sonin.mn
Өмнө нь манайд элдэв төрлийн уналт, сэтгэл зовоосон түгшүүрт үзэгдлүүд болж л байсан. Гэхдээ л одоогийнх шиг бүх салбарыг хамарсан, аймшигтай,гарц бараг байхгүй, битүү мухардалд орж байгаагүй юм. Иймээс өнөөгийн сүйрлийн түгшүүрт байдалд шинжилгээ хийж, учир шалтгааныг олж, гарц олох зүй ёсны шаардлага үүсч байна. Гэхдээ энд би цоо шинэ зүйл ганцыг ч хэлэхгүй, харин ч хүн бүрийн мэдэж, ярьж байгаа зүйлийг ярина. Чингэхдээ хэт олон түвшинтэй, зөрчилт санал бодлыг эрэмбэлж, нэгдмэл нэг зураглалд оруулна. Чухам үүнийг л “системийн анализ” гэж нэрлэдэг…
 
Улс төрийн хүрээ
 
Эхлээд улс төрийн хүрээ…
 
Улс төрийн намууд
 
Лав л 1990-ээд онд олон намтай болно, олон ургалч үзлийг хөгжүүлнэ, олон намууд чөлөөтэй өрсөлдөнө гэсэн мөрөөдөл сарнин алга болов. Дансаар 37 намтай боловч ганцхан МАН төр, засгийн эрхийг барих болж бусад намууд нь устсан буюу ор нэрийн төдий болов. 30 жилийн дараа Монгол Улс ганц намт дарангуй тогтолцоо руугаа буцаж оров.  
 
Үйлдвэрчний Эвлэл
 
Монголд үйлдвэрчний эвлэл оргүй устав. Учир нь эдийн засгийн олон жилийн буруу бодлогын үр дүнд ажилчин анги эв нэгдэл, зохион байгуулалтаа алдаж, ердөө л “цалин хөөсөн” хөлсний ажилчид болов. Зориг зүрх, ангийн ухамсар оргүй алга болов. Монголын ҮЭ-үүд байгууллагын жижиг сажиг хэрүүл болохоор л хааяа гарч ирэх ба нийт хөдөлмөрчин ангийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүргээ умартаж, “ҮЭ байхгүй” гэсэн ангилалд орох болов.
 
Иргэний хөдөлгөөн, ТББ-ууд
 
2000 оны эхэн дунд эрчимтэй өрнөж байсан иргэний хөдөлгөөн, ТББ-уудын олонхи ор нэрийн төдий болов.
 
Тэмцэх гэж оролдсон, шаардлага тавьсан, түүнд бэлтгэсэн  ТББ-ын удирдагчдыг бөөнөөр нь, хувь хүмүүсийг ээлж дараалан шоронд суулгадаг болов. 
 
Тэднийг суллахыг шаардсан иргэдийг “нохой хуцсан чинээ” тоохгүй болов. ТББ-ууд, иргэний хөдөлгөөнүүд байхгүйтэй адил болов. 
 
4. Төр засаг дураар авир
 
2019 онд ҮХ-нд том өөрчлөлт оруулав. Ингээд боллоо гэсэн чинь болоогүй гэнэ. Саяхан 2022 онд ҮХ-нд дахин халдаж, чингэхдээ бүр ҮХЦ-тэйгээ нийлж байгаад хүчээр өөрчлөлт оруулж оруулав. Үүний үр дүнд давхар дээл чөлөөтэй болж, ЗГ-т ихээхэн өөрчлөлт оруулав. Саяхан “сонгуульд зориулсан” улсын төсвийг ядуугаа мэдэхгүй жигтэйхэн баян тансаг хийв. Энэ нь “сонгуулийн ялалт” олоход 1 удаа нэмэр болж магадгүй, харин ойрын ирээдүйд манай ядмаг эдийн засгийг уг сууриар нь хорлосон явцгүй үйлдэл мөн. 
 
Хууль хүчний байгууллагууд
 
Хууль, хүчний байгуулагад Цагдаа, Тагнуул, АТГ, Шүүхийн шийдвэр биелүүлэх Газрууд орно. Үүний дээрээс бүх шатны Шүүх, Прокурор орно. Эдний факталсан баримт, будлиан, дуулианыг бүгдээрээ мэдэх учраас ярьсны ч хэрэг байхгүй. Лав л энэ жил манай “яруу алдарт” Тагнуул “төрийн эсрэг хуйвалдаанд” бэлтгэсэн, “төрийн эрхийг зэвсэглэн булааж авахыг оролдсон” гэх асуудлаар 2 ч удаа хэвлэлийн бага хурал хийв. Тэр ч байтугай буу зэвсгийг нь дэлгэж олон нийтэд үзүүлж сүржигнэв.  Тэрнээс хойш сураг чимээ алдрав. Цагдаа бол бүр ч улайм цаймдаа гарав. Төр засагт шаардлага тавьсан, жагсаал цуглаан хийсэн “Тусгаар Тогтнол” хөдөлгөөнийхөн болон нэр бүхий маш олон хүнийг баривчилж, шоронд суулгав. Зөвхөн над дээр энэ хавар, зун гэхэд Тагнуулаас 1 удаа, Цагдаагаас 4 удаа ирсэн  гээд л бодчих. Тэр ч байтугай эмнэлэгт хэвтэж байхад  палат ируу давхиж орж ирээд байцаана гэж дайрсан. Манай хууль, хүчний байгууллагууд улс төр, эдийн засгийн гэмт хэргийг хамтран үйлдэгч, нуун дарагдуулагч, улс төрийн сөрөг хүчин, эсэргүүцлийг даран устгагч зэвсэг болон хувирав. Тэд дургүйгээ хүрсэн хэнийг боловч торны цаана суулгах “бүрэн эрхтэй” гэж өөрсдийгөө үзэх болов. 
 
