан хөгжмийн зохиолчийн гэр бүлийн хүн байв. Сайдын зөвлөлийн хуралд сурвалжлагч ямар юмных нь ам ангайх, хэдэн өгүүлбэр тэмдэглэж өвөртлөөд гарвал барж. Тэгэхдээ уран бүтээлч хүний хувьд энэ асуудал надад нэн сонирхолтой байлаа. Сайд над руу хараад,  
 
-Цэргийн уран бүтээлчдийг олон нийт хэрхэн үнэлдэг юм бол. Алив, тэр сэтгүүлчийн саналыг сонсъё гэлээ. Яасан таатай үг билээ, би зүүгээр хатгуулсан юм шиг годхийн босож,
 
-Уран бүтээлээрээ нэрд гарч, ард түмэнд танигдсан хэд хэдэн хүн байна. Цэргийн чуулга энэ том ойгоороо гавьяаттай больё гэвэл “Манай цэргийн жавхаа” дууны хөгжмийг бичсэн Ш.Гунаажав, “Үрээ хээр” дууны мөн хөгжмийг бичсэн, гобой хөгжмийн гарамгай мастер Д.Жаргалсайхан, удам дамжсан дуучин Ч.Туул нарыг гавьяатад тодорхойлох нь зүйтэй гэлээ.
 
Архи уусан гэх шалтгаанаар яг арван жилийн өмнө армиас хөөгдсөн Ш.Гунаажав гэсэн нэрийг сонсоод зөвлөлийн зарим гишүүн дургүйцэж буй нь илт. Сайд Ш.Жадамба,
 
-Энэ асуудлыг дараагийн хурлаар хэлэлцье, хугацаа байна хүмүүсээ эргэж харья, сольё гээд надад хандаж,
 
-Харин чи нэрлэсэн хүмүүсээ бичиж сонин хэвлэлээр сурталчил гэж үүрэг өгөв. Дээрх гурван хүнтэй би уулзаж байгаагүй, танихгүй, уран бүтээлээр нь л мэдэх төдий байсан юм. Нэгэнт сайд үүрэг өгсөн хойно би шамдан хөөцөлдөж өнөө гурван хүнтэйгээ ёстой нүүр тулан танилцаж “Гээгдэж мартагдаагүй Гунаажав”, “Гобойнд гологдоогүй сэтгэл”, “Жаран харын цагаан тагтаа” хөрөг найруулал бичиж “Ардын эрх”, “Зууны мэдээ”, “Тусгаар тогтнол” сонинд хэвлүүлж, Цэргийн чуулгын 60 жилийн ойгоор Ш.Гунаажав урлагийн гавьяат зүтгэлтэн, Ч.Туул гавьяат жүжигчин, харин Д.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байлаа. Ш.Жадамба сайд урлагийнхны хөдөлмөрийг ойлгож мэдэрдэг, сэтгүүлчийн буюу олон нийтийн санал бодлыг тандаж анхаарлаа хандуулдаг чанарыг би эндээс мэдэрч билээ.
 
Засгийн газрын гишүүн, сайд, генерал гурвыг нь тооцохгүй бол Ш.Жадамба эгэл жирийн л нэг монгол эр байв. Улс, нийгмийн хариуцлагатай алба, ажлынх нь тухай магтаж, нялганаж, долигонож, долдойдон нялуун үг наах нь зохихгүй. Түүнд тогтохгүй ховхорч унана, тэр хэзээ ч тийм үг өөртөө наах соронзон байгаагүй. Үг, дуу цөөтэй мэт санагдавч хэрэгтэй мөчид хэрэгтэй үгийг “нүдийг нь олж хатгана” гээч шиг л хэлнэ. Байдлыг зөв үнэлдэг, овжин сэтгэдэг хүн. 1993 оны өвөл Ерөнхий сайд П.Жасрай БХЯ-нд хүрэлцэн ирж, 320 гэгдэх танхимд офицеруудтай уулзалт хийлээ. Хурал цуглаанд элдэв зүйл ярьдгаараа дарга нарт ад үзэгдсэн ганц хоёр хүнийг зориудаар оруулаагүй байж. Ерөнхий сайд П.Жасрай ярьж дуусаад “Асуулт байна уу” гэлээ. Хэн ч боссонгүй, аргагүй шүү дээ, хэл ам таталдгийг нь оруулаагүй юм чинь. Оросуудын орхиж явсан “Гордок” хөлдөөд орон сууцны анги хөхөө өвлийн хүйтэнд үйл тамаа үзэж байв. Тус ангийн дарга, дэд хурандаа Х.Ямаахүү гэнэт бослоо шүү.
 
