sonin.mn
Манхеттэний “үл хөдлөхийн хатан хаан” хэмээн алдаршсан Барбара Коркоран хэмээх бүсгүйг бид энэ удаад онцлон танилцуулж байна. Тэр бол Монголд төдийгүй дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг “Бүсгүйн код” хэмээх номын зохиолч бөгөөд гол дүр нь юм. Барбара Коркоран нь Америкийн бизнес хатагтай, хөрөнгө оруулагч, илтгэгч, зөвлөх, зохиолч мөн Америкийн “Шарк танк” нэвтрүүлгийн анхдагч эмэгтэй оролцогч юм.
 
ЗӨӨГЧИЙН АЖЛААС ЭХЛҮҮЛСЭН АМЖИЛТЫН ГАРАА
 
Барбара Коркоран 1949 онд Нью Жерси мужид 10 хүүхэдтэй өнөр өтгөн айлд хоёр дахь хүүхэд нь болон мэндэлсэн бөгөөд католик дунд сургуульд суралцжээ. Тэрбээр 23 нас хүрэхээсээ өмнө 22 удаа ажлаа сольжээ. Ийм олон ажлыг хийж үзсэнийхээ дараа тэрбээр хэн нэгний удирдлага доор ажиллах биш, зөвхөн өөрөө өөрийнхөө удирдагч байх замыг сонгож, шинэ бизнесийн гараагаа эхлүүлэх болжээ. 1971 онд коллеж төгссөний дараа сургуульд нэг жил багшилсан ч өөрөө өөрийнхөө босс байх зорилгоо биелүүлж, Нью- Йорк хотод “Коркоран-Саймон” нэртэй үл хөдлөх хөрөнгийн бизнесээ эхлүүлжээ. Түүний анхны хөрөнгө оруулагч, бизнесийн хамтрагч нь анхны нөхөр Саймон нь байжээ. Тэрбээр тухайн үед бизнесээ эхлүүлэхдээ найз залуугаасаа 1000 ам.доллар зээлж, Корзоран өөрөөсөө 10 насаар ах залууг нөхөр, бизнесийн хамтрагчаараа сонгож, гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байсан хэдий ч зөөгчийн ажлыг солих өөрт ирсэн ховор аз завшаан хэмээн үзжээ. Тун удалгүй нөхцөл байдал өөрөөр эргэсэн юм. Түүний хамтран амьдрагч нь долоон жилийн дараа нарийн бичигтэйгээ суух болсноо хэлсэн байна.
 