Төр хийгээд намын боловсон хүчин
 
Нам, төрийн боловсон хүчний систем утга учраа нэгэнт алдсан. Ах дүү, хамаатан садан, нэг нутаг, намд үнэнч байх гэсэн хэдхэн шалгуураар авч, чихэж, авсаар байгаад манай боловсон хүчний нөөц “цусны эргэлтгүй” болж, боловсон хүчний мэдлэг чадвар, ажил гүйцэтгэх чадвар, идэвхи санаачлага нэн дорой түвшинд орсон. Дээд шатандаа улиг болсон хэдхэн хүнийг ээлжлэн томилж буй харахад МАН-ын дээд шатны боловсон хүчний нөөц дууссан гэж дүгнэж болно. Харин дунд болон доод шатандаа боловсон хүчин хангалтай их, “багтаж ядаж” байгаа мэт боловч үнэндээ бол тэднийг шилж, сонгох, дэвшүүлэх шалгуурын систем ор тас байхгүй. Төрийн боловсон хүчний мэдлэг чадвар оргүй болж, идэвхи зүтгэл гэсэн үзүүлэлт мартагдав. Ингэснээр төр ажлаа хэвийн явуулах бүх боломж шавхагдав.
 
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
 
ХМХ-үүд бүхэлдээ эрх мэдэлтний хяналтад орсноор ард түмний болон үнэний төлөө тэмцэх үндсэн үүргээ умартав. Ард түмний төлөө дуугарах ХМХ бараг алга болов. Харин бидний аз болоход нийгмийн сүлжээ ард түмний дуу хоолойг илэрхийлж, ХМХ-ийг орлож тэмцэж эхэлсэн нь шинэ үзэгдэл болов.    
 
Ийм нөхцөлд манай улс төрийн системийг ардчилсан гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Харин ардчилсан нэр зүүсэн, нилэнхүй авилга дээрэм нүүрлэсэн антисистем бий болж, төрийн алба бүхэлдээ химерүүд буюу паразит бүлгүүдээс тогтох болов. Одоо энэхүү адгийн антисистем нуран унаж байгаа бөгөөд энэ хандлагыг зогсоох боломж бараг үгүй…
 
Эдийн засгийн хүрээ
 
Манай эдийн засаг сүйрэл, дампуурлын ангалын ирмэг дээр ирээд байна.
 
Манай эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын цогц 30 гаруй үзүүлэлтүүд бүгдээрээ аль хэдийн аюултай заагийг даван гарсан. Энд би олон тоо хэлэхгүй. Зүгээр л манай эдийн засаг уг сууриараа, углуурга заадлаараа задран унаж байна. Манай эдийн засаг сүйрлийн ирмэгт ирснийг улс төрийн удирдагчдын сүүлийн үед хэлж ярьсан үг баттай нотолно. УИХ-ын дарга Г.Занданшатар: “Гадаад өрөөс болж бид эх орноосоо хөөгдөж магадгүй”  (2022.05.19.) Сангийн сайд Б.Жавхлан амаараа ярихдаа: “Монгол Улсад дефолт болохгүй” гэж ярьж байгаа. Гэхдээ ажил дээрээ  Хөгжлийн банкны өрийг ЗГ-ын баталгаа гаргаж төлөх шийдвэр гаргачихаад байна. МАН, АН хоёр нийлж байгаад Хөгжлийн банкыг идчихээд хоорондоо хэрэлдэх нь ердөө л жүжиг юм. Түүх сөхвөл МАН, АН хоёр 30-аад жилийн дотор 17 банкны толгой залгисныг бид мартах ёсгүй…
 
Манай далд буюу сүүдрийн эдийн засгийн хэмжээ албан ёсны эдийн засгаас даруй 5-7 дахин их болсон гэсэн дүгнэлтийг би хэдэн жилийн өмнө хийсэн. Тэр үед энэ дүгнэлтийг хэн ч тоогоогүй хэдий ч одоо бүрэн нотлогдож байна. Өөрөөр хэлбэл манай албан ёсны эдийн засаг буюу ДНБ-ээс 5-7 дахин их мөнгийг эрх баригчид зүгээр л хулгайлж,  дээрэмдэж байна.
 
Жи: Хөгжлийн банкнаас нийтдээ 1.8 их наяд төгрөг “чанаргүй зээл” нэрээр алга болсон. Гэтэл 2023 улсын төсөв 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай. Өөр нэг жишээ: Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшдаг бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэхүү нүүрсний хулгайг арилгавал манай улсын ДНБ-ны хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ил тод мэдээлсэн.
 
Гурав дахь жишээ: Пүүс компаниуд улсад татвар төлөхөө бараг больсон. Давхар данс хөтөлж, татвараа төлөхгүй хурааж байж байгаад төрөөр татварын өршөөлийн хууль гаргуулж, мөнгө завшдаг нохой аргад бүр сурчихсан. 2-3 жил тутамд татварын өршөөлийн хууль гаргаж, улсыг луйвардах явдал бараг “ёс заншил” болсон. Энэ луйврыг олон хүн мэдэж үглэдэг ч огт тоодоггүй.    
 
Эндээс МУ мөнгөгүй биш, харин ч асар их мөнгөтэй. Харин Монголын эрх баригчид, тодруулбал МАН дангаараа, мөн зарим үед АН-ын шууд оролцоотойгоор улсын ДНБ-ээс 5-7 дахин мөнгийг, хэрэв бүрэн гүйцэд тооцвол түүнээс ч их мөнгийг хулгайлж дээрэмдэж байна гэсэн баттай дүгнэлт гарна.
 
Иймээс манай эдийн засаг яав ч зах зээлийн гэсэн ангилалд орохгүй. Харин төр засгийн авилга, хулгай, дээрэмд нэрвэгдэж доройтсон, шударга ёсны үнэр ч байхгүй, хүмүүн бус “анти  эдийн засаг” гэж нэрлэж болно.
 
Шалтгаан нь хаана байна ?
 
Дээр дурдсан бүх дутагдал, гажуудал, антисистемийн нуралт өнөөдөр бий болоо юу ? Мэдээж хэрэг үгүй.
 
Энэ бүх лай ланчиг 30 жилийн өмнөөс бага багаар эхэлсээр, энэ бүх хугацаанд нэмэгдэн хурсаар байгаад давж дийлдэхийн аргагүй хур гажиг болж, эдүгээ аливаа эрүүл ухааны хязгаарыг даван гарч, өнөөдөр жам ёсоороо өөрөө нуран унаж байна.
 
Тэгэхдээ одоо бол нэг газраас биш, харин бүх хүрээ, бүх салбарт, бүх түвшинд адгийн антисистемийн идээ бээр шахагдаж гарч байна. Нэгэнт антисистемийн нуралт эхлэж, бүх салбарт, бүх түвшинд идээ бээр садарч эхэлсэн бол түүнийг зогсоох боломж ямар ч Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдад байхгүй.
 
Антисистемийн задрал нуралтад 2 том хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдэх нь, МАН-ын бүлэглэлүүдийн зөрчил хурцдаж, өрсөлдөөн тэмцэл хайр найргүй болж, чингэхдээ бүгдээрээ шахам “шударга үнэний төлөө тэмцэгчдийн” дүр исгэж байна. Удаах нь ард түмний дургүйцэл тэмцэл нэмэгдэн хурцдаж, төр засагт төрөл бүрийн бүтэх, бүтэхгүй шаардлага тавьж эхлэв. Ард түмэн төр засгаас айхаа болж эхлэв. Энэ хоёр хүчин зүйл нийлээд ирэхээрээ антисистемийг устган арилгах, оронд нь илүү шударга, зөв систем бий болгох сэтгэл зүй, хандлагыг бий болгож байна.
 
Нөхцөл байдлын дуудлага хийгээд өөрчлөлт
 
Огт өөрчлөгдөхгүй юм гэж хорвоод үгүй. Түүний дотор манай антисистем, түүний оршихуйн нөхцөл маш их өөрчлөгдсөн. Харамсалтай нь энэхүү антисистемийг байнга, олон жил судалсан хүн Монголд тун цөөхөн. Гэлээ ч гэсэн 30 жилд энэхүү антисистемд болсон өөрчлөлт, хувирлыг товч дүгнэвэл бүх зүйл ойлгомжтой.
 
Нэг. “Эзэнгүй” байсан улсын болон нийтийн өмчийг өмч хувьчлал нэрийн дор дээрэмдэж, хулгайлж авдаг 1990-2000-аад оны хавтгай дээрэм түүх болон үлдэв. Одоо ихэнхи өмч хөрөнгө эзэнтэй болж, өөрийнхөө өмчийг дээрэмдүүлээд зүгээр сууж байдаг хүлцэнгүй, тэнэг хүн байхгүй болов. Эдүгээ ганц нэг тохиолдол байгаа ч заавал хэл ам хэрүүл шуугиан дэгдээх болов.
 
Хоёр. Банк дээрэмдэх “шалгарсан”, “ёс заншил” болсон хуучин аргын бүх боломж шавхагдав. 30 жилд 17 банкны толгой залгиж байхад хэдхэн хүн хэл ам татдаг байсан бол одоо бараг бүх нийтээрээ жигшин зэвүүцэж, нэхэл дагал хийдэг болов. Саяхан болтол банк дээрэмдсэн ЕС-ийг огцруулаад л “бүх асуудлыг хаадаг” байсан бол одоо буруутай эздээр нь эргэн төлүүлэхийг шаардах болов. Мөн хамгийн сонин нь банкны дээрмийг хажуунаас нь илчилдэг байсан бол энэ удаад ЗГ илчилж байна. Шуудхан хэлэхэд банкны илт дээрмийн бүдүүлэг үе өнгөрсөн одож байна. Харамсалтай нь банкны дээрэмчид үүнийг “ойлгохгүй” байна. “Ойлгохгүйгээр” үл барам ямар ч ял шийтгэлгүй өнгөрөх гэж бүх чадлаараа тэмцэж байна. Гэхдээ энэ балмад арга явцгүй бөгөөд ирээдүйгүй болсон нь тов тодорхой. Учир нь банкны хулгай, дээрмийн мөнгийг манай ард түмэн төлж чадахгүй, бас хүчрэхгүй болсноос гадна дургүйцэл, эсэргүүцэл улам бүр нэмэгдэж байна.                
 
Гурав. Байгалийн баялгийг гадаадынхантай нийлж тонон дээрэмддэг үе бас дуусах тал руугаа орж байна. Хөтөл, Эрдэнэт, Оюу Толгой болон Таван толгойн г.м. нэлэнхүй хулгай дээрэм, түүний эзэд ил болов. Энэ бүх гэмт хэргийн эзэн нь ард түмэн биш, сөрөг хүчин биш, харин монголын төр засгийн эрх мэдэлтнүүд юм. Энэ илт тодорхой факт баримтыг үл тоох, дарж өнгөрөөх новшийн аргын боломж шавхагдаж байна. Мөн нэг гэмт хэргийг нөгөө гэмт хэрэгтэй барьцаалж, будлиулдаг, замхруулдаг, завхруулдаг адгийн аргын боломж ч бас шавхагдаад байна.        
 
Дөрөв. Шүүх, прокурор, Цагдаа, Тагнуулын этгээдүүд бүлэглэж байгаад бусдын өмч хөрөнгийг булаан дээрэмдэх заваан гэмт хэрэг явцгүй болж байна. Өршөөлийн хууль гаргадаг, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж залилдаг гэмт хэргийг шууд эсэргүүцэх хүн, байгууллагууд бий болов. Учир нь зөрчилдөгч, өрсөлдөгч нөгөө талууд “өөрийн” гэсэн Шүүх, Прокурор, Цагдаа, Тагнуулын хамгаалалтад орж, “зүгээр сууж байгаад” дээрэмдүүлдэг үе улиран оджээ. Мөн хохирсон талыг хамгаалах улс төрчид бий болов. Өөрөөр хэлбэл хууль шүүх, хүчнийхний дурын гэмт хэрэг дуулиан шуугиан дэгдээсэн улс төрийн “том” асуудал, хэрүүл тэмцэл болон хувирав. 
 
Тав. Төрийн хулгай, дээрмийн гэмт хэргийн талаарх суурь өгөгдөл (баз данных) хаа сайгүй бий болсноор гэмт хэргээ дарах, магтагнуулах, чимээгүй өнгөрөх “зан заншил” бас л явцгүй болов. Саяхан төрийн гэмт хэргийн тоо баримт, “данс бүртгэл” А.Баатархуяг, Г.Уянга, Л.Мөнхбаясгалан, Б.Отгон болон мань мэтийн хэдхэн хүнд байсан бол одоо маш нарийн бөгөөд өргөн өгөгдөлтэй суурь өгөгдөл өрсөлдөн тэмцэлдэгч бүх талуудад бий болж, хүссэн үедээ дурын гэмт хэргийн бодит баримт, фактуудыг дахин сөхөж, гаргаж ирэх болов. Одоо бол компьютер сонирхдог захын пацаан “өөрийн” гэсэн суурь өгөгдөлтэй болжээ. Энэ шинэ нөхцөлд төрийн гэмт хэргийн дарах, мартагнуулах боломж үлэмж хумигдав.
 
Зургаа. Ард түмний дургүйцэл, жигшил үлэмж нэмэгдэж, тэсрэлтийн байдалд оров. Манай ард түмэн бүр 1990-ээд оноос ардчилал, зах зээл гэдгийг “шударга ёс” гэж ойлгож ирсэн. Иймээс монголчууд  ардчиллыг “шударга болгох” гэж янз бүрийн түвшинд, янз бүрийн аргаар тэмцэж, энэ нь иргэний хөдөлгөөн, ТББ-уудын тэмцлээр тодорхойлогдож байв. Гэтэл 2000-аад оны үеэс ард түмний тэмцэл мухардалд орж, хүч нөлөө нь суларч байхгүйтэй адил болов. Энэ нь зөвхөн ард түмний идэвхигүй байдлаас шалтгаалаагүй, харин төр засгийн зүгээс ард түмний тэмцлийг дарах, хутган үймүүлэх, айлгах бодлого хэрэгжүүлсний бодит үр дүн юм. Харин одоо буюу 2022 оноос эхлэн ард түмний дургүйцэл, тэмцэл шинэлэг байдлаар дахин сэргэж байна. Эдүгээ манай ард түмэн улс орны доройтол буурал, хямралын үндсэн шалтгаан нь “дээр байгаа” эрх мэдэлтнүүд гэдгийг баттай ойлгосон. Ард түмний энэ дургүйцэл тэмцэл өдөр болгон нэмэгдэж байна. Одоохондоо голдуу нийгмийн сүлжээгээр үзэл бодол, дургүйцлээ илэрхийлэх хэлбэртэй байгаа боловч тун удахгүй зохион байгуулалтын ямар нэг хэлбэрт орно гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
 
Долоо. Хамгийн чухал бөгөөд цоо шинэ үзэгдэл бол манай залуучууд дургүйцэл, жигшлээ чөлөөтэй илэрхийлж эхлэв. Одоохондоо залуучуудын үзэл бодол, шүүмжлэлд “болсон болоогүй”, “зөв буруу” олон зүйл байгаа боловч тун удахгүй бүх нийтийн эсэргүүцлийн нэгдмэл нэг урсгал болон өрнөх нь эргэлзээгүй.    
 
Найм. Саяхан болтол төр засгийн гэмт хэргийн ганц нэг баримтыг тойрон шуугиж хэрэлддэг байсан бол одоо төр засгийн гэмт хэрэг бөөн бөөнөөрөө, бүх салбарт, бүх түвшиндзэрэг зэрэг гарч ирэх болов. Энэ үзэгдэлд олон нийтийн толгой эргэж байгаагаас гадна төр засгийн ч гэсэн “толгой эргэж” гүйцсэн нь тов тодорхой байна. Хэн бүхний нүдний өмнө болж буй антисистемийн нуралтад цэгцтэй, дүгнэлт, зоримог гаргалгаа хийх төр засаг, улс төрч бараг алга. Энэхүү новшийн антисистемийн нуралтыг нотлох шиг амархан юм алга. Жи нь: аль ч улсад хамгийн хүмүүнлэг, хамгийн энэрэнгүй байдаг эрүүл мэнд, боловсролын салбар муу муухайгийн сонгодог жишээ болон хувирав. Сүүлдээ хүнээ ч халж чадахаа болив. Нэг сургуулийн захирлыг халах гэж бараг дайн өрнүүлж, Оростой холбоо харилцаагаа таслах шахуу “томруулж” байна. Нэг төрөх газрын даргыг ажлаас халах гэж эхлээд яамны, дараа нь ЗГ-ийн, улмаар хууль шүүхийн  “том асуудал” болгон хувиргаж байна. Ийм арчаагүй төр засгийг би бол “түй”  л гэнэ. Ингэж хэлэх хүмүүс улам олон болсоор байгаа нь харин бодит үзэгдэл, хандлага юм.                             
 
Ес. Улсын төсөв болон тендерээр луйвар дээрэм хийдэг, авилгын сүлжээгээ хөгжүүлдэг зэрлэг, бүдүүлэг арга элэгдэж гүйцээд байна. Сүүлдээ ард түмэн нь хэлээд, дургүйцээд байхад тас зөрүүдлэн хулгай, дээрмээ “хээв нэг” үргэлжлүүлж байна. “Мөнх үргэлжлэх” хулгай дээрэм гэж байдаггүй юм.        
 
Арав. Монголчууд ТВ бараг үзэхээ байж, сонин унших нь эрс багасав. Энэ нь манай бараг бүх ХМХ биеэ худалдаж, эрх баригчдын гар хөл, шантаажчин болсонтой шууд холбоотой. Харин үүний нөгөө талд нийгмийн сүлжээ хүчирхэгжиж, манай нийгэм өөрөө бие даасан янз бүрийн үзэл бодлын индэр болж, нийгмийн сүлжээ ХМХ-ийг орлох болов. Одоохондоо зөрчилтэй, бүрэн цэгцрээгүй боловч манай нийгмийн сүлжээ өдөр бүр улам хүчирхэг болсоор байна. Нийгмийн энэхүү аварга сүлжээг хэн нэгэн нам бүлэг дангаар удирдах, захирах боломж угаасаа байхгүй.
 
Ингээд нийтэд нь аваад үзвэл манайд бугшиж тогтсон ардчилалтай огт хавьтахгүй, зах зээлийн бус антисистем хямралаас нуралт руугаа шилжиж задарч байгаа нь тодорхой байна.
 
Дээрх шалтгаан нөхцлийг бүрийг дэлгэрүүлж, тус бүрээр нь олон боть ном бүтээж болох ч эхний удаад энэ 10 дүгнэлт хангалттай.
 
Энэ бол хэн нэгэн сонирхогчийн тэнгэр харж байгаад хэлчихсэн дүгнэлт маягийн хийрхэл биш, харин энэ адгийн антисистемийг бүх талаас нь тасралтгүй 30 шахам жил судласан монгол судлаачийн дүгнэлт юм. Анх 1998 онд намайг “системийн хямрал эхэлж байна” гэж дүгнэсэн ном бичихэд Н.Энхбаярын МАН намайг “шизотой”, “мэдрэл муутай”, “номын цагаан солиотой” гэж хочилж, шахан хавчиж, хэлмэгдүүлснийг олон хүн мэднэ. Иймэрхүү байдлаар МАН болон МАН-ын төр засаг намайг “нийгмээс хасаад” олон жил болсон ч миний хийсэн системийн дүгнэлт болгон өнөөдөр батлагдаж байна. Алдаа дутагдлыг тухай бүр засах өргөн боломж байсан ч монголын эрх мэдэлтнүүд хулгай, дээрэм, авилгын замыг илүүд үзэж түүгээрээ замнасан бөгөөд эдүгээ тэд улс орныг сүйрлийн ирмэг рүү хөтлөн авчирлаа.
 
Нөгөө талаас нам төрийн эрдэмтдийн багийг таягдан хаяснаараа нам төрийн тэнэглэлийн хэмжээ тэнгэрээс ах болсныг дурдах нь зүйтэй. Лав л одоо МАН болон АН-д эрдэм мэдлэгтэйд оруулаад тоолчихмоор сэхээтэн бараг байхгүй болж, үндсэндээ тэнэгүүдээр дүүрсэн хэдий ч нөгөө талаасаа тэнэг хүмүүс чинь мангар зоригтой байдаг нь гачлантай бөгөөд аймшигтай…       
 
Нуусан ч тодорхой, нуугаагүй ч тодорхой эвдрэл…
 
Манайд болж буй антисистемийн хямрал, задрал нь Л.Оюун-Эрдэнийн засаг барьж байгаатай орон зай, цаг хугацааны хувьд яг давхцаж байгаа нь нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэх, бодит анализ дүгнэлт хийх боломжийг ихээхэн түвэгтэй болгож байна.
 
Өнөөгийн манайхны сэтгэл зүйн байдлаас үзэхэд антисистемийн задралын бузар булайд хилэгнэсэн ард түмний олонхи Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т уураа гаргаж байгаа нь илт. Энэ нь ч зөв, ингэхээс өөр арга байхгүй. Өөр хэнийг шүүмжлэх юм ?! Гэхдээ ялгаа бий. Хэрэв өмнөх 30 жилийн антисистемийн гажгийг ярья гэвэл зөвхөн МАН-ыг онилох ёстой, хэрэв одоогийн алдаа оноог ярья гэвэл Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ийг шүүмжлэх ёстой.
 
Гэхдээ энэ хоёрын аль нь илүү жин дарах бол ?! Мэдээж, хүмүүс янз бүрээр л дүгнэх байх. Харин би бол өмнөх 30 жилийн алдаа, гажиг, нүгэл илүү хөнөөлтэй бөгөөд муу уршигтай гэж ямар ч эргэлзээгүй дүгнэнэ.  
 
Эндээс Л.Оюун-Эрдэнийг яаж л бол яаж шүүмжилж болно, гэхдээ ганцхан Л.Оюун-Эрдэнэ дээр сүүлийн 30 жилийн бүх хог новш, идээ бээрээ цацаж, түүнд тохож болохгүй гэсэн цорын ганц дүгнэлт гарна.              
 
Яагаад ? Яагаад гэвэл 30 жилийн турш антисистемийг бүтээсэн гол буруутнууд бүх жорлонгоо Л.Оюун-Эрдэнэ рүү асгаж, түүгээр туг тахьчихаад хуучин антисистемээ хэвээр нь авч үлдэх өргөн боломж байгаагаас гадна энэ чиглэл рүү түлхэж байгаа улс төрийн бүлэг хүчин идэвхижиж байна. Харин энийг бол олон хүн олж харахгүй байна…
 
МАН дахь шинэ бүлэглэлүүд хийгээд “иргэний дайн”
 
Саяхан буюу 2021.08.16-нд “МАН дахь “иргэний дайны” эхлэл” өгүүлэл бичээд блогтоо тавьчихсан чинь манай “яруу алдарт” Тагнуулын Газраас над дээр ирж: Та “иргэний дайн” гэж бичлээ, энэ чинь олон түмнийг иргэний дайнд уриалж байна гэхчлэн байцааж сүржигнэж билээ. Одоо МАН доторх иргэний дайн ид болж байна.
 
Саяхан болтол бид МАН доторхи бүлэглэлийг дарга нараар нь нэрлээд сурчихсан байлаа. Харин одоо бол огт өөр зарчмаар МАН дахь бүлэглэлүүд зааглан үзэх ёстой. МАН-ыг антисистемээ хэвээр нь хадгалан үлдэх нэг бүлэг, антисистемийг эвдэх хандлагатай удаах бүлэгт хуваан үзэж болно. Мөн “завсрын шинжтэй” 2 ч бүлэглэл МАН-д одоо байгаа. Үүнийг хялбарчлан МАН-ыг хуучинсаг болон шинэлэг бүлэглэл гэж нэрлэсэн ч болно. Практик дээр МАН дахь эсрэг тэсрэг энэ 2 бүлэглэлийн өрсөлдөөн тэмцэл өрнөж байгааг хялбархан нотолж болно.
 
Судлаач Ганаа “лаг мундаг” болохоороо МАН-ын бүлэглэл, тэдний зөрчлийг ил гаргаад ирлээ гэж дүгнэвэл тун их эндүүрэл.
 
МАН дахь бүлэглэлүүдийн илт бөгөөд бодитой тэмцэл, зөрчлийг бүхнээс илүү мэдэж, яс махаараа амсаж, нуун дарах гэж үйлээ үзэж байгаа хүмүүс бол МАН-ын өнөөгийн удирдагчид, тухайлбал У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нар мөнөөсөө мөн.
 
Ийм атлаа тэд бараг бүгдээрээ МАН дахь бүлэглэл хоорондын зөрчлийг олон түмнээс нууж, МАН “эвтэй найртай”, “нэгэн санаагаар зүтгэж”  байгааг “нотлох” гэж зүтгэж байна.
 
Энэхүү тэнэг бөгөөд бүтэлгүй үйлдлээрээ тэд монголын ард түмнийг ч, бас өөрсдийгөө ч хууран мэхэлж байна. МАН-д антисистемээ хадгалан үлдэх гэсэн нэг том бүлэглэл, хүссэн ч эс хүссэн ч шинэчлэл хийхгүй бол бүтэхгүй, болохгүй гэсэн өөр нэг бүлэглэлийн хооронд ширүүн тэмцэл болж байна.
 
Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэс хөндлөн дүгнэлт хийж байна. Саяхан тэрээр: “эрх мэдэл, бүлэглэлийн эрхшээлд орж, МУ-ын иргэдийн боломжийг хулгайлсан хэсэг бүлэгтэй тэмцэж байгаа” гэж мэдэгдэв.  
 
“МУ-ын иргэдийн боломжийг хулгайлсан хэсэг бүлэг” гэдэг нь зөвхөн МАН дотор байгаа бүлэг этгээд гэж ямар ч хүн ойлгоно. Гэтэл Д.Амарбаягалан ингэж “ойлгосонгүй”, шал өөр тийш дүйвүүлж: “Энийг хийж буй хүмүүсийг АН-ын эрх мэдэлдээ улайрсан зарим нэг нөхдүүдийн хийж буй явдал гэж харж байна”, “сөрөг хүчин МАН-ыг эв нэгдэлгүй болгож, төрийн хэвийн ажлыг алдагдуулж байна” гэж шүүмжлэв. Үүн шиг буруу дүгнэлт байхгүй. 
 
Би Д.Амарбаясгаланг маш сайн мэднэ, бас хувийн харилцаа ч муугүй. Би л лав Д.Амарбаясгаланг юмны наад цаадахыг ойлгохоо байсан усан тэнэг гэж ойлгохгүй байна. Тэр дэндүү ухаантай, бас муугүй туршлагатай, сайн координатор (зохицуулагч), цагаа тулбал тун зальжин бөгөөд хорон. Шууд бөгөөд ил тодоор хэлсэн нь Д.Амарбаясгалан болохоос одоогийн нам төрийн удирдагч У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар ч МАН-ын “эв нэгдлийг” хамгаалах гэж үйлээ үзэж байна. Яагаад ? Бүгдээрээ тийм тэнэг лаларууд уу ? Үгүй л дээ…
 
“МАН-ын дайсан бол МАН, цаг хугацаа хоёр”, “Журмын нөхдийнхөө авилгатай хуулийн хүрээнд тэмцэнэ” гэсэн үгийг би хэлээгүй, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн.(2022.01.10.)     
 
Одоо ажаад байхад Х.Нямбаатар дайснаа МАН дотроосоо биш, харин ард түмнээсээ илүүтэй хайж байна, том жижиг олон асуудлыг зэрэг зэрэг шүүрч авч байна, мөн асуудлыг шийдэхээсээ илүү их “тайлбарлаж” байна. Одоо түүний хийх гол ажил бол төр, МАН-д нүүрлэсэн хавтгай хулгай, дээрмийн бүх нүх сүвийг хаах явдал мөн. Бусад нь бол дараа хийж болох “жижиг сажиг” асуудлууд юм.  
 
МАН-ын удирдагчид МАН-аа 2024 оны УИХ-ын сонгуульд ялуулах “чин хүсэлдээ” автагдан, МАН-ын “эв нэгдлийг” зарлан тунхаглаж, худал пиардаж байна.   
 
Энд 2 өөр, эсрэг тэсрэг ойлголт, хандлага гарч ирнэ. Нэгдэх нь МАН-ыг хулгайч, дээрэмчдээс нь цэвэрлэх, нөгөө нь МАН-ын хулгайч дээрэмчдийг авч үлдэх. Эхнийх нь маш хүнд боловч зөв бөгөөд ирээдүйтэй, удаах нь маш амархан боловч улс орон, үндэстнийг гарцаагүй сүйрэл рүү хөтөлнө.  
 
“МАН-ын хулгайч дээрэмчдийг 2 хоногийн дотор чарлуулж гаргаж ирээд 7 хоногийн дотор дүүжилж ал” гэж би огт хэлээгүй байна. Гэхдээ энэ үгийг маш олон хүн хэлэх болсныг зориуд  сануулж байна.
 
Харин би МАН-ын дотор хавтгай нүүрлэсэн, нэлэнхүй хулгай, дээрмийн бүх нүх сүвийг хааж, бохир заваан хулгай дээрмийг зогсоох нь манай улс үндэстний амин чухал зорилт гэж үзэж байна. Учир нь манай ДНБ-ээс 5-7 дахин давсан асар их хулгай дээрмийн чинь пянг манай эдийн засаг, нийгэм, монголчуудын сэтгэл зүй, бодит амьдрал цаашид даахгүй, тэвчихгүй зааг, босгонд тулж ирээд байна.           
 
Хэрэв МАН-ыг “эв нэгдэлтэй” гэж харуулахыг хүсч байгаа бол эхлээд МАН доторхи авилга, хулгай, дээрмээ зогсоох, хумих ажлаас эхлэх ёстой. Ер нь бол эдүгээ илрээд буй том том гэмт хэргүүдийг бүгдийг нь нам харгалзалгүй шийдэх, мөн УИХ болон МАН дотор болон нийт ард түмнээр илт тод хэлэлцүүлэх нь зөв бөгөөд зүйтэй.
 
Ингэж хэлмэгц л төрийн үйлдсэн асар олон гэмт хэргийн “дэс дараа”, “хүнд хөнгөн”, “их багын” талаар маргалдаж асуудлыг завхруулах, замхруулахыг оролдоно, харж л байгаарай. Өөрийн намын хүн үйлдсэн бол “хөнгөн”, өөр намын хүн үйлдсэн бол “хүнд” гэмт хэрэг гэж үздэг усан тэнэг, лаларын зангаа л орхичих. Ингээд л болоо.
 
Одоо алинаас нь эхлэх вэ ? гэж ахиад л асууна. Бодоод байх юу байна, зүгээр л нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргээс л эхэл. Зөвхөн энэ 2 гэмт хэргийг шийдэхэд л улсын төсвийн аварга алдагдал алга болно, манай ДНБ хоёр дахин өснө.        
 
Одоо дараах улс төрийн дүгнэлтийг бат итгэлтэйгээр хийж болно:
 
Төр доторхи, тодруулбал МАН доторхи нилэнхүй хулгай, дээрэм, авилга болон авилгын сүлжээтэй тэмцсэн улс төрч болон бүлэглэлийг дэвшилтэт, ирээдүйтэй, үндэстний баатар гэж үзэж болно.
 
Харин төр доторхи, тодруулбал  МАН доторхи нилэнхүй хулгай, дээрэм, авилга болон авилгын сүлжээг хаацайлж, янз бүрийн аргаар өмгөөлж, хаацайлж, авч үлдэх гэж оролдсон улс төрч болон бүлэглэлийг бурангуй, хорлогчинтой, үндэстний дайсан гэж үзэж болно.
 
Үүнийг бүр тодруулъя: Хэрэв одоо Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай, Хөгжлийн банкны дээрмийн хэргийг шийдэх талаар нам ялгалгүй тэмцэж эхэлбэл дэвшилтэт, Эх оронч гэсэн ангилалд орно. Хэрэв тэр МАН-ын илт гэмт хэргийн эсрэг тэмцэхгүй, бөөрөнхийлж, нам ялган хаацайлах гэж оролдвол мэдээж хулчгар, шударга бус, үндэстний дайсан гэсэн ангилалд орно.    
 
Одоо асуудал ойлгомжтой болсон гэж бодож байна. Төрд, МАН-д бугшсан нэлэнхүй хулгай дээрэм, авилгаас салъя гэхэд чинь толгой эргээд, эргүүлээд байх юу ч байхгүй.
 
Эдүгээ Монголын төрд урсгал засвар огт хэрэггүй, харин капитал буюу их засвар хийх цаг нэгэнт болсон…   
 
 
 
 
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/ блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/- ээс уншина уу?