-Ерөнхий сайд аа, Хятадтай найрамдчихлаа, одоо бидний дайсан хэн бэ, хэнтэй байлдах вэ гэдэг юм. Ерөнхий сайдаас өрсөж Ш.Жадамба генерал, -Чиний дайсан бол өвөл, хөлдүүс хоёр, явж тэр гордокоо гэсгээ гэхэд өнөө дэд хурандаа,
 
-Мэдлээ гээд чигтээ танхимаас гарч одсон сон. Ийм л хариу хэлж байгаа юм, хоромхонд сэтгэсэн нь оновчтой байгаа биз дээ. Эрх мэдэл нь миний гарт байна гээд бусдын ажил руу хошуу бүр хуруу дүрдэг цаг дор нэг тохиолдлыг хэлье. БХЯ-ны сайд дэслэгч генерал Ш.Жадамбын машин /УАЗ-469/ төрийн ордны арын хашаанаас гарахаар хаалганд дөхөж хөндлөвчийн өмнө алгуурхан зогсоход энэ мөчийг хүлээгээд зогсож байсан бололтой нэг хүн ойртон сайдын талын хаалганы цонхыг хуруугаараа тогшлоо. Лавшруулан харвал нэрд гарсан олны танил хөгжмийн зохиолч байв, би уг машины арын суудалд сууж байсан юм.
 
-Сайд аа, манай хамаатны нэг залуу Зүүнбаянд ажилладаг юм, ээж нь хууч өвчтэй хэвтрийн хүн, та тэр залууг хот руу шилжүүлж туслаач гэхэд сайд Ш.Жадамба,
 
-Наадах чинь миний ажил биш дээ хө. Хүнээр хэлүүлж байхыг бодоход хулчгар офицер юм. Чи боловсон хүчний хэлтсийн даргатай уулзаж учир явдлаа хэл, тэр л мэддэг хүн нь гэснээр машин хөдөлж билээ. Ийм гуйлтыг хүлээж авна гэдэг сайдын хувьд зохимжгүй нь мэдээж, таньдаг хүний хувьд улаан нүүр гэдэг бас халуухан. Эрх ашгийг эрэмбэлэх юм бол энэ гуйлт нэлээд хойгуур биз дээ. Өөр өөрийн хариуцсан ажлыг хийсэн шиг хийж, зааг ялгааг гаргах  төрийн алба хаагчийн юу байж таарах билээ, энд төрийн алба хаагчийн ёс зүй, ёс суртахуун харагдаж байгаа юм. Түүний хувьд хувь, хувьсгалын ажилд хандах үндсэн зарчим нь ингэж илэрнэ. ЗХУ-д гурван шатны цэргийн сургуулийг гурвууланг нь алтан медальтай төгссөн, цэл залуу гучин хэдхэн насандаа генерал цол шагнагдсан гээд цааш цувуулан бичиж болох л доо. Ш.Жадамба сайдад тийм нийтлэг нэгэн хэвийн тоочилт жулдана.
 
