sonin.mn
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: "Хоёр улсын гаалын байгууллага 430 мянган тонн нүүрсний асуудлыг тогтоочихоод байхад прокурор дээр очоод хэрэгсэхгүй болгочихсон гашуун туршлага байна. Үүнийгээ шийдвэрлэж чадаагүй учраас нүүрсний хулгай гаарчихсан. Сүүлийн 10 жилд л гэхэд 6,5 сая тонн нүүрсний хулгай байна. Цаашаа өсөөд яваад л байна.
 
 
6,5 сая тонн гэдэг нь өнөөдрийн үнээр бол 6,5 тэрбум ам.доллар. Дор хаяж 20 их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банкны хулгай 2 их наяд төгрөг шүү дээ. Хөгжлийн банкны хулгайгаас дор хаяж 10 дахин их мөнгөний хулгай байна.
 
 
Өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд иргэд, УИХ-ын гишүүд энэ талаар их ярилаа. Маш сайн. Гэхдээ үүнийг улам өргөжүүлэх хэрэгтэй байна. Тийм учраас УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байна. УИХ-ын танхимд нээлттэйгээр иргэдэд шаардлагатай мэдээллийг өг гэж байгаа юм. Нүүрстэй холбоотой 4 төрлийн том хулгай байгаа.
Нэгдүгээрт, оффтек гэрээ гэж байна. Энэ талаар бүгд ойлголтоо авчихсан байх. Нүүрсний зах зээлийн үнээс 10-20 хувь хямд авах гэрээ байгуулаад, цаашаагаа хятадуудад дамлаж зардаг. Ирэх жил 36 сая тонн нүүрс экспортлоно гэдэг төсөөлөл байгаа шүү дээ. Тэгвэл энэ 10 хувь чинь 360 сая ам.доллар болж байгаа юм. 20 хувь гэвэл 720 сая ам.доллар болно. Хоёрдугаарт, гаалийн мэдээлэлд тусгагдаагүй хулгайлагдсан нүүрсний асуудал явж байна. Энэ бол сүүлийн 10 жил монголын гааль мэдээгүй, нүдээ аниад өнгөрчихсөн. Хятадын гааль дээр бүртгэл нь байдаг.
 
 
Асуудал нь хаана байсан бэ? гэхээр 2013 онд хоёр улсын Засгийн газар ажлын хэсэг гаргаад тоогоо нэгтгээд харсан чинь 430 мянган тонн нүүрс алдагдсан байна гэдэг. Энэ бол баталгаатай эх сурвалж. Гэтэл үүнийг прокурор дээр очоод дарчихсан. Ингэж дарж болдог юм байна гээд сүүлийн 10 жил энэ тоо өссөөр байгаад 6,4 сая тонн болчихсон. Өнөөдрийн хамгийн бага ханшаар тооцоход 6,4 тэрбум ам.доллар буюу 20 их наяд төгрөгийн хулгай хийчихсэн.
 
 
Гуравдугаарт, нүүрс тээврийн бизнес. Онгоцны ханшаар нүүрс тээвэрлэсэн байна. Олон улсад онгоц нэг цаг нисэхэд 100 ам.доллар байдаг. Гэтэл манайх ердөө 30-хан км замд нэг тонн нүүрсийг 400 ам.доллараар тээвэрлэсэн гэдэг нь бодитой шүү. Бүр бизнес классын үнээр зөөсөн байна. Үүнийг хязгаарлахгүй бол Монгол улс нүүрсний зэх зээл дээрээс хязгаарлагдана. Надад ирж байгаа мэдээллээр манай нүүрс Хятад руу гараад, хятадаас Европ руу нэг тонн нь 300-400 ам.доллараар зарагдаж байна. Бид өөрсдөө хийж чадахгүй байна. Худалдан авагч тал нь харагдах байдлаараа Хятад хэдий ч цаана нь манай дарга нар байгаа гэдэгт би итгэлтэй байна.
 
Дөрөвдүгээрт, төмөрзамын хулгай. Хоёр төмөр зам тавьсан. Нэг нь зүүн тийшээ, нөгөө нь урагшаа. Цаашлаад Богд уулын урдуур тавих төмөрзамыг 8 сая доллараар хийнэ гэдэг мэдээлэл ирсэн. Энэ бүх мэдээлэл нь нууц. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр ийм аргаар маш их хулгай хийгдсэн байна. Тооцоолоод үзэхээр хамгийн багадаа 30-40 их наяд төгрөгийн хулгай хийгджээ. Үүнийг одоо л зогсоохгүй бол болохгүй. Тийм учраас эдгээр асуудлыг олон нийтийн өмнө, ил тодоор хэлэлцүүлье." гэв.
 
 
М.Чой