sonin.mn
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдoм ТВ, Радио Свобода, Белсат сайт болон орос, украин судлаач Андрей Пионтковский, Андрей Рыженко, Олег Жданов, Сергей Грабский нарын ярьснаас түүвэрлэн oрчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Энх тайвнаар аж төрж, зэрэгцэн оршиж чадахаа байчихсан, хажуу хаяa хөршүүдээ хадарч амьдрах хэрэг юу байна, ингэхэд Украин бидэнд ямар хэрэгтэй юм, Орост Бахмут ямар хэрэгтэй юм, юунд нь тийшээ их бууны зуушинд оросын олон сайхан залуусыг илгээж алуулаад байгаа  юм гэдгийг Оросын иргэний хувьд би эрх баригчдаасаа асуумаар байна гэсэн асуулт оросын хүндтэй нэг сэхээтэн сошиалд тавьжээ.
 
Нийтэд тодорхой мэдээллээр Крымыг оролцуулан Оросын эзлэн авсан нутгийн 40% чөлөөлөгдсөн ба энэ өвлийн дайнд Украин энэ тоог ахиулах бүрэн магадлалтай, харин Орос давших бүртээ бутцохиулан ухрах, эргээд давших, ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулахыг зоринo гэж үзэж байна. Өвлийн түр амсхийлтыг Орос санал болгон хэлэлцээг хүсэх боловч Украин 1991 оныхоо нутаг дэвсгэрийг эргэж сэргээнэ, оросуудад хүчээ дахин сэлбэж, эзэлж авсан Украины нутагт бэхжихийг зөвшөөрөхгүй, террорист улстай хэлэлцээ хийхгүй гэжээ. Страсбург хотноо Европын парламент ОХУ-ыг терроризмыг спонсорлогч гэсэн тогтоол батласны дагуу Европ даяар Оросыг террорист төр-улс гэж үзэх болж байна. Санал хураалтаар дэмжсэн  575, тогтоолыг эсэргүүцсэн 58, түдгэлзсэн 24 депутат гэсэн дүн гарчээ. Эсэргүүцсэн 58 нь Унгар мэтийн Оросоос хамааралтай ганц нэг улсын төлөөлөл байна. 
 
Москвагийн санал болгож буй хэлэлцээг нийтлэлч Андрей Пионтковский ингэж дүгнэжээ. Хэлэлцээ хийх гэж үнэндээ хүсээд байгаа юм биш, Украины зэвсэгт хүчний давшилтыг зогсоох шаардлагаа тэгж “хэлэлцээ” гэж нэрлээд байгаа юм. Түүнийхээ төлөө пуужингийн атакаар шантааж хийж байна. Тэгснээрээ украины ард түмний эсрэг геноцид явуулж байна. Хууль бус ажиллагаанд нь хариуцлага хүлээлгэхгүй бол  Кремль энэ терророо зогсоохгүй. Оросын цэргийн баазууд, хотуудыг хариу агаараас цохих боломжийг нь Украинд олгох хэрэгтэй гэж Пионтковский уриалаад, дайны хууль, дайн явуулдаг арга барил гэж байна. Нийтээрээ мөрддөг. Цэрэг нь дайсны цэрэгтэй, арми нь эсрэг армитайгаа дайтдаг болохоос дайнд хамааралтгүй энгийн номхон оршин суугчид, энгийн хотууд, иргэний байгууламжийг фронт давуулж алсын тусгалт пуужингаар харваж сүйтгэхийг дайн гэхгүй. Хэрэв Орос тэгж дайтаж болдог бол Украинд Оросын хотууд, үйлдвэр, дэд бүтэц рүү халдлага үйлдэх эрх нь адил тэнцүү байх ёстой. Гэтэл Украин тэгэхгүй байна. Зөвхөн эх орноо чөлөөлөх, 1991 оныхоо хилийг сэргээн тогтоохын төлөө, ОХУ-ын нутаг дэвсгэрээс ганц ч метр, сөөм газарт шунахгүй байлдаж байна. Энэ дайны байдагч хоёр талын гол ялгаа нь энэ юм гэжээ.
 
Гайхалтай нь Украин дахь Оросын цэргийн хохирлыг Владимир Путин маш хачин тайлбарлаж бурууг Кремлиэс холдуулахыг оролджээ. Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаанд оролцож амиа алдсан цэргүүдийн эхчүүдтэй хийсэн уулзалт гэдгийг оросын ТВ-ээр үзүүлэв. Орос хүний амь юу ч биш гэдгийг дахин нотлов.  
 
 
Авто замын осол, архидалтаар ихэнхи нь амь насаа алдсан болохоос фронт дээр тулалдаад үхээгүй гэж ярив. Эхчүүдтэй эмгэнэл харууслыг нь хуваалцаж байгаа нь тэр ажээ. Хөвгүүдээ цэрэгт татуулаад Украин руу илгээлгэчихсэн, үхүүлчихсэн. “Мэдээж энэ бол том эмгэнэл. Ойр төрөл саданд нь ямар сайн байхав, том гарз. Харин тэдний 30 мянга орчим нь зам тээврийн ослоор, мөн 30 мянга орчим нь архинаас болж үрэгджээ. Байдаг л үзэгдэл, гэхдээ харамсалтай байна. Энэ чинь амьдрал. Амьдрал хэцүү, олон янз, цаасан дээр бичсэнээс хүнд хэцүү. Бид бүгд Бурханы дор, Аллахын дор, Христийн дор байна, дээд хүчинд итгэж амьдарч байна. Ямар шашин шүтдэг нь чухал биш, бид бүгд л хорвоог орхино, бид бүгдээрээ  Бурханы дор байна. Бид бүгд хэзээ нэгэн цагт энэ дэлхийгээс явна, энэ гарцаагүй” – ОХУ-ын Ерөнхийлөгчийн амнаас ийм үгс гарна гэдэг үнэхээр гайхал төрүүлнэ. Хөвгүүдээ алуулчихсан эхчүүдэд хэлж байгаа үгс нь. 
 
Яг фронт дээр юу болж байна вэ? Оросын алагдсан цэрэг 100 мянга руу дөхөх нь. Дэлхийн II дайнаас хойш Орос ийм их хохирол амссангүй. Төрөл мэргэжлийн цэргийн байлдааны ур чадвар, тактикийн талаар Украины их буучдыг гадаадын цэргийн шинжээчид ихэд үнэлнэ. Украин нь цэргийнхээ амийг золиослохгүй, аль болох тулгарч байлдахгүй, алсаас оросын цэргийн ложистикийг устгах, галын хяналтад авах замаар бага ч болов ялалт хангахад нь их буу, тэр дундаа тийрэлтэт их бууны систем гол зэвсэг нь болж иржээ. Оросын армийн бие бүрэлдэхүүний хохирлын 90% нь украины зэвсэгт хүчний их бууны галд өртөж сүйрсэн мэдээг украины усан цэргийн хурандаа Андрей Рыженко Freeдoм ТВ-ээр мэдээлжээ. Дайны явцад украины галын хүч ямагт нэмэгдэж ирсэн, танк эсэргүүцэх Brimstone гэх дуунаас хурдан пуужин зэвсэглэлд нь орж ирсэн тул Донбасст оросын танкуудыг арчиж өгнө гэсэн байна. 
 
Оросын цэргийн нөөц хүчний хувьд шинээр дайчлагдсан 12 мянган цэрэг украины хойд хил дээр Беларусьд бөөгнөрсөн, мөн мөнгө төлбөл 10-15 мянган беларусьчууд Украины эсрэг байлдахад бэлэн гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан Украины зэвсэгт хүчнээс Беларусийн ард түмэнд хандан уриалга гаргаж, Оросын тусгай албад Украины гол гол дэд бүтцийг хорлон сүйтгэхийн тулд беларусьчуудыг хуурч ашиглах гэж байгаа, хэрэв тэгвэл үхлээс тойрохгүй гэдгийг нь нөхөрсгөөр анхааруулжээ. Беларусийн цэргийн хамаг хүнд техникийг Украины эсрэг дайндаа Орос ашигласан. Одоо энэ улс Оросын цэргийн полигон болсон. Оросын чин хүсэл нь БНБеУ-ыг энэ дайндаа татан оруулж гурван талын, бүр олон талын дайн болгох явдал гэжээ.
 
Украины ҮАББХЗөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Даниловын ярьснаас үзвэл ОХУ-д пуужингийн нөөц 10% хүрэхгүй үлдсэн, тэдгээрт С300 маш олон байна, гэхдээ Украин руу бөөгнөрүүлсэн галын хүчний цохилт пуужингаар хийнэ гэхэд 3-4 удаагийн цохилтын нөөц үлдсэн гэжээ. А.Даниловын ам алдсанаар, ОХУ-ын нутаг дэвсгэрт байгаа ямар ч төрлийн зэвсэглэлийн тухай нарийн мэдээлэл Украины талд байдаг, хичнээнийг хэрэглээд дуусав, нөөцөнд хэд байна гэдгийг тооцоолоход хялбар. Пуужингийн тухайд Орост онч мэргэн, нарийвчлалтай пуужин нь 10% орчим нөөцтэй, нарийвчлал муутай пуужин нь 18% орчим нөөцтэй, 11 дүгээр сарын 15-нд Украины хотуудын эрчим хүч рүү 90 гаруй пуужин харвасны 73-ыг, 11 дүгээр сарын 23-нд 70 пуужин харвасны 51-ийг агаарт нь амдан сөнөөж чадсан гэж үзвэл оросын нөөцний пуужингууд байлдааны үүргээ 100% биелүүлэх ямар ч нөхцөлгүй болох ажээ.
 