Эмгэд шиг намхан
Энгийн бор толгод
Энэ биеийн минь
Зан чанар
Өвгөд шиг даруухан
Өнийн бор толгод
Эх орны минь
Мөн чанар
гэсэн шүлгийн гүн ухаанд Ш.Жадамба сайдын үйл хэрэг, сэтгэл, амь бие бүрнээ багтаж шингэсэн байнам. Түүний тухай яриа тун бага. Хамт ажиллаж байсан хурандаа Я.Даваасамбуугийн амнаас хэдэн үг сонссон шүү. Далан хэдэн онд гэсэн байх аа, тухайн үеийн БХЯ-ны сайд офицеруудтай уулзахдаа нэрийг нь дуудахад урд эгнээнээс намхан дэд хурандаа “Би” гээд босжээ. Сайд нь,
 
-Цэргийн хүний толь бидний дунд байна. Цэргийн хэрэгт энэ дэд хурандаа шиг суралцах хэрэгтэй. Генералын академид ямар ч шалгалтгүй шууд явуулж байна гэжээ. Үүнд тайлбар хэрэггүй л дээ. Оператив тактикийн сургууль, түгшүүр зарласан цаг дор шөнө дунд эмч дуудаж өрөөндөө шүдээ авхуулчхаад хөвөн зуусан чигтээ ажлаа хийж байсныг хурандаа ярьсан л даа. Өөрийн нүдээр харж үйл явдалд оролцож байж бичих нь сэтгүүлчийн үндсэн зарчим, амиа золих үйл хэрэг нь, үнэт зүйл нь юм. Үүнийг дагахгүй бол би уншигчдад “давсгүй хоол” тулгана шүү дээ.
 
Монгол цэргийн музейн барилгыг ашиглалтад оруулах гэж их чармайн хичээж зүтгэсэн хүн бол сайд Ш.Жадамба юм. Улс орон, Зэвсэгт хүчний хөрөнгө, сан хөмрөг үнэхээр дундарч урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байсан хүндхэн цаг үе. Сайд Ш.Жадамба 186 дугаар нэгтгэлд ажиллахад Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг хүрэлцэн ирж үйлдвэртээ урьдаг юм. Ингэнэ гэдгийг тооцсон байлаа. Үйлдвэрийн дамжлагуудтай танилцах хоёр маршрут байдаг аж. Эхнийх нь өнгөц гадна дотнын зочид төлөөлөгчдөд зориулсан, хоёр дахь нь стратегийн буюу гүнзгий танилцах. Тэр маршрутын эхэнд ирээд захирал Ш.Отгонбилэг,
 
-Сурвалжлагчийг энд үлдээе гэхэд сайд Ш.Жадамба,
 
-Уулын үйлдвэрийн байтугай улсын цэргийн нууцыг задалдаггүй итгэлтэй хүн гэж хариулснаар би тэр хоёртой хамт Эрдэнэт үйлдвэрийн стратегийн бүх шат дамжлагаар хоёр цаг гаруй явсан шүү, үнэхээр том үйлдвэр юм билээ. Энэ явалт үнэндээ бадар барилт байсан юм. Цэргийн музейн барилгын явцад хамгийн том хандивыг Эрдэнэт үйлдвэр өгсөн шүү дээ. Сайд цэргийн музейн барилгад хонож ажилласан нэг өдөр би хамт байв. Булангийн өрөөнд бичгийн ширээ сандал, цэрэг ор, тэр үеийн байдал ийм л байлаа. Шөнө дунд зуурмаг ирж, дотор ханыг өнгөлж байтал сайд намайг дуудуулжээ. Баахан цаас дэлгэсэн сайд,
 
-Энийг хар даа гээд заав. Батлан хамгаалахын тэргүүний офицерт анги, байгууллагаас ирсэн тодорхойлолт дунд тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг миний тодорхойлолт тууж явах нь тэр, харангуут л хөлс чийхарч билээ. Ичих булчирхай харааны хурдаар ажилладгийг би тэгэхэд л мэдэрсэн дээ.
 
-Би ёстой мэдээгүй гэж үнэнээ хэлбэл сайд,
 
-Чамайг надтай уулзаад байдгийг цаадуул чинь анзаарч намайг зөөлчлөх санаатай явуулж л дээ. Чи авьяас чадвартай, оюунлаг залуу хүн, би гэлтгүй олон хүн мэднэ. Гэхдээ чамд энэ мэт тодорхойлолт огт хэрэггүй, нэрмээс болно. Бас юу гэдэг билээ, даахгүй нохой булуу хураана гэж. Чиний тодорхойлолт уран бүтээл, шүлгүүд чинь. Үүнийгээ чи ав, үлдсэнийг нь би харья гээд хоёр хуудас цаас надад өгч билээ. Би хааяа хувийн архиваа цэгцлэхэд өнөөх хоёр хуудас байж л байдаг юм.
 
-Дэмий зүйл хийсэн байна гэдгийг дарга нарт хэлнэ ээ гэвэл сайд,
 
-Чи яг хэлэх үү гэж лавлав.
 
-Маргааш шууд хэлнэ гэхэд сайд,
 
-Чи ч хэлэх байх, гэхдээ чамайг ойлгох нэгэн байхад ойлгохгүй нь олон, яваандаа ад үзэгдэх гээд байвал яана гэсэн сэн. Хожмоо энэ үг үнэн л болж хувирсан юм даг.
Ш.Жадамба сайд цаг наргүй ажил, үүрэг гээд бусадтай ярих завгүй явсан гэвэл эндүүрэл. Хөдөө гадаа явахад алив нэг шүлэг унш гэнэ, бас дуул ч гэж байх шиг. Ая эвийг нь тааруулаад хөөрхөн явган шог хэлчихнэ. Зүүнбаянд цэргүүд өлсөж, турж шуугиан дэгдэхэд сайд очсон юм. Зүүнбаянд Нацаг-Орги гэж хурандаа байх. Яриа нь их сүржин, хээрийн сургууль, буудлагын үеэр хөөрчихсөн тэнд энд гишгээд ташаан дахь бууныхаа гадрыг алгаараа дарж, илж эгээ л байлдах нь уу гэлтэй. Машины арын суудалд суусан гавьяат эмч, хурандаа Ч.Бальдар бид хоёр Чепаевийн явган шогоос ярьж хөхрөлдөж байтал Ш.Жадамба сайд эргэж хараад,
 
-Чепаев гэхээр надад Нацаг-Орги нүдэнд харагдаад байдаг юм гээд жин жин хөхөрч суусан сан. Би нэг их сүрхий амьтан далбайсан том хөх дэвтэр дэлгэн шүлэг уншлаа. Ч.Бальдар хурандаа, ойлгох юм алга гэлээ шүү. Тэгтэл сайд,
 
-Алив, харья гээд дэвтрийг минь авлаа. Миний бичиг гэж хол яваад хүн гаргахгүй хоёр хоноод өөрөө гаргахгүй таталган, бас дэвтрийн зах хаа таарсан газар засвар бичсэн эрээн цоохор л доо. Сайд дэвтэр рүү харж харж,
 
-Чиний дэвтрийг цаад Ц.Жамсран хурандаа харвал чамайг сахилгад хийх юм байна даа гээд буцааж өгөв. Яамны Тамгын газрын дарга хурандаа Ц.Жамсран гэж тун ч нямбай, цэмцгэр хүн байлаа. Харандаагаар эх ноорог бичнэ, халаасандаа баллууртай. 026 дугаар ангид сайдыг очиход ангийн захирагч хурандаа О.Доржжүгдэр тэнд ч бэлэн, энд ч бэлэн гээд дуржигнуулан ярихад сайд Ш.Жадамба,
 
-Аливаа ангид уламжлал гэж байна, хуйнай Аюуш шиг л донсолгоо дэгэн догонгүй дардан ярьж байх шив дээ, бүх газраар орж үзнэ ээ гээд контороос гарч байсан даг. Сулинхээрийн отряд руу явж байлаа, говийн зам олон салаа аж. Зам тодруулахаар говийн ганц айлд очлоо. Тогоо дүүрэн мах чанаж, даргилан буцалж, тогооны таг хөвсөлзөж байв. Жолооч зам заалгаж, сайд, Ц.Жамсран хурандаа бид гурав дуугүй суутал сайд гэнэт,
 
-Манай энэ залуу их өлсөж яваа хүн дээ гээд над руу харахад нь сандрахдаа,
 
-Би өлсөөгүй ээ, сайд аа гээд гэрээс гарлаа. Машин хөдөлсөн хойно сайд,
 
-Чи өлсөөд байна гээд суугаад байхгүй дээ, тэр тогоон дотор хулангийн мах чанаж байсан юм гэлээ. Анд хорхойтой хүний үнэрлэх нь өөр л дөө. Дорноговь аймгийн Хөвсгөл суманд оройхон очсон сайдыг сумын Засаг дарга урьж дагуулаад явчихлаа. Салбарын буудалд унтаж байтал хүн ирж намайг сэрээгээд сайд чинь дуудаж байна гэлээ. Би хувцаслаж гараад өнөө хүнээр заалган сайдын байгаа гэрт орлоо, намайг хараад сайд,
 
-Чи яасан даруухан эр вэ, чиний ганц найз сум удирдаад намбайж суухад чи нам унтаж л байдаг гээд л угтлаа. Сумын Засаг дарга нь Намын дээд сургуулийн сэтгүүлчийн анги төгссөн, шүлэг бичдэг танил залуу байв. Сайд надад, анд явья гэж Засаг даргад хэл гэж шивнэдэг юм. Шөнө дунд сумын Засаг дарга, хоёр анчин замчлан бид авд мордлоо, үүрээр Эргэлийн зоо дээр ангасан чоно авчирдаг юм. Хулганад хавх ч зүүж үзээгүй би нүд аньсан чоно руу нүд нээлттэй харж зогссон доо. Соёлын төв өргөөнд Болор цом наадам эхэлж нэрт яруу найрагч П.Бадарч хөтөллөө, тэр үед хувийн унаатай яруу найрагч байгаагүй юм.
 
-Манай яруу найрагчид товлосон цагтаа бүрэн цугларлаа. Би хорооллоос троллейбусаар ирэв. Ц.Чимэддорж таван шараас автобусаар ирэв. Ш.Дулмаа сансраас таксигаар ирэв. Д.Цоодол энүүхэн хойноос явган ирэв. Б.Лхагвасүрэн хаанаас ч юм бэ танилынхаа унаанд дайгдаж ирэв. П.Батнайрамдал Офицероос сайдтайгаа 69-өөр ирэв гэж хөгжөөж байлаа. Яруу найраг гэснээс ярвигтай нэг асуудалтай тулгарч билээ. Сайдын гурван шүлгийг ялимгүй засварлаж “Тусгаар тогтнол” сонинд хэвлэсэн юм, би утга зохиолын ажилтан юм чинь хэний шүлгийг хэвлэхээ мэдэхтэйгээ. Сонин хэвлэгдэж дуусахад хэвлэгч редакцын сониныг авчирч өгөв. Будаг нь ханхалсан шинэ дугаар ширээн дээрээ дэлгэчхээд додигор суутал юу харсан гээч. Сайдын бичсэн “Монгол морь” шүлгийн эхний мөр гээгдчихжээ, тэр үед сониныг үсэг өрж хэвлэдэг байсан юм. Хэвлэлийн түгшүүр зарлагдахгүй юу. Хэвлэсэн сониныг шууданд хүргэж өгөх хойшлогдлоо. Өнөө шүлгийн эхний мөрийг линотип машинаар цутгуулж хоёрыг гаргаж аваад бичээч Б.Бурмаа бид хоёр 5 мянган сониныг тамгалан дарж, үүрийн гэгээтэй уралдан нөхөж дуусгасан юм даг.
 
