Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Брэйнсторм компани хамтран хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх, хүртээмжтэй нийгмийг бий болгох зорилготой “Бэрх биш ээлтэй” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Энэ аяны хүрээнд аутизмын хүрээний эмгэгийн талаар ХБХСЗХТ-ийн Тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газрын дарга С.Батхишигтэй ярилцлаа.
-Хүүхэд аутизмтай төрөхөд нөлөөлдөг зүйл нь юу вэ. Эцэг эхийн амьдралын хэвшил нөлөөлдөг юм уу?
-Аутизмыг төрөлхийн тархины гэмтлийн улмаас үүсэх эмгэг гэж үздэг. MRI шинжилгээгээр илрэхгүй. Яагаад энэ гэмтэлд хүргэдэг болохыг одоогоор тогтоогоогүй байна.
Хүүхэд аутизмтай төрөхөд эцэг эхийн буруу хэвшил нөлөөлдөг, удамшдаг гэж хүмүүс ихээр ярьж, бичиж ирлээ. Гэвч эцэг эх, эмч нарын аль нь ч үүнд нөлөөлдөггүй бас аутизм удамшдаггүй.
-Аутизм хэдэн наснаас илэрдэг вэ. Үүнийг хэрхэн яаж таньж мэдэх боломжтой вэ?
-Хүүхдээ нэг нас зургаан сартай үед нь сайн ажиглавал мэдэгдэнэ. Анхны шинж тэмдэгүүд нь уйлах нь бага, их тайван, ээждээ гэр бүлдээ өсгөхөд төвөггүй хүүхэд мэт санагдана. Мөн ээжийнхээ нүд рүү эгцэлж харахгүй, сонирхох тоглоом нь хязгаарлагдмал байдалтай зэргээр илэрдэг. Эцэг эхчүүд “Манай хүүхэд зүв зүгээр төрсөн. 1, 2 нас хүртлээ зүгээр л байсан” гэж ярьдаг. Энэ нь дээр дурдсан анхны шинж тэмдгүүдийг залуу гэр бүл анзаардаггүйтэй холбоотой байх нь элбэг. Харин гурван нас хүрэхэд бусад хүүхэдтэй тоглохгүй, ихэвчлэн ганцаараа тоглож буй байдал, нэг төрлийн тоглоомоор удаан тоглож буй зэргээс нь нэг л өөр байгааг олж харж эхэлдэг. Гурван нас хүртэл дээрх шинж тэмдэг илэрч оношлогдох боломжтой байдаг.
-Хүүхдэд нь аутизмын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эцэг эхчүүд юу хийх хэрэгтэй вэ. Эрүүл мэндийн байгууллагад хандан оношлуулах шаардлагатай юу?
-Ихэнх тохиолдолд цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг маш сайн ажигласан байдаг. Тиймээс “Танай хүүхэд нэг л өөр байна” гэж хэлэх үед нь багштай нь сайн ярилцаж, дараагийн шатны оношлогоонд хандах хэрэгтэй.
“Манай хүүхэд аутизмтай байх ёсгүй дээ” гэж бодож хугацаа алдаж болохгүй. Учир нь эрт оношлуулснаар аутизмын онцлог, хүүхэдтэйгээ хэрхэн, зөв харилцах талаар мэргэжлийн зөвлөгөөг цаг алдалгүй авах боломжтой. Хүүхдээ эрт хөгжүүлэхэд анхаарч эхэлнэ гэсэн үг. Зарим эцэг эх харилцах аргаа сайн мэдэхгүй удаан явснаас өөрсдөө их ядарч, хүүхдээ ч стрэссдүүлж, гэр бүлээрээ яах учраа ололгүй, хүчээр асуудлыг шийдэх гэж оролдон, улмаар гадуур гарахгүй болох зэргээр гэр бүлийн тайван бус байдал үүсэх тохиолдол бий.
-Аутизмын хүрээний эмгэг гэхээр олон төрөл байдаг уу?
-Аутизмын хүрээний эмгэг гэдэг нь маш төвөгтэй ойлголт. Төрлөөр хуваах боломжгүй олон янзаар илэрч байна гэдгийг судалж аутизмын хүрээний гэж нэрлээд байгаа юм. Хүүхэд бүрд илрэх шинж тэмдэг өөр өөр байх ч том бүлгээр нь хуваавал аутизм, аспергерийн хам шинж гэсэн хоёр төрөл бий. Өндөр чадамж бүхий аутизмыг аспергерийн хам шинж гэдэг. Хэл ярианы хоцрогдол илрэхгүй, оюуны бэрхшээл хавсрахгүй. Уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэхийг уриалж байгаа Грета Тунберг охиныг аспергерийн хам шинжтэй гэдгийг ээж нь зарласан байдаг. Ерөнхий шинж тэмдэг нь нийгэмшихдээ удаан, туйлшрах хандлагатай гэж ойлгож болно. Энэ мэтчилэн өндөр чадамжийг нь хөгжүүлэн нийгэмд хэвийн ажиллаж амьдрах боломжтой. Харин аутизмийн аспергерийн хам шинжээс ялгаатай нь харилцааны эмгэг, нийгэмшлийн эмгэг, хэт туйлшрах гэсэн гурван том бүлэгт хуваадаг. Хүүхэд бүрд өөр өөр шинж тэмдэгээр илэрнэ. Оюуны бэрхшээл хавсарч илэрдэг гэсэн үг биш ч, бусадтай хэвийн харилцахад амаргүй байдаг. Жишээлбэл, зарим нь ярьдаг байхад огт ярьдаггүй аутизмтай хүүхэд ч бий. Ярьдаг, ярьдаггүй гэж бас хоёр хуваана гэх мэтээр нарийн төвөгтэй зан үйлүүд илэрдэг.
-Бид аутизмтай хүүхэдтэй харилцахдаа юун дээр анхаарах ёстой вэ?
-Дээрх онцлогуудыг нь таньж мэдээгүйгээс хүүхэдтэй хүчилж харилцах, загнах зэргээр хүч хэрэглэн үгэндээ оруулж харилцах гээд байдаг байдал ажиглагддаг. Тухайн үедээ л үгэнд орсон мэт байдал үзүүлэвч яг өдөр тутмын амьдралын дадал эзэмшихгүй л болов уу. Тиймээс онцлогт нь тохируулан, орчныг нь бүрдүүлж өгч, дуртай үйлдлээр нь дамжуулан дадал суулгах тасралтгүй үргэлжлэх тусламж дэмжлэг шаардлагатай. Үүнийг багш мэргэжилтнүүдээр заалган хамтдаа хийх юм. Гэрт нэг өөр, бусад газарт нэг өөр арга барилаар харилцвал хүүхдэд хэцүү. Иймд томчууд нэг баг болон хүүхдийн онцлогийг таньж мэдэх, ойлгох, дэмжин туслах арга замаар хүүхдүүдээ хөгжүүлэх хэрэгтэй байгааг онцолмоор байна. Мөн багш, эцэг эх хүүхдийн ажиглалт хийж, юу хийж чаддагийг нь нээн илрүүлэх, чаддаг зүйлийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайн хүүхдийг ойлгох багш, онцлогт нь тохируулсан орчин, багш эцэг эхийн нягт хамтын ажиллагаа байгаа газарт бол хаана ч хүүхэд хөгжинө. Тэр нь тусгай сургууль байна уу, ердийн сургууль байна уу хамаагүй. Хүүхдийг авахгүй гэж хүүхдийн эрхийг зөрчиж яасан ч болохгүй.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд эмчлүүлж байгаа аутизмтай хүүхдүүдийг ажиглахад тэднийг нийгмийг харилцаанд ороход ямар асуудал тулгардаг вэ?
-Тэдний онцлогийг ойлгох газар тун ховор байна. Иймээс гадуур гарч чадахгүй, сургаж чадахгүй, нийгмийн бүхий л харилцаанд орох эрхээ эдэлж чадахгүй байдалд байгаа олон гэр бүл ирж үйлчлүүлдэг. Эцэг эхчүүд “Энэ төвдөө л сэтгэл амар ирэх юм. Бусад эмнэлгээр явахаар айдастай байдаг” хэлдэг. Нийгмийн бодит байдал ийм л байгаа.
-Танай төвөөс тэдэнд ямар төрлийн эмчилгээ хийдэг вэ?
-Боловсролын тусламж үйлчилгээ бий. Энэ нь дотроо 6-7 төрлийн хөтөлбөртэй. Хөгжлийн бодит байдлын үнэлгээн дээр үндэслэн багш нар маань ганцаарчилсан сургалтын арга барилаар хүүхдүүддээ тусалдаг тул яг өөрт нь зориулж зааж өгөхийг хичээн ажиллаж байна.
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Баярлалаа. Маш хэрэгтэй зөвөлгөө байнаа Батхишиг эмчээ. Өвчний онцлогт нь тохируулан, орчин бүрдүүлж өгч, дуртай үйлдлээр нь дамжуулан дадал суулгах тасралтгүй үргэлжлэх тусламж дэмжлэг шаардлагатай. Үүнийг багш мэргэжилтнүүдээр заалган хамтдаа хийх юм. Гэрт нэг өөр, бусад газарт нэг өөр арга барилаар харилцвал хүүхдэд хэцүү. Иймд томчууд нэг баг болон хүүхдийн онцлогийг таньж мэдэх, ойлгох, дэмжин туслах арга замаар хүүхдүүдээ хөгжүүлэх хэрэгтэй байгааг онцох.... Мөн багш, эцэг эх хүүхдийн ажиглалт хийж, юу хийж чаддагийг нь нээн илрүүлэх, чаддаг зүйлийг нь нэмэгдүүлэх шаардлагатай.... гэдэг бол анхаарах ёстой чухал зүйл
Уучлаарай, гэхдээ гарчигыг тайлбарласан мэдээлэл огт байсангүй. Удамшина шүү дээ. Аутизмыг генетикийн мутаци гэж тайлбарладаг. Гентэй холбоотой гэдэг чинь л удамших боломжтой гэсэн үг. Аутизмтай хүнээс 98% аутизмтай хүн төрөх магадлалтай. Аутизмтай хүүхэдтэй хосоос 30-40% ахиж аутизмтай хүүхэд төрөх магадлал бий. Энэ хувь нь хосын нас, эрүүл мэндийн байдлаас болж хэлбэлздэг гэж баттай эх сурвалжаас уншиж бсан юм бна. Сэтгүүлчийн буруу юу, мэргэжлийн хүний мэдээлэл муутай бгаа байдал нь уу? Аль аль нь л байх.
Гарчиг нэг л тохиромжгүй байна. Удамшдаггүй биш удамших хандлагатай гэж аутизмын талаарх ном хэвлэлд бичсэн байдаг. Үнэн зөв мэдээллийг нийгэмд түгээх хэрэгтэй.
Том мэргэжилтнээр зөвлөгөө аваачээ Удамшина гэж дуулсан Гэтэл энэ хүн удамшдаггүй гэх юм Алинд үнэмших вэ Гадаадын мэргэжилтнүүд илүү судалсан байгаа Манайхан сүүлийн үед л мэдэж байгаа Дээр үед бараг оношооч тавьж байгаагүй тэнэг юмтай хүн гээд л онош өгөөд гүйцээ байсан юм биш үү Бидэнд маш нарийн мэдлэг дутагддаг байх шүү Энд бараг юм алга Маш нарийн шинжүүд байдаг юм билээ
mri -аар аутизм үздэг хайдаг гэж хэн хэлсэн юм болоо.
Тэмбүү,аутизм,дох гээд хөгжингүй капитализмын дагуул өвчнүүд байгаа байгаа.
Ер нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүмүүсийн үр хүүхэд дунд аутизмтай хүүхэд төрдөг. Нөхөр нь эхнэрээ зоддог хүчирхийлэл үйлддэг бол ийм мэдрэлийн гажигтай хүүхэд төрдөг. Эмч мэргэжилтнүүд үүнийг судлаагүй байж худал мэдээлэл тараадаг. Амьдрал дээр хүчирхийлэл дор байсан хүүхнүүдээс аутизмтай хүүхдүүд ихээр төрсөн байдаг.