сонин mn
Монгол гэдэг нэрийг мянгантаа дархалж, түмэнтээ баталж байдаг түүхэн их үйл явдал, баатарлаг домогт эрс, тоолж барамгүй ажил үйлс арвин бий. Уламжлал заншил ч бишгүй дээ нэг бий. 
Ер нь ч монгол газар төрснөөрөө, монгол эцэг эх заяаснаараа, монгол хэлээр ярьснаараа би монгол хүн гэж баттай хэлж болох ч, бүрэн гүйцэд гэхэд хараахан бас л дутуу санагдана.Хэрэв л цагаан сарын шинийн нэгэн хэмээх өтгөс дээдсээ хүндэлж, нялхас багачуудаа баясгаж, ёс төрийг гүйцэлдүүлдэг хүсэн хүлээх ийм нэгэн эгэлгүй, ижилгүй өдөр байдаггүй сэн бол, монголын ариун ёсонд нэг л их юм дутах мэт, үр хүүхдүүддээ үлдээж дархлах зүйл үгүйлэгдэх аятай, хэнд маань ямархан санагдах нь хэнээр ч хэлүүлэлтгүй алган дээр тавьсан мэт тодорхой. 
 
Цагаан сараар л чухам монгол хүний эрхэмлэдэг дээдэлдэг ёс заншил, эдэлдэг хэрэглэдэг дээл хувцас, идээ цагаа журам ёсоороо өвч төгс бүрдэх шиг болдог. Хахир хатуу өвлийг үдэж, урин дулаан хаврыг угтлаа хэмээн баясах өдөр гэвэл мөнөөхөн энэ цагаан сарын шинийн нэгний өдөр. Ийм ёс гагц хангай говьгүй, хэн хүнгүй буянт мал сүргээ гэсэн малч удмын, нүүдэлч түмний сэтгэл зүрхэнд анх идээшин бий болж, үе дамжин уламжилж ирсэн байхаас хэрхэвч зайлахгүй.
 
Дээш цацсан атга төдий арвайн дундаас ширхэг ганц арвай зүүний торгон үзүүрт онож торж, уналгүй тогтохын хосгүй золоор хүний энэ өнө мөнхийн хорвоод төрж, өсч, өдий хүртэл аж төрж, нэгэн нас энх мэнд нэмсэндээ баясах өдөр гэвэл бас л цагаан сарын шинийн нэгний энэ өдөр. Манай өвгөд дээдсийн уламжлал ёсоор бол, монгол хүн бүхэн төрсөн өдрөө нэгэн зэрэг яг энэ өдөр тэмдэглэж байгаа ч гэж хэлж болно. 
Тэгж ч үзсэндээ, өдөр, сар яс оноож, төрсөн өдөр хэмээн жич жич тэмдэглэлгүй, тэр бүхнийг цагаан сарын шинийн нэгэндээ хамтатган, үгийн сайхныг хэлэлцэж, үйлийн сайныг мэтгэлцэж, бэлэг сэлтээ барьж, их ёсыг гүйцэлдүүлж ирсэн уламжлалтай.
Урт нас, удаан жаргал, буян хишгийн ундарга болсон өвгөд эмгэд, ачлал хайрын дундаршгүй арвин далай болсон аав ээж, ахас ихэс хэн бүхнээ дээдлэн хүндэлж, өнөөдөр нүдээрээ үзснээ маргааш биеэрээ батлан залгах үр хүүхдүүдээ бүрэн гүйцэд баярлуулах хишиг даллагатай өдөр гэвэл мөнөөх л энэ цагаан сарын шинийн нэгэн.
Монгол улс, монгол хүн, монгол ёс энэ бүхний нэгэн их баталгаа, хүндэтгэл дээдлэлийн билэгдэл, өнө хойчийн буухиа болсон цагаан сарын шинийн нэгэн ийнхүү гараад ирвэй.
 
 
Цагаан сарын шинийн нэгэн гараад ирвэл л дээ, хө хө
 
Цагаан эсгий гаднаан дэвсээд тэнгэр бурхандаа мөргөнө дөө, хө 
 
хэмээн эгшиг яруу, намба төгс дуулж ирсэн түрүү үеийн түүхтэй. Тийнхүү цагаан сарын шинийн нэгнээр эрхэмлэдэг, дээдэлдэг болгондоо ачлал санан, аврал эрэн, нигүүлсэл айлтган мөргөж, залбирдаг. Мөргөж залбирдаг тэр бүхэн минь хэнсэн билээ, юусан билээ гэвэл, тэнгэр бурхан, эх орон, их түүх, элэнц өвгөд, эцэг дээдэс, сайн сайхны билэгдэл тэр бүхэн билээ!
 
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
 
До.Чулуунбаатар тэрлэв.   
 
2021. 02. 12. Шинийн нэгний өглөө.