САЛАЛТ ТӨГСГӨЛ БИШ ИХ АМЖИЛТЫН ЭХЛЭЛ БАЙЖЭЭ
 
Тэрбээр анхныхаа нөхрөөсөө салсан хэдий ч бизнесийн харилцаа холбоогоо тасалж чадалгүй жил хагасын хугацаанд хамтран ажилласны эцэст өөрийн гэсэн компани байгуулахаар шийджээ. Энэ тухай түүний нөхөр сонсоод Коркоранд “Чи надгүй бол амжилт гаргаж чадахгүй” хэмээн хэлсэн нь түүнд илүү ихийг хийж бүтээх хүсэл зорилгыг нь бадраасан аж. Тэр энэ үгэнд дургүй нь хүрсэн хэдий ч амжилтад хүрсэн хойноо талархах болжээ. Энэ тухай нэгэн ярилцлагадаа “Эмэгтэйчүүд их шартай. Тэднийг басамжлан доромжлох хэрэггүй. Түүний тухайн үедээ доромжилж хэлсэн үгс намайг амжилтад хүргэсэн юм” хэмээсэн байна. Тэрбээр нөхрөөсөө салан, хамтран байгуулсан компанийнхаа хөрөнгийг эн тэнцүү хуваарилан “Коркоран” хэмээх өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийн компанийг байгуулж, асар их амжилтад хүрсэн юм. Үүнээс гадна Барбара Коркораны амжилтад нөлөөлсөн хүн бол түүний ээж юм. Тэрбээр энэ тухай өгүүлсэн “Бүсгүйн код” хэмээх ном гаргасан нь үндэсний бестселлер болж чадсан юм. Энэхүү номыг одоо ч дэлхийн олон оронд орчуулан хэвлүүлж, шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтаж байна.
Түүний ээж хэдийгээр маш завгүй, үргэлж л ямар нэгэн ажил хийж байдаг, арван хүүхэд өсгөн хүмүүжүүлдэг ч хүүхдүүдийнхээ урмыг хугалахгүйг хичээдэг, шаргуу хөдөлмөрч нэгэн байжээ. Тэрбээр ээжийнхээ зөвлөж хэлсэн үгсийнх нь код мэт утга агуулгыг ажил хөдөлмөртэйгөө ямагт үргэлж уялдуулан холбож, тэдгээрийн үр дүнг нь мэдэрсээр ирсэн аж. Тухайлбал, Коркоран ресторанд зөөгчөөр ажилд ороод ээждээ “Миний урд нэг ч хүн ирэхгүй байхад том хөхтэй Глориягийн лангууны өмнөх суудлууд эрчүүдээр дүүрэн байх юм. Би Глориятай өрсөлдөх ямар ч боломжгүй юм байна” гэж хэлэхэд ээж нь “Гомдоллохоо больж үз, охин минь. Хэрвээ чи хэн нэгэнд үнэмлэхүй ялагдаж байгаа бол чиний арга барил бүхэлдээ буруу байна гэсэн үг. Юуны түрүүнд чамд ямар давуу тал байгаагаа сайтар эргэцүүл. Миний охинд эрчүүдийн нүдийг хужирлах том хөх байхгүй ч эрчүүдийг татах эрх хонгор ааль, эвдрээгүй зан араншин, охинлог төрх байна. Тиймээс гэмгүй ариун охин чанараа тодотгож үсээ яагаад гоёмсог зүүлтээр боож болохгүй гэж… Гэнэн цайлган охины дүрд тогло” хэмээн зөвлөжээ. Ээжийнхээ энэхүү зөвлөгөөний ачаар тэрбээр олон үйлчлүүлэгчийг өөртөө татаж чадсан бөгөөд анхны нөхөр бизнесийн түнштэйгээ ч холбогджээ. Тэрбээр мөн нэгэн удаа ээжийнхээ зөвлөснөөр тэмцээнд оролцсон боловч ялагдаж, гомдоллоход ээж нь “Тэр тэмцээнд чиний түрүүлэх эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь оролцсон нь чухал. Өрсөлдөөнийг мэдэр. Өөрийнхөө хүрээнээс гар. Энэ л чухал.
 
 
 
Харин учир утгагүй гомдол гаргаж, илүү зүйл ургуулан бодох нь хоолны дуршил бууруулж, эрүүл мэнд муутгахаас өөр ямар ч шидгүй” гэж сануулсан гэдэг. Коркораны амжилтын код бол түүний гайхамшигтай ээж юм. Тэрбээр энэ тухайгаа номондоо сэтгэл хөдөлгөм бичсэн байдаг.
 
 
 
 
АНХНЫ ЭМЭГТЭЙ ШАРК
 
Тэрбээр 2001 онд өөрийн үүсгэн бий болгосон үл хөдлөх хөрөнгийн “Коркоран” группээ “NRT” корпорацид 66 сая ам.доллараар худалдаж чадсан бөгөөд одоо 80 сая ам.долларын хөрөнгөтэй Америкийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг болж чаджээ. Тэрбээр мөн “Ододтой бүжиглэе” шоуны шилдэг оролцогчдын нэг. Түүнчлэн “ABC” телевизийн “Шарк Танк” нэвтрүүлгийн анхны эмэгтэй оролцогч гэдгээрээ олонд танигдсан юм. Коркоран өнгөрсөн хугацаанд 20 гаруй старт ап бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хийжээ. Тэрбээр өдгөө 71 настай бөгөөд шаркийнхаа ажлыг үргэлжлүүлж, шинэ залуу старт ап компаниудыг дэмжсээр байна.
 
Ингээд түүний амжилтын нууцаас хуваалцаж байна.
 
