sonin.mn
Монголын хөгжмийн урлагийн нэгэн суутан, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой 2019 онд тохиосон билээ. Энэхүү тэгш дүүрэн ойд нь зориулан их хүмүүний намтар, уран бүтээлийн бүрэн түүвэр номыг ДБЭТ-аас эрхлэн хэвлүүлжээ. Уг номыг Монгол Улсын Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын хүү судлаач, сэтгүүлч Ч.Болд эмхэтгэн хэвлэлд бэлтгэсэн байна. Билэгийн Дамдинсүрэн, Дэндэвийн Чимэд-Осор хэмээх хоёр их авьяастан залуу насандаа “Бөмбөгөр ногоон” театрт ажиллаж, үерхэж нөхөрлөн, нэгэн гэрт хамт амьдарч байсан аж. Тиймээс Ч.Болд судлаач уг номыг аавынхаа болон их хөгжмийн зохиолчийн дурсгалд зориулан олон арван жилийн турш цуглуулсан баримт, ярилцлага, дурсамж сэлтдээ тулгуурлан бүтээжээ. Цаг үеийн нөхцөл байдлын улмаас хойшлоод байсан энэхүү номын нээлт өнгөрсөн долоо хоногт ДБЭТ-т болсон юм. Монголын анхны дуурийн хөгжмийг бичиж, Төрийн дууллын аялгууг туурвин, Дуурь бүжгийн академик театрыг үндэслэсэн энэ их хүмүүн өөрийгөө “Би энэ их айлын /ДБЭТ-ын/ ууган хүү нь” хэмээн хэлдэг байжээ. Түүний тухай хөрөг тэмдэглэлийг хүргэж байна.
 
ЦЭЭЖ САЙТАЙ ЛАМААХАЙ
 
1920-оод оны хувьсгалын сураг хараахан дуулдаагүй цаг. Автономитыг устгасан тэр жил буюу 1919 онд хуучнаар Түшээт хан аймгийн Дархан гүний хошуу, эдүгээгийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт ард Цэгмидийнд нэгэн хүү төржээ. Автономитын үед цэргийн алба хааж гавьяа байгуулсан тул Богд хаанаас Муухай баатар хэмээх цол хүртсэн Цэгмид гэгч энэ эр ширүүн дориун төрхтэй, зорьсноосоо няцаж буцдаггүй зоримог нэгэн явж. Богдод соёрхогдсон баатар эрийн бор гэрт мэндэлсэн хөвүүн хожмын шинэ Монголын хөгжмийн урлагийн тулг ын чулууг тавилцаж, Төрийн дууллыг нь зохиолцох хувьтай нэгэн байв.
 
 
 
Дөнгөж төрсөн хүүгийнхээ баруун чихэнд Дамдинсүрэн хэмээн шивнэхдээ эцэг нь Олноо өргөгдсөн Монголын төрд онц гарамгай зүтгэж явсан баргын Манлайбаатарын алдрыг бэлгэдсэн ч байж мэднэ. Юутай ч хөдсөн манцуйдаа үнэгчлэх тэр мантгар бор хүү Монголын урлагийн нэгэн их манлай нь болсон юм. 
 
 
 