АНУ-ын ТНБД Э.Блинкен ингэж хэлжээ: Украинд өгсөн бидний зэвсэг байг нэг удаагийн цохилтоор онох боломжтой. Харин оросууд нэг байг 15-20 удаа буудаж байж онодог. Оросын хосгүй зэвсгийн үнэн нүүр царайг америкчууд үнэлж дүгнэж байгаа нь энэ гэнэ.
 
Цэргийн шинжээч их бууны хурандаа Олег Жданов ярьжээ. Украин нь ОХУ-ын Хар тэнгисийн флотыг нэгэнтээ ялчихсан, оросын флотод үхлийн цохилт өгчихсөн, Оросын Хар тэнгисийн флот аль болохоор эрэгтээ шигдэж байна, далай руу гарах л юм бол Украины цохилтод өртөхөөр байна гэжээ. Новороссийск, Ялта хооронд далайд хөвж яваа гэх боловч Ялтаас баруун зүгт ажиллагаа явуулахгүй байна, украины “Нептун”, “Гарпун” загварын хөлөг онгоц эсэргүүцэх комплексын галын хяналтад байна, Хар тэнгист байлдаж чадахгүй байгаагаа Оросын эрх баригчид ард түмнээсээ тас нууж, "Москва" гэх том крейсерийг нь  украины “Нептун” пуужингаар сөнөөчихсөн гэдгийг зөвшөөрч чадахгүй шаналан байна. Одоо Оросын флотод 17 хөвөгч онгоц үлдсэний ихэнхи нь байлдааны эсминц, десантын хөлөг, гэвч хоёрыг нь сөнөөгөөд живүүлчихсэн, одоо 400-800 километрт тусдаг дронтой болчихсон учраас Новороссийскаас Украин руу “Калибр” хөөргөлөө л бол зөрүүлээд дрондоод эрэгт нь сөнөөчих чадалтай болсон, "Москва" крейсерийнх нь араас илгээчихнэ хэмээн цэргийн тэр шинжээч хэлжээ.
  
 
Хурандаа Сергей Грабский гэж цэргийн өөр нэг шинжээч Оросын их буу тасралтгүй галласаар байгааг тайлбарлахдаа, Украины армийн давшилтыг аль болох саатуулах, зогсоох, тэгснээрээ “галын хаалт” хийх, харин  украины тал илүү гүний маневр хийн, ар талаас ирдэг хангалтыг нь устгаж  байлдаж байна гэжээ. Бахмутын ач холбогдол оросуудын хувьд нэн өндөр, Оросын байнгын арми байлдаад авч чадаагүй бол “вагнерчууд” авч чадлаа гэдгийг нотлон харуулах, тэгснээрээ Москвад далд өрнөж буй эрх мэдлийн төлөө тэмцэлд нь оросын иргэд ЧВК гэх хувийн цэргийн компанийг дэмжих ёстой гэсэн төсөөлөл байна гэжээ. Кремлийн төлөө тэмцэлд Пригожин гэх нөхөр ялахын тулд “ЧВК Вагнер”-аа Украинд ялуулах гэж хэдэн сарын турш санаашран шаналжээ. 
 
С.Грабский өөр нэг ноцтой баримт дэлгэв. Ерөөсөө Орост, өмнө нь Зөвлөлт улсад хэрэглэж байсан шалгарсан аргыг нэрлэв. Дотоодын хүнд асуудлаас олон түмнийг хөндийрүүлэхийн тулд гадаад дайсны дүр бүтээж, болохгүй бол дотооддоо өдөөн хатгаж далим гаргаж ирээд гадаад дайсан руугаа бүх бурууг тохож дайн өдөөдөг. Одоогоор оросын олон нийт суртал нэвтрүүлгийн мунхруулгад ихэд итгэдэг, түүн дээр нь Путин тоглоно. Гадны далбаан дор Белгород мужид өдөөн хатгалга өөрсдөө дэгдээнэ, хүн амаа хоёр дахь дайчилгаанд бэлтгэнэ, Оросын эсрэг НАТО дайн дэгдээж эхэллээ гэсэн цуурхал  тараана, тэгснээрээ 10 сарын бүтэлгүй дайнаа зөвтгөнө гэжээ. 
 
Өвөл болоод Украин улсаараа хөлдөж осгоод тэгснээрээ тэсвэрээ бараад эрх баригчдынхаа эсрэг босно, гэрэл тог цахилгаан дулаанаас салгасан буруутан нь Киевийнхэн болж таарна, тэгээд Оростой хэлэлцээ хийлгэж, ялагдлаа өөрсдөө хүлээн зөвшөөрнө гэж Кремльд цөхрөлтгүй итгэсээр л байна. 
 
Харин украинчууд өвлийн хүйтнийг “генерал мороз” гэж өхөөрдөн нэрлээд “генерал мороз”  Орост эсрэгээр тусна, Путины сүүлчийн өвөл байж магад, украинчууд эх орондоо учраа олно, баруунаас өвөлжилтийн тусламж тогтмол авна, тэснэ, гэрэл цахилгаан дулаангүй байх нь оросуудтай хамт байхаас хамаагүй жаргал гэж тэд үзнэ. 
 
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь