sonin.mn
НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Н.БОЛОРМААТАЙ ярилцлаа.
 
-Таргалалт бол бүх өвчний суурь болдог гэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд монголчууд таргалалтад өртөх нь нэмэгдсээр байна. Үүнийг дагаад сөрөг нөлөө ч их гарч байх шиг. Таргалалтын улмаас ямар өвчин үүсэх эрсдэлтэй вэ?
 
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын өвчний олон улсын ангилалд таргалалт нь бие даасан өвчин хэмээн тусгагдсан байдаг. Илүүдэл жин, таргалалт нь маш олон өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог. Ялангуяа, бидний сайн мэдэх зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж хоёр болон зарим төрлийн хавдар, остеоартрит зэрэг халдварт бус архаг өвчнөөр өвчлөх суурь болдог гэж хэлж болно.
Зүрх судасны өвчний тухайд 1992 оноос хойш манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон. Артерийн буюу цусны даралт ихсэлт нь зүрх судасны өвчний дотор сүүлийн 10 жилийн дунджаар 46.9 хувийг эзэлж, 2010 оноос тасралтгүй өссөөр байгааг эрүүл мэндийн статистик үзүүлэлтэд дурдсан байдаг. Тодруулбал, 2019 оны байдлаар цусны даралт ихсэлт нь зүрх судасны өвчний 49.7 хувийг эзэлж, 10 жилийн дунджаас 2.8 хувиар өссөн байна.
 
Чихрийн шижин өвчний хэв шинж-2 нь илүүдэл жин, таргалалтаас ихээхэн хамааралтай бөгөөд жилээс жилд нэмэгдсээр байна. Тухайлбал, 2019 оны байдлаар чихрийн шижин өвчин нь дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчлөлийн 42.9 хувийг эзэлж байв.
 
Хавдар нь хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт ордог. Сүүлийн 10 жилд нас баралт тасралтгүй нэмэгдсээр байна. ДЭМБ-ын мэдээгээр илүүдэл жин, таргалалт нь умай, хөх, өндгөвч, түрүү булчирхай, элэг, цөсны хүүдий, бөөр, бүдүүн гэдэсний хавдрын өвчлөлийн эрсдэлт хүчин зүйл болдог. Элэгний хавдар нь манай улсын хүн амын дунд тохиолдож буй нийт хавдрын 36.1 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн статистик мэдээгээр хөх, бүдүүн гэдэсний хавдрын тохиолдол нэмэгдсээр байна.
Энгийн хүмүүс үенд яс ургасан гэж ярьдаг өвчин бол остеоартрит бөгөөд таргалалт нь уг өвчний эрсдэлт хүчин зүйл болдог гэдгийг олонх хүмүүс мэдэхгүй байна. Ер нь нас ахисан ихэнх хүнд яс ургасан гэсэн өгүүлэмжтэй байдаг.
 
-НЭМҮТ таргалалтын асуудлаар судалгаа хийдэг. Судалгаагаар хүн амын хэдэн хувь нь таргалалттай гэж гарсан бэ?
 
-Манай төв хүн амын дунд илүүдэл жин, таргалалтын тархалтыг хэд хэдэн судалгаагаар тогтоосон. Хамгийн сүүлд 2019 онд “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-г зохион байгуулсан. Энэхүү судалгаанд 15–69 насны хүмүүсийг хамруулсан бөгөөд 49.4 хувь нь илүүдэл жинтэй гэж гарсан байдаг. Харин 18.5 хувь нь тарган байна. Таргалалтын тархалт 15 – 69 насны эмэгтэйчүүдийн дунд харьцангуй илүү буюу 20.4, эрэгтэйчүүдийн 16.6 хувь нь тарган байгааг тус судалгаагаар тогтоосон. Сүүлийн 20 гаруй жилд илүүдэл жин, таргалалтын тархалт нийт хүн ам, ялангуяа өсвөр насны хүүхдийн дунд огцом нэмэгдсэн. Тухайлбал, 7–11 насны хүүхдийн 0.6 хувь нь тарган байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 6.4 хувь болж эрс нэмэгджээ.
 
-Хүмүүсийн хэрэглэх хоол хүнс жилээс жилд хувьсан өөрчлөгдөж байна. Энэ нь тодорхой нөлөө үзүүлдэг гэж ойлгож болох уу?
 
-Тийм. Таны ойлголт зөв байна. Илүүдэл жин, таргалалт нь олон шалтгаантай эмгэг боловч эдгээр шалтгааныг үндсэн хоёр бүлэгт хувааж болно. Нэгдүгээрт, зохисгүй хооллолт, хоёрдугаарт, хөдөлгөөний идэвх бага, хомсдол их юм. Таргалалт нь олон шалтгаант өвчин гэдгийг маш сайн олгох шаардлагатай. Зөвхөн таны хэрэглэсэн хоол хүнстэй холбоотой бус, хөдөлгөөний идэвх буюу амьдралын идэвхтэй хэв маяг чухал үүрэгтэй. Ерөнхийдөө таны хоногт хэрэглэсэн хоол хүнсээр авч буй илчлэг, хөдөлгөөн хийж зарцуулсан илчлэгээс илүү байх нь илүүдэл жин, таргалалт үүсэх шалтгаан болно.
 
-Бага насны хүүхдийн таргалалт нэмэгдэж байгаа гэсэн. Энэ нь зөв зохисгүй хооллолттой холбоотой юу. Эсвэл өндөр илчлэгтэй хоол хүнс ихээр хэрэглэж байгаа учраас таргалаад байна уу?
 
-Бага насны хүүхдийн дунд таргалалт нэмэгдэж байгаа гэхээс илүүтэйгээр өсвөр насны хүүхдийн дунд илүүтэй байгааг анхаарах шаардлагатай байна. Бага нас буюу тав хүртэлх насны илүүдэл жинтэй хүүхдийн тархалт 2004 онд 3.4, 2010 онд 6.7, 2017 онд 11.7 хувь болтлоо нэмэгдсэн байдаг. Гэхдээ илүүдэл жинтэй хүүхдийн тархалт нэмэгдэх эрчим нь өсвөр насны хүүхдийн үзүүлэлтээс харьцангуй бага байна. Тав хүртэлх насны илүүдэл жинтэй хүүхдийн тархалтыг насны бүлгээр харьцуулан үзвэл хоёр хүртэлх насанд илүү түгээмэл, харин 3–4 настай хүүхдийн дунд тархалт нь харьцангуй бага байгаа. Энэ нь хүүхэд томорч, хөдөлгөөний эрчим нэмэгддэгтэй холбоотой байж болох юм.
 
Бага насны хүүхдийн хувьд тарган байна гээд хоол бага өгөх нь хэрхэвч байж болохгүй. Хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжил нь маш эрчимтэй явагддаг тул хоолыг багасгах бус харин хүүхдэд өгч байгаа хоолны нэр төрөл, чанарт анхаарал хандуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ хүүхэд чөлөөтэй хөдлөх, тоглох боломжтой, аюулгүй орчин бүрдүүлэх ёстой. Мөн хүүхдэд өгч байгаа чихэрлэг хоол, хүнсийг хасаж болно. Тараг, кашанд нь чихэр бага хийх, чихэрлэг амттан, ундааг хүүхдэд өгөхгүй байх гэх мэт.
 
 
-Таргалалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. “COVID-19” цар тахал гарч хэсэг хугацаанд хөл хорио тогтосон нь таргалалт нэмэгдэх гол үзүүлэлт боллоо гэх хүмүүс байна. Хөдөлгөөний дутагдалд ч орж байх шиг?
 
-Өнгөцхөн хэлэхэд таргалалтаас сэргийлэхэд хялбар мэт харагдаж болно. Илүүдэл жин, таргалалтад хүргээд байгаа шалтгаанаас л ангижрахад болно. Энэ нь юу вэ гэвэл, зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийх арга юм. Тарган болсон хойноо турах гэж янз бүрийн арга хэрэглэснээс сэргийлэх нь илүү хялбар гэдгийг хүн бүр ойлгох нь зүйтэй. “COVID–19” цар тахлын улмаас тогтоосон хөл хорио нь таргалалт нэмэгдэхэд хүргэсэн гэж байгаа нь үндэслэлтэй. Гэхдээ албан ёсоор судалгаа хийгээд таргалалт тэдэн хувиар нэмэгджээ гэсэн тоо баримт хараахан үгүй байна. Албаны тоо баримт байхгүй ч гэсэн жин нэмчихлээ, таргаллаа гэсэн өгүүлэмж бидний эргэн тойронд маш түгээмэл байна. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр, нөгөө л суурь шалтгааны нэг болох хөдөлгөөний хомсдолыг илэрхийлж байгаа үзүүлэлт юм. “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа, STEPS – 2019”-өөр 15–69 насны хүн амын 21.9 хувь хөдөлгөөний хомсдолтой буюу долоо хоногийн таваас цөөнгүй өдөрт 30 минут ба түүнээс дээш хугацаагаар идэвхтэй хөдөлгөөн хийх зөвлөмжийг биелүүлдэггүй. Харин 61 хувь нь биеийн хүч их шаардсан эрчимтэй хөдөлгөөн хийдэггүй болохыг илрүүлсэн байдаг. Мэдээж эдгээр үзүүлэлт хөл хорионы улмаас нэмэгдсэн байх магадлалтай юм.
 
-Монголчуудын хувьд өглөөний цайгаа уудаггүй тал ажиглагддаг. Хүссэн цагтаа хоол болон бэлэн бүтээгдэхүүн иддэг. Зохисгүй хооллолт нь таргалалтын гол хүчин зүйл болдог гэж ойлгож болох уу?
 
-Зохисгүй хооллолт гэдгийг юу гэж ойлгох вэ гэж та бодож байгаа байх. Илчлэг өндөртэй буюу тос, чихрийн агууламж ихтэй хоол хүнс хэрэглэх нь илүүдэл жин, таргалалтын суурь болно. Тос, чихрийн агууламж ихтэй хоол хүнсийг дурдвал тарган махнаас илүүтэйгээр хиам, зайдас, утсан мах, нөөшилсөн махан бүтээгдэхүүн гэх мэт боловсруулсан хүнс, пицца, KFC, бургер зэрэг түргэн хоол, торт, нарийн боов, төрөл бүрийн жигнэмэг, амтлаг гурилан бүтээгдэхүүн, чихэрлэг ундаа орно. Ер нь хүн хүссэн хоол хүнсээ хэрэглэж болно. Гэхдээ илүүдэл жин, таргалалтаас сэргийлэхийн тулд идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг эрхэмлэх нь зүйтэй. Хүн бүр спортоор хичээллэх албагүй боловч өөрт тохирсон хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Бие махбодын хувьд асуудалгүй бол өдөрт хамгийн багадаа 30 минутаас багагүй хугацаанд дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Биеийн тамирын дасгал хийдэггүй юм аа гэхэд хөдөлгөөнгүй суух, телевиз үзэх, лифт ашиглах, машин барихаа багасгаад алхах, шатаар явган өгсөх хөдөлгөөн хийж заншаарай. Илүүдэл жин, таргалалтаас сэргийлэхийн тулд эрүүл, зөв хооллохын зэрэгцээ идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь чухал ач холбогдолтой.
 
-Зөв зохистой хооллолтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
 
-Хоол судлалын алба нь хүн амд зориулан “Эрүүл, зөв хооллолтын гэр зөвлөмж”-ийг боловсруулж, олон нийтэд түгээн таниулах ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна. Цаг үеийн нөхцөл байдал, хоол тэжээлийн судалгааны дүнг харгалзан үе шаттайгаар шинэчилж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2020 онд “Эрүүл хооллолтын гэр зөвлөмж”-ийг шинэчлэн боловсруулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулсан. Энэхүү зөвлөмжийг 1–6 настай хүүхэд, өсвөр насны хүүхэд, насанд хүрэгчид, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд, ахмад настан зэрэг нийт хүн амд зориулсан байдлаар тусгайлан боловсруулсан. Зөв, зохистой хооллолт гэхээс илүүтэйгээр эрүүл хооллолт гэж ярих болсон. Эрүүл хооллолтын зөвлөмж нь хүн амын наснаас хамаарч бага зэргийн ялгаатай байдаг. Бага насны хүүхдийн хувьд, эрүүл хооллолтын зөвлөмжид эхээс төрсний дараа нэг цагийн дотор ангир уургаа амлахаас эхлээд зургаан сар хүртлээ зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллох. Зургаан сартайгаас эхлэн аль болох олон нэр төрлийн хүнс агуулсан, тэжээллэг нэмэгдэл хоолоор хооллох хэрэгтэй гэж заадаг. Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийг илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх хамгийн зохистой арга юм. Сүүн тэжээлээр хооллодог буюу манайхан “тэжээвэр” гэж ярьдаг хүүхэд илүүдэл жинтэй болох, насанд хүрсэн хойноо таргалалт, улмаар өмнө дурьдсан халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байдгийг олон судалгаагаар нотолсон байдаг. Нийт хүн амд зориулсан эрүүл хооллолтын зөвлөмжид дараах асуудлыг тусгасан байдаг. Үүнд, өдөр бүр аль болох олон нэр төрлийн хүнс хэрэглэх, таван нэгж буюу 400 граммаас багагүй хэмжээгээр жимс, ногоо, сүү, цагаан идээ, аюулгүй, цэвэр ундны усыг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Харин өөх тос, сахар, чихэр, иоджуулсан давс, архи согтууруулах ундааг хязгаартай тохируулан хэрэглэх ёстой. Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж хэвшихийг зөвлөе.
 
-Жингийн илүүдэлтэй хүмүүс хоолны дэглэм барьж байна гээд махны хэрэглээгээ хязгаарлаж, жимс хүнсний ногоог түлхүү хэрэглэж байна. Энэ зөв дэглэм мөн үү?
 
-Хоолны дэглэм барих янз бүрийн арга байдаг. Жимс, ногоо хэрэглэх нь зөв. ДЭМБ-аас эрүүл хооллолтын зөвлөмжид өдөрт хамгийн багадаа 400 грамм жимс, ногоо хэрэглэхийг заасан. Ялангуяа ногоо, навчит ногоо хэрэглэхийг тусгайлан зөвлөсөн байдаг. Манай улсын эрүүл хооллолтын гэр зөвлөмжид ч энэхүү заалтыг нэгж хэмжээгээр тусгасан. Жимс, ногоог эрүүл мэндийг дэмжих хүнс хэмээн тодорхойлж, ногоон өнгөөр будаж, өдөр бүр хангалттай хэмжээгээр буюу таван нэгжээс багагүй хэмжээгээр хэрэглэхийг зөвлөсөн.
 
Нэг нэгж нь ойролцоогоор 80 граммтай тэнцэх тул 400 граммаас багагүй хэмжээгээр хэрэглэх олон улсын зөвлөмжтэй нийцэж байгаа юм. Нөгөө талаар махны хэрэглээгээ хязгаарлахад ялгаатай хандах шаардлагатай. Монголчууд бидний уламжлалт хүнс бол таван хошуу малын мах билээ. Бие махбодын өсөлт нь эрчимтэй явагдаж байгаа бага, өсвөр насны хүүхдийн хувьд махны хэрэглээг хязгаарлах нь маш буруу. Махнаас бид өөх тосноос гадна төмөр, цайр, селен зэрэг хүний биед нэн шаардлагатай эрдэс бодис, үл орлогдох тосны хүчлийг авдаг. Иймд хүүхдийн хувьд махны хэрэглээг хязгаарлаж болохгүй. Харин насанд хүрсэн хүний махны хэрэглээг хязгаарлах боломжтой юм. Гэхдээ өөх багатай, бараан мах хэрэглэх нь монголчууд бидний хувьд илүү тохиромжтой байж болно. Махны уураг нь хүний биед нэн шаардлагатай амин хүчлээр баялаг, үнэт чанар өндөртэй уураг байдаг. Махнаас татгалзсан хүмүүс ихэвчлэн шар буурцгийн уураг хэрэглэдэг. Үнэт чанарын хувьд ургамлын гаралтай уураг нь махны уургийг гүйцэхгүй. Монголчууд бид угаасаа цөөн нэр төрлийн хүнс хэрэглэдэг тул зөвхөн өөх тосноос болоод уламжлалт хүнснээс татгалзах нь өрөөсгөл ойлголт юм.
 
-Өдөрт уух шингэний баланс гэж ярьдаг. Ер нь хүн өдөрт хэдэн литр шингэн уух ёстой вэ?
 
-Насанд хүрсэн хүн хоногт 1.5-2 литр шингэн хэрэглэнэ. Эрүүл хооллолтын зөвлөмжид өдөрт найман аяга ус уухыг зөвлөдөг. Зориулалтын шүүлтүүрээр шүүсэн эсвэл үйлдвэрийн аргаар боловсруулсан цэвэр ус уух хэрэгтэй. Мөн усыг буцалгаж хэрэглэнэ. Ил задгай ус нь хүн, мал, амьтны ялгадас, хорт бодисоор бохирдсон байх магадлалтай тул шууд хэрэглэхээс зайлсхийвэл зохино.
 
С.Ичинхорлоо
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин