sonin.mn
Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвөөс өрөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан 0-16 насны хүүхдүүдийн дунд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, нүүр, амны эмчилгээний нэг сарын аянг зарласан. Ингэснээр долоо хоногийн даваа-пүрэв гарагт хүүхдээ үзүүлэх боломжтойг тус төвөөс мэдээллээ. Эцэг, эхчүүд хүүхдээ үзүүлэх цагаа dentalcenter.mn цахим хуудсаар авах бөгөөд аян есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Энэ талаар анагаах ухааны магистр, нүүр амны гажиг заслын тэргүүлэх зэрэгтэй их эмч, Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Дэлгэржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн ачаалал хэр байна вэ?
 
-Энэ цар тахлын нөхцөл байдалд бид хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Гэхдээ эрсдэлээс айгаад зугтаад хойш суугаад байх эрх бидэнд байхгүй. Өнгөрсөн хугацаанд нийслэл хотод хэд хэдэн удаа хөл хорио тогтоосон. Тэр хугацаанд ч бид ажиллаж байлаа. Жишээ нь нэг эмч дээр өдөрт 12 хүн шинээр нүүр амны тусламж авах цаг олгогддог ба 6-10 давтан үйлчлүүлэгчид тусламж үзүүлдэг. Үүнээс шинээр нүүр амны тусламж үйлчилгээ авах иргэдийн 70 хувид нь хүүхэд үзэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Манай байгууллага зорилтот бүлгийн хүмүүст түлхүү үйлчилдэг. Тиймээс анх удаа хүүхэд үзэх аян зохиож байгаа юм биш. Манайхаар үйлчлүүлж буй хүмүүсийн мэдээллийг харахад хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Энэ жил манай байгууллагын 35 жилийн ой тохиож байна. Анх 1976 онд Улаанбаатар хот 450 мянган хүн амтай байхад 102 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан юм. Одоо бол нийслэл хотын хүн ам хэд билээ дээ! 2 дахин нэмэгдсэн байгаа. Гэтэл бид одоо 72 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Ачаалал маш их байдаг. Тухайн үед хүн амын дунд шүдний өвчлөл харьцангуй бага, хүн ам цөөн байсан ба манай эмнэлэгт хандах хүний тоо ч бага байсан юм. Тэгээд ажиллах хүний тоог 72 болгож буурсан гэдэг. Одоо хүн амын нягтаршил, нүүр амны тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо 2,3 дахин нэмэгдсэн тул манай төвийн орон тоог нэн тэргүүнд нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бид ажиллах хүний нөөцийн судалгааг жил бүр гаргаж нэмэгдүүлэх шаардлагтай байгаа хүсэлтийг уламжилдаг боловч харамсалтай нь одоо болтол шийдэж өгөхгүй л байна. Мөн бид зөвхөн нийслэлийнхээ иргэдээс гадна хөдөө орон нутгийн иргэдэд нүүр амны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Бид зөвхөн Улаанбаатар хотын иргэдэд үйлчилнэ гээд суугаад байж болохгүй учир нь аймаг, сумдад нүүр амны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний хүртээмж бага байдаг. Жишээ нь хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан нүүр амны гажиг заслын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ байхгүй. Саатсан агт арааг мэс заслын заалтаар авах нүүр амны мэс заслын эмчийн боловсон хүчин хомс, авагддаг болон авагддаггүй бүх төрлийн хиймэл шүдэлбэр хийдэггүй зэрэг нэлээд асуудлуудтай холбоотой.
 
-Цахим бүртгэлд бүртгүүлж чадахгүй байгаа гэх гомдол иргэдээс их ирдэг болов уу?
 
-Цар тахлын халдвараас сэргийлэн Хүмүүсийн дунд нягтрал үүсгэхгүйн тулд цахимаар цаг өгдөг болсон. Энэ нь цар тахлын үед ч эмч үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс цахимаар цаг олгодог болсон нь хамгийн зөв алхам гэдэгт бид санал нийлдэг. Манай цахим бүртгэлд өдөрт 2000-3000 хүн хандаж байна. Тэгэхээр заримдаа цахим системд маш их ачаалал нэг дор үүсч байгаа асуудал гардаг.
 
-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдний өвчлөлд хэр анхаарал хандуулж байна вэ?
 
-Бага насны хүүхдүүд их ирж үйлчлүүлж байна. Хүүхдэд нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлэх нь амаргүй л дээ эмчээс ур чадвар, туршлага, зан харилцаа, цаг их шаарддаг. Эрүүл мэндийн боловсрол олж авахад сүүлийн үед бүх зүйл нээлттэй байна. Цахим орчинд ч шүдний өвчлөлийн тухай эмч мэргэжилтнүүдийн ярилцлага мэдээлэл түгээмэл байдаг болсон. Гэтэл эцэг, эхчүүд их хүүхдийнхээ шүдний өвчлөлд хайнга ханддаг. Хүүхдийнхээ шүдийг 3,6 сар тутам урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, Анхаарал сайн хандуулдаг мундаг эцэг эхчүүд зөндөө бий л дээ.
 
 
 
Хүүхдийн шүдийг өвчилж цоорсоны дараа бус урьдчилан сэргийлж эрүүл байхад нь эртнээс тогтмол үзүүлж зөвлөгөө авч, эрдэсжүүлэх эмчилгээ хийлгэдэг байх чухал юм.
 
 
 
Байнгын шүд амны хөндийд ургаж гарсан хойно цооролоос урьдчилан сэргийлж, хамгаалалтын наалт тавиулж байх шаардлагатай юм. Хүний шүд төвгөр ховилын шинжийг агуулсан байдаг. Шүдний ховил хонхорт хоол хүнсний үлдэгдэл ба өнгөр гэж зүйл дутуу цэвэрлэснээс үүдэж шүдний эргэн тойронд хуримтлагдаж нянгийн үржил, шүдний чулуу, буйлны үрэвсэл, цоорол зэрэг өвчлөлүүд үүсдэг. Шүдээ зөв арга, аргачлалаар угааж хэвших, дадал зуршилд суралцах нь хүн бүхний мэдэх ёстой асуудалын нэг юм. Буруу арга аргачлалаар угаагаад байвал хэр үнэтэй сойз, оо хэрэглээд ч нэмэргүй юм. Биднийг бага байхад эмээ өвөө минь хатуу ааруул, ээзгий, булчин мах, зажилбар ихтэй хоол хүнсийг түлхүү идүүлдэг байсан. Энэ бол уламжлалт маш зөв арга. Нийгэм эдийн засаг, улс орны хөгжлөөс хамаарч бидний идэж ууж буй хоол хүнсэнд маш их өөрчлөлт орсон. Голдуу хэт зөөлөн зүйлс идэж уух болжээ. Хатуулаг чанартай хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр эрүүг өргөх буулгах булчин идвэхитэй ажиллаж, шүлс сайн ялгарч, шүдэнд даралт ирж, зөв зажлаж, зулгааж, бутлаж, таслаж идсэнээр бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг юм. Жишээ нь өндөр хөгжингүй европын орны иргэдийн шүдний хэлбэр ихэвчлэн том, урт байдаг. Тэдний хэрэглэж буй хоол хүнс нь дийлэнхдээ хатуу төрлийнх байдаг. Харин азийн орны хүмүүсийн шүд зайны хүрэлцээ муутай, давхардаж ургасан, шүдний байрлалын гажиг давамгайлах хандлагатай байдаг. Энэ нь идэж ууж байгаа хоол хүнстэй тодорхой хэмжээгээр хамааралтай байгааг илтгэж байна. Манай орны иргэдийн хувьд харьцангуй саяхныг болтол Азидаа шүдний зөв ургалттай орны тоонд ордог байсан гэж үзэж байна. Одоо бол байдал өөрчлөгдөж, хүүхдийн шүдний цоорол 90 гаруй хувьтай, шүдний гажиг мөн нэлээд хувийг эзлэж байгааг судлаач эрдэмтэн нар дурдсан байдаг.
 
 
Амны хөндийд үүссэн жижиг цоорлыг бид өнгөц цоорол гэдэг. Өнгөц цооролтой шүдийг нь эмчлэхэд хүүхэд бага өвдөлт мэдэрдэг. Бид өдөр бүр өглөө орой, хоол идэсний дараа шүдээ угааж хэвших ёстой. Мөн бага насныхаа хүүхдийн шүдийг эцэг, эхчүүд өөрсдөө заавал угааж өгч байх хэрэгтэй.
 
 
 
Тэгэхгүй бол хүүхэд шүдээ бүрэн угааж цэвэрлэж чадахгүй. Сүүлийн үед угжны цоорол гэж их гардаг болсон. Бага насны хүүхэд олон цаг минутаар амаа ангайлган эмчилгээ үйлчилгээ хийлгэж чаддаггүй. Тиймээс бид шүдний цоорлын эрчмийг зогсоох /сафройд япон/ түрхлэгийг түрхдэг. Энэ түрхлэгийг түрхсэнээр шүдний паалангийн сийрэгжилт явагдахгүй ба түр хугацаанд зогсоно гэсэн үг юм. Давтан түрхлэгээ мэргэжлийн эмчийн зааврын дагуу 3-6 сарын дараа дахин түрхүүлэх ёстой. Гэтэл харамсалтай нь дийлэнх эцэг, эхүүд товлосон хугацаандаа ирдэггүй. 
 
-Хүүхдүүдийн дунд шүдний гажиг хэр үүсч байна вэ. Шүд эрүү нүүрний гажиг үүсэхээс хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ?
 
-Хүн төрөлхтөн 32 шүдтэй байдаг зүй тогтолтой. Тэдгээр шүд нь тус тусын үүрэгтэй. Тодруулбал, үүдэн шүд хоол хүнсийг таслах, соёо нь зулгаах, араа бүлэг шүд нь бутлах, жижиглэх, зажлах үүрэгтэй байдаг. Шүд бол хоол боловсруулах үе шатны хамгийн анхны чухал эрхтэн гэдгийг эцэг эхчүүд мэддэггүй анзаардаггүй. Нэг шүд цооролд өртөж улмаар хүндэрч мэс заслын аргаар авахуулахад амны хөндийн зажлах бутлах үйл ажиллагааны 30 хувь алдагддаг гэдгийг төдийлөн бид мэддэггүй. Өөрөөр хэлбэл, шүд нь эрүүл бол бие эрүүл гэдэг Монголын сайхан зүйр цэцэн үг байдаг даа. Сүүлийн үед нүүр амны гажиг тохиолдлууд ихсэх хандлагатай байна. Шүдний өвчлөлөөс 100 хувь сэргийлж чадвал амны хөндийн үрэвсэлт өвчин, нүүр амны согог гажгаас давхар сэргийлэх боломжтой. Манай эцэг эхчүүд шүдний гажиг үүсэхээс сэргийлэхийн тулд хоёр зүйлийг амны хөндийд анхаарах хэрэгтэй. Хэл болон уруулын хөвчийг сайтар шалгана. Хүүхдийнхээ амыг ангайлгахад хэлний үзүүрийг нарийхан болж тагнаандаа хүрэх эсвэл хүрэх гэж эрмэлзэх ёстой. Гэтэл зарим хүүхдийнх зүрхэн хэлбэртэй болоод хэл нь дээшээ өргөгддөггүй. Ингэвэл хэлний хөвч богино байна гэж үзэж хэлний хөвч уртасгах мэс ажилбарт орох шаардлагатай. Мэдээж мэргэжлийн эмчид заавал үзүүлж заавар зөвлөмж авах хэрэгтэй. Биднийг бага байхад тараг, хоол идсэн аягаа долоо гэж эмээ өвөө нар минь хэлдэг байсан. Энэ бол хэлний хөгжлийг дэмжих маш сайн дасгал арга байсан. Уруулын хөвч гэж байдаг. Үүдэн шүдний харалдаа дээд уруулын хэсгийг эрхий болон долоовор хуруугаараа дээш татахад нарийхан хөвч харагдана. Тэр хөвч нь төвийн үүдэн хоёр шүдний голд, шүдний буйлны хөхлөгөөс дээшээ уруулын шилжих нугалаастай ойрхон байрлалтай байх ёстой. Тэр нь богино, шүдний хөхлөгтэй ойрхон байвал тухайн хүүхдийн уруулын хөвчийг богино байрлалтай байна гэж үздэг. Ам тойрсон цагираг булчин гэж бий. Уруул нь амны хөндий рүү шүдийг байнга түлхэж байх булчингийн зүй тогтолтой. Хэл нь юм ярих хоол идэх үед дотор талаас гадагшаа тогтмол түлхэж байх булчингийн зүй тогтолтой юм. Дотогш гадагш гэсэн булчингийн хөдөлгөөнд шүднүүд жигд тэгш болж ургадаг байна. Үүнийг бид эцэг эчхүүдэд ойлгуулахын тулд гажиг заслын зөвлөгөөн дээр үзэж зөвлөдөг.
 
 
Г.Сүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин