sonin.mn
Лхагва гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нийслэл Москва хотод хийсэн хэвлэлийн хурлын үеэр Өрнөдийнхний Орост хандах хандлагыг Гитлерийн “эцсийн шийдэл”-тэй зүйрлэжээ.
“Эцсийн шийдэл” гэдэг нэр томьёо нь Европын жүүдүүдийг бүрмөсөн устгах Гитлерийн төлөвлөгөөг илэрхийлдэг юм.
Украиныг прокси (гар хөл) болгон ашиглаж, Оросын асуудалд “эцсийн шийдэл” хайж байгаа Өрнөдийн орнуудыг Лавров хурцаар шүүмжилжээ.
 
“Гитлер жүүдийн асуудалд эцсийн шийдэл хүсэж байсан шиг одоо Өрнөдийн улс төрчид Оросыг стратегийн сүйрэлд хүргэх санаархлаа ил тод илэрхийлэх болсныг та бүхэн тодорхой харж байна” гэж тэр хэлсэн юм.
 
Гитлерийн “Эцсийн шийдэл” бодлогын хүрээнд Европ даяар зургаан сая жүүд хүнийг аймаглан устгаж байв.
Лавров өмнө нь бас Германы Нацистуудын удирдагчийн нэрийг ашиглан маргаантай мэдэгдэл хийж байсан удаатай.
Өнгөрсөн оны тавдугаар сард тэр Гитлерийг “жүүд цустай” байсан гэж хэлээд Израилын талаас хатуу эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байв.
Лавров өчигдөр хэлэхдээ Москвагийн ашиг сонирхлыг хангах нөхцөлтэйгөөр Өрнөдийн орнуудтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Тухайлбал тэр Украин болон Оростой хил залгадаг бусад улсуудаас цэрэг, зэвсгийн дэд бүтцээ зайлуулахыг НАТО-д уриалж байлаа.
 
“Зеленскийтэй бидэнд ярих зүйл байхгүй. Орос, Өрнөдийн хоорондын яриа хэлэлцээний хэтийн төлөвийн хувьд бид гаргасан аливаа саналд нь хариу өгөхөд бэлэн байна. Гэвч одоогоор ямар ч нухацтай санал гаргаагүй байгаа. Санал тавивал бид авч үзэж, шийдвэрлэхэд бэлэн байна” гэж Лавров хэлжээ.
 
Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамаг 2016 оны сонгуульд нөлөөлөх оролдлого хийсэн шалтгаанаар Оросын 35 дипломатчийг хөөж, хоёр орны харилцаа муудах эхлэлийг тавьсан хэмээн буруутгасан байна.
 
Лавров бас Хятад улстай маргаан зөрчил үүсгэх арга зам хайж буй Өрнөдийн удирдагчдыг шүүмжилжээ. Түүний үзэж байгаагаар Хятад улс бол АНУ-ын хувьд ганцаараа сөргөлдөхөд хэтэрхий хүчирхэг тул Өрнөдийн бусад холбоотнуудаа Бээжингийн эсрэг хөдөлгөөнд нэгтгэхийг чармайж байгаа гэнэ.