сонин mn
  Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын медаль хүртээх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
         Энэ оны 07 дугаар сарын 12-ны өдөр “Хубилай” баазын байрлалд зохион байгуулсан энэхүү ёслолд НҮБ-ын “UNMISS” ажиллагааны хүчний командлагчийн орлогч, хошууч генерал МД Майн Уллах Човдхури, Юнити секторын ерөнхий зохицуулагч Хироко Хирахара, Юнити секторын командлагч МД Шамим Камал, Жуба секторын командлагч, бригадын генерал Б.Эрдэнэбат, “UNMISS” ажиллагааны үндэсний ахлах төлөөлөгч, Өмнөд секторын штабын дарга хурандаа Ж.Молорболд болон “UNMISS” ажиллагааны хүчний командлал, Юнити секторын штаб, НҮБ-ын ажиглагч офицерууд, орон нутгийн ба гадаадын цэргийн багуудын удирдлага оролцлоо. 
 
         Ёслолын ажиллагаанд оролцож буй хүндэт зочдод Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүний зүгээс үндэсний урлагийн үзүүлбэрүүд, гардан тулааны болон жагсаалын үзүүлэх тоглолтыг үзүүлсэн бөгөөд үндэсний зоог, цагаан идээ тэргүүтнийг өргөн барьсан нь тэдний сонирхлыг ихэд татсан юм.  
 
       
 
 
 
 Хүндэт зочдыг төлөөлж “UNMISS” ажиллагааны хүчний командлагчийн орлогч, хошууч генерал МД Майн Уллах Човдхури хэлсэн үгэндээ “2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ажиллагааны газар оронд ирснээсээ хойш Юнити мужийн хурцадмал цагийн байдалтай нөхцөлд энх тайван, тогтвортой байдлыг хангахад MONBATT-10-ийн оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтын үр дүнд учирч болох олон аюул заналхийллийг үгүй болгож, энхийг тогтоож байсныг энд цохон тэмдэглэж байна. Түүнчлэн Юнити мужийн Маёом болон Абиемном сууринд түр ажиллагааны баазыг байгуулан үүрэг гүйцэтгэх хугацаанд зэвсэгт этгээдүүдийн халдлага, дайралтад өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг авран хамгаалсан, дотоодын дүрвэгсдийн хуарангийн харуул, хамгаалалтын үүргийг тус улсын Зэвсэгт хүчинд хүлээлгэн өгөх ажиллагааг амжилттай зохион байгуулсан, Жам Жанг сууринд НҮБ, Улаан загалмай нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын бааз руу гэнэтийн халдлага болох үед түргэн хугацаанд хамгаалалтад авч, хүмүүнлэгийн байгууллагын ажилчдын амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалсан зэрэг ажиллагаагаар тань та бүхний мэргэжлийн ур чадварыг дүгнэж болно. Та бүхэнд болон Монгол Улсын Засгийн газарт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн онцоллоо. 
 
                                                     Ахлах дэслэгч Г.Цэрэннадмид