sonin.mn
Өнгөрсөн долоо хоногт Израилын хотууд 2006 оноос хойш үзэгдээгүй өргөн хэмжээний пуужингийн довтолгоонд өртөж, үүний хариуд Израилын арми Ливаны нутагт цохилт өгснөөр тухайн бүс нутагт томоохон мөргөлдөөн дэгдэх эрсдэл бодитойгоор бий боллоо. 
 
7-ны өдөр Израилын нисэх хүчин Газын зурвас дахь Палестины ХАМАС хөдөлгөөний объектууд болон палестинчуудын лагериуд оршдог Ливаны өмнөд нутагт цохилт өгсөн байна. Үүний сацуу Сирийн нутгаас Израил руу гал нээсний хариуд Сирийн армийн радиолокаторын станцууд, их бууны анги нэгтгэлүүдэд цохилт өгчээ.
 
Үүнтэй зэрэгцээд “Ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын цэргүүд Израилын худалдааны хөлөг онгоцуудын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулах гэж байгаа” тухай мэдээллийг америкчууд Израилын талд дамжууллаа. Өөрөөр хэлбэл, Израилын арми гурван фронтод зэрэг тулалдаж магадгүй болоод байв.  Байдал түгшүүртэй болонгуут Пентагон хэдэн арван далавчит пуужингаар зэвсэглэсэн шумбагч хөлөг онгоцоо Ойрхи Дорнод руу илгээсэн бөгөөд уг шумбагч Улаан тэнгист байрлах АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний 5 дугаар флотын хөлөг онгоцуудтай нийлэх ёстой.
 
Мөргөлдөөний шалтгаан буюу шашин хоорондын зөрчил
 
Нөхцөл байдал ингэтлээ хурцдах эхлэлийг израилчууд өөрсдөө тавьсан гэдэгтэй олон ажиглагч санал нэг байна. Учир нь, Иерусалим хотын Ариун сүмийн уулан дахь лалын шашинтнуудын Аль-Акса сүмд Израилын цагдаа нар шууд дайран нэвтэрч,  гэрэл-чимээний гранат, резинэн сум ашиглан мөргөл хийж байсан палестинуудыг хөөн гаргаж, 400 орчим хүнийг баривчилжээ. Энэ ажиллагаа нь еврей мөргөлчдийн эсрэг халдлага хийхээр төлөвлөж байсан террористуудыг олж илрүүлэх зорилготой байжээ. Мөргөлчдийн эсрэг хүч хэрэглэж буйг харуулсан бичлэг нийгмийн сүлжээнд тархсан нь Иерусалим хотод амьдардаг палестинчуудын жигшил зэвүүцлийг төрүүлж, тэднийг гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэхэд хүргэлээ.
 
 
Мөргөлчдийг хөөн тараах үеэр 
 
Ер нь бол, хоёр өөр шашны арга хэмжээг нэг дор давхцуулсан нь мөргөлдөөний эхлэлийг тавьсан гэж үзэж болно. Нэг талаас Рамадан сарын баяраа тэмдэглэж буй мусульман шашинтан мөргөлчид, нөгөө талаас иудийн шашинтнуудын Песах гэдэг баяраа тэмдэглэж буй еврейчүүдэд Ариун сүмийн ууланд гарах зөвшөөрлийг өгсөн нь эмх замбараагүй байдал үүсэх шалтгаан байв уу.
 
Тодруулбал, 3 дугаар сарын 31-нд Аль-Акса сүмд 250 мянган хүн оролцсон мөргөл болсон бол 4 дүгээр сарын 5-нд эхэлсэн Песах баяр бүтэн долоо хоног үргэлжилнэ. Песахын үеэр олон еврейчүүд Ариун сүмийн ууланд гардаг бөгөөд үүнийг арабууд “ариун шүтээнд минь халдлаа” гэж үзэн дургүйцдэг.
 
Ариун сүмийн уул бол иуд ба ислам гэсэн хоёр шашны уулзвар цэг бөгөөд Ойрхи Дорнодын хямралыг өдөөж буй цорын ганц шалтгаан биш юм. Зүүн Иерусалимд израилчууд ба палестинчуудын хооронд байнга мөргөлдөөн болж байдаг бол энэ удаад Ливан улс мөргөлдөөнд татагдан орсон нь гэнэтийн явдал байв. Тэр тусмаа исламын шашинтнуудын ариун сар болох Рамадан баярын үеэр, мөн Израилын дотоодын улс төрийн байдал нэн төвөгтэй байгаа үед Араб-Израилын хямрал дахин хурцадсан нь олон улсын анхаарлыг татлаа.
 
Телевизийн бичлэгийг харвал, Палестины ХАМАС хөдөлгөөнийхөн пуужингаар харваж байгаа бололтой. ХАМАС-ын хяналтад Газын зурвас байдаг атал энэ удаад Ливаны нутгаас пуужин харвасан нь сүүлийн 17 жилд болоогүй хэрэг явдал юм.
 
Сүмд болсон хэрэг явдлаас хойш хэдхэн цагийн дараа ХАМАС хөдөлгөөний толгойлогч Исмаил Хания Ливанд ирж, “Хезболла” байгууллагын удирдагчидтай уулзаж “нийтийн дайсан Израилын эсрэг ажиллагаагаа уялдуулан зохицуулах” асуудлыг хэлэлцжээ. Уулзалтад “Исламын жихад” байгууллагын төлөөлөгчид оролцсон бөгөөд уулзалтын дараа Израил руу пуужин харваж эхэлсэн байна. Харин Ливанд байрладаг шиитүүдийн “Хезболла” цэрэгжсэн байгууллага Израил руу хийсэн халдлагын хариуцлагыг хүлээгээгүй бөгөөд халдлагатай холбоотой асуудалд орооцолдохыг хүсэхгүй байна. Учир нь, Ливаны улс төр, нийгмийн амьдралд ихээхэн нөлөө бүхий тус бүлэглэл удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн хүнийг нэр дэвшүүлээд байгаа бөгөөд дотоодын олон асуудалтай тулгараад байгаа юм. Ийм үед Израилтай сөргөлдөж хүч нөөцөө барах нь ихээхэн хохиролтой. 
 
 
Израилын хотууд руу пуужин харвасны дараа 
 
Ливаны өмнөд нутагт байрлаж буй НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлал үүссэн нөхцөл байдлыг “онц түгшүүртэй” гэж дүгнээд, талуудыг хүлээц тэвчээртэй байхыг уриаллаа. Израилын цагдаа нар мөргөлчдийн эсрэг хүч хэрэглэсэн явдлыг Палестины асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч Ф.Альбанезе зэмлэн буруушаажээ. Нутаг дэвсгэрээс нь пуужин харвасанд ихээхэн эмзэглэсэн Ливаны эрх баригчид Израилын хариу цохилтоос болгоомжлон НҮБ-ын энхийг сахиулагчидтай хамтран пуужин харвасан гэх газар орныг шалгаж байна.
 
Үндэсний аюулгүй байдал эн тэргүүнд
 
Нөгөөтэйгүүр, Б.Нетаньяхугийн Засгийн газрын санаачилсан шүүхийн шинэтгэлийн хөтөлбөрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж, Израилын улс төр-нийгмийн байдал ороо бусгаа байгаа үед Ливаны нутгаас пуужин харвалаа. Израилын нийгэм үндсэндээ хоёр бүлэгт хуваагдаж, зарим хүмүүсийн хэтрүүлсэн таамаглалаар, иргэний дайны ирмэгт тулж ирээд байгаа ажээ. Батлан хамгаалахын сайд Йоав Галант шинэчлэлийг эсэргүүцсэнийхээ төлөө албан тушаалаасаа огцорсон бол сайдыгаа өмөөрсөн цэргийн нисгэгчид байлдааны ажиллагаанд оролцохоос татгалзах хүртлээ зөрчилдөөн даамжирчээ. Шүүх засаглалынхны хувьд бүр ч ойлгомжтой бөгөөд тэд шинэчлэлийг хууль бус алхам гэж нэрлээд, шинэ хуульд захирагдахгүй гэдгээ мэдэгдлээ.
 
Шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал 
 
Дотоодын хямрал үргэлжилсээр буй яг энэ үед палестинчууд пуужингийн дайралт хийсэн нь Нетаньяхугийн Засгийн газарт “улс төрийн хувьд ашигтай” байх магадлалтай. Учир нь, Израилын нийгэм гадны аливаа аюул заналын эсрэг маш хурдан нэгдэж чаддаг тул үндэсний эрх ашгийн үүднээс сөрөг хүчний анхаарал хэсэг хугацаанд сарниж, дотоодын асуудлаас түр хөндийрдөг нь жам гэмээр үзэгдэл.  Олон нийт үндэсний аюулгүй байдалд илүүтэй анхаарч эхэлснээр одоогийн Ерөнхий сайдын тэргүүлсэн “Ликуд” хэт консерватив намын хувьд Палестины талаарх бодлогоо чангатгах далим болно.
 
Тухайлбал, Нетаньяхугийн шинэчлэлийг “дарангуйллын засаглалд шилжих эхний алхам” гэж шүүмжилж байсан Батлан хамгаалахын сайд асан Бенни Ганц эрс шийдмэг байдлаар Ерөнхий сайдыг дэмжиж хэлэхдээ, “байлдааны ажиллагааны үед бид үргэлж нэгдэж чаддаг байсан, үндэсний аюулгүй байдлыг аливаа зөрчилдөөнөөс ямагт дээгүүр тавьсаар ирсэн, энэ удаад ч мөн ялгаагүй.
 
Хэрвээ хойд хил дээр тогтсон 17 жилийн нам гүм байдлыг эвдэх шаардлагатай бол эвдэцгээе, Газад бүх хүчээр цохилт өгөхөд ямар ч асуудал алга” гэжээ. Ерөнхий сайд Б.Нетаньяху хэлэхдээ “дайснууд баярлалдан төөрөлдөх хэрэггүй, манай дотоодын зөрчилдөөн тэдний эсрэг арга хэмжээ авахад өчүүхэн ч саад болохгүй” гэжээ. Түүний шийдвэрээр Ливаны нутаг ба Газын зурвасаас пуужингууд харвасны хариуд цэгчилсэн цохилтууд өгсний дараа баасан гарагаас цэргийн ажиллагаа зогслоо. Гэвч хямрал зогссонгүй, Аль-Акса сүмийн эргэн тойронд байдал түгшүүртэй хэвээр.  
 
Б.Адъяахүү