sonin.mn
Монгол эх орныхоо хөгжмийн харилцааг бүхэлд нь төлөөлөх хүн биш ч гэлээ төлөөлөн үг хэлэхээс хэмээн бодлоо.
Хуучин он улирч, шинэ он гарах дөхөж байна. Хуучин онтойгоо бид хуучин нойтон, буруу муухай бүхнээ таягдан хаяж, шинэ ондоо ашдын сайхантай золгохыг бэлэгддэг нь олон улсын ёсон.
Манай нийгэмд эдийн засгийн утгаар хөгжмийн урлаг, хөгжмийн харилцааны эзлэх хувь төдий өндөр биш. Энэ харилцааг бүчин байдаг улс нь чиг бэл бэнчин ихгүй голдуу иргэд. 
Хөгжмийн үйлдвэрлэл улсын төсөв, дотоодын нийт бүтээгдэхүүнд шуудайны ёроол дах нэгэн үр төдий. Харин ухаалгаар хөтөлбөл шуудай дүүргэж ч мэдэх нөөцтэй.
Монголын шинэ цагийн хөгжмийн харилцаа түүхэн 1921 онтойгоо зэрэгцэн, хувьсгалын бүрээн дуунаар үүтгэлээ тавьсан. Энэхүү харилцаа манай социалист реализмын урлагийн харилцааны үед машид төгөлдөржиж, өрнө дахины хөгжингүй соёлт зүүн европын орнуудын жишигт хүрч очсон байдаг билээ. Бид заримдаа эл үеээ санагалзан “алтан үе” хэмээн шүүрс алддаг.
 
 
Энэхүү бичвэр маань түүх, онолын өгүүлэл бус. Олонд хандсан эсээ - таталбар төдий юм. 
 
 
Өдгөө 2021 он сүүлээ мушгиж байна.  Энэхэн цаг дор бидний хөгжмийн харилцаа хэрхэн өрнөн буйг ажих төдий бус засч залруулах, өөлөх буруушаах  зүйл буйг энд өгүүлэе. Мэргэн цэцэндээ ч биш. Цаашид ингэж болмооргүй тул ирээдүй цагт хандаж сануулан хэлэх ёстой хэмээлээ. 
“Хөгжмийн харилцааны толгой” гэж хөгжмийн зохиол бүтээл туурвигч хөгжмийн зохиолч, мөнхүү хөгжмийн бүтээлийг шүүн тунгааж, судлан таниулах үүрэгтэй хөгжим судлалыг онцолсон хэрэг болно.
 
 
Хөгжмийн харилцаа маань хөгжмийн бүтээлээр үүсч, дууч хөгжимчид амилуулсанаар хэрэглэгч олондоо очдог. Түүнийг нь үзэгч олонд таниулан сэнхрүүлэх үүргийг хөгжмийн судлал шүүмж эрхэлдэг хэмээн ойлгодог. Энэхүү хөгжмийн гурвал харилцаа аль ч нийгэм, цаг үед хүчинтэй байна.
 
 
 
Хөгжмийн зохиолчдыг нэгтгэсэн байгууллага 1957 онд байгуулагдсан. Өрнө дахины “Консерватори” (П.Чайковскийн нэрэмжит Москвагийн) хэмээх хөгжмийн их сургуулиар “хөгжмийн зохиолч” хэмээх дээд боловсрол эзэмшсэн манай анхдагч хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа (1915 - 1991) гуай Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоог 25 жил удирдсан. Энэ үеийн “хөгжмийн холбоо” нь Хубилай хааны үеийн Хөгжмийн Яамны үүрэгтэй байсан шиг. Хэдийгээр Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Э.Чойдог, Х.Доёдорж, Г.Дарамзагд, Лха.Дорж гээд лут том хөгжмийн зохиолчдын нэрээр энэхүү байгууллага овоглосон хэдүй ч хөгжимчин, дуучин, хөгжмийн удирдаач, хөгжмийн багш, судлаачид гишүүнчлэлд нь өргөнөөр багтаж байв. Хуучин социалист орнууд болон ЮНЕСКО–ийн түвшинд олон улсын хамтын ажиллагааг эрчимтэйгээр хөтлөн явуулж байлаа.
Өдгөө Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо хэмээх байгууллагын сураг бараг алдарсан мэт. “Алтан намар”, “Морин хуур” гэх хоёрын хоёр нийгэм журам өртөөлсөн уралдааны үед л нэр нь хааяа дуулдах. Үйл ажиллагаа, гишүүнчлэлийг нь өнгөц ажвал дууны хөгжим зохиогчдын асуудлыг зохицуулдаг болтой юм.
 
 
Хөгжмийн зохиолчийн мэргэжил –дипломгүй улс “тэргүүлэх хөгжмийн зохиол” хэмээн эрээ цээргүй цоллуулдаг, төрийн шагналд нэр дэвшдэг, улсын санд бүтээл нь худалдагддаг байдал газар авах шинжтэй. 
 
 
Хөгжмийн судлал гэж урлаг судлал болон нийгмийн судлалын нэгэн ай мэргэжил манайд албан ёсоор Багшийн Дээд Сургуульд 1969 онд бий болсоон. Анхдагч төгсөгч нь  Ж.Энэбиш, Д.Батсүрэн, А.Даш нарын хөгжим судлаачид. Хөгжмийн судлалын анхны эрдэмтэн нь Д.Оюунцэцэг юм. Хөгжим Бүжгийн Дунд Сургууль 1979 оноос хөгжим судлал-онолын гүнзгийрүүлсэн сургалт хичээллүүлсэн. Энэхүү сургалтаас гарсан олон арван хөгжим судлаачид зөвлөлтийн консерваторид үргэлжлэн суралцаж, төгссөн.  
Урлаг судлалын чиглэлээр эрдмийн зэрэг цол хамгаалуулдаг зөвлөл манай оронд ганцхан СУИС–ыг түшин ажилладаг аж. Хөгжмийн судлалын чиглэлээр жилдээ цөөнгүй эрдэмтэн төрдөг аж. Энэхүү эрдэмтдийн хамгаалуулах зөвлөлд  нь хөгжим судлалын суурь мэргэжилтэй нэг ч хүн ажилладаггүй ба тэргүүлэх эрдэмтэн улс нь 30 хүрч хөгжмийн ноот, 20 дөхөж төгөлдөр хуурын барааг анх харсан, хөгжим судлалын арга зүйн “а” үсэг огт амьдралдаа заалгаагүй, мэддэггүй шинжлэх ухааны эрдэмтэн багтаж байдаг ажээ. Мэдээж тэд одон тэмдэгтэй, нэртэй алдартай, цол зэрэгтэй бүтээлтэй улс. Дотооддоо.
 
Иймд манай хөгжмийн харилцааны толгойноосоо өтсөн энэхүү байдлыг ухаарцгаагтун!
 
 
ХӨГЖИМ СУДЛААЧ, ДОКТОР Б. БАТЖАРГАЛ