сонин mn
ЭХНИЙ ТОВЧОО ЗӨРҮҮЛБЭЛ ҮЛДСЭН НЬ БҮГД БУРУУ ТОВЧЛОГДДОГ
 
(Намуудыг татан буулгаад шинээр эмхлэн байгуулъя)
 
Амундра Ерөнхий сайдын зөвлөх болж, МАН-д элсэв. Намын нарийн бичгийн дарга батлахыг гардуулан патиар татуулснаа интернэтээр нэг дэлгэв. Үүнийг ердөө ч буруутгах гээгүй, шалихгүй юм шиг мөртөө энэ факт манай өнөөгийн нийгэм улс төрийн бодит үнэнийг харуулсан бяцхан жишээ л юм даа.
Амундра бол манай өнөөгийн нийгэмд, ялангуяа мэдээллийн салбарт олны танил болсон залуу. Эрч хүчтэй, харизмтай, юм бүтээж чаддаг шинэ үеийн залуусын нэг тод томруун дүр. Миний мэдэхээр тэрээр өдий болтол аль нэг намд харъяалагдаж байгаагүй байх, гэхдээ л нийтийн ойлголтоор ардчилсан намын талынх. Үгүйдээ л дэмжигч. Гэвч энэ их эрч хүч, санаачлага, эрмэлзлэлийг хааш нь хийх вэ? Ардаа үлдэцтэй, болж өгвөл эх оронд өгөөжтэй, эхэлсэн юмаа дуусгахуйц бололцоотой юманд л зориулсан нь дээр. Монголд сүүлийн 100 жилд эрх барьж байгаа бөгөөд тэр нь баталгаатай, цаашид ч оршин тогтнох найдвартай газар л хүнд ийм бололцоо олгоно. 1996-2000 оны хоорон дахийг эс тооцвол МАН (МАХН) ийм газар мөн гэдгээ харуулж чадсан. Ер нь ч энэ инстүүц өөртэй нь нэгдээгүй болгоныг дайсан гэж үздэг, урьд бол буудчихдаг байсан, одоо бол нуль гадуурхал. 
 
Амундра бол ганц байгаа жишээ нь биш, хойд урьдахаа бодсон хэн ч ийм зам сонгоно. Сонгосоор байгаа. Олон залуус, сэхээтэн тухайн үед Ардчилсан намыг сонгож байсан. Одоо тэд бараг бүгд цөхрөл, харуусал. МАН л Ардчилсан намыг гадуурхсаар байгаад нүдний булай болгосон юм биш. Тийм тал байсан ч тэр нь сүйрлийнх нь үндсэн шалтгаан биш. Бүгд өөрсдөөс нь болсон. МАН-д фракц байдаг бол гурав дөрвөөс хэтрэхгүй, тэгээд ч тэрийгээ аль болох нуудаг, явж явж том эрх ашгаа бодоод эвлэрэлд хүрч чаддаг. Том эрх ашиг гэдэг нь авилга, хуйвалдаан байх нь элбэг ч гэлээ юутай ч гэсэн тэд өөрийн гэх том эрх ашигтай. АН-д фракц байхгүй, зүгээр л хоорондын дайсагнал, алалдаан, зодоон нүдээн, хувийн өс хонзон. 
МАХН (МАН) нь 1990 он хүртэл улс төрийн хүчирхийлэгч инстүүц байсан болохоос орчин үеийн ойлголтоор нийгэм дахь олон намын тогтолцооны нэг хэсэг байгаагүй. Зөвхөн 1990 оны 5 дугаар сарын 20-нд улс төрийн хүчин гэдэг утгаар анх удаа хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдөж төрдөө анх удаа бүртгүүлсэн. Хуучин инерци, үлдээсэн өв хөрөнгө зэрэгт дулдуйдан шинэ төрсөн улс төрийн хүчин гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрдөггүй л болохоос. Өнөөгийн МАН бол бусад улс төрийн хүчний нэгэн адил Монгол улсын нутагт хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, Үндсэн хуулийн зарчмын дагуу үйл ажиллагаа явуулж буй 30 жилийн настай улс төрийн хүчин юм. Энэ нам өөрийгөө 100 жилийн уламжлалтай гэх авч тэдний өнөө явуулж буй бүхий л үйл ажиллагаа төрх араншин нь урьдын МАХН намтай төстэй юм юу ч байхгүй. МАН бол өнөөгийн манай нийгмийн шинэ залуу ардчилсан улс төрийн хүчин мөнөөс мөн.
 
