sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Улс орноо нэгтгэх яамны сайд Квон Ён Се CBS радиод ярилцлага өгөхдөө, долоодугаар сарын 27-нд Солонгосын дайн дууссаны ойг тохиолдуулан БНАСАУ цөмийн зэвсэг туршиж магадгүйг үгүйсгээгүй байна.
 
Лхагва гарагт БНАСАУ-д Эх орны чөлөөлөх дайны ялалтын өдрийг (1950-1953 оны Солонгосын дайныг тус улсад ингэж нэрлэдэг) тэмдэглэнэ. “Ийм магадлал бий гэж бодож байна” гэж тэрбээр БНАСАУ энэ баярыг тохиолдуулан цөмийн туршилт хийх магадлалтай байгаа эсэх талаарх асуултад хариулахдаа онцлон тэмдэглэжээ. 
 
Үүний зэрэгцээ улстөрч Пёньян цөмийн зэвсэг туршихаас татгалзаж магадгүйг ч үгүйсгээгүй байна. Түүнчлэн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны ахмад дайчдын их хурал дээр хэлэх үг улс төрийн чухал мессеж агуулж болзошгүй тул Сөүлийн хувьд ихээхэн анхаарал татаж байгааг тэмдэглэжээ.
 
БНАСАУ дахин цөмийн туршилт хийхэд бэлэн болсон бөгөөд Умард Солонгосын мэргэжилтнүүд Ким Жөн Уны шийдвэрийг л хүлээж байна гэж АНУ, БНСУ-ын төлөөлөгчид хэдэн сарын турш мэдэгдэж байгаа юм. Мягмар гарагт БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Ли Жон Соп ч мөн ийм мэдэгдлийг дахин хийсэн байна.  
 
Солонгосын дайн буюу БНАСАУ /Умард Солонгос/, БНСУ-ын /Өмнөд Солонгос/ хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн 1950 оны зургаадугаар сарын 25-нд эхэлж, 1953 оны долоодугаар сарын 27-нд дууссан юм. Энэ дайнд Өмнөд Солонгосыг АНУ ба өрнөдийнхөн, Умард Солонгосыг ЗХУ, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжиж байсан бөгөөд талуудын хооронд түр эвлэрэх гэрээ байгуулсан учир одоог хүртэл албан ёсоор дуусаагүй байгаа билээ.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг