sonin.mn
Даяаршиж буй дэлхий ертөнцөд зэрэгцэн оршиж буй хүн төрөлхтний дотроос Монголчууд чухам юугаараа ялгаатай байх юм бэ гэвэл монгол өв соёл гэж хэн ч хэлэх биз ээ. Тэгвэл бусдын соёлд уусаж шингэлгүй язгуур чанараа авч үлдэхийн нэг нь ардын уламжлалт урлагийн төрөл мөн. Энэ удаа тэр дундаас манай сонин устаж алга болж мэдэх биет бус өв соёл-исгэрээний тухай өгүүлэхийг зорьсон юм.
За тиймээ. Исгэрээ гэхээр өнөөгийнхөн тун бүдэг бадагхан мэддэг шиг байна л даа.
Нүүдэлчин малчдын эгэл амьдралаас үүдэлтэйгээр бий болсон исгэрээ гэдэг нь зүгээр нэг уйдсан юм уу, аз жаргалтай хүний хувийн зугаа биш монголчуудын язгуур урлагийн нэг төрөл гэдгийг судлаач эрдэмтэд тодорхойлсон. Тэгэхдээ бүр исгэрээ хүн төрөлхтний тэр дотроос монголчуудын уламжлалт ууган урлаг гэсэн байгаа юм.
Нэрт хөгжим судлаач Жамцын Бадраа судалгаандаа “Аль ч үндэстэнд исгэрэх, түрхрэх элементүүд байх боловч байгаль орчин, орон зай аж төрөх ёсноос шалтгаалж исгэрээ нь Монгол нүүдэлчин малчдад амьдралын зайлшгүй хэрэгцээ нь байсан бол хөгжлийнхөө явцад урлаг, уран сайхны бүрдэл болсон юм гэсэн байдаг.
 
Тэгээд исгэрээ хэмээх уламжлалт урлагийн тухай гайгүй мэдэх нэгэн эрхэмтэй уулзлаа.
Энэ хүнийг Р.Цэрэндаш гэдэг. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын унаган тэрбээр исгэрээ хэмээх урлагийн төрлийг өвлөн уламжлагч гэсэн данстай нэгэн ажээ. Түүнтэй төсөрхөн ярилцлаа.
 
-Исгэрээ гэдэг урлагийн нэгэн төрлийг өвлөн уламжилж яваа хүн гэж  таныг  Монголын соёлын төвийнхөн хэлсэн юм. Тийм болохоор эхлээд өөрийгөө товчхон танилцуулна уу?
 
-Би 1965 онд Политехникумыг төгссөн. Тэгээд Баянтээгийн уурхайд ажиллаж байгаад цэргийн албыг гурван жил хаасан. Дараа нь нутагтаа очоод сумандаа Засаг захиргааны байгууллагад албатай явлаа. Насаараа төр, засгийн ажилтан байлаа.
 
-Тэгтэл яагаад соёлыг өвлөн залгамжлагч болсон юм бэ?
 
-Багаасаа малчин ахуйд “өлгийдүүлж” өссөн хүний нэг нь би. Малчин хүн малаа тууж явахдаа, услахдаа, саалиа саахдаа исгэрдэг. Адуучин хүн уургаа тулж мордоод ухасхийхдээ л хангинатал исгэрдэг дээ.
Тиймээс нүүдэлчин малчдын амьдрал үйлстэй холбогдох жинхэнэ монгол өв соёл гэж болно. Миний хувьд бол сумандаа дарганцар албан тушаалтай нэгэн байхад сумын клубын эрхлэгчийн зааж өгснөөр Соёлын өвийн төвийн ажилтан соёл судлаач, доктор С.Юндэнбат гэдэг хүн уулзаж исгэрээний тухай бид хоёр ярилцаж байлаа. Өв уламжлагч гэгдэх эхлэл тэр.
 
-Танай удамд тийн исгэрдэг хүн байв уу. Яагаад энэ төрлийг сонирхсон хэрэг вэ?
 
-Ер нь исгэрдэггүй малчин гэж байгаагүй байх шүү дээ. Тийм болохоор манай удамд исгэрээчид байсан байж таарна. Ер нь исгэрээ малчин хүний зайлшгүй хэрэгцээ гэж болно. Морио усалж байгаа хүн исгэрэхэд салхи сэвэлзээд халуун нозооронгүй байсан унаа нь толгой хаялан сэрвэлзээд  ирнэ. Тээрсэн олон хонин дунд очоод исгэрвэл тарж бэлчээрлэдэг гээд л...
 
-Өөрөө язгуур урлагийн наадам юмуу үзлэг сорилгод оролцож байв уу?
 
-Ер үгүй. Харин энэ төрлөөрөө өөр бусдыг уран сайханд хамруулахыг л хичээдэг байлаа. Урлагаар яваагүй хүн тайзан дээр гарна гэхэд зүрх хүрэхгүй гэж боддог доо.
Харин өөрийн хэр хэмжээндээ исгэрчихнэ. Бас сонирхолдоо хөтлөгдөн энэ төрлийн тухай судлахыг оролддог юм. Манай нутаг уртын дууны нэг өлгий нутаг болохоор тэр талын юм бас сонирхоно оо.
 
-Тэгвэл исгэрээ гэдэг уламжлалт төрөл хөгжиж байна уу?
 
-Харамсалтай нь исгэрээ гэдэг энэ сайхан өв үгүй болох вий гэж санаа зовдог. Үнэнийг хэлэхэд исгэрдэг хүн нүдний гэм болчихлоо. Сайхан уртын дуучид байна. Хөөмийчид ч зөндөө. Гэтэл исгэрээ мартагдах нь. Хөдөө очиход малчид маань ч исгэрч дуулдахгүй шахам байх юм.
Малыг дурангаар хариулж гар утастай малчин хүн машинаар, бас хурдан мотоциклээр малаа хурайлан эргүүлэх болсонтой зэрэгцээд исгэрээ төдийгүй соёлын олон сайхан өв үгүйрэх янзтай.  Малынхаа захад исгэрдэг хүн цөөрч харин шүгэлдээд зогсож байх хүн олширсон гэж хэлэхэд буруудахгүй л болов уу.
Энд нэгийг сонин болгож хэлэхэд би нэг удаа контортоо исгэрч байгаад амьтны доог болж үзсэн. “Исгэрдэг дарга” нэр авсан удаатай. Гэхдээ доог нь ч яахав тэр нэрэндээ би таашаалтай байдаг.
 
 
Исгэрнэ гэдэг бол тухайн хүний сэтгэл тэнүүн, санаа бодол өөдрөг, баяр баясгалантай байгаагийн илэрхийлэл юм л даа.
 
 
Бас байгалийн цагийн байдлыг аргадах, мал сүргээ монголоороо адгуулан маллахад дөхөм үзүүлэх өвөрмөц арга хэлбэрийн нэг бол монгол өв-исгэрээ.
 
-Биднийг багад ижий, аав маань гэрт битгий исгэр гэдэгсэн.
 
-За тиймээ. Монгол хүн гэртээ исгэрдэггүй. Салхи шуурганд  исгэрэх нь буруу явдал гэдэг л дээ. Гэхдээ эрчүүд арьс,  сур элдэх, ур дарх хийх, эзэгтэй нар оёдол үйлдээ шамдах, идээ цагаагаа бэлдэхдээ аядуун зөөлөн исгэрэх нь байдаг. Ийм болохоор монгол ёс заншлын хувьд ч тийм хориотой юм биш гэж хэлж болох байх.
 
-Нутаг нутагт исгэрээчдийн тухай домог зөндөө байдаг юм билээ...
 
-Тиймээ. Манай нутагт 1930-аад оны үед амьдарч байсан С.Намсрай гэгч адуучин хүн исгэрч сурахыг хүүхэд залууст заадаг, захьдаг байсан гэдэг. Бас сайн ноён хааны сайхан исгэрээч гэгддэг Цэрэнхүү гэдэг эрийн исгэрэх нь хаа хол хэрнээ дэргэд юм шиг сонсогддог байсан тухай домог зөндөө.
Ардын жүжигчин Г.Хайдав агсны аав Гонгорыгоо Говь түшээ гүний хошууны зартай исгэрээч байсан гэж ярьдаг байсан даа.  Исгэрч явбал дэлхий уужим, инээж явбал сэтгэл тэнүүн гэсэн үг юутай оносон үг билээ.
Хангинатал дуулаад, сэнгэнэтэл исгэрч яваад хүрэх газраа хүрч хэрэг зорилгоо бүтээгээд ирээрэй гэж ерөөдөг ч бий.
Р.Цэрэндаш гуай бид ийн ярилцсаан. Энэхүү ярилцлагын тэмдэглэлдээ нэмэрлэхэд исгэрээ ер нь хэдийн үеэс үүссэн тухай өгүүлэх бол зарим судлаачид монголчууд малыг  гаршуулсан тэр цагаас эхлэлтэй гэх нь элбэг.
 
Бас халх туульстай хамт хөгжиж ирсэн гэсэн судалгаа байдаг юм билээ.
Исгэрээ гэдэг урлагийн төрлийг уламжлагч Р.Цэрэндаш зөвхөн малынхаа дэргэд л исгэрч явлаа гэсэн бол энэхүү төрлийг тайзан дээр гаргасан хүн нь Монгол Улсын гавъяат жүжигчин, ардын билгэ авъяастан, ерөөлч, туульч Х.Цэрэнчимэд аж.
Дуу хуурын өлгий- Дундговийн уугуул тэрбээр Монголын үндэсний язгуур урлагийн нэгэн төрөл исгэрээ нь тагнайн, хоолойн, шүдний, уруулын гэсэн ангилалтай. Харин зарим төрлийг судлаачид төдийлөн ялгаж үзсэн нь ховор. Исгэрээг шүгэлдэхтэй адилтгаж бүр болохгүй. Бас хөөмийн нэг төрөл гэж хэлэх ч хүн тааралддаг. Тэгвэл исгэрээ бие даасан амьсгааны урлаг юм шүү гэсэн бий.
Мөн исгэрээний тухай хуучлахдаа Дэлгэрхангай суманд Чойсүрэн гэдэг хүн байсан гэдэг. Тэр таван саахалтын газраас сонсогдохоор сайхан исгэрдэг байсан гэж нутгийн хөгшчүүл нь ярьдаг тухай өгүүлж билээ.
 
 
Х.Цэрэнчимэд цааш нь хэлэхдээ исгэрээ бол монголын дээр үеийн урлагийн жинхэнэ төрөл байсныг олон түүх гэрчилдэг.
 
 
 
Халх болон баруун монголын туулиудад “Жар жир исгэрээд жингэнэтэл хашгираад” гэж байдаг. Тэгэхээр исгэрээ туультай зэрэгцэн үүсч хөгжсөн байгаа  биз. Говийн хүмүүс бусдаас илүүтэй исгэрдэг юм санагддаг.
Сонирхуулахад “Баяндоной” гэдэг нэртэй исгэрдэг шувуу байдаг. Тэр шувууны нэрээр бид “Адуучин Баяндоной” гэдэг байгууллагатай болж исгэрээ, хулсан хуурыг хөгжүүлэх чиглэлээр ажилласан. Гайгүй хэдэн хүүхдэд зааж сургасан даа гэлээ.
 
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин