sonin.mn
ОХУ-ын Элчин Сайдын Яамны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэд: "
 
Сайн байцгаана уу, эрхэм хүндэт сэтгүүлчид ээ! 
 
Орос-Монголын хоёр талын хамтын ажиллагааны болон олон улсын харилцааны цаг үеийн асуудлаарх бидний хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 
 
Хэвлэлийн хурлаа хоёр талын харилцааны асуудлуудаас эхэлье. 
 
Орос-Монголын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжсөөр байна. 3-р сарын 21-24-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев тэргүүтэй өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид (нийт 150 гаруй хүн) Улаанбаатар хотод айлчилсан.
 
Айлчлалын үеэр хоёр орны бизнесийн хүрээний 200 гаруй төлөөлөгч оролцсон Монгол-Оросын бизнес форумыг зохион байгуулав. Үүний хүрээнд Монгол Улсаас Эрхүү муж руу хийгдэж буй экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжийг судалж, нийт 100 сая рублийн үнэтэй 6 экспортын гэрээ байгуулав.
 
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан ОХУ-ын Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, ОХУ-ын гавьяат эмч, Эрхүү мужийн хүүхдийн эмнэлгийн ерөнхий эмч, дэлхийд алдартай эрдэмтэн-мэс засалч Ю.А.Козлов Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд таван монгол хүүхдэд хүнд мэс засал үнэ төлбөргүй хийж, Монголын эмч нарт зориулан бага инвазив мэс заслын чиглэлээр сургалт семинар явууллаа. Мөн Эрхүү мужийн хүүхдийн эмнэлэг, Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав. Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Амбан захирагчийн нэрэмжит Эрхүү мужийн Филармонийн симфони найрал хөгжим болон «Байкал-квартет» чуулгын хамтарсан тоглолт амжилттай болж, үзэгчдэд маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн ба зааланд хоосон суудал үлдээгүй. Эрхүү мужийн Амбан захирагчийн айлчлал аль хэдийн үр дүнгээ өгч эхэлснийг тэмдэглэх нь зүйтэй.
 
Тухайлбал, айлчлалын үеэр тохиролцсоны дагуу энэ өдрүүдэд Эрхүү хотын уран сайхны музейд «Монголын сайхан орон» нэртэй Монголын зураачдын үзэсгэлэн гарсан.
 
Мөн өнөөдөр Эрхүү хотноо Орос-Монголын үзэсгэлэн худалдаа эхлэх бөгөөд үүнд Монголын 50 гаруй аж ахуйн нэгж TAX FREE системээр буюу гаалийн татвар ногдуулахгүйгээр Орост оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах юм. Үүнээс гадна Эрхүү мужийн Засгийн газраас гаргах зардлаар ЗХУ-ын маршал Г.К.Жуковын талбайн болон гэр-музейн косметик засвар хийх асуудлыг судалж эхэллээ. 
 
Дөрөвдүгээр сарын эхээр МГИМО буюу Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн төлөөлөгчид Улаанбаатарт ажиллав.
 
Дипломат боловсон хүчний «дарханы газар» хэмээн алдаршсан ОХУ-ын тэргүүлэх их сургуулиудын нэг болох МГИМО их сургуулийн төлөөлөгчид монгол залуучуудтай уулзаж, МГИМО-д боловсрол эзэмшихийн давуу талууд, одоо байгаа сургалтын чиглэлүүд, элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл өгч, их сургуулийн дэд бүтцийг танилцуулав. 
 
Дөрөвдүгээр сарын 20-21-нд Москва хотын Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид “Шинэ сэргэлт - Улаанбаатар” олон улсын хөрөнгө оруулалтын форумд оролцохоор Улаанбаатарт айлчиллаа. Айлчлалын хүрээнд Зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлаарх Москва, Улаанбаатар хотын Ажлын хэсгийн анхны хуралдаан болов.
 