 
 
Ардчилсан нам бол анхлан 1990 онд МоАН, МСДН, МҮДН гэсэн гурван бүлэглэлээс аяндаа бүрэлдэн тогтсон, манай нийгмийн хүлээн зөвшөөрөгдсөн томоохон улс төрийн хүчин. Хоржоонтой юм шиг 1921 онд Монгол ардын нам байгуулагдахдаа ардын, түшмэдийн, ноёдын гэсэн гурван бүлэглэлээс анхлан бүрэлдэж байсан шиг. Ардчилсан намын “ардчилсан” гэх нэр нь тухайн үйл явцын дүнд аяндаа нэршин тогтсон болохоос Монгол улсад өдгөө оршин буй МАН болоод бусад улс төрийн бүх хүчин ардчилсан намууд.
 
 
 
Сүүлийн 30 жилд бараг 40 орчим “ардчилсан” нам төрж байсан боловч хувь заяа тэгж эргүүлсэн ч юмуу, Монгол улс нь хоёр намын тогтолцоотой болсон юм. Улс орныг гэрээр төсөөлөх юм бол гол тулгуур хоёр багана нь МАН, АН хоёр болж шалгаран үлдсэн. Энэ хооронд МАН (МАХН) нь Сэргэн мандлын нам, Эх оронч фронт, Ажилчны нам, Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам гэх мэтээр дундаасаа салан тусгаарлаж “шинэ бие” төрүүлж байсан боловч цаг хугацааны шалгуураар МАН гэсэн ганц улс төрийн төвлөрөл дээр эргэж тогтсон. АН ч мөн ялгаагүй Бүгд найрамдах нам, Монголын ардчилсан холбооны нам, Иргэний зориг нам, Ард түмнээ хайрлъя нам гэх мэтээр олон тасарч байсан боловч цаг хугацааны шалгуураар АН гэсэн ганц төвлөрөл нь үлдсэн. 
1990 онд шинээр үүсэн буй болсон улс төрийн намууд (70 жилийн түүхтэй гэгдэх МАХН-ыг оролцуулаад) бүтэц бүрэлдэхүүн, хэв загвар ойлголт ухамсар нь урд ноёрхож байсан МАХН-ын хуулбар байлаа. Бидэнд өөр хуулах дуурайх загвар байгаагүй. Бидэнд нээлттэй нийгмийн тухай ойлголт туршлага байгаагүй. Монголын төрийг 300 жилийн турш гаднаас удирдан хөтөлж байсан учир төрийн тухай ойлголт ч алга болсон байлаа. Иймээс улс төрийн нам гэдгийг тухайн үедээ Лениний тодорхойлж байсан “нам бол масс” гэсэн загвараар байгуулсан. Нээлттэй нийгэмд нам нь масс байж болдоггүй. Тэгвэл нийгмийн мэнэжмэнт хийх улс төрийн нам гэсэн утга нь алдагдаж люмпэний овоолго болдог. Учир нь аль ч нийгэмд люмпэн давхрагын төлөөлөгчид тооны хувьд зөв сэтгэдэг хүмүүсээсээ үлэмж давуу байдаг нь бараг л байгалийн хууль. Люмпэн гэдэг нь ердөө л “увайгүй” гэсэн латин үгнээс гаралтай нэр. Социологид үүнийг нийгмийн тогтсон системийн аль ч үнэлэмжид хамрагддаггүй, үнэлэмжийн ирмэг дээр буюу гадуур оршдог давхрага гэж тайлбарлана. Нийгмийн тогтсон соёлоос хөндий, үнэн худлыг тоодоггүй, муу сайныг ялгадаггүй, тухай бүрд нь тохиосон өөрийн үзэмжээр энэ бүхнийг тодорхойлж явдаг нь тэдний нийтлэг дүр төрх. Люмпэнүүдэд мэргэжил, нийгмийн байр суурь үгүй, тэд тогтсон ажил хийдэггүй, үл мэдэгдэх буюу үл ойлгогдох орлогын эх үүсвэрээр амьдардаг. Эх орон, элгэн садан, нийгмийн холбоо хэлхээ, уламжлал бахархал зэрэг ойлголтоос тун ч хөндий, гол төлөв хуулиас гадуур амьдрах хандлагатай. Хүний гэхээсээ ширэнгийн хуулиар амьдардаг эдгээр хүмүүс ихэнхидээ жижиг гэмт хэргийн орлогоор амь зуудаг.
Чухамдаа люмпэнгүүд популист уриа лоозонгоор ухамсар дорой нийгмийн тархийг эргүүлэн төрийн шийдвэр гаргагч болон бойжиж люмпэн-элит болон хувирна. Улс төрийн намыг масс гэж ойлговол сонгон шалгаруулалт угаасаа буруу дүрмээр явагдаж түрийний бөөс нь толгой дээр гараад ирдэг номтой. Масс гэж ойлгогдон зохион байгуулагдсан улс төрийн нам нь нийгмийн шаар болсон люмпэнгүүдэд дээш өгссөөр төрийн жолоонд хүрэх шат нь болдог. Том жижиг улс төрийн намуудаар, ялангуяа МАН, АН-аар дамжин өөд өгсөж төрийн удирдлагын бүхий л салбарын оройд гарч ирсэн люмпэн-элит давхарга улс орныг өөрсдийн эрх ашигт тохируулан залж жолоодох явдал манай нийгэмд улам бүр энгийн үзэгдэл болсоор байна. Эхний товчоо зөрүүлбэл үлдсэн нь бүгд буруу товчлогддог. Гэтэл улс төрийн нам бол орчин үеийн утгаар хувьцаат компанитай илүү төстэй. Ямар ч компани түйвээгсэдийг дотроо оруулдаггүй төдийгүй тэднээс хамгаалах дархлаагаа бүрдүүлсэн байдаг.
Нийгмийн ухамсар дорой, төрийн инстүүц тогтворжоогүй, нээлттэй нийгмийн туршлага үгүй Монголын нийгэмд популизмаар хийрхсэн люмпэн-элит давхрагын ноёрхол цаашид ч мундахгүй олон жил оршсоор байх болно. Тэд эдийн засгийг түйвээж, ёс суртахууныг унагаж, хүний гэх бүхий л үнэт зүйлсийг сарниулан нийгмийг сүйрүүлсний эцэст л олон түмний шахалтаар зайлах болно. Тэр болтол ухамсар дорой нийгмийн суурь тэднийг дэмжсээр, тэргүүн дээрээ мандуулсаар л байх болно. Учир нь ийм дорой суурин дээр болхи популизм хийн тоглолт явуулахад хялбар байдаг. Чухам ийм тоглолтод л люмпэн-элитүүд гаршсан байдаг нь түүхээр нотлогдсон үнэн. 
Гэвч энд хөдлөшгүй хоёр үнэн бий. Нэгд, орчин үеийн иргэншсэн ертөнцөд хүний үе халагдан солигдохын хэрээр энэ байдал мөнх үргэлжлэхгүй өөрчлөн шинэчлэгдэж хэв журамдаа орох нь мэдээж. Хоёрт, чөлөөт нийгмийн тогтолцоонд нэгэнт орсон болохоор огцом хөдлөн эргэж хургах нь цаашдын замналыг улам ээдрээтүүлэх учир буй болсон нийгмийн тогтолцоондоо хүн ам улам бүр идээшин зохицсоор ухамсарт иргэдийн нийгэм болон төлөвшихөөс өөр аргагүй. Өнөөгийн энэ бэрхшээл өөрийн эрхгүй гатлан туулахаас өөр гарцгүй “давагдашгүй хүчин зүйл”.
30 жил өнгөрсний дараа “монгол гэрийн тулах хоёр багана” болсон МАН, АН-аа одоо эргээд хар даа. Уг нь зөвхөн МАН ба АН л улс даяар өөрийн тогтсон нэвт сүлжээтэй, өргөн олныг хамарсан дагалдагч дэмжигчтэй тогтворжсон улс төрийн хүчин. Гэтэл МАН одоо өндөр сайхан байшинтай өргөн гоё талбайтай, олон мундаг түрээслэгчтэй, орлого зарлага өндөртэй инстүүц болох нь хэн ч харсан илэрхий. АН болохоор байсан байшингаа зарчихсан, орох офисгүй оочих стакангүй. Хувьчилсан байшиндаа түрээсээр суулгаад шанд нь намын чинь босс болъё гэсэн бүхэн рүү гүйгээстэй. Түрээсэн савныхаа орой дээр намын далбаагаа түр хатгуулж чадсан бүлэглэл фракц түр зуурын овгор болно. Орон нутаг дахь салбарууд нь дээдсээ дагаад бас бүлэглэл бочихсон байр сав тамга тэмдэгээ булаацалдан харилцан шүүхдэлдэцгээнэ. Биенийгээ ялах унагах дэвсэх гүтгэх шоронд хийхийн тулд юун түрүүн сөрөг тал МАН-аас тусламж гуйна. Мундраагаа хутгаж буй АН-аас Амундра шиг олон сайхан залуус хамраа таглан холуур дөлж, хэдэн хөгшчүүл нь дагалдагчид, хамаатан садантайгаа хөгөө чирэн ноололдоно.
Өнөөгийн дэлхийд улс төрийн намгүй улс орон бараг байхгүй байхаа. Арабын болон зарим лалын монархи цөөн хэдэн орныг эс тооцвол. Дэлхийн бараг ихэнх орон сонгуулийн ардчилалтай болсон. Гэхдээ жишиг ардчилсан тогтолцоонд хүрч чадсан улс орны тоог хорь орчимд л тооцдог юм билээ. Манай улс өнөөдөртөө “хагас ардчилсан” буюу ардчилсан тогтолцоо руу тэмүүлж буй орны тоонд орно. Гол нь бидэнд ардчилсан чөлөөт нээлттэй нийгмийн гол хөдөлгөгч хүчин болсон төлөвшсөн инстүүцүүд буй болж амжаагүй байна. Ийм төлөвшсөн инстүүц буй болгоход голлох үүргийг улс төрийн намууд гүйцэтгэдэг. Улс төрийн нам төлөвшиж байж л төрийн инстүүц буй болон торниж төлөвшдөг. Гэхдээ энэ нь төрийг улс төрийн нам атгана, холилдоно, эрхшээнэ, барьцаална гэсэн үг биш.
Бүтэн болон хагас дарангуйллын орнуудад эсвэл манай хуучин шиг ердөө ганц нам оршиж төрийг удирдах биш дарангуйлсан төрийн үүргийг ямар ч хууль эрхийн үндэсгүйгээр дангаар ноёрхоно, эсвэл нэр төдий хуурамч улс төрийн дагалдах намуудыг буй болгон тэжээж явдаг. Хойд Солонгост хүртэл Социал демократ нам, Тариачны нам гэгч бий шүү. Орост Жероновскийн, Зюгановын, Мироновын гэх мэтийн сахилга баттай хөөрхөн хэдэн нам парламентад цөөн хэдэн сандал суудалтай. Гэхдээ Навальныйг сонгуульд орохыг зөвшөөрөхгүй, гаарвал шоронд аваачаад хийчихэнэ. Хятад улстөрийн бүртгэгдсэн 7 нам, хараахан бүртгэгдэж амжаагүй 4 намтай. Гэхдээ хамаг юмыг ганцхан Коммунист нам л мэднэ гээд хуульчилчихсан. Ингэхээр тоглоомын намууд, улс орноо ардчилсан нийгэмтэй гэж харуулах үзүүлэн төдий байгаа биз? Юутай ч гэсэн өнөөдөртөө бид хоёр хөрштэйгээ харьцуулахад нээлттэй нийгэмтэй, ардчилсан тогтолцоотой, чөлөөт зах зээлтэй, хүний эрхийг нэгдүгээрт дээдэлдэг хуультай, хавьгүй эрх чөлөөт орон мөн. Номхон далайгаас Кавказ хүртлэх, Энэтхэгийн далайгаас Хойд мөсөн далай хүртлэх өргөн уудам газар нутагт ганцаар тодорч буй эрх чөлөө ардчиллын арал бол Монгол улс. Яаж ч муу хэллээ гэсэн! 
 
 
 
Ямар ч төр цаад углуургаараа дарангуйлагч байдаг. Иймээс ардчилсан тогтолцоот улс гүрний Үндсэн хуулийн цаад санаа нь иргэдийг төрөөс хамгаалах зориулалттай. Энэ үүргийг нь үгүйсгэн төрийг мангас болгодог гол хүчин зүйл нь улс төрийн нам байдаг. ЗХУ-ын 1937 оны Үндсэн хууль маш хүмүүнлэг, бараг үлгэр жишээ болсон хууль. Гэвч ганц нам нь Оросын түүхэнд урьд хожид байгаагүй их хядлагыг тэр шинэ Үндсэн хуулийн далбаан дор зохион байгуулж чадсан. 
 
 
 
 
АН-ын энэхү доройтол, дампуурал нь мөнөөх төрийг тулах хоёр баганын нэгийг хуга татан улс орныг ганц намтай болгох хандлага руу түлхэнэ. Хэрэв эрх баригч ганц намтай болбол зөн билгээрээ тэр ганц нам төрийг дангаар эзэрхийлнэ. Ингээд л дээр жишээ авсан өнөөгийн Орос, Хятад болж хувирах аюултай. Энэ байдал үргэлжилбэл тун удахгүй АН нь Буян Жагаагийн Бүгд найрамдах нам, Энхбаярын Монгол ардын хувьсгалт нам, Хоньчин Ганхуягийн Иргэний зориг нам, Бум-Ялагчийн Ногоон нам энэтэрийн зиндаанд очин ганц нэг хүн юмуу ганц нэг бүлэглэлийн эзэмшлийн хувьчлагдсан бүлэг болж хувирна. Амь тээхийн тулд эрх баригч сүпэр намаа царайчилсан, нэгэнт урьдчилаад найруулчихсан сонгуульд ганц нэг суудал олоод авчих санаатай хий попорсон дагуул хүчин болно. Ардчилсан нам Монголыг ардчилах хүчин бус, харин Монголыг “ардчилсан ч юм шиг” харуулдаг жүжгийн туслах дүрийг бүтээгч төдийгээр үлдэнэ гэсэн үг. Ер нь ойртчихоод байгаа шүү.
Өнөөгийн Монгол улс 1945 онд хоёр хөршийн тохиролцоо, харилцан найр тавилтын үр дүнд зөвшөөрөгдөн тусгаар тогтносон орон болсон улс юм. Эргэн тойрноороо хүлээн зөвшөөрөгдөж байж тусгаар улс гүрэн гэгдэнэ гэсэн Вэстфайлын зарчмаар дөнгөж Дэлхийн II дайны дараа л шинээр төрсөн залуу бүгд найрамдах улс. Үүнээс өмнө 300 шахам жилийн турш Ман Чин улсын вассал, Зөвлөлт Оросын дагуул, тусгаар орныг нь хэн ч зөвшөөрдөггүй, газрын зураг дээр огт тэмдэглэгдээгүй, өөрийн төргүй учир гаднаас удирдагддаг тусгаар гэхэд хаашаа, тоглоомын гэхэд хаашаа газар нутаг, хүн ам байсан. Энэ бол гашуун ч үнэн. Өдгөө өөрсдийгөө тусгаар гээд заралсан ч хэн ч тоож үздэггүй Өмнөд Осетин, Абхаз, Денестрийн бүгд найрамдах улс гээд мундахгүй ижил жишээ нэг бус бий.
1945 оны ЗХУ, Хятадын бүгд найрамдах улс хоёрын наймаалцаан бол дундаа биенээ тусгааралсан жийргэвч бүстэй болох тохиролцоо юм. Алс Дорнодын бүгд найрамдах улс, БНМАУ, Манжго гэсэн жийргэвч бүс нь дайны өмнө болоод дундуур Японы түрэмгийллээс хамгаалах аятай жишээ болж байсан туршлага бий учраас тэр. Энэ жийргэвч бүс нь ямар ч тохиолдолд хоёр орны хараа хяналтаас гадуур байх ёсгүй, энд бусад хүчирхэг орнуудын оролцоо бий болж болохгүй. Хэдийгээр ингэж бичиж яриагүй боловч үүнээс өөр байх аваас ерөөс жийргэвчтэй байх утга үгүй. Үнэн чанартаа гурадахь оронд хориотой вакум бүс! Аль ч том гүрэн өөрийн геополитик сонирхол, эрх ашигтай, тэр нь оршин тогтнох баталгаа юм. Иймээс Орос-Хятадын энэ тохиролцоо муу муухай ч юм биш, манай дэлхийд нэн эртнээс тогтсон “дүрэм”. Ийм учраас л "хоёр хөрштэйгээ үргэлж дотно харилцаатай байж найрамдал хамтын ажиллагаагаа улам зузаатган бэхжүүлнэ" гэсээр байтал "гурав дахь хөрш" гэсэн "үг"-д дургүйцээд байдгийн шалтгаан энэ. Шанхайн байгууллагад ор гэж шахаад байдгийн шалтгаан ч бас энэ.
1990 оны хувьсгал бол дэлхий даяар өрнөсөн их өөрчлөлт. Үүнд дор хаяхад 40 орчим улс шууд хамаарсан ба өдий хүртэл тогтож байсан дэлхийн улстөрийн тогтолцоо, геополитик, хүчний тэнцвэрт том өөрчлөлт оруулсан. Нурж унасан коммунист ертөнцийн салшгүй нэг тасархай байсан Монголд энэ өөрчлөлт нөлөөлөхгүй байх арга ч байгаагүй. Чухам энэ их аянгын шууд тусгалаар Монгол улс вакум хүлээснээс гарч гадаад ертөнцтэй анх удаа холбоо тогтоосон. Ертөнцтэй анх удаа танилцсан гэж хэлж болно. Даруй гурав дахь хөршийн бодлого заралснаар энэ дэлхийд оршиж буй бараг 200 шахам улс орныг найз нөхөр, хамтрагч гэж өөрийгөө ойлгуулсан. Манай найз бол Хойд Солонгос мөн, Өмнөд Солонгос ч мөн! Бид мөнхийн хоёр хөрштэйгээ үргэлж сайн харилцаатай, дотно явж алинд нь хэзээ ч дайсагнахгүй гэдгээ ойлгуулсан. Гадны аль ч орон Монгол улсад хөрөнгө оруулж хамтарч ажиллахыг уриалах болсон. Дэлхийн хамтын нийгэмлэгийн тусламж дэмжлэгээр шилжилтийн тэр хэцүү хүнд үеийг амжилттай даван туулсан. Энэ хооронд өрнөдийн гэгдэх олон компани байгууллага Монголд хөрөнгө оруулснаар 2004-2012 оны богино хугацаанд ДНБ арав гаруй дахин нэмэгдсэн. Монгол улсын гадаад аюулгүй байдлыг хамтын нийгэмлэгийн орнуудтай хамтран ажиллах дипломат болон цэргийн харилцаагаар баталгаажуулахаар тэмцэх болсон. Дэлхийн бүх оронтой дипломат болон бүх төрлийн харилцаа тогтоохоор чармайх болсон. Энэ бүхэн бол Монгол улс ардчилсан, нээлттэй, гадаад улс төрдөө төвийг сахисан бодлоготой болсны үр дүн юм.
 
Хоёр хүчирхэг орны заагласан жийргэвч бүс ингэж өөрийн дураар вакумаас гарч дэлхийн геополитик тодорхойлох зэрэглэлийн гурав дөрөв тав дахь орнуудаас асар их хөрөнгө оруулалт татах болж буй нь хөрш оронд төдийлөн тааламжтай сонсогдоогүй. Тэдний геополитик, эрх ашгийн үүднээс үзвэл үүнийг буруутгах аргагүй. Яг л хонь барьж идсэн явдал нь чонын хувьд зөв байдаг шиг логик. Тэд Монгол орны байгалийн баялагт нь шунаад л, газар нутаг дээр нь тариа тарьж хүн амыг нь боолчлох гээд байгаа юм биш. Энэ бол бичиг үсэггүй люмпэн-элитүүдийн мунхаг тайлбар. Энэ өргөн уудам орон зай нь геополитик бодлогын хүрээнд хөршүүдэд маш чухал. 
Гэвч Монгол улсын хувьд, Монголын ард түмний хувьд хэдийгээр хөршүүдтэйгээ муудалцах, аль нэг талд нь орох өчүүхэн ч хүсэл үгүй боловч (тэр байтугай хөршийн сайн харилцаагаа улам бататган ойртож нягтрах хүсэлтэй) өнгөрсөн гучин жилд олж авсан эрх чөлөө, ардчилал, нээлттэй тогтолцоогоо хамгаалж улс орныхоо бие даасан байдлыг бататган, хүн ам нь эрх чөлөөтэй аз жаргалтай элбэг дэлбэг амьдрахыг хүсэж байгаа. Юутай ч хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовохыг илүүд үздэг, эрх чөлөөний гүн мэдрэмжтэй ард түмэн. Монголчуудад ч бас өөрийн эрх ашиг хүсэл тэмүүлэл гэж бий. Энэ бүхний нийлбэр нь бие даасан тусгаар тогтнолтой, бүгдээр хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхтэй, оршин тотнох баталгаатай тайван амьдрах хүсэл тэмүүлэл юм. Чухам ийм учраас бидэнд ардчилал нь “ардчилал” гэх утгаасаа илүү тусгаар тогтнол бие даасан байдлын магадгүй ганц баталгаа.
Чухам ийм учраас МАН ч АН ч Монгол улсад маш хэрэгтэй, оршин тогтнолын тулгуур, тусгаар тогтнолын баталгаа. Гэхдээ хоёулаа байж байж л нэг бүтэн болно. Гурав дахь улс төрийн хүчин буй болгох гэсэн гучин жилийн оролдлогоос нэг нь ч бүтээгүй, ойрын нэлээд олон жил энэ нь бүтэхгүй болов уу. Харин ганц намтай болж, шахагдсан нь тоглоомын үзвэрийн жижиг хүчин болон амь тээх магадлал нь илүү харагдаж байна. Ийм инь, яньгүй, ийм арга ба билэггүйгээр, соёмбон дотрох хос загасгүйгээр бид бие даасан тусгаар тогтнолоо баталгаатай хадгалаад явах бололцоогүй. МАН нь байна уу, АН нь байна уу ялгаагүй аль илүү чадал суусан нь нөгөөгөө шахан зайлуулбал амархан ярилцаж тохирч болох нэг л субъект үлдэнэ. 
АН-ыг аврах оролдлого хэдэн жил үргэлжиллээ. Гарц олоогүй төдийгүй “иргэний дайн” улам өргөжив. Олонхийн бодлоор намыг залуужуулж нэг сайхан зав залуу олж намын дарга болгох гэнэ. Ингээд л аврал? Даанч тэр залуу нь олдохгүй, эсвэл хэтэрхий олон олдоод байх шиг. Орчин үеийн нээлттэй ертөнцөд тамирчин, дуучнаас эхлээд улс төрийн удирдагч, эрдэмтэн, төрийн зүтгэлтэн, тэр байтугай нобелийн шагналтныг зорилготойгоор, бодлоготойгоор мэнэжмэнтээр буй болгон од шүүрүүлдэг. Түүнээс ярилцаж байснаа хэн нэгнийг орны хөндийгөөс олон чирч гаргаад олны өмнө үзүүлэн болгодоггүй. Зав залуу байг, таван дипломтай байг, найз нар нь их шударга гэж үнэлдэг байг, Ай Кю нь 200 хүрдэг байг, багадаа ангийн дарга байсан байг – тэгээд юу гэж? Улстөрийн намын үйл ажиллагааг хангах гол хэрэгслэл нь мөнгө. Тэр мундаг залуу хаанаас мөнгө олох вэ, тэрэнд хэн итгэж мөнгө сарвайх вэ? Намын удирдагч, удирдах бүлэг, намын аппарат олон түмэнд итгэгдэж байж, найдлага төрүүлж байж сонгуульд зориулах зардал олно. Олсон мөнгөнийхөө барьцаанд орчихгүй хатуу зарчимтай байх ёстой. Тэгэхээр удирдагчаас олон диплом гадаад хэл гэхээсээ харизм, олон түмний итгэлийг хүлээж чадах чадвар шаардана. Тэгээд ч бүрэлдэхүүнээ залуужуулах, удирдагчаа гэнэт огцом залуу хүнээр солих хоёр ихээхэн ялгаатай. 
2000 оны сонгуулиар МАХН (МАН) нийт сонгогчдын 50,03 хувийн санал авсан ч сонгуулийн тогтолцооноос болж парламентийн бараг бүх суудлыг авсан. Чухам үүнд эрдэж АН-ыг үгүй болгохоор шийдэн АН-ынх, тэдэнд таатай ханддаг, тийш урваж магадгүй шалтгаанаар 15 мянган төрийн ажилтан боловсон хүчнийг нэг амьсгаагаар ажлаас нь халж байсан. Дараа нь үүний хариу ч өөрсөд нь ирж байсан байх. Хэрэв ардчилсан нээлттэй тогтолцоо бидэнд хэрэгтэй, тусгаар тогтнол бие даасан байдлын маань баталгаа мөн юм бол юун түрүүн нийгмийг, тэр дундаа төрийг улс төрийн намаас бүрэн цэвэрлэмээр байна. Ихэнх ардчилсан орны жишгээр улс төрийн нам гол нь аппарат дээрээ ажилладаг, тэнд гол үйл ажиллагаагаа явуулдаг, бүх нийтийн сонгуулийн үеэр идэвхиждэг, намууд хоорондоо өрсөлддөг авч биенийхээ оршин тогтнохыг бүрнээ хүлээн зөвшөөрч хүндэлдэг тогтоц бий болгох хэрэгтэй. Нам бол масс гэсэн дарангуйлал руу амар гулсан орж болох аргаас бүрэн татгалзах ёстой. Намаас гарч орох, намын төлөө саналаа өгөх болихыг эх орноосоо урвасан зэрэгт авч үздэг мунхаг сэтгэлгээнээс бүх нийтээр ангижрах. Нам зөвхөн аппарат ба сонгуулиар тухайн намын нэрээр сонгогдсон хүмүүс байх ба бусад нь тухайн сонгуульд уг намыг дэмжигчид байх нь нь шалгарсан тогтолцоо. Тухайн сонгуульд иргэн аль нэг намыг дэмжин бүртгүүлж сонгуулийн компанит ажилд орох ба дараагийн сонгуулиар нөгөө намыг дэмжихээ илэрхийлэн намын дэмжигчээр бүртгүүлж кампанит ажилд зүтгэх нь иргэний өөрийнх нь тухай бүрийн чөлөөт сонголт байх ёстой.
 
 
 
Амундра нь ганцхан хувилбартай тээстээр сонголтоо хийжээ, яая гэх вэ. Харин Дараагийн Амундрад хоёроос доошгүй хувилбартай тээстээр сонголт хийх боломж олгох хэрэгтэй байна. Энэ бол ардчилал, энэ бол тусгаар тогтнол. Дашрамд тэмдэглэхэд, тусгаар тогтнолыг байлдаж хамгаалахаас илүү ухаарч хамгаалдаг юм шүү. Байлдаан нь тусгаар тогтнолын ухаарлаа хэрэгжүүлэх зөвхөн нэг арга төдий зүйл. 
 
 
 
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд одоо бүртгэлтэй байгаа бүх улс төрийн намуудыг татан буулгаад эргэж бүртгэх ба гишүүдийн тоогоор уралдах болхи системийг халж аппаратууд ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм. Өдгөө жишээ нь МАН сонгуульд эхний дугаараар бичигддэг шударга бус журам тогтоод олон жил боллоо. Сонгуулийн хуудсанд эхний дугаарт бичигдсэн нам болон нэр дэвшигч автоматаар 10-15% илүү санал авдаг аж. Энэ дугаарлалыг хаана ч сугалаагаар шийддэг. Тэр байтугай Орост шүү. Дээгүүр дугаартай нь намаа үнэ хүргэж зардаг болсон нь тогтсон "бизнис". Энэ олзоо хуульчлан үүрд хадгалахыг эрмэлзэх нь байгаллаг зөн билэг. Гэвч энэ нь хожим өөрт нь гай болно. Тогтолцоонд аюултай. Ердөө л ганц жишээ төдий шүү. Лениний “массархаг нам” гэсэн томъёололтой улс төрийн намтай, тэднээрээ удирдуулж явснаар улс төрийн нам хэзээ ч зөв төлөвшихгүй, төлөвшихгүй бол инстүүц болж чадахгүй, улс төрийн нам инстүүцчлэгдээгүй байхад төрийн инстүүц буй болохгүй. Төр инстүүцчлэгдэхгүй бол тогтвортой байдал хадгалагдахгүй. Ийм төлөв байдалд Монгол шиг жижиг, өөрийгөө хамгаалах чадвар дорой орны хувьд бие даасан тусгаар тогтнолоо баталгаатай аваад явах асуудал маш том асуултын тэмдгийн өмнө “зогсоно”
 
Баабар
2021.2.28