сонин mn
Их эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан YБХИС-ийн БХЭШХ-ийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн тэргүүлэх зэргийн эрдэмтэн, цэргийн түүхийн ухааны доктор (Sc.D), чөлөөнд байгаа хурандаа Хайнзангийн Шагдартай ярилцлаа. Тэрбээр амьдралынхаа ихэнх цаг хугацааг Чингис хааны цэргийн урлагийг судлахад зориулж буй эрдэмтэн юм. 
 
Чингис хаан судлалтай холбогдсон түүхээс тань ярилцлагаа эхэлье...
 
-Би хойно (ЗХУ) 1982-1986 онд цэргийн академид сурч байхдаа амралтын өдрүүдээр Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд их очдог байлаа. Намсрай, Пүрэвсүрэн, Лхагваа гээд мундаг зохиолчидтой нийлэх дуртай. Тэртээ тэргүй төгсөөд сониндоо ажиллах учир зохиолчидтой ойр байж тэднээс суралцахыг эрмэлздэг байв.
 
3охиолчидтой уулзчихаад байрандаа иртэл хамт амьдардаг Жаргалсайхан найз маань хэлж байна "чи маргааш Герман, Болгар, Монгол, Куба сонсогчдод сурган хүмүүжүүлэх ухаанаар үндсэн илтгэл тавих ёстой байжээ" гэв. Би ч маргааш нь цаг нь тулсан учир сургууль руу явах замдаа хам хум илтгэл бичээд орлоо доо. За тэгээд ёстой бурж өглөө, БНМАУ-ын баатар Ш.Гонгор хэлэхдээ, Л.Дандар хэлэхдээ, маршал Ю.Цэдэнбал хэлэхдээ гээд л зохиогоод ярьж өгдөг юм байгаа биз дээ.
 
Тухайн үед улс төрийн хичээл дээр Маркс, Энгелс, Сухомлинский зэрэг томчуудын хэлсэн үгнээс иш татаж дүнгээ нэмэгдүүлдэг байсан жишгийг нь би тэгж өөртөө ашиглаж байгаа нь тэр. Тэгсэн багш өрөөндөө ороод намайг дуудаж "Би энэ сургуульд 10 гаруй жил ажиллахдаа чам шиг илтгэл тавьсан хүнийг ер үзсэнгүй, маш сайн байлаа" гэв. Би ч урам ороод л явчихлаа. Тэгсэн багш "Чамд нэмж хэлэхэд танайх цэргийн, асар их соёлтой орон. Өмнө нь 1950-иад оны үед энэ хичээл дээр Чингис хааны чинь тухай 4 цагийн семинар хийдэг байсан юм. Тэр тухай олж үзвэл чамд их сонирхолтой байж магадгүй" гэж надад хэлэв. Тэрийг олж үзэхийн тулд номын сангийн нууц материалтай танилцах хэрэг гарна. Сургуулийн захирал дээр орж зөвшөөрөл авах ёстой.
 
Энэ талаар найздаа хэлтэл "Сургyулийн захирал Цэдэнбал Филатаво гуайтай хамаатан. Тиймээс Цэдэнбал гуайн маршал хувцастай зургийг хавтсанд хийж харагдахуйцаар сугавчлаад аль болох ойртож очоод илтгэл өг" гэлээ. Нөхрийнхөө хэлснээр явж ороод Монголын сонсогч Шагдар ирлээ л гэлээ. Тэгсэн захирал надаас манай улсын улс төр, мал аж ахуй, хөдөө тал гээд л асуугаад байдаг, би ч яриад л хоёр цаг гаруй буу халсны эцэст би учир байдлаа хэлтэл "Өө тэр асуудал байхгүй" гээд шууд өргөдөл дээр минь гарын үсгээ зураад өгчихлөө.
 
Би ч бөөн баяр болсон хүн ангийнхандаа дуулгалаа Ингээд өглөө нь курсийн дарга дэд хурандаа Махановдоо хүмүүсээ бүрэн ирсэн талаар илтгэл өгтөл "чи өнөө бичгээ гаргаад ир" гэж байна. Би ч гаргаад л өглөө. Тэгсэн "Бусдаараа найз явъя үүнийг чинь зөвшөөрөхгүй" гэлээ. Яахав алтан хошуу хүрчихсэн байхгүй юу. Үндэсний үзэл гаргасан таны хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь тэр. Өмнө нь ч бас үндэсний үзэлтэн гэж хэлэгдэж байсан. Ингээд тэр семинарыг үзэх миний хүсэл талаар болж, түүнээс болж Чингис хааныг судлах миний хүсэл, тэмүүлэл бий болсон доо.
 
Өмнө нь үндэсний үзэлтэн гэж цоллуулж байсан тухайгаа ярина уу?
 
-Учир юу гэвэл нэгдүгээр курст ороод удаагүй байсан юм. Би Болгар, Турк, зүүн Герман, Кубын оюутнуудтай нэг групп байлаа.
 
Тэгсэн соёл урлагийн хичээлийн багш "Бид эртний соёлтой, эртний бичиг үсэгтэй орон. Гэтэл Монголд бичиг үсэг гэж ер нь байсан юм уу" гэдэг юм даа. Тэгэхээр нь ер нь яасан ч яах вэ гэж бодоод "Би бол Ховд аймгийн Дарви сумын харьяат Хайнзангийн Шагдар" гээд монгол бичгээр бичээд багшийнхаа ширээн дээр орхиод юу ч хэлэлгүй гараад явчихсан.
 
Гэтэл удалгүй хонх дуугарч байна. Манай найз "Чи одоо анги руу түрүүлж ор, тэгээд та эртний түүх соёлтой орныг доромжиллоо гээд товчхон хэлж ойлгуул. Тэгэхгүй бол чи одоо сургуулиасаа хөөгдөнө шүү" гэлээ. Би ч хэлсэн ёсоор нь багш руу ороод хэлээд л хаячихлаа. Намайг гар гэж байна. Тэгсэн дараагийн хичээлээс өнөө багш чинь ирдэггүй. Сураг сонссон чинь надаас болж сургyулиас хөөгдсөн байлаа. Ингээд би чинь нэгдүгээр курсээсээ багш нар дунд үндэсний үзэлтэн болж хувирч байгаа юм. Энэ үзлээсээ болж онц төгсөх минь ч худлаа болж, багш нарын шахалтад өртөж явсан удаатай. 
 
Тэр нь юу гэсэн үг вэ? 
 
-Би чинь онцоос өөр дүн мэддэггүй байлаа. Нэг өглөө шалгалтдаа бэлдэхээр сургyуль руугаа гүйж явтал Цыган эмэгтэй таараад мөнгө нэхэв. Би ч гyрван хүүхэд, эхнэрийнхээ хамтаар хүний газар арай хийж толгой хоргодож яваа хүн учир мөнгө байхгүй гэлээ. Гэтэл Цыган эмэгтэй "Чи удахгүй мэдээ дуулна" гэлээ.
 
Тэгсэн яг хоёр хоногийн дараагаар багш намайг нутаг яв, гэрт чинь асуудал гарлаа гэв. Би ч дотроо аав минь уначихав уу л гэж бодсон. Тэгтэл ээж өнгөрчихсөн байв. Тэр цыганы үнэн байлаа. Тэгээд ээжийгээ хөдөөлүүлж ирчихээд шалгалтаа өгсөн. Улс төр, Орос хэлний орчуулга, тактикийн шалгалт авав. Улс төрөөс бусдыг нь өгөөд онц авчихлаа.
 
Улс төрийн шалгалтыг Балбанов гэж манай улсад хоёр удаа ирж байсан сайхан багш авсан юм. Тэгсэн яг намайг шалгалт өгөх гээд босох мөчид хоёр ассиент багш гараад явчихлаа. Би ч яахав бурж өгсөн дөө. Яг намайг яриад дуусах мөчид нөгөө хоёр ассиент багш ороод ирдэг байгаа. Тэгээд маргааш нь явж байтал нэг найз маань таараад надад сүүлийн шалгалт дээр дунд дyн тавьсан талаар дуулгадаг юм. Би ч дотроо ихэд гайхаж юу болсон талаар асууя гэж бодоод сурryуль ортол Балбанов багш өрөөндөө ганцаархнаа сууж байв. Орсон чинь миний хүү суу гэснээ "Энэ бол чамд тавьсан дүн биш, цаагуур чинь чамайг үндэсний үзэлтэн учир онц төгсгөхгүй гэсэн xүмүүc их байна" гэв. "Чи нутаг буцаад хорооны орлогч болох юм уу эсвэл сониндоо очно. Тийм болохоор багш нь чамд эцсийн хичээлээ оръё" гээд "Хорооны орлогч болчихоод бүх офицеруудын нэрийг эхнэрийнх нь нэртэй цээжил. Тэр ч байтугай хүүхдүүдийнх нь нэрийг хүртэл цээжил. Тэгээд баяр амралтын өдрөөр айлуудаар орж хүүхдийг нь, эхнэрийг нь нэрээр нь дуудаад нөхрийг нь муу ч байсан хамаагүй жаахан магтчих, за багш нь чамд ийм л юм захья" гээд шургyулгаасаа шил архи гаргаад хувааж уучихаад салж байсан юм. Их сайн багш байж билээ. Яах вэ, онц төгсөж чадаагүй ч гэлээ 3ХУ-д сурч өнгөрүүлсэн цаг хугацаа минь надад хамгийн сайхан санагддаг. Олон ч орны залуустай мөр зэрэгцэж, сайхан нөхөрлөж явсан цаг даа. Нэг хүний тухай бүр дурсмаар санагдчихлаа.
 