Өөрийгөө ямар чадвартай вэ гэдгээ олж мэд- Энэ нь таныг сайн багаа бүрдүүлж цаашдаа урагшлахад хамгийн ихээр туслах болно. Барбарагийн хувьд маркетинг хийх болон хүмүүсийг хооронд нь холбож, ажил хэрэг болгохдоо сайн, тиймээс энэ л чадваруудаа 30 жилийн турш бизнестээ ашигласан хэмээн дурьджээ.
Юу ч болж байсан урагшил- Коркоран есөн ах эгч дүүгийнхээ хамтаар хамгийн энгийн америк айлд өссөн бөгөөд 11 нас хүртлээ уншиж, бичиж чаддаггүй байсан гэдэг. Бизнесээ бие даан удирдаж явахдаа үргэлжийн том цохилтонд өртдөг байсан ч тэрбээр “Энэ нь намайг дараагийн шатанд минь гарахад хэрэг болно” хэмээн бодон цохилт биш сургамж гэж хүлээж авдаг байжээ. Энэ өөдрөг үзэл нь нээрээ ч түүнийг дараагийн алхамдаа үргэлж бусдаас илүү бэлтгэлтэй байлгаж чадаж байгааг тэр мэдэж авч.
Эхэлж чаддаг байх- Магадгүй танд хэдэн сая долларын санаа, хэдэн сарын дата мэдээлэл, төгс бизнес танилцуулга, тайлан байсан ч та өөрийн бэлтгэж чадсан санааг бусдад танилцуулж эхлүүлэхгүй л бол энэ нь зөвхөн таны санаа төдий л оршсоор байх юм. Хүмүүс хэт төгс зүйлийг хийхийн төлөө өөрсдийгөө маш их дарамтанд оруулж, нэг мэдхэд гадна ертөнцдөө өөрийн хийж чадсанаа танилцуулах бус өөртөө хадгалсаар байгаад энэ нь мөрөөдөл төдийхнөөр төгсөх нь элбэг байдаг. Өөрийн санааг цаасан дээр л байлгаад байлгүй гарч хэдэн танихгүй хүнд таны бизнесийг мөнгөөр худалдаж авах үгүйг олж мэд. Энэ л бизнесийн эхлэл юм, цаасан дээр байгаа зүйлс биш.
 
Өөрийгөө гутраах бус зоригжуул- Коркоран хамгийн анхны 340 ам.долларын commission буюу шимтгэлээрээ тухайн үеийн хамгийн загварлаг, хамгийн үнэтэй моданд орж байсан хүрэмийг авч байсан юм. Энэ хүрмээ аваад тэр гар дээрээ бараг мөнгөгүй үлдэж байсан ч түүнийгээ өмсөх төдийд л өөрийгөө Нью-Йорк хотын үл хөдлөх хөрөнгийн бизнесийн хатан хаан мэтээр төсөөлж чадаж байсан гэдэг. 
 
“Хүмүүс чиний айдсыг мэдэрдэг, яг л ясруу шунаж байгаа нохой шиг чиний дотоод айдсыг мэдэрч сул талруу чинь дайрах гэдэг, тийм үеийнхээ айдас буюу өөртөө итгэлгүй байдлыг хүрэм маань замхруулж зоригжуулж чаддаг байсан” гэжээ. Өөрийг тань зоригжуулж чадах зүйлcээс битгий гар тат, энэ нь таны ирээдүйд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт юм.
Сөрөг зүйлсийг өөрийн хүчээ болгон ашигла-Коркоран есөн ах эгчийн хамтаар хоёр өрөө байранд 12-уулаа амьдардаг байсан. Барбара Коркоран одоо Америкийн үл хөдлөх хөрөнгийн бизнесийн хатан хаан хэмээн нэрлэгдэж, Нью Йоркийн пентхаусынхаа терассаас багадаа амьдардаг байсан байшингаа ширтэхдээ “Амьдрал чамд юу авчрахыг хэзээ ч мэдэхгүй, энэ бүхэн өөртөө итгээд хөдөлмөрлөж чадсаны маань бяцхан гавъяа” хэмээн даруухан хариулах ажээ. Бүсгүйн нэрийг Барбара Коркоран гэдэг бөгөөд Манхэттений “үл хөдлөхийн хатан хаан” хэмээгдэгч. Ноён Дональд Трампын “Плаза” зочид буудлыг Хонконгуудад амжилттайгаар борлуулж, зуучилж борлуулсны шимтгэлээрээ ашгийн гурван хувийг хүртэж тухайн үеийн том амжилтыг бүтээжээ.
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин