sonin.mn
Хөлсний цэргүүд нь Украины дайнд ОХУ-ын армитай зэрэгцэн тулалдаж буй Вагнер Группийн тэргүүн Евгений Пригожин урвагчид Кремлийн ордонд үүрлэсэн тул YouTube-ийг хаахгүй байгаа гэж Лхагва гарагт өөрийн Телеграм сувагт бичжээ.
 
Түүний үзэж байгаагаар Путиний дэргэд дайны үйл явцыг үймүүлж, Оросыг түргэн ялагдуулаад АНУ руу зугтахаар хүлээж буй этгээдүүд ажиллаж байгаа гэнэ. Пригожин бас YouTube видео платформыг удахгүй ОХУ-ын нутаг дэвсгэрт хориглуулах бодолтой байгаагаа энэ үеэр мэдэгджээ. “YouTube бол өнөө цаг үеийн мэдээллийн тахал юм” гэж тэр бичсэн байна.
 
Одоогоор ОХУ-ын нутаг дэвсгэрт Twitter, Instagram, Facebook сошиал платформууд хориглогдсон ч YouTube нээлттэй хэвээр байгаа юм. “Ерөнхийлөгчийн засаг захиргаанд Оросыг аль болох түргэн хугацаанд ялагдуулах хүсэлтэй олон хүн ажиллаж байгаа тул тэд YouTube-ийг хориглуулахгүй байна. Тэд бол ард түмэн, эх орноосоо урвагчид юм. Вагнерын лантуу тэднийг хүлээж байгаа” гэж Пригожин сүрдүүлжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Украинд урвасан Вагнерын хөлсний цэргийн толгойг лантуугаар бяц цохин цаазалж буйг харуулсан аймшигтай дүрс бичлэг интернэтэд тарж байсан юм. Пригожин энэ лантууг дээр дурдсан бололтой.
 
Украинд дайн эхэлсний дараахан Оросын эрх баригчид YouTube-ийг хориглох тухай ярьж байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй юм. Оросын телевизийн сувгууд Кремлийн суртал нэвтрүүлгээр дүүрсэн энэ үед тус улсын иргэдэд YouTube тэнцвэртэй мэдээлэл олж авах цорын ганц боломж болоод байгаа. Нийтийн хоолны салбараас бизнесээ эхэлсэн тул “Путиний тогооч” хочтой болсон Пригожин өнөөдөр Украины дайны гол тоглогчдын нэг болоод байгаа.
 
Ингэхдээ тэр сүүлийн үед мөр зэрэгцэн тулалдаж буй Оросын батлан хамгаалах яамны удирдлагыг хатуу шүүмжлэх болсон юм. Тэдний хооронд зөрчил байгаа нь олон зүйлээс харагддаг. Тухайлбал хамгийн сүүлд Донецк мужийн Соледар хотыг эзэлсэн тухай ОХУ-ын батлан хамгаалах яам зарлахдаа Вагнер Группийн оролцооны талаар огт дурдалгүй өнгөрч байв. Гэтэл Пригожин тус хотыг Вагнерын дайчид эзэлснийг уралдан зарлаж, Соледарын давсны уурхайн хонгилд нэвтэрсэн цэргүүдийнхээ гэрэл зургийг нийтэлж байжээ. Сүүлд ОХУ-ын батлан хамгаалах яам Вагнерын дайчдын эр зориг, баатарлаг гавьяаг магтсан үгийг мэдэгдэлдээ нэмж байсан юм.