 Тэгэлгүй яах вэ? 
 
-Би ер нь хичээлээ тараад орой болтол номын санд суух нь элбэг байлаа. Нэг орой номын сангаас гараад алхаж явтал цэцэрлэгт хүрээлэнгийн модны ёроолд саарал шинельтэй нөхөр ухаангүй хэвтэж байна. Тэр үед Монгол, зүүн Германы офицерууд л саарал шинель өмсдөг байлаа. Би ч эхэндээ нэг Монгол л үхэж байна гэж бодоод ум хумгүй гүйгээд очтол зүүн Германы манай курсийн залуу байдаг байгаа. 3а өнөөхөө үүрээд л германчуудын байрладаг тасаг руу явлаа даа. Очоод хамгийн эхний хаалгаар оруулж өгөөд гарсан. Тэгсэн өглөө өнөө нөхөр чинь хаалга тогшиж орж ирээд юу юугүй тэвэрч аваад бараг л уйлах нь холгүй "Чи намайг авраагүй бол би сургyулиас хөөгдөх байлаа. Тэгээд ч болоогүй чи миний хамгийн сайн найзын өрөөнд намайг оруулж өгсөн байна" гэв. Тэр цагаас хойш бид хоёр их сайн анд нөхөд болцгоосон юм даа. 
 
Огтоос харж амжаагүй Чингис хааны тэр семинар таныг судлаач, эрдэмтэн болгожээ... 
 
-Начиртаа бол Өүлэн эх ч би ч Олхонуд овгийн хүн. 3а энэ нэгт нөлөөлсөн. Сурryулиа төгсөж ирээд ажлаа хийсэн ч өнөөх л семинар бодогдоод салдаггүйн дээр өнөө алтан хошуу хүргэсэн хүнийг би давах ёстой гэж бодоод, өөрийгөө харуулах хүсэл төрж, тэр цагаас эхлэн Чингис хааны тухай ном, баримт цуглуулах болсон. Yндсэндээ 1987 оноос эхлэн судалгааны ажилдаа ханцуй шамлан орсон.
 
Хаалттай нийгмийн үед хаалттай сэдвээр судалгаа хийхэд баримт, материалын олдоц муу байсан байх? 
 
-Тийм шүү. Тийм болохоор Өвөр Монгол руу очиж ном, сурвалж бичгүүд цуглуулж анхны судалгааны ажлынхаа гарааг эхэлж байлаа. 
 
Таны судалгааны анхны бүтээл юу вэ? 
 
-1991 онд анхны бүтээлээ "Чингисийн сургаал" нэртэйгээр гаргаж байлаа. Цаг төр эвгүй байсан учир авга ах В.Нанзадынхаа нэрээр гаргасан түүхтэй. Би тэр хүний өвөрт өссөн юм. Бурхан болчихсон хүнтэй юу ярих юм гэж бодоод амьхандаа нууц нэрээр гаргаж байгаа ухаан нь тэр. Дараа нь 1993 онд "Чингисийн цадиг" хэмээх миний анхны ном хэвлэгдсэн. Ш.Жамц ryай гээд сайхан академич байлаа. А.Баярмагнай эрхлэгч Ш.Жамц гyай дээр очоод номоо редакторлуулах чиглэл надад өгсөн юм. Тэр даруйд нь уулзаад өгтөл хоёр хоногийн дараа утасдаж байна. Чи наадхаа хэвлэж болно гэв. Ном ч хэвлэгдлээ. Дээжийг нь ганц юмтай бариад Ш.Жамц багш дээрээ очно биз дээ. Тэгсэн "Шагдар аа, энэ чинь ерөөс эрдмийн ажил байна. Эрдмийн ажлын стандартад оруулаад гаргаарай'' гэв. Энэ тухайгаа А.Баярмагнай эрхлэгчид хэлж, зургаан сар ажлаасаа чөлөөлөгдөж, БХЭШХ-д ирж өдөр, шөнөгүй бичсэний эцэст түүхийн ухааны дэд докторын болзол хангасан. Дараа нь 10 жилийн хойно Чингисийн цэргийн урлагаар цэргийн шинжлэх ухааны доктор цолыг хамгаалсан. Намайг судлаач болоход Б.Баярмагнай эрхлэгч, Ш.Жамц гуай их нөлөөлсөн дөө. 
 
Таны нээж үзээгүй Чингис хааны тухай семинарт юу байсан бол. Сонирхолтой санагдчихлаа... 
 
-Миний бодлоор, Оросын их хувьсгалын үеэр Михайл Паровдин гэж эрдэмтэн Герман руу дүрвэсэн байдаг. Гитлер түүнд Чингис хааны тухай ном бич гэж үүрэг өгсөн байгаа юм.
 
Ингээд тэрбээр 1937 онд Вена хотод номоо хэвлүүлсэн. Тэр бол Чингис хааны морьт цэргийг цэвэр цэргийн урлаг талаас нь бичсэн ном. Бодвол тэрхүү семинарын эмхэтгэлийг тэр номоос л авсан болов уу гэж боддог юм. Морь гэснээс би морины судалгаа хийж явснаа дурсъя.
 
Монголын нууц товчооны 750 жилийн ой тохиолоо. Нууц товчоо бичиж дууссан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын талд их ойд зориулсан наадам болов оо. Амьдралдаа тийм их xүн оролцсон наадам ер үзэж байгаагүй. Томск адуу, Монгол морь хоёрын харьцуулсан судалгааг хийхээр зорьсон нь тэр.
 
Хотоос Дэлгэрхаан хүртэл томск мориор явлаа даа. Гаднын адуу цогино нэг бол шогшино үнэхээр хэцүү. Дөрөөн дээр жаахан яваад л өвдөг өвдөнө. Суухаар тэр шогшоонд нь ууц нуруу, элэг бөөр доргино. Харин буцахдаа монгол мориороо ирсэн. Монгол морь бол "жийп" л гэсэн үг.
 
Хатируулна, цогиулна асуудал байхгүй. Энэ судалгаагаар монгол морины давуу тал, онцлог гээд олон талыг нь гаргаж ирсэн дээ. 
 
Чингисийн цэргийн урлаг талаас хийсэн сонирхолтой судалгаанаасаа цухас дурдвал? 
 
-Чингисийн цэргүүд аравтын системтэй байсан гэдгийг хүн бүр мэднэ. Энэ нь гyрав гурваараа явахыг хэлж байгаа юм. Дунд нь дарга нь байна. Хоёр бүлэг урдаа ардаа нэг бүлэгтэй. Арын бүлэгт жад, нум сум, сэлэмтэй гурван xүн хоршиж байлддаг. Орост одоо ч гyрван салаанаас рот, гyрван ротоос батальон бүрддэг. Өөрөөр хэлбэл, дээрх Чингисийн гyравтын системийг Бат хааны байгyулсан Алтан ордны улсаас оросууд шууд авч хэрэглээд өдийг хүргэсэн гэсэн үг. 
 
Чингис хааны цэргийн урлагт оруулсан хувь нэмрийн тухай хэлнэ үү? 
 
-Хээрийн үйлийг хээр гэж үг бий. Энэ нь Бат хаан Сүбэдэй хоёр Европ тивийг байлдан дагyулахаар мордсонтой холбоотой. Тэр үед Сүбэдэй баатрыг хэрхэх талаар Бат Гүег хаанаас асуухад "Хээрийн үйлийг хээрт" гэж хариу өгсөн байдаг. Учир нь ямар шийдвэр гаргах нь Батын дур гэсэн утгатай хариу юм. Энэ бол мөн л Монголчуудын цэргийн урлагийн гол философи. Тэртээ Унгарт байлдаж яваа цэргийг Хар Хорум хотоос удирдах боломжгүй.
 
Цагийн  байдлыг өөрөө үнэлээд шийдвэр гаргах эрхээр бүх нэгжийн дарга нар хангагддаг байсан тул ял, гавьяа хоёрыг ч дарга нь хүртдэг байсан. Гэтэл Сталины цэрэгт, Гитлерийн цэрэгт тийм эрх чөлөө байгаагүй. Заавал удирдлагаас команд өгөхийг хүлээнэ.
 
Тэгээд тэр маягаар нь л байлдана. Харин Францын цэргийн урлагт оюун санааны эрх чөлөө гэдгийг оруулж өгсөн байдаг. Энэ мэт Чингис хааны дэлхийн цэргийн урлагт оруулсан нөлөөг дурдвал энд дуусахгүй дээ.
 
Монгол цэргүүд ухрахаас ичдэггүй байсан гэж ярьдаг. Энэ тухай та юу хэлэх вэ? 
 
-Монголчуудын цэргийн урлагийн нууц нь буруулах юм шүү дээ. Дэлхийн цэргийн урлагт хориглоно, давшина, тулгарна гэсэн үндсэн зарчим бий. Харин монгол цэрэгт буруулах гэж ойлголт бий. Монголчуудын хуурамчаар ухрах мэхэнд Хятад, Европчууд тэр аяараа унасан шүү дээ. Харин Европт бол буруулах нь гyтамшигт тооцогддог байлаа. Дэлхийн ll дайны түүхэн кино, зохиолуудад энэ талаар их гардгийг та бүхэн мэднэ. Гэтэл цэргээ  бүгдийг нь хядуулахгүйн тулд ухарч болно шүү дээ. 
 
Монгол цэргүүдийн ялалтын нэгэн нууц нь яахын аргагүй нум сум гэж боддог...
 
Өөрөөсөө хэд дахин их хүнтэй Хятад, Европын цэргийн армиудтай нэг бүрчлэн очиж нүүр нүүрээрээ  тулалдаад байсан бол хэзээ ч бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзэлж чадахгүй. Тиймээс Чингисийн цэргүүд нүүр тулж байлдахаас сэргийлдэг. Аль болох алсын зайнаас нум сумаар байлдана.
 
Нум нь ямар ч улсын армийнхаас илүү хүчтэй. Нэгэн түүх сөхвөл Бат хааны цэргүүдэд олзлогдож сар гаруйн хугацаанд хоригдож байгаад оргосон польш нөхрийн бичсэн номд "Манай цэргүүд харваад л байдаг сум нь голдоо тусаад байдаг. Монголчууд харваад л байдаг сум нь бороо мэт толгой дээр асгараад байдаг" гэж дурдсан нь бий.
 
Японы сурвалж бичигт бас монголчуудын нум сумны талаар ингэж бичсэн байдаг. Тулгарах байлдаанд ч мөн холоос байлдахыг эрмэлзэнэ. Сэрээ жад түлхүү ашиглана. Түүгээрээ дайснаа болоод морийг нь дэгээдэж унагана, жадална, За тэгээд арга ядлаа гэхэд сэлмээ сугална даа. 
 
Чингис хааны үеийн цэргийн сэлэм олдсон rтүүx бидэнд байна уу? 
 
-Дундад зууны үеийнх байж магадгүй нэг сэлэм Монгол цэргийн музейд хадгалагдаж байгаа л даа. Тэр бол махир биш. Гэтэл Европчуудын сурвалж бичигт Монгол цэргүүдийг махир сэлэмтэй гэж дүрсэлсэн байдаг. Махир байх ч үндэслэл бий, Морин дээрээс эгц сэлмээр дайсан руугаа далайвал зүгээр л цохиод унагана. Махир сэлэм ашиглавал морины хурдаар дайснаа сэлмэнийхээ бүх ирээр зүсэж өнгөрнө гэсэн үг. Мөн хүч бага орно. Гэхдээ одоог хүртэл Чингисийн үеийн цэргүүдийн сэлэм олдоогүй л байна. 
 
Чингис хааны төрсөн өдрийн талаар юу гэж боддог вэ? 
 
-Баахан эрдэмтэд шуугиж шуугиж Хубилай хааны нэгэн бичгийг үндэслээд л ийм өдөртэй болгочихлоо. Миний хувьд ийм, тийм гэж бодсон юм алга. Ер нь бол заавал төрсөн өдрийг нь олох гээд байхын хэрэг байхгүй. Монгол хүнд төрсөн жил л чухал. Миний хувьд 2 дугаар capын 27-ны өдөр төрсөн гэж явдаг, Yнэн ч юм уу, худлаа ч юм уу бүү мэд. Аав маань төрсний гэрчилгээ авах гэж гарын үсэг зурахдаа л тийм өдөр сонгосноос биш яг үнэн эсэхийг нь би ч мэдэхгүй. Чингис хааны хувьд 1162 оны морин жилд төрсөн гэдэг нь бол гарцаагүй үнэн болов уу гэж боддог.
 
 
 
Ахмад: М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо" сонин