sonin.mn
Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсгэн байгуулагдсаны 110 жилийн түүхэн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
 
Таныг сайдын албаа хүлээн авахад салбарын өнгө төрх ямар байв? Ажлаа хамгийн түрүүнд юунаас эхлүүлье гэж бодсон бэ? Зорилго, алсын хараа тань юу байв?
 
-Нэгдүгээрт, Батлан хамгаалах салбар бол улс орны аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй тусгай байгууллага учраас боловсон хүчнийг нь тогтвортой байлгах зарчмыг баримтлан ажилласан. Ер нь хүнд амьдралдаа болоод ажил албандаа баримтлах зарчим гэж байдаг. Миний хувьд “Амьтны амь хороохгүй, алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй” гэсэн амьдралын зарчимтай. Улс төрд хөл тавьсан цагаасаа хойш ч эл гурван зарчмыг баримтлан, хэлбэрэлтгүй мөрдөн ажиллаж байна. Батлан хамгаалахын сайд гэхээр цэргийн хүн гэж ойлгодог нь цөөнгүй. Тийм биш. Иргэний хяналтыг тавьдаг, хэрэгжүүлдэг, улсын төсвийн зарцуулалтыг нь хянадаг албан тушаалтан шүү дээ. Энэ үүргийнхээ дагуу Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарт байгаа асуудлыг нуугдмал биш, харин ил тод байлгах, иргэний хяналтаа хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн. Хоёрдугаарт, Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх томоохон ажлууд биеллээ олсон. Гуравдугаарт, Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, цэргийн харилцаа бол манай орны гадаад харилцаанд тун чухал байр суурийг эзэлдэг. Тэрхүү гадаад харилцааг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр багагүй ажил хийсэн. Ялангуяа уламжлалт цэргийн хамтын ажиллагаатай ОХУ-тай манай харилцаа нэлээд зогсонги байдалд орчихсон байсан учраас энэ харилцааг идэвхжүүлэхийн тулд тодорхой арга хэмжээ авах шаардлага гарсан. Цэрэг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд хийж байгаа яриа хэлэлцээр, уулзалтууд бүр зогсчихсон байлаа.
 
Манай оронд айлчилсан бүхий л зочид төлөөлөгчдийг ямар нэгэн зэрэг, зиндаа хамаарахгүйгээр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ЗХЖШ-ын дарга нартайгаа хамт хүлээн авч, уулзалт зохион байгуулдаг, очиж уулзах газарт нь ЗХЖШ-ын даргатайгаа хамт очиж уулздаг болсон. Улмаар ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээх Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурлаа. Тус протоколд гарын үсэг зурснаар зэвсэг, техникийн туслалцаа үргэлжлүүлэн авах, ОХУ-д сургах цэргийн алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх боломж нээгдсэн. Мөн ОХУ-ын БХЯ-наас манай хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд Эрхүү хотноо ээлжит уулзалтыг зохион байгуулсан. Тэрхүү уулзалтад манай талаас БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, ЗХЖШ-ын дарга нарын хамт өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон Ингэснээр хоёр орны уламжлалт цэргийн салбарын хамтын ажиллагааг бид шинэ шатанд гаргасан. Батлан хамгаалахын сайдын хувьд хоёр ч удаа ОХУ-д зохион байгуулсан олон улсын хурал, тэмцээн, уралдаануудад оролцож байсан. Тэр үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгу гуайтай уулзалдсан. Мэдээж С.К.Шойгу гуайд бидний энэ бүх идэвх санаачилга, харилцааны өөр хандлагыг эрхэмлэж байгаа талаар бүх мэдээлэл очиж л байгаа шүү дээ. Тиймдээ ч Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн бол хуучин уламжлалт цэргийн харилцаагаа сэргээх оролдлого, санаачилгатай хүн гэсэн ойлголттой болсон байсан. Тэрээр олон орны Батлан хамгаалахын сайд нар, төлөөлөгчдөөс хамгийн эхэнд нь өглөөний 9 цагаас надтай 30 минут уулзана гэсэн хэдий ч цаг шахам ярилцсан.
 
С.К.Шойгу сайдтай анх уулзахдаа би Монголынхоо онцлогийг харуулсан дурсгалын зүйлтэй очиж байлаа. Дээрээс нь би өөрөө Оросуудын үүсгэн бий болгосон байлдааны бие хамгаалах урлаг болох самбо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга. Тэр бүх мэдээллүүд бүгд байдаг юм билээ л дээ.
 
