sonin.mn
Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэний 20 жилийн ойн хүрээнд Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүний нэг нь тус ангийн ахлагчийн зөвлөлөөс санаачлан Мотобуудлагын батальоны миномётын батарейны ахлагч, ахлах ахлагч М.Төмөрбарсын цуглуулсан медальлон, эмблем, логоны үзэсгэлэнг нийт бие бүрэлдэхүүнд дэлгэн үзүүллээ.
 
 
Үзэсгэлэнгийн нээлтэд ахлах ахлагч М.Төмөрбарс хэлэхдээ “2006 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийн жагсаалын даргын дамжаанд суралцаж байх үеийн ротын захирагч, ахлах дэслэгч Д.Самдангэлэгийн хобби намайг хөтөлсөн. Одоо бол манай ротын захирагч хурандаа цолтой, мэргэжилдээ гаршсан шилдэг офицер болсныг та бүхэн мэдэх байх аа. Ахлах дэслэгч өрөөнийхөө ханаар дүүрэн эмблем, лого өлгөсөн байсан. Тэгээд их эмх цэгцтэй цувруулсан нь сонирхлыг минь татаж, түүнээс хойш 16 жил цуглуулсан байна. НҮБ-ын болон олон улсын таван ажиллагаанд оролцсоноос хойш 200 гаруй медальон, эмблем, логотой болжээ” гэв. Тэрээр медальон гэдэг цэргийн амьдралын дурсамжийг хадгалдаг, эзэндээ их үнэ цэнтэй зүйл байдаг, энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан үеэ энэхүү цуглуулгаараа дамжуулан маш тод санаж байна хэмээгээд энхийг сахиулах үйлсийн онцлог, ач холбогдлыг хугацаат албаны дайдад тодорхой жишээтэйгээр ярьж өгсөн юм. 
 
 
 
 
Ахмад Д.Ганбаатар (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)