Дамдинсүрэн гуайн төрсөн газрыг намтарт нь зөрүүтэй тэмдэглэсэн байх агаад Дундговь аймгийн Дэлгэрцогт сум, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Үнэгтий эсвэл мөн сумын нутаг Тариалант гэдэг газар төржээ гэсэн байх аж. Сэргэлэн, Дэлгэрцогт сумд хуучнаар Богд хан уулын аймагт харьяалагдаж байснаас бодоход Муухай баатарынх эдгээр сум, хошуудаар нүүж бууж, нутаглаж л явсан байж таарна. Ирээдүйн их хөгжмийн зохиолч яг хаана төрснийг нягталж судлах биз ээ. Сэргэлэн, Дэлгэрцогт сумын түүхийг үзэхэд аль аль нь Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн манай нутгийнх хэмээн алдартнуудынхаа манлайд бичсэн байх юм билээ.
Дамдинсүрэн хүүг балчир багад эцэг нь өөд болсон тул эх Билэгээрээ овоглосон ажээ. Тав зургаахан настайдаа ахуй амьдралын мөр хөөн ээжийн хамт Нийслэл Хүрээнд ирж суурьшиж, улмаар Гандан хийдэд дөрвөн жил хэртэй шавилан суусан нь Дамдинсүрэн гуайн намтрын нэгэн содон хуудас юм. Лам байхдаа тэвэг сайн өшиглөдөг, монгол нударган зодооноор лам банди нартай өгөө аваатай байдаг, бага жаахан гэхэд сортоотой нэгэн явжээ.
Эдүгээ Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг шүтээний их дуганын зүүн урдхан хадаг яндар бүхий модон багана бий. Энэ бол Дамдинсүрэн хүүгийн шавилан сууж байсан дуганын гол багана ажээ.
Тиймээс сэрүүн тунгалаг ахуйдаа тэрбээр Цагаан сарын битүүн, шинийн нэгэнд Гандан орж уг модон баганаа тойрч гороолдог, мөн Битүүнээс шинийн нэгний өглөө хүртэл уншдаг зэтэр хурах хуралд очиж суудаг байсан гэдэг. Дамдинсүрэн гуай төвөд болон босоо монгол бичгээр чөлөөтэй уншиж, бичдэг байсан нь багадаа хийдэд шавилан сууж сурсан эрдэм нь. Бурханы ном цээжилж, гайгүй уншлагатай лам болох магад гэгдэж явсан ламхай хожмоо хөгжмийн хүн болоод ой тогтоолт, цээж сайтайгаараа гайхагдаж явжээ. Ганц жишээ дурдахад, “Бөмбөгөр ногоон” театр галд хайлж, “Учиртай гурван толгой” дуурийнх нь бүх ноот, бичвэр шатаж үгүй болсон тул Дамдинсүрэн гуай бүгдийг нь цээжээр дахин сэргээж бичсэн гэдэг.
 
ТҮДЭВ ХУУРЧИД ТООГДСОН НЬ
 
1930-аад он гарч Дамдинсүрэн хүү бага сургуулиа төгсөв. Арванхоёрхон настай ч биерхүү, чийрэг тул “Монгол тээх”-ийн дагалдан жолооч буюу ачигчаар ажилд оржээ. Тэндээ гурван жил ажилласан гэдэг. Бүдүүн хадуун тул ойр хавийнхан нь юлдэн хөх, “Монгол тээхийн мангар хар”, бухан хүзүү гэж хочилдог байсан тухай намтарт нь бий. Түүний сонин содон, баялаг намтрынх нь нэгээхэн хэсэг энэ.
“Монгол тээх”-ийн дагалдан жолооч бөгөөд ачигч арвангурав, дөрөвтэй боловч насандаа баймгүй том биетэй өсгөлүүн хүүг урлагийн хүн болно гэж хэн ч бодоогүй байх. Гэтэл тэр бүдүүн хадуун биед баймгүй зөөлөн зан, мэдрэмтгий чанар түүнд байжээ. Нэгэн өдөр айлын хашаа, байшин хоёрын завсраас хуучны лимбэ олоод утсаар ороож, нааж засаж додомджээ. Ингээд авга ахыгаа дуурайн өнөө лимбээ үлээж дуу гаргах болж гэнэ. “Ган төмөр”, “Гандий мод” зэрэг ардын дуу тоглож сурав. Тэрбээр Л.Маам ахаасаа гадна алдарт лимбэчин Л.Цэрэндоржийн лимбэдэхийг их хардаг байсан аж.
1934 оны намрын нэгэн налгар өдөр хамар хашааны айлд нь найр наадам болжээ. Найр завсарлаж хуурчид гадаалсан үеэр Дамдинсүрэн хүү лимбийг нь авч зориглон ганц хоёр дуу тоглосонд алдарт хуурч Д.Түдэв ихэд ойшоон “Хөөрхөн лимбэддэг хүү байна. Маргааш Төв театрт яваад очоорой” гэжээ. Хэдхэн жилийн дараа Төв театрын төдийгүй Монголын анхны дуурийн хөгжмийг зохиож, улмаар улсынхаа Төрийн дууллын аялгууг туурвих их авьяастан ийнхүү айлын найран дээр лимбэ үлээж суусныг алдарт хуурч Д.Түдэв олж урлагийн замд хөтлөн оруулсан ажээ. Тэр бол 1935 он байв.
 
 
 
Дамдинсүрэн Улсын төв театрт шалгуулан дагалдан хөгжимчнөөр орж алдарт хуурч Д.Түдэв, С.Түвдэн, лимбэчин Л.Маам, шанзчин Д.Ишдулам, О.Дашдэлэг нараар хөгжимдөх арга ухаан заалгажээ. Монгол ардын уламжлалт дуу, хөгжмийн гарамгай авьяастнуудын гар дээр торнисон залуу хөгжимчин тун удалгүй өөрөө Монголын шинэ үеийн урлагийн алтан үеийнхнийг гардан хүмүүжүүлж, эрийн цээнд хүргэсэн түүхтэй. 
 
 
 
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров түүний тухай, “Жинхэнэ алтан үеийнхнийг хүмүүжүүлсэн гол хүн нь Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн гуай. Удирдаач Чинбатын аав ардын жүжигчин Ж.Чулуун, Бүтэнбаярын аав Ардын жүжигчин Ц.Намсрайжав нарыг 12-13-хан настай байхад нь театрт авч, хүмүүжүүлсэн хүн. Намсрайжав гуай, Чулуун гуай эд нарыг бид алтан үеийнхэн гэж яах аргагүй нэрлэнэ. Яагаад гэвэл, Чулуун бол маш сайн ёочинчин, Намсрайжав бол маш сайн хуучирч байсан ардын авьяастнууд. Нэг нь хийлч, нөгөөх нь валторнист болоод дэлхийн хэмжээний удирдаачид болцгоосон. Хоёулаа “Бөмбөгөр ногоон” театрын бүтээгдэхүүн учраас бид алтан үе гэхээс аргагүй болчихоод байгаа. Алтан үе дотроо алтан үеийнхнийг хүмүүжүүлсэн хүн нь Билэгийн Дамдинсүрэн. Алтан үеийнхнийг ургуулсан гол үндэс нахиа нь энэ хүн. Өнөөдөр дэлхий даяар алдраа дуурсган дуулж яваа Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарыг төрөх гол багана, хөрсөн дээр суулгасан үндэс суурь нь энэ Дамдинсүрэн. Монгол гэдэг улс хөгжмийн театр гээч юмыг байгуулаад, Дуурийн театрыг Азидаа хамгийн хүчтэй хөгжүүлсэн гэж яригдаад байгаагийн гол эзэн нь “Бөмбөгөр ногоон”-ы хөгжимчин, удирдаач Дамдинсүрэн” хэмээн өгүүлжээ.
 
ОРГИЛУУН ДУУРЬСАЛ
 
1940-өөд он бол Билэгийн Дамдинсүрэнгийн уран бүтээлийн өрнүүн гараа, оргилуун дуурьслын он жилүүд байв. Тэрбээр “Халхын голын бургас” нэртэй анхны дуугаа 1939 онд зохиож өөрөө дуулан баримтат кинонд бичүүлсэн байдаг.
Халхын голын бургасанд
Харанхуй манан бүрхээд
Тэмцлийн цахилгаан гялалзаад
 
Аянга мэт ниргэв гэсэн энэ дууны үгийг алдарт гавьяат дуучин, Зууны манлай уртын дуучин Жагзавын Дорждагва зохиосон аж. Энэ дуу Билэгийн Дамдинсүрэнгийн уран бүтээлийн гараа байжээ. Ингээд 1941-1954 онд тэрбээр Улсын төв театрын хөгжмийн удирдаачаар ажилласан байна. Энэ үедээ гол оргил бүтээлүүдээ туурвисан ажгуу. Тухайлбал, 1942 онд “Учиртай гурван толгой” дуурийн хөгжим, 1945 онд “Цогт тайж” киноны хөгжим, 1946 онд “Ийм нэгэн хаан байжээ” жүжгийн хөгжим, 1947 онд “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлолоо тус тус бичжээ. “Ийм нэгэн хаан байжээ” жүжгийн хөгжмөөрөө 1947онд тухайн үеийн маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагнал буюу эдүгээгийн Төрийн шагнал хүртэхдээ Улсын төв театрын хөгжмийн удирдаач Билэгийн Дамдинсүрэн 28-хан настай байлаа.
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадорж, “Дамидаагаас “Хэнтийн өндөр ууланд”-аа хэрхэн зохиосныг нь асуухад “Чөлөөлөх дайн дууссан намар нэг их сайхан тогтуун өдөр ногоон онгоцоор Хэнтийн нуруугаар ниссэн юм. Намар оройн байгаль, уул тэр аяараа цэнхэрлээд л, араатан, жигүүртэн түмэн хэлээр дуугараад л, зохиолч бол уянгат шүлэг бичих сэн. Миний илэрхийлдэг хэл бол хөгжим юм. Уран байгалийн өнгө зохирлыг, уул, усны шивнээг илэрхийлье гэж бодсон юм даа, хүүхээ” гэж хэлсэн сэн” хэмээн дурссан байдаг.
 
 
 
1940 оны намар ЗХУ-аас хөгжмийн зохиолч, судлаач Борис Смирнов ирж Улсын төв театрын хөгжим ангийнханд мэргэжлийн хичээл зааж эхэлжээ. Тэрбээр бага залуу голдуу хөгжимчдөд ноот зааж, заримд нь дуу зохиох арга хүртэл заасан гэдэг. Тэдний дундаас хамгийн хурдан сурцтай, авьяаслаг хэрнээ бусдыгаа удирдан зохион байгуулах чадвартай тул Дамдинсүрэнг дэргэдээ ойр байлгаж мэдэх чадах бүхнээ зааж сургажээ.
 
 
 
Монголын шинэ үеийн театрын урлагт үндэсний мэргэжлийн хөгжмийн зохиолч бэлтгэгдэн гараагүй байсан 1920-1930 онд ардын харилцаа дуун дээр үндэслэсэн дуулалт жүжиг хөгжиж байв.
 
 
Дамдинсүрэн хоёр жил хүрэхгүй хугацаанд уйгагүй хичээллэж, чамгүй их зүйл сурсны ачаар Б.Смирнов багшийнхаа дэмжлэгтэйгээр “Учиртай гурван толгой” дууриа бичиж 1942 оны гуравдугаар сард дуусгасан аж. Монголын үндэсний анхны дуурь ийн мэндэлжээ. Харилцаа дууны хэлбэр маяг нь “Учиртай гурван толгой” дуурьт Дамдинсүрэн, Смирнов нарын гайхамшигт хөгжмөөр баяжин шинэчлэгдэв.
Шинэ цагийн хөгжмийн манлай болсон эл бүтээлийг судлаачид “Ардын дуунаас ургасан цэцэг” хэмээн өндрөөр үнэлсэн байдаг. Үндэсний анхны дуур “Учиртай гурван толгой” тэр цагаас хойш 77 жилийн турш 2500 гаруй удаа тайзнаа тавигдаад буй билээ. “Монголд байтугай дэлхийд ийм олон удаа тавигдсан дуурь үгүй” хэмээн хөгжим судлаач С.Энхбулаг бичсэн байдаг.
 
 
 
“Учиртай гурван толгой” дууриа бичсэний дараа хөгжмийн зохиолч Дамдинсүрэн “Шарай голын хаан”, “Мандухай сэцэн хатан”, “Талын баатар”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Далан худалч” зэрэг хөгжимт жүжиг хошин хөгжимт жүжиг туурвисан нь 1920-1930-аад оны хөгжимт жүжгүүдээс алхам урагшилсан шилдэг бүтээлүүд хэмээн үнэлэгддэг.
 
 
 
Дамдинсүрэн 1940-1950-аад онд Улсын төв театрт тавьсан бүх жүжгийн хөгжмийг бичиж байв. Хөгжим зохиохын зэрэгцээ удирдаач, төгөлдөр хуурч, хөгжимчин, жүжигчин, дуучин гээд театрт дутагдаж буй дүр бүхэнд гарна. Ийнхүү Улсын төв театрт түүн шиг хэрэгтэй хүн байгаагүй тул нэлээд орой гадаадад мэргэжлийн сургуульд явжээ. Улсын төв театрт нийт 20 жил ажилласны дараа 1954 онд ЗХУ-ын Ленинград хотын Н.А.Римский- Корсаковын нэрэмжит хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолчийн ангид элсэн О.С.Чишко багшийн удирдлага дор суралцжээ. Ийнхүү тэрбээр С.Гончигсумлаа, Л.Мөрдорж нарын дараа гадаадад хөгжмийн сургуульд явсан аж. Ленинградад хоёр жил суралцаад “Зөвлөлтийн сэргийлэгчийг алгадсан” хэргээр эх орондоо дуудагдан ирж, жил хэртэй шоронд сууж хүртэл үзсэн гэдэг.
Эрх чөлөөгөө хасуулан Зүүнхараад мод бэлтгэж байхад нь Ардын жүжигчин Л.Цогзолмаа шуудай дүүрэн хонины чанасан толгойтой очиж эргэж байж. Тэндээс удалгүй суллагдан гараад Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрыг жилийн дотор хөл дээр нь босгож өгөөд 1958 онд БНХАУ-ын Бээжин хотын Хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид Жан Дэн Шангийн удирдлага дор суралцан төгсөж, өрнө, дорнын хөгжмийн гүн гүнзгий мэдлэг эзэмшжээ.
 
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадорж ийн дурсжээ.
 
-1986 онд Сонгинын амралтад хүндэлж биширч явдаг Билэгийн Дамдинсүрэн гуайтай нэг өрөөнд оров. Харахад эгэл борхон мөртлөө ХХ зууны хөгжмийн урлагийн үндсийг тавилцсан энэ суутан үнэхээр ихийг үзжээ. Яриад эхлэхээр ердийн л нэг хүмүүн, жирийн сайхан уран бүтээлч. Тийн байтал Дамдиагийн охин гэж тэр үед нас тогтсон хошууч ирлээ. Охины аавдаа авчирсан хишгээс амрагчид, өрөөний бид хэд хүртэв. Дамдиа бас охин үрээ боддог сэтгэл зөөлөн хүн аж. “Идэр явахад юу эсийг үзэх вэ. Сайн дарсыг ч хүртэж, сайхан бүсгүйчүүлтэй ч учирч явлаа. Тэглээ гээд хэчнээн сайхан бүсгүй байвч ганц муу охинд минь хатуу хандмаар санагдаад байхаар нь сэтгэлээ татсан юм даа” хэмээн бодлогошрон өгүүлнэ. Бас л өрөвдмөөр, хүний л амьдрал. Энэ амралтаас хойш явдал замын ая таарвал гэрээр нь ордог боллоо. Янз янзын л юм ярилцсан. Гэртээ охины хүүхэд гээд 5-6 насны зээтэйгээ сууна.
 
ОНГОДЫН ТУУРВИЛ
 
1950 онд БНМАУ-ын Төрийн дуулал батлагдав. “Үгийг Цэндийн Дамдинсүрэн, аяыг Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж. Бүгд найрамдах Монгол ард улсын Төрийн дуулал…” Монголын радио анх удаа ийн зарлав.
Төрийн дуулал батлагдтал багагүй түүх өрнөсөн гэдэг. Анх 1945 онд тусгаар Монгол Улс төрийн сүлд, дуулалтай байх нь зүйтэй гэсэн ард нийтийн санаачилга гарч тухайн онд Урлагийн хэрэг эрхлэх газраас Төрийн дууллын шүлэг бичих хаалттай уралдаан зарласан байна. Ингээд Ц.Дамдинсүрэнгийн шүлэг болон Д.Сэнгээ, Л.Дүгэрсүрэн, Ч.Лодойдамба нарын хамтран бичсэн шүлэгт ая зохиолгох болжээ. Үүний дараа 1949 онд БНМАУ-ын сүлд дууллын хөгжим зохиох уралдаанаар, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын зохиосон аялгууг шалгаруулжээ. Ингэхдээ Б.Дамдинсүрэнгийн аялгууны бадаг, Л.Мөрдоржийн аялгууны дахилт хэсгийг нийлүүлэхээр болсон байна. Улмаар 1949 оны арванхоёрдугаар сард маршал Х.Чойбалсан болон Урлагийн асуудал эрхлэх хорооны хөгжмийн зүтгэлтнүүд хөгжмийг сонсож, Төрийн сүлд дуулал болгохыг дэмжжээ. Энэ дагуу 1950 оны хоёрдугаар сарын 24-нд Улс төрийн товчооны хурлаар Төрийн дууллын хөгжим гэж албан ёсоор баталсан байна. Ая нэгэнт батлагдсан тул Ц.Дамдинсүрэнгийн шүлгийг сонгож 1950 оны гуравдугаар сард Төрийн дууллын шүлэг гэж баталсан түүхтэй. 1950 оны дөрөвдүгээр сарын 26-нд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид “БНМАУ-ын шинэ сүлд дууллыг батлах тухай” 43 дугаар зарлиг гарган баталж, 1950 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Төрийн сүлд дууллыг орон даяар эгшиглүүлж эхэлжээ.
Төрийн дуулал зохиосны тул Цэндийн Дамдинсүрэн, Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж нарт маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг олгосон юм. Ийнхүү Ц.Дамдинсүрэн гуай гурав дахь удаагаа, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар хоёр дахь удаагаа маршал Чойбалсангийн шагналыг хүртсэн ажээ.
 
НЭГЭН ЖАРНЫГ ЭРХШЭЭГЧ
 
Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж хоёр бол монгол үндэстний хөгжмийн соёлыг XX зуунд авч гарч ирээд, хойч үедээ хүлээлгэж өгсөн хоёр том зүтгэлтэн юм хэмээн Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров өгүүлжээ. Мөн тэрбээр “Энэ хоёр хүн социалист үеийн эрчимтэй хөгжлөөс өмнө улс төрийн бодлогын түвшинд хөгжмийн урлагийг гаргаж, нийгмийн дээд түвшинд авч ирсэн хоёр хүн” гэдгийг онцолсон байдаг. Шинэ Монголын хөгжмийн урлагийн тулгын чулууг тавилцаж, Монголд дуурийн урлагийг үндэслэн хөгжүүлж, эрийн цээнд хүргэсэн гавьяа авьяас билэгт хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэнд зүй ёсоор хамаарна.
Уран бүтээлийн гараа болсон “Халхын голын бургас” дуу нь “Малчид”, “Шинэ жил”, “Сүхбаатарын туг”, “Монгол нутаг”, “Энх тайвны төлөө эхийн дуу” зэрэг 40 гаруй нийтийн дуу болж арвижин, “Учиртай гурван толгой”-гоор эхэлсэн дууриуд нь “Шарай голын гурван хаан”, “Хатанбаатар Магсаржав”, “Мандухай сэцэн хатан”, “Талын баатар”, “Амарсанаа”, “Цогийн идэр нас”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Зам”, “Далан худалч” зэрэг олон арван гайхамшигт бүтээлээр үргэлжилж, “Цогт тайж”-аар салхи хагалсан киноны хөгжмүүд нь “Нөмрөг хадны цуурай”,“Ичээнд нь”,“Солонгын таван өнгө”, “Өнөр бүл”, “Хүний сайхан сэтгэл”, “Говь Хянганд тулалдсан нь”, “Сахиус уу, сахиул уу”, “Фронтод явах өргөдөл”, “Ацаг шүдний зөрүү”, “Хөх өвсний нуур хөлгүй”, “Сэрүүн дуганы мөхөл”, “Аянгат цагийн дууль”, “Эцгийн голомт” зэрэг үе үеийн үзэгчдийн мэлмий, сонорыг мялаан сэтгэлд хоногшсон уран сайхны киноны хөгжмөөр баяжжээ.
 
 
 
Монголын хөгжмийн урлагийн нэгэн жарныг батад эрхшээн, дуурийн урлагийн үндэс суурийг тавьсан энэ суу билэгтэн зөрчил тэмцэлтэй, адал явдалтай, бахархам баялаг амьдралыг туулсан нэгэн. Дамдинсүрэн гуай анх зохиосон дуугаа өөрөө дуулж, мөн “Ховдгийн гай” киноны баян эрийн дүрд тоглосон гэхээр үнэхээр дуучин, жүжигчин, хөгжимчин, удирдаач, хөгжмийн зохиолч гээд чадахгүй юмгүй, элдэвтэй хүн байжээ.
 
 
 
Энэ л чанараараа тэрбээр Улсын төв театртаа ч, улсынхаа хөгжмийн урлагт ч арилж баларшгүй яруу тод мөр, авьяас билэг цалгисан аялгуу төгөлдөр бүтээлүүдээ мөнхлөн үлдээсэн суу билэгтэн. Бүтээл бүхнээрээ тэрбээр хүний гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгосон юм. Агуу юм энгийн байдаг жамтай. Үүнийг илтгэх мэт нийслэлийн XIII хорооллын хоёрдугаар байрны гадна хананд “Билэгийн Дамдинсүрэн энд амьдарч байлаа” гэх эгэл даруухан бөгөөд товч тодорхой бичээс бүхий дурсгалын самбар бий.
 
Уул хэчнээн цэнхэртэнэ,
 
 
Төчнөөн хол гэсэн найрагчийн мөрүүдийг санахуй Монголын хөгжмийн ноён оргил уул зуун алсран холдох тусам улам яруусан тодрох ажээ.
 
 
Г.Сонинбаяр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин