sonin.mn
Ерөнхийлөгч Х.Баттулга “МАН-ыг тараах тухай” захирамж гаргав. Үүнээс хэдхэн цагийн дараа МАН хариу мэдэгдэл гаргав. Монголын нийгэм зөвхөн энэ том асуудлыг тойрон шуугилдаж, хэрэлдэж байна. Ерөнхийлөгч “нам татан буулгах” захирамж гаргахад түүнд хариулт өгөх, тайлбарлах, няцаах нь МАН-ын эрх бөгөөд үүрэг мөн. Харин улс төр, эрхийн том хэмжээний шийдвэрт МАН хариу тайлбар яаж, хэрхэн өгсөн бэ ? Энэ тухай маш товч өгүүлье…
 
“Уур нь хүрсэн” Ерөнхийлөгч зүгээр нэг давхиж гарч ирээд “тар” гэсэн бол хамаа алга. Улс төрийн том баримт бичигт яагаад ингэж буй тухайгаа тайлбарласан үндэслэл заавал байдаг. Захирамжаас харахад Ерөнхийлөгч дараах үндэслэлүүдийг дурдсан:
  1. Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлсэн
  2. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуулинд захирагдаж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулсан
  3. Монгол ардын намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргасан
  4. Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан,
  5. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн,
  6. Үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан
  7. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн
  8. Гагцхүү ҮХ-д захирагдаж, хэнээс ч хараат бусаар ҮХ-ийг манаж, чандлан сахиулах учиртай Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болгосон
  9. Монгол Улсын ҮХ, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй МУ-ын ЗГ МАН-ын шийдвэрээр нэг өдрийн дотор огцорсон г.м.  

 

 
Ерөнхийлөгч болон түүний институт эдгээр үндэслэлийг “тэнгэр харж” байгаад хэлчихээгүй, эрхбиш маш сайн бодож тунгаасан байх ёстой. Эдгээр үндэслэлийн цаана бүхий л төрлийн баримт нотолгоо байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Ер нь аливаа том хэмжээний улс төрийн баримт бичиг заавал үндэслэлээ дурдсан байдаг. Дэлхий дахинд ийм дүрэм, журамтай, ёс жаяг үйлчилдэг.  
 
 
 
 
Үүнд МАН заавал хариулт өгөх ёстой болно. Хариулт гэдэг нь тайлбар, няцаалт, үгүйсгэл зэрэг ямар ч хэлбэртэй байж болох ба үүнийг анти буюу сөрөг үндэслэл гэж нэрлэдэг. Ингээд МАН-ын Удирдах Зөвлөл хариу мэдэгдэл гаргажээ. Энэ нь зөв үү зөв, ингэх ёстой юу, ингэх ёстой…
МАН хамгийн гол нэг зүйлийг мартаагүй бол Мэдэгдэл нь “болоод явчих” байсан юм. Энхрий хайрт МАН улс төрийн баримт бичигт няцаалт хийхдээ эсрэг субъектын гаргасан үндэслэл болгонд няцаалт хийхээ “мартаж” орхижээ.
Ингэснээрээ дэлхий нийтийн байтугай, манайд тогтож заншсан хэм хэмжээг эвдэв. Харин энэ бол Гиннесийн номонд орох гаж үзэгдэл юм.
 
Энгийн жишээ авъя:                
 
Ерөнхийлөгчийн дурдсан “цэргийн бүтэц байгуулсан” гэсэн үндэслэлийн хариуд:  “МАН цэргийн бүтэц байгуулаагүй”, “цэргийн энэ бүтэц манай дарга У.Хүрэлсүх болон МАН-д хамаагүй” гэх ч юмуу хариу үндэслэл гаргах ёстой.
Эсвэл Ерөнхийлөгчийн хэлсэн: “Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо” гэсэн үндэслэлийн хариуд: “Үгүй ээ, МАН ҮХЦ-д хэзээ ч нөлөөлж байгаагүй”, “МАН-ын боловсон хүчин Д.Одбаяр хурал үймүүлээгүй”, “Хэн ч хурал хаяж яваагүй” гэх ч юмуу хариу үндэслэл, тайлбар, няцаалт хийх ёстой.
Заавал миний энд хэлсэн хэлбэртэй хариулах албагүй л дээ. Гэхдээ агуулга нь заавал иймэрхүү агуулгатай байх ёстой.
 
 
 
МАН Ерөнхийлөгчийн захирамжийн үндэслэл болгонд хариу тайлбар няцаалт өгөхийн оронд бултах, зугтах, аргацаах, гуйвуулах, дүйвүүлэх хамгийн адгийн арга хэрэглэв. МАН-ын мэдэгдэл үндсэндээ 2-хон хэсгээс тогтоно. Нэг дэх нь: Хүний эрх, ҮХ-т ёс, хараат бус шүүх, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх гэх мэт монголчуудын 30 жил сонссон “маань” уншсан, удаах нь:  “Ерөнхийлөгчид ийм эрх байхгүй.” Ингээд л гүйцээ…
 
 
 
МАН-ын Удирдах Зөвлөлийн толгой нь хамуурч, сэтгэн бодох чадвар ор тас алга болжээ. Сүүлийн үед МАН улс төрийн баримт бичиг, илтгэл айлтгалаа ч хийж чадахаа байсан гэдгийг судлаач байтугай жирийн иргэд мэдэх болсон. Одоо бүр МАН мэдэгдлээ ч гаргаж чадахаа болив.
Хүн ичиж үхмээр энэ мэдэгдлээ монголын бүх ТВ, радио, ХМХ-ээр тоо томшгүй давтамжтай цацав. Нэг их ухаантай хариу өгчихсөн юм шиг. Тэгж яривал би өөрийнхөө хувийн архиваас МАН-ын энэ мэдэгдэлтэй үг үсгийн зөрөөгүй мэдэгдэл “үй түмийг” гаргаад ирж чадна. Гэхдээ яршиг, залхуу хүрч байна.
Надтай надгүй манай ард түмэн энэ “мэдэгдлийг” чинь цээжээрээ мэднэ. Бүр залхаж гүйцсэн…
МАН-ын хариу мэдэгдэл бол үгийн тоглоом, залхтал цээжилсэн маань, усан тэнэгийн сонгодог жишээ мөн.
 
 
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?