Тус хуралдаанаар нийтийн тээврийн менежмент, хөгжил, зорчигч тээврийн үйлчилгээ, зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр Москва хотын гаргасан ололт амжилтын талаарх мэдээллийг Монголын талд танилцууллаа. Мөн энэ оны 6-р сард “Улаанбаатар дахь Москва хотын өдрүүд” гэсэн нэртэй соёл-хүмүүнлэгийн болон эдийн засгийн цогц арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцов.
 
Гуравдугаар сарын 11-нд Багануур дүүрэгт “Орос аялгуу” дууны уралдаан боллоо.
 
Тэмцээний явцыг Оросын томоохон телевизүүдийн нэг болох "Russia Today" телевизийн зураг авалтын баг сурвалжилсан бөгөөд тэд Монголд Оросын цагаачдын тухай баримтат киноны зураг авалтыг хийхээр ирсэн. Дашрамд хэлэхэд “Russia Today” телевиз Монголын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллах сонирхолтой байгаа тул Монголын телевизүүдэд энэ хамтын ажиллагаа сонирхолтой байвал надтай энэ асуудлаар холбогдоорой. 
 
 
Орос-Монголын хамтарсан сансрын нислэгийн 42 жилийн ойг тохиолдуулан нэг өвөрмөц арга хэмжээг зохион байгуулсан. Байгаль, Хөвсгөл нууруудын мөсөн дээр анх удаа олон улсын оюутны "Хоёр нуурын цом" бөмбөгтэй хоккейн тэмцээн болсон бөгөөд үүнд Буриад, Эрхүү, Монгол улсын багууд өрсөлдсөн. Тэмцээний зохион байгуулалтын хороог ЗХУ, БНМАУ-ын баатар, Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ахалсан.
 
 
Энэ жил бид Оросын агуу хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач Сергей Рахманиновын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэж байна. Энэхүү ойг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский домд Рахманиновын тухай үзэсгэлэн нээгдсэн бөгөөд үүнд суут хөгжмийн зохиолчийн ховор, тэр болгон дэлгэдэггүй баримт бичиг, гэрэл зургуудыг толилуулжээ. 5-р сарын 18-ныг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн С.В.Рахманиновын ойд зориулан Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин, ОХУ-ын Гнесиных нэрэмжит хөгжмийн академийн төгсөгч Б.Одончимэгийн санаачилгаар Орос романсын сайхан үдшийг зохион байгуулсан ба үүнд Оросын соёл урлагийн их сургуулиудыг төгсгөсөн монгол уран бүтээлчид Оросын нэрт хөгжмийн зохиолчдын дэлхийд алдартай бүтээлүүдийг эгшиглүүлсэн. 
 
Саяхнаас Улаанбаатар дахь Русский домд Түүх сонирхогчдын клуб үйл ажиллагаагаа явуулж эхэлснийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Клубийн уулзалтууд сар бүр явагдаж, Орос, Монголын түүхчдийг оролцуулна. Клубийн тэргүүн, түүхийн ухааны доктор Д.Баяртогтохын хэлснээр түүний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Орос, Монголын хамтарсан түүхтэй холбоотой сэдвүүдийг судлах юм. Клуб нь сонирхсон хүн бүрт нээлттэй. 
 
Улаанбаатар дахь Русский дом сар бүрийн эхээр тус сард зохиогдох арга хэмжээний хуваарийг фейсбүүк хуудаснаа нийтэлдгийг сануулж байна. Тиймээс орос хэлийг сонирхдог, орос соёлтой илүү ойр дотно танилцахыг хүсэж байгаа хүн бүр Русский домын хуудсаар дамжуулан арга хэмжээнүүдийнх нь талаар мэдээлэл авч, идэвхтэй оролцох боломжтой. Русский домд үргэлж хөгжилтэй, сонирхолтой байдаг бөгөөд тэнд ямар ч насны зочдыг хүлээж авахад баяртай байна. Одоо олон улсын харилцааны асуудлуудаар мэдээлэл өгье. Өнөөдөр бид Барууны улс орнуудад сүүлийн үед газар аваад байгаа орософобийн тохиолдлуудын талаар ярих гэж байна. 2022 онд Европын хэд хэдэн улс орнууд улс төрийн шалтгаанаар Оросын иргэдэд визний хязгаарлалт тогтоосон ба зарим тохиолдолд ийм хоригууд нь хүнлэг бус байсан. Тухайлбал, Чех улс эмнэлгийн үйлчилгээ авах, ойр дотнын хүн нь нас барсан зэрэг шалтгааныг виз авах хангалттай шалтгаан гэж үзэхгүй байна.
 
Оросуудын банкны үйлчилгээ авах эрхийг системтэйгээр зөрчиж байгаа нь тэднийг гадаадад амьдрахад нь эрсдэл үүсгэж, амь насанд нь аюул учруулж байна. Байгаа данснуудыг нь хааж, шинээр данс нээж өгөхөөс татгалзаж байгаа нь тэднийг орлогын цорын ганц эх үүсвэрээс нь салгаж, эмнэлгийн болон харилцаа холбооны үйлчилгээ авах, түрээсийн төлбөрөө төлөх зэрэг үндсэн хэрэгцээгээ хангах чадваргүй болгож байна.
 
Оросын эх орон нэгтнүүдийн үндэсний онцлогоо хадгалах, түүхэн эх оронтойгоо харилцаа холбоогоо хадгалах эрх нь зөрчигдөж байна. Энэ оны дөрөвдүгээр сард хүн амын гуравны нэг нь оросоор ярьдаг Эстони улсад орон нутгийн эрх баригчдын байнгын шахалт дарамтын улмаас Хилийн чанад дахь Оросын эх орон нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулах зөвлөл ажлаа зогсооход хүрчээ. АНУ дахь Зохицуулах зөвлөл яг ийм шалтгаанаар 2021 онд хаагдсан ба ийнхүү Эстони улс АНУ-ын жишгийг хичээнгүйлэн дагаж мөрддөг гэдгээ харуулав. Ялалтын баярыг тэмдэглэхэд онцгойлон саад тотгор учруулж байна. Тухайлбал, Их Британид дурсгалын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байсан «ЗХУ-ын дайны хөшөө дурсгал» итгэлцлийн сан нь 2022 онд арга хэмжээнүүдээ зохион байгуулахаас татгалзсан. 2022 онд Молдова болон Литва улсуудад Ялалтын баярын бэлгэдлийн нэг болох Гэгээн Георгийн туузыг зүүсэн тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэхээр болсон бол Эстонид шууд ажлаас нь халах үндэслэл болсон. Чех, Польш, Болгар зэрэг улсуудад ард иргэдэд нь эрх чөлөөг авчирсан баатруудын гэгээн дурсгалд зориулагдсан хөшөөнүүдийн эсрэг тэмцэл улам ширүүсэв. 
 
Боловсролын солилцооны боломжуудыг эрчимтэй хааж эхлэв. Тухайлбал, 2022-2023 оны хичээлийн жилд Эстонийн тэргүүлэх хэд хэдэн их, дээд сургуулиудад ОХУ-ын иргэдийг элсүүлэхийг хоригложээ. Харин Бельги улс оросуудыг «Mastermind» оюутан солилцооны хөтөлбөрт оролцох боломжгүй болгов. АНУ-ын Конгресст Оросын оюутнуудыг бүх их, дээд сургуулиудаас хөөх тухай нээлттэйгээр уриалж байна.
 
Барууны орнууд Оросын соёлыг хориглох «ололт амжилтууд»-аараа уралдаж, өөрсдийн иргэдийнхээ дэлхийн хэмжээний урлагаас хүртэх эрхийг нь хязгаарлаж байна. Тухайлбал, АНУ-ын «Метрополитен дуурь» театр Оросын дуурийн дуучин А.Нетребког зөвхөн иргэншлийнх нь шалтгаанаар Украины дуурийн дуучнаар сольсон. Литвын үндэсний дуурийн урын сангаас П.Чайковский, С.Прокофьев, И.Стравинский нарын бүтээлүүдийг хасжээ. Барууны соёлын өвөөс «орос» гэдэг үгийг хасах гэж оролдож байна. Жишээлбэл, Лондоны үндэсний галерей «Орос бүжигчин охид» зургийн нэрийг «Украин бүжигчин охид» хэмээн сольжээ. Барууны орнууд дэлхийн спортыг улс төрөөс гадуур хөгжүүлэх зарчмыг тас мартсан. 30 улс 2023 оны 2-р сарын 21-нд улс төрийн шалтгаанаар Оросын спортыг үргэлжлүүлэн хориглохыг уриалсан хамтарсан мэдэгдэл гаргав. Энэхүү бодлогын шугамд Оросын тамирчдыг төвийг сахисан статустай, төрийн дуулалгүй, туг далбаагүйгээр тэмцээнд оролцуулах тухай Олон улсын олимпын хорооны зөвлөмжүүд бүрэн нийцэж байна. Тодорхой нэг тамирчдын эсрэг чиглэсэн дайралтууд үргэлжилсээр байна.
 
Тухайлбал, Оросын теннисчин Д.Медведевыг Уимблдоны тэмцээнд оролцмоор байгаа бол Оросын тусгай ажиллагааг олон нийтийн өмнө буруушаа хэмээн шаарджээ. Их Британид Оросын багууд болон уралдаанчдыг автомашины аливаа тэмцээнд орохыг хориглосон.
 
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг, тэр дундаа Russia Today, Спутник, Россия 1, Первый канал зэрэг сувгуудыг нэвтрүүлэхийг хориглосон нь үг хэлэх, мэдээлэл олж авах эрх чөлөөний зарчмыг бүдүүлгээр зөрчсөн явдал юм. Чех улсад 2022 онд ОХУ-ын удирдлага болон Украин дахь Оросын үйл ажиллагааг олон нийтийн өмнө дэмжсэний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэж, нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хорих тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулав. ОХУ энэ жил НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд даргалж байгаа ба уг үйл ажиллагааныхаа хүрээнд зохион байгуулж буй гол арга хэмжээнүүдэд оролцохоор өнгөрсөн ням гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Нью-Йорк хотыг зорьсон. Гэвч АНУ түүнийг дагалдан явах ёстой байсан Оросын сэтгүүлчдэд удаан амласныхаа эцэст виз олгосонгүй.
 
 
Улс төрийн гадаад нөхцөл байдлаас шалтгаалан хүний эрхийг хамгаалах асуудалд хоёрдмол байдлаар хандах нь хүний эрхийн салбарын олон улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг алдагдуулж байна. Үүнтэй холбогдуулан бид Украин Улсын хүний эрхийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярих гэсэн юм. Эдгээр асуудлыг олон улсын байгууллагууд ч тэмдэглэж байгаа.
 
Зөрчлүүдийн дийлэнх нь Украинд үндсэрхэг үзлийг түгээн дэлгэрүүлж байгаад орших бөгөөд үүнд НҮБ-ын Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг устгах хороо аль 2016 онд анхаарал хандуулж байсан. Орос хэлээр ярьдаг хүн ам хамгийн их дарамтад өртөж байна.  Киевийн эрх баригчид украин хэлийг хүчээр түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхаарч байна. 2020 онд тус улсын хүн амын талаас бага хувь нь гэр бүлийн болон өдөр тутмын харилцаандаа украин хэлийг ашигладаг болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Харин Донбасст энэ үзүүлэлт тэг байна. Киев эдгээр баримтыг үл тоомсорлон хэдэн жилийн турш иргэддээ төрөлх орос хэлээр нь ярихыг хориглож байна. 2013 онд Орос хэлээр хичээллэдэг 1275 сургууль байсан бол Киевийн боловсролын салбарт баримталж буй бодлогын үр дүнд 2021 он гэхэд зөвхөн 25 сургууль л орос хэлээр хичээл зааж байсан. 2022 оноос эхлэн Украин улсын боловсролын хөтөлбөрт орос хэлээр хичээл заах, орос хэл сурах тухай тусгагдахаа больсон. Мөн Оросын болон Зөвлөлтийн зохиолчдын бүтээлүүдийг уг хөтөлбөрөөс хассан. Эрдэм шинжилгээний ажил бичихдээ орос хэл дээрх эх сурвалжуудыг ашиглаж болохгүй. 2022 оны зургаадугаар сард Орос болон Беларусь улсуудаас ном оруулж ирэхийг хориглосон. 2021 онд НҮБ-ын Хүний эрхийн хороо нь Донбассын оршин суугчид Украины бусад нутаг дэвсгэрийн оршин суугчидтай адил тэгш эрх эдэлдэггүй гэж онцолсон. Хэлээр ялгаварлан гадуурхалт хүмүүнлэгийн салбарт ч нэвтэрчээ. Жишээлбэл, 2022 оны 5-р сард интернэтэд Львов хотод хийсэн видео бичлэг цацагдсан бөгөөд үүнд Украины зүүн нутгаас нүүлгэн шилжүүлсэн хүмүүс Орос хэлээр ярьсан учраас нэг сайн дурын ажилтан тэдэнд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс татгалзсан. 
 
Ялгаварлан гадуурхах арга хэмжээнүүд бусад салбаруудад ч мэдрэгдэж байна. 2023 оны эхэн үеийн байдлаар Украин улсын шүүхүүд Украины хэдэн сая орос хэлтнүүдийн эрх ашгийг төлөөлж байсан сөрөг хүчний 17 намын үйл ажиллагааг хориглосон. Украины үнэн алдартны сүмийн сүсэгтэн олны дийлэнх нь оросоор ярьдгийн улмаас үндсэрхэг үзэлтнүүд сүм рүү ихээр халдаж байна.  
 
2022 онд Украинд батлагдсан "Хэвлэл мэдээллийн тухай" хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бүрэн хяналт тавьж, Оросын талаарх төвийг сахисан мэдээллийг түгээхийг хориглосон. Европын сэтгүүлчдийн холбоо үүнийг "Хамгийн муу авторитар дэглэмүүдэд зохистой хууль" гэж тодорхойлсон. Украинд хувийн нууцын зарчмыг илт зөрчиж буй платформ болох “Энхийг сахиулагч” сайт ажиллаж байгаа ба үүнд “Украины дайсан” гэж тодорхойлогдсон Украины болон гадаадын иргэдийн хувийн мэдээллийг олон нийтэд илт байршуулсан байна. Сэтгүүлч О.Бузинагийн оршин сууж байсан газрын тухай мэдээллийг тус сайтад нийтэлсний дараахан түүнийг хөнөөсөн хэрэг олон нийтийг цочирдуулсан. Мөн тус сайтад насанд хүрээгүй 327 хүүхдийн хувийн мэдээллийг нийтэлсэн байна. Уг сайтыг хаагаарай гэсэн НҮБ-ын холбогдох байгууллагуудын уриалгыг Киевийн эрх баригчид сонсоогүй мэт өнгөрөөж байна. Барууны орнууд Украинд үндсэрхэг үзэл тархаж байгаад анхаарал хандуулахгүйгээр Киевийг зэвсгээр харамгүй хангасаар байна. Оросын нутаг дэвсгэрийн ойр орчимд хурцадмал байдлын голомтыг бий болгохын тулд Киев өөрийн иргэдийг дарамталж байна. Харин барууны зааварлагчид нь орчин үеийн Украины неонацист мөн чанарыг үл тоомсорлож, Киевийн эрх баригчдыг энэ замаараа үргэлжлүүлэн явахыг нь өөгшүүлж байна.
 
Анхаарал тавьсанд баярлалаа" гэв.