1995 оны намар бидний зургаан офицер ХБНГУ-ын Бундесверийн Хүмүүнлэг-нийгмийн ухааны академийн дамжаанд суралцахаар мордсон юм. Энэ нь Оросоос өөр, тэгэхдээ барууны орны цэргийн сургуульд, хэдийгээр дамжаа ч гэсэн монгол офицерууд очсон анхны тохиолдол байв.
 
Хожим сонсоход, боловсон хүчний гаргасан нэрсийг сайд уншаад, нийгэм ухааны гэж байна шүү дээ, социологич, сэтгүүлч байвал зохимжтой юм гээд боловсон хүчний хэлтсийн хоёр хүний нэрийг сольж цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Г.Эрдэнэчулуун бид хоёрыг багтаасан юм билээ. Нэр нь хасагдсан боловсон хүчний нэг дэд хурандаа энэ явдлаас хойш надад тун таагүй хандах болсон шүү, би санаачилга гаргаагүй хойно яалтай ч билээ. ХБНГУ-аас бид Бээжинд ирж тэндээс МИАТ-ын онгоцоор Буянт-Ухаад газардав. НҮБ-ын ойд оролцсон Ерөнхийлөгч П.Очирбат, Японд хуралд суусан хамба лам Д.Чойжамц, олон улсын сэтгүүлч Б.Дашзэвэг нарын хүмүүс ирсэн юм даг. Засгийн газрын гишүүд Ерөнхийлөгчийг тоссон байж. Би цүдгэр цүнх чирсээр нисэх буудлаас гарч явган хүний замаар явж байтал машин зэрэгцэн ирэв, ингээд сайдаар гэртээ хүргүүлэв ээ. Германд сурсан миний сургалт ийнхүү сайдаар эхэлж сайдаар өндөрлөх нь тэр. Сонины хуудаснаас оногдсон зай талбайдаа оновчтой бичих нь сэтгүүлчийн бас нэг үүрэг хэдий ч нэгэнт эхэлснийх хоёр тохиолдлыг нэмье.
 
“Халтар царайт” кино гараад нийслэлд тээврийн хэрэгсэл цөөрч, гудамжинд хүн үзэгдэх нь ховордсон үед дөрвөн настай охин минь ойр хавьд байдаггүй, бөөн эрэл сурал боллоо, тэгтэл хотын цагдаагийн газарт төөрсөн хүүхэд гээд хүргэж өгчээ. Тэндээс охиноо авахаар Энхвайваны гүүр хүртэл шогшиж байтал ард машин зогсов, сайдтай таарч төөрсөн охиноо аваад гэртээ ирж байлаа. Эхнэр, охин бид гурав Дархан явахаар Тээврийн товчоо хүрч, цоо шинэ  УАЗ-469 машинтай залуутай тохирч явлаа. Машинд жолоочийн аав, бас эхнэр нь явсан юм. Зүүрмэглэж бүр унтаж явсан би гэнэтийн хөдөлгөөнд сэртэл машин дээшээ харж байв. Баруунхараагаас цааш нэлээд яваад машин онхолдсон нь энэ. Эзгүй хээр онхолдсон бид айж  сандарч машинаас уван цуван гарлаа. Би эхнэр, охиноо гаргаж, дээшээ харсан машины араас цүнх гаргах гэж ухаж байтал миний нэрээр дуудлаа, эргэж харвал Ш.Жадамба сайд эхнэртэйгээ зогсож байв, ийм аврал гэж байх уу. Сайдын 24-т суусан шиг аавын гадаа бууж билээ. Энэчлэн би хувийн мэт боловч эзнээ тодруулсан тохиолдлыг олныг бичиж чадах, надад нөөц бол үлдсэн. Хүний амьдралыг дуурьсах, дурсагдах хугацаагаар нь хэмждэг гэсэн нэгэн эрхмийн үгээр өндөрлөе, дурсамж дуусдаггүй гэдэг дээ.
 
 
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч П.БАТНАЙРАМДАЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин