sonin.mn
Нэр. Хүмүүний заяаг олж төрөхөд дагаж ирээд хорвоогоос буцахад дуурсагдаж үлддэг билээ. Монгол Улсад 40 гаруй мянган нэр бүртгэлтэй байдгаас өвөрмөц содон нэр нь 1000 гаруй гэнэ. Энэ олон мянган нэрийг дагаад онцгой содонг нь цуглуулж, тэмдэглэдэг  өвөрмөц хоббитой хүмүүс ч байдаг санж.  Нийгмийн даатгалын байгууллагад насаараа ажилласан Н.Хүрэлбаатар гэдэг хүний цуглуулснаар “Бөөр, Хамар, Алагнүдэн, Магнайдүүрэн, Умай” гэж эрхтний нэрнээс эхлээд өгүүлбэрийн шинжтэй “Хэнмэдэхэв, Отгонбиз, Дуудагуул, Хүнд-Өргүүл”, гараг эрхэсийн “Од, Гариг, Нар, Сар” тэр бүү хэл гэр бүлээрээ “Цагаанхүү Ягаанхүү, Ухна Ямаа” зэрэг хувь тохиолоор таарсан хосууд хүртэл байдаг юм байна.
 
Зэвсэгт хүчинд та бидний дунд ч мөн онцгой содон нэртэй алба хаагчид ч цөөнгүй байдаг бөгөөд Монгол Улсад цор ганц бүртгэлтэй нэрний эзэн ахмад Б.Барьмэд, ахлагч Б.Суваргахайрхан нарыг энэ удаа “Бидний нэг” буландаа онцолж байна. “Дуудах нэрийг эцэг эх өгч, дуурсах алдрыг өөрөө олдог” гэдэгчлэн тэдний бүтээсэн түүхээр аялъя. Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн цэргийн албаны офицер, ахмад Баттулгын Барьмэд нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумынх, эхээс дөрвүүлээ айлын том. Ууган хүүгээ мэндлэхэд  аав нь Архангай нутагтаа алдартай лам Лувсаныг гэртээ урьж, нуган үрд нь нэр хайрлахыг хүсэхэд “Барьмэд” хэмээн чихэнд нь шивнэжээ.
 
Барьмэд нь Төвөд үг бөгөөд ямар нэгэн утга илэрхийлдэггүйг нэрний эзэн өгүүлж байв. Хүмүүст өөрийгөө танилцуулахаар “Казах нэр юм уу” гэж асуудаг. Би энгийнээр ойлгуулахын тулд “Барь, Мэд” гэж салгаж хэлдэг, найзууд, онжавууд, хамаатан ахан дүүс “Баарий” гэж дууддаг гэлээ.
 
Ахмад Б.Барьмэд нь 2007-2008 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг дүүргэж, ажлын гараагаа Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиас эхлүүлсэн залуу. Химичин дайчдын нэг болж 2008-2011 он хүртэл алба хааж, улмаар 2011-2017 онд ОХУ-д Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академид суралцжээ. Төгсөж ирээд салааны захирагч, техникийн офицер, ротын захирагч, саяхнаас цэргийн албаны офицероор дэвшин ажиллаж байгаа юм байна. Түүний гэргий Л.Баасанхүү Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид энгийнээр ажилладаг, тэд Билгүүн гэдэг нэг хүүтэй.
 
Ахмад Б.Барьмэдийн цаашдын зорилго суралцсан ОХУ-ын цэргийн академидаа магистрын зэрэг хамгаалах гэнэ. Химичин дайчин болсноороо үргэлж бахархдаг, ажлын туршлага, мэдлэг чадвараас шаардахаас гадна сонор сэрэмж, мэдрэмж, хурд хүч гээд олон зүйлийг шаарддаг онцгой мэргэжил гэж тодотгож байсан юм. Харин Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн жолооч, ахлагч Болдын Суваргахайрхан нь мөн л Архангай аймгийнх. Айлын ууган хүү, нэг дүүтэй. Дүү нь ч цэргийн бүсгүй юм байна. 
 
“Суваргахайрхан гэж нэрлэсний учир. Нутгийн хайрхны нэр үү” гэж асуухад “Миний аав ээж хоёр хүүгээ тогтоохын тулд лус савдгийн нэр хайрлаж, үрээ хамгаалсан юм гэнэ лээ. Миний охин дүүг мөн л Цагаансүм гэдэг. Хүний амьдрал таашгүй бөгөөд үр хүүхдээ элэг бүтэн авч үлдэх гэж их хайрханы нэр өгчдээ гэж одоо боддог юм. Би нэрэндээ дуртай” гэлээ.
 
Тэрээр 2008-2014 онд Монгол Улсын Их сургуульд улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр суралцаж, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид 2015 оноос хойш алба хааж байгаа ажээ. Түүний илтгэх нэг чанар нь тэр хөнгөн атлетатикийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер. Бүс нутаг, улс орны тэмцээн уралдаанд хөнгөн атлетикаар олон жил тэргүүн эгнээнд нь гүйхийн зэрэгцээ 2011, 2012 онуудад БНХАУ-д зохион байгуулагдсан 21 км марафон гүйлтийн хошой хүрэл медальт эр. Яг энэ цаг үед ч гэсэн “Улаанбаатар марафон” тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарснаа дуулгаж байсан юм. 
 
 
Ахмад Д.Болор
Эх сурвалж: "Соёмбо" сонин