Тэгээд бид нарын хамтын ажиллагаа, харилцаагаа сэргээх энэ ажил маш сайхан эхэлсэн. Хоёр дахь удаагаа бид нар хэзээний ойр дотно танил нөхрийн хувиар уулзаж, мөн цаг гаруй уулзалдахад эхний 15 минутад бидний ажил хэргийн талаар тавьсан саналуудыг бүгдийг нь хүлээж аваад, хариуцсан хүмүүсийг нь байлгаж байгаад даалгавар өгч, шийдвэрлэж байлаа. Тэр ч байтугай манай талаас санал тавьсан “Армийские игры” тэмцээний нэг төрлийг Монголд зохион байгуулах саналыг ч хүлээж авсан. “Армийские игры” бол Шойгу сайдын санаачилсан тэмцээн уралдаан л даа. Энэ тэмцээнийг Казахстан, Хятад, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр зохион байгуулдаг уламжлалтай юм. Тэр тэмцээний хүрээнд цэргийн хээрийн гал тогооны тогооч нарын уралдаан болдог. Тэр уралдааныг Монголдоо зохион байгуулъя гэдэг санал тавих нь миний яриа хэлэлцээрийн удирдамжид байсан юм. Тэгээд саналаа хэлсэн чинь С.К.Шойгу сайд “Чи байж байгаарай, би сүүлд нь чамд гоё санаа хэлнэ ээ” гээд уулзалтын дараа “За би одоо саналаа хэлье. Монголчууд бол мориороо дэлхийд гайхагдсан хүмүүс. Морьтон монголчууд дэлхийд нэр нөлөөгөө өсгөсөн гайхамшигтай ард түмэн шүү дээ. Тийм учраас наад цэргийн гал тогоо чинь биш, морин уралдааны тэмцээн зохион байгуулъя гэсэн. Тэгээд би “Шойгу сайд та маш сайхан санал хэллээ. Энэ тэмцээнийг бид зохион байгуулах бололцоо бий. Монголын үндэсний Олимпын хороо, Олон улсын морин уралдааны холбоотой хамтраад холч морины уралдааныг жил болгон зохион байгуулдаг. Энэ чиглэлээр бид их туршлага хуримтлуулсан. Тийм учраас энэ уралдааныг зохион байгуулах бүрэн бололцоотой” гэсэн. Тэр яриа хэлэлцээний дагуу олон улсын морин цэргийн “Аравт” уралдаан манай улсад амжилттай боллоо шүү дээ.
 
С.К.Шойгу сайдтай хэзээний найзууд болчихсон байж дээ ...
 
-Анх удаа очихдоо би төрийн торгон сүргээс морь бэлтгээд, өөрөө монгол бөхийнхөө хувцас, малгайтай бэлгийн морио хөтлөөд зураг авхуулж, нөгөө зургаа сайхан жаазлаад аваачиж бэлэглэсэн. Тэгээд би С.К.Шойгу сайдад “Та бид хоёр танилцсанд дурсгал болгоё. Би өөрөө Монголын манлай бөх, үндэсний спортын өв соёлыг тээгч хүн байгаа юм аа” гээд бэлгээ өгөхөд их бэлгэшээж хүлээж авсан. Уулзалтын дараа бид хоёр нэлээд удаан хуучилсан. Дараа нь “Армийский игры” наадамд уригдан очихдоо нэгэн дурсамжтай бэлэг бэлдэж очсон. Завхан аймгийн Гочоо гэж багш С.К.Шойгу сайдын аавтай танил юм байна. Тува Улсад очиж уулзаж байсан юм билээ. Тувагийн түүх, амьдрал, ёс уламжлал, соёлын талаар “Хар тас” гэдэг номыг С.К.Шойгу сайдын аав нь бичсэн юм билээ. Тэр номыг нь олон жилийн өмнө Гочоо гуай монголоор орчуулчихсан, хэвлүүлж чадахгүй байсан байж. Яг тэр үеэр надтай холбогдож таараад, би хоёр дахь удаагаа очихдоо аавынх нь номыг монгол хэл дээр орчуулсныг дахин хянаж хэвлээд, Монголын уншигчдын хүртээл болгоод, өмнөх үгийг нь орос хэл дээр бичсэн тэр номоо бэлэглэсэн. Маш сэтгэл хангалуун сайхан хүлээж авсан. Ер нь олон улсын харилцаа гэдэг хувь хүний харилцаан дээр тогтдог шүү дээ. Хувь хүний сэтгэл, хандлага гэдэг их нөлөөтэй.
 
2015 онд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль тус тус батлагдсан. Энэ ажил ямар ач холбогдлыг дагуулсан бэ?
 
-Сайдын албан тушаалыг хүлээн авахдаа юуны өмнө Зэвсэгт хүчний хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгон төгөлдөржүүлэх, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн хэм хэмжээ тогтоох, хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажилласан. Өнөөгийн дэлхийн болон бүс нутгийн цэрэг улс төрийн ээдрээтэй байдал, орчин үеийн техник, технологийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн орон зайн шинэ нөхцөл байдал нь улс орны аюулгүй байдлыг хангахад урьд урьдаас улам илүү анхаарахыг нөхцөлдүүлж байсан. Дэлхийн улс орнуудын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаанд гарч буй нийтлэг өөрчлөлтийг харгалзан, өөрийн орны батлан хамгаалах бодит хэрэгцээ, байгаа нөөц, бололцоонд тулгуурлан улс орныхоо батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төрийн бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Иймээс Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-т нийцүүлэн “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиудыг шинэчлэн баталлаа. Энэ бол Батлан хамгаалах тогтолцоог шинэчилсэн, Зэвсэгт хүчнийг хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн томоохон ажил болcон. Шинэчлэн баталсан хуулиар батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллага, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа мөн болохыг хуульчлан баталгаажуулсан. Энэ бол улс орноо батлан хамгаалах үйл ажиллагааг шинэчлэх төрийн бодлогын гол зорилт болж байгаа бөгөөд энэ зорилтыг хэрэгжүүлэгч нь зөвхөн Батлан хамгаалах яам төдийгүй төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага болж буй юм. Ийм ч учраас улс орны хэмжээнд батлан хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүргийг Батлан хамгаалах яаманд ноогдуулж, тус яамыг Ерөнхий чиг үүргийн яамны статустай болгосон. Эл төрийн бодлогыг бид талархан хүлээн авсан. Аливаа асуудалд салбарын үүднээс биш улс, эх орныг батлан хамгаалах эрх ашгийн үүднээс хандаж байх чиг үүрэгтэй болсон гэсэн үг. Төрөөс ноогдуулсан энэ чиг үүргийг манай Батлан хамгаалах яам нэр төртэй хэрэгжүүлэхээр шамдан ажилласан билээ. Эдгээрээс гадна батлан хамгаалахын багц хуулийн зүйл, заалтуудад нийцүүлэн 60 гаруй дүрэм, журам, зааврыг БХЯ, ЗХЖШ- тайгаа хамтран шинээр болон шинэчлэн боловсруулахаар ажилласан. Эрх зүйн хэм хэмжээг шинэчлэн тогтоох эдгээр баримт бичиг нь цэргийн нэгтгэл, ангиудыг шинэчлэх, хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болох тул төслүүдийг сайд, сайдын зөвлөл ул суурьтайгаар судлан хэлэлцэж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар батлуулан гаргах болсон.
 
Цэрэг дайчдынхаа эрүүл, аюулгүй байдлыг хангадаг гол байгууллага нь Цэргийн төв эмнэлэг байдаг. Өнөөдөр хүртэл дэлхий нийтийг бүхэлд нь хамарсан цар тахлын үер үүргээ амжилттай биелүүлж байна. Тус эмнэлгийн хүч, чадлыг нэмэгдүүлэх талаар хэрхэн ажилласан бэ?
 
-1921 онд Их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдсан Монгол Улсын шинжлэх ухааны ууган эмнэлгийн шинэ байр барих хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр 2008-2012 оны парламентийн бүрэн эрхийн хугацаандаа УИХ-ын гишүүн хэсэг нөхдийн хамт идэвхтэй зүтгэсэн. Тухайн оны улсын төсөвт цэргийн төв эмнэлгийн шинэ корпосууд, түүнчлэн манай улсын спортын анхны нийгэмлэгүүдийн нэг “Алдар” спорт хорооны шинэ байрны хөрөнгийг тусгуулж чадсан нь намайг сайдаар томилогдон очиход бэлэн болж ашиглалтад орж байлаа. Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, ур чадварыг нь дээшлүүлэх гэх зэрэг олон асуудлаар санал солилцож, тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлуудыг УИХ болоод Засгийн газар, яамдын түвшинд хэрхэн бодлогоор уялдуулан шийдвэрлэх талаар тохирсон. Батлан хамгаалах яамнаас "Төрийн алба хаагчдын эмнэлгийн тоног төхөөрөмж, чадавхыг сайжруулах" төслийг хэрэгжүүлэн БНАУ-ын Засгийн газраас үзүүлж буй 7,0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 60 нэр төрлийн 123 ширхэг эмнэлгийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг "Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг"-т хүлээлгэн өгснөөр цэргийн эмнэлгийн хүчин чадал эрс сайжирсан.
 
Салбарын алба хаагчдын нийгмийн асуудал үе үеийн сайд нарын анхаарал хандуулдаг чухал зорилго байсаар ирсэн. Та энэ талаар ямар байр суурийг эрхэмлэж ажилласан бэ?
 
Цэргийн мэргэжлийн хүмүүс тусгай чиг үүрэг, тушаалаар ажилладаг. Энэ хүмүүсийн нийгмийн хамгаалал, баталгааг хангах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, мөн улсын төсөв хөрөнгө хүнд хэцүү байсан ч гэсэн 2017 оны төсөвт тодорхой хэмжээгээр хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдүүлж ажилласан. БХЯ-ны харьяа ЦДБЭЧ, “Алдар” спортын хороо, ҮБХИС-д анхаарлаа хандуулах, хөрөнгө оруулалт, бусад ажлаар дэмжих, анги, байгууллагад ажиллагсдын орон сууцыг барих талаар анхаарч ажилласан. Тухайлбал, цэргийн 3-4 ангийн дэргэд байр, орон сууцыг нь барьсан. Өмнө нь Улаанбаатар хотод, эсвэл аймгийн төвд албан тушаалын орон сууц гээд барьчихсан байсан. Тэр албан тушаалын орон сууцаа анги байгууллага нь авч чаддаггүй, хуучин сууж байсан хүмүүс нь хувьчилчхаад, дараагийн хүмүүстээ байраа суллаж өгөхгүй асуудал байсан. Харин бид ярилцаж байгаад энэ талаар бодлого гаргасан. Тус бодлогын хүрээнд нэгтгэл, анги, байгууллагынх нь дэргэд орон сууцнууд барьж, тэр анги, байгууллагад томилогдож очсон хүн ажлын өрөөний түлхүүр, амьдрах байрныхаа түлхүүр хоёрыг хүлээж авдаг болсон. Ажлаар өөр ангид томилогдсон бол дараагийн ирэх хүндээ өрөөнийхөө түлхүүрийг орон сууцныхаа түлхүүртэй хамт өгдөг болсон. Тэр үед миний зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Дашзэвэг генерал “За ингээд Бат-Эрдэнэ сайд ажилласан хугацаандаа ардаа ямар нэгэн сүүл үлдээсэнгүй ээ. Ямар нэгэн дутуу дулимаг ажил үлдээсэнгүй. Зорьсон, төлөвлөсөн бүх ажил төрлөө бүрэн дүүрэн, хангалттай сайхан хийж гүйцэтгэлээ” гэсэн үнэлэлт дүгнэлт өгч байсан юм. Тэгж л ажиллаж байсан даа, бид нар. Монгол Улсын тухайн үеийн эдийн засгийн хямралт байдал, төсөв, санхүүгийн нэн хязгаарлагдмал боломж нь манай Засгийн газраас үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлого явуулахыг нөхцөлдүүлсэн.
 
Засгийн газрын энэ бодлогын хүрээнд Зэвсэгт хүчин, цэргийн нэгтгэл, анги, байгууллага бүр төрийн өмч, хөрөнгийг хууль дүрмийн дагуу зүй зохистой ашиглах, баталсан төсвийг үйл ажиллагааныхаа салаа мөчир бүрд туйлын хэмнэлттэй зарцуулах ажлыг төлөвлөн зохион байгуулж, хэрэгжилтэд хатуу хяналт тавьж ажиллах үүрэг хүлээж байлаа. Засгийн газрын хэмнэлтийн энэ бодлогыг хэрэгжүүлэхэд Зэвсэгт хүчин манлайлах ёстой. Энэ ажлыг БХЯ эхлэн хэрэгжүүлсэн. Тухайлбал, гадаад улс орнуудаас манай улсад суугаа, манай оронтой цэргийн салбарын хамтын ажиллагаатай элчин сайдуудыг Батлан хамгаалахын сайдын албан өрөөндөө хүндэтгэн хүлээн авч зоог барьдаг болсон. Улмаар Офицеруудын ордны “Соёмбо” танхимд ёслолын бүхий л арга хэмжээ, хүлээн авалтуудыг зохион байгуулдаг болсноос гадна дотнын зочин төлөөлөгчдөд халуун дулаан эерэг сайхан сэтгэгдэл төрүүлж, салбарын төсөвт тодорхой хэмнэлт хийж чадсан. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гадна дотнын хөрөнгө оруулалттай тансаг зэрэглэлийн ресторан буудалд төлдөг төлбөрийг зогсоож үргүй зардлыг хэмнэсэн. Цаашилбал цэргийн анги бүр төрийн өмч, улсын төсвийг хэмнэх бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө цахилгаан, дулааныг зохистой хэрэглэх горимд шилжих, шатахуун, түлшний үргүй зардлыг багасгах, өр авлагыг барагдуулах, шинээр өр авлага үүсгэхгүй байх гэх мэт ажил, арга хэмжээг жижиг гэлгүй тусган хэрэгжүүлж, гүйцэтгэлд хатуу хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллах шаардлагатай гэж үзсэн. Цэргийн анги, байгууллагад төрийн өмч хатуу хамгаалалтад байх учиртай. Цэргийн алба хаагч бүр төрийн өмч хөрөнгийг үрэгдүүлэх, шамшигдуулах гэмт хэрэгт орооцолдох эрхгүй. Энэ бол цэргийн алба хаагчийн цэргийн тангаргаар баталгаажсан үүрэг, хууль, дүрмээр зохицуулсан ёс зүй мөн. Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг цэргийн анги, байгууллага бүрт хэрхэн хэрэгжиж байгаад БХЯ, ЗХЖШ өөрсдийн бүтцийн нэгжүүдээрээ дамжуулан байнгын үр нөлөө бүхий хяналт тавьж байхыг даалгаж ажилласан.
 
Эх оронч үзэл гэж юу вэ, үүнийг хэрхэн бий болгох вэ?
 
-Эх орон гэдэг үнэхээр үнэ цэнтэй зүйл. Нэг хүний амьдрал хоромхон зуурынх, харин эх орон бол үүрдийн мөнх гэж нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Монголчууд бид эх оронч үзэл, ухамсрыг дээдэлж ирсэн ард түмэн. Зөвхөн хар амиа хоохойлоод ард үлдэх бус олны төлөө амьдралаа зориулж ирсэн гайхамшигтай өв уламжлал бидэнд бий гэж боддог. Тэр л ухамсарт сэтгэлгээ бол эх оронч үзэл, хандлагын гол цөм нь юм. Тиймээс эх орныхоо эзэд болсон хүүхэд, залуучуудыг өнөөдөр би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг үзлээр биш бусдын төлөө өөрийгөө яаж зориулах вэ гэсэн тийм хүмүүжил, төлөвшил, хатуужил, тэвчээрийнх нь хувьд бэлдэх ёстой. Мэдээж хамгийн түрүүнд эрүүл чийрэг бие бялдар байх хэрэгтэй. Үүний тулд бага наснаас нь урлаг, спортоор тогтмол хичээллүүлэх, ажилсаг чанарт сургах нь хамгийн чухал. Үүний үр дүнд хүүхэд, залуус хүний үг даадаг, ажлын гар даадаг болж өснө. Үүнийг ээж аав, эмээ өвөө, ах эгч, багш сурган хүмүүжүүлэгч нар нь чухалчилж зааж өгөх ёстой. Тэгж гэмээ нь эх оронч үзэл гэдэг зүйл сая бий болно. Энэ төлөвшил, ёс суртахуун, хүмүүжлийг тод томруунаар суулгаж өгдөг газар бол цэргийн байгууллага юм.
 
 Дэслэгч Т.ИДЭР
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин