sonin.mn
Сониныхоо “Хоймор” булангийн анхны зочноор ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэгийг урилаа. Бидний ярилцлага энэ удаад түүний албан тасалгаанд бус сонины редакцад ч бус онлайн хэлбэрээр явагдлаа.
 
Таны төрсөн нутаг ус, хүүхэд наснаас тань ярилцлагаа эхэлье...
 
Миний бие Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрж өссөн. Долоон хүүхэдтэй өнөр өтгөн айлын ууган хүү. Эцэг, эх маань сумандаа нэр хүндтэй төрийн алба хаагчид байсан. Аав маань насаараа сумандаа зоотехникч, ээж маань сумын холбоонд ажилласан. Аав маань аймгийнхаа сангийн аж ахуйн ерөнхий зонтехиникч хийж Байдрагийн ширүүн ширүүвтэр ноосны чиглэлийн "Чамаар" үүлдрийн хонийг судалж, өсгөн үржүүлж ерөнхий зохион бүтээгч гэдэг нэр хүндийг хүртсэн хүн. Би айлын ууган хүү учраас дүү нараа асран хамгаалах, гэр орноо цэвэрлэх аав, ээждээ тус болж завгүй хөдөлмөрлөж өссөн. Өвөл, зуны хичээлийн амралтаараа хоёр буурайгийндаа очиж хурга, ишиг хариулж хоёр хөгшний гараар бүтсэн хамгийн амт шимттэй хоол ундыг идэж өссөн дөө. Одоо энэ сайхан хүүхэд насаа дотроо л дурсаж явдаг юм. Миний хүй тасалж, хүн болсон суманд социализмын үед орос цэргийн ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тэр үед тэд нарын гараар олон байшин барилга баригдаж, Байдрагийн сангийн аж ахуй нэртэй түүхээ зузаалсан сум байгаа юм. Баянхонгор аймгийг 24 цагийн гэрэл, холбоотой байлгах үүргийг гүйцэтгэж тасралтгүй ажиллахын зэрэгцээ зам тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон шатахууны байнгын цэгтэй ийм л сум байсан.
 
Цэргийн хүн болох сонголтын талаар ...
 
-Дунд сургуулийн сурагч байх үедээ л цэргийн хүн болно гэсэн бодол төрсөн. Аймагт цэргийн хэлтсийн хэдэн офицер байдаг байсан. Жилд нэг удаа суманд ирж цэрэг татлага зохион байгуулах үеэр тэднийг хараад л эд нар шиг болох юм сан гэсэн бодол төрж билээ. Хүнтэй харилцаж байгаа харьцаа, өмссөн хувцас, алхаа гишгээ зэрэг нь сэтгэлд хоногшсон юм болов уу.
 
Мөн би ангийн даргын үүрэгт ажлыг 10 жил хийсэн байдаг юм. Тэр үед жил бүрийн 5 дугаар сарын нэгэн буюу Майн баярын өдөр ахлах ангиудын дунд зохион байгуулагддаг тэмцээн болон цэрэгжилтийн хичээлийн тэргүүнд нь алхаж анги хамт олноо удирдан чиглүүлдэг байсан. 1987 онд тус дөл тэмцээнд оролцон хүрэл медаль авч байсан түүхтэй. Тэр жилдээ цэргийн сургуульд орох саналаа аавдаа хэлэхэд ”Миний хүүгийн зөв, ёстой болно. Цэргийн дарга нар гоё” гээд бөөн баяр болж байлаа. Ингээд төгсөлтийн шалгалтаа өгөөд 1987 оны намар аавыгаа дагуулаад Цэргийн нэгдсэн сургуулийн хашаагаар анх орж байлаа.
 
Сонсогч үеийн түүх одоо бол нандин дурсамж байгаа даа. Энэ талаараа ярихгүй юу?
 
-Тэгэлгүй яах вэ. Цэргийн сургуулийн дөрвөн жил харвасан сум шиг өнгөрсөн. Суралцах хугацаандаа цэргийн эрдэмд шамдан суралцаж, өөрөө сурсны хажуугаар дараачийн үеийн сонсогчдоо суралцах арга барил эзэмшүүлсэн.
1989 онд тухайн үед элсэн суралцсан Ерөнхий цэргийн ангийн сонсогч нарыг хариуцан цэргийн анхан шатны сургалтыг удирдсан. Одоо надтай зэрэгцэн алба хааж байгаа бөгөөд хурандаа болсон байна. Тухайлбал, Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар, ҮБХИС-ийн багш, хурандаа Г.Өлзийбаяр, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр, Говь-Алтай аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Д.Төмөрбаатар зэрэг олон сайхан офицерууд байна. Тэд маань надад баярлаж талархаж өдий зэрэгтэй явж байгаа маань цэргийн анхны "А" үсэг заасан таны ач гавьяа гэж уулзах бүрдээ хэлдэг юм. Энэ боломжийг ашиглан Та бүхэндээ ажлын амжилт хүсье.
 
Ажлын анхны гараа, анхны томилолт хаана байсан бэ?
 
-1991 онд ЦНДС-ийг төгсөж Батлан хамгаалахын сайдын тушаалаар тэр үеийн Их говийн гарнизон, цэргийн хүний бахархал болсон Зүүн баянд байрлах ард олноо алаг морьт Дандар баатрын хороо гэж алдаршсан Ардын цэргийн 132 дугаар ангид салааны захирагчаар томилогдон ажлын анхны гараагаа эхэлж байлаа.
Нисэхийн ангиас цагаан онгоцоор Зүүнбаянд бууж байлаа шүү дээ. Тэр үед бид нартай хамт ахмад цолтой А.Ганбат (хошууч генерал) ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академи төгсөөд 126 дугаар нэгтгэлд оператив тасгийн даргаар томилогдон очиж байлаа. Зүүнбаянд томилогдож очоод одоо л энд сурч мэдсэн зүйлээ амьдралтай холбож ажиллана даа гэж бодсон. Ангийн захирагч, хурандаа Б.Бүрэнбаяр гээд жагсаалч мундаг дарга байлаа. Түүнээс олон зүйлийн сурч, мэдсэн.
 
Цэргийн хүний онцлог бол байнга нэг газраа ажиллаад байдаггүй. Хэр олон газар томилогдон үүрэг гүйцэтгэж байв ...
 
-Сургуулиа төгсөөд 132 дугаар ангид салааны захирагч, дараа нь 1993 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид салааны захирагчаар ажилласан. Энэ хугацаанд төрийн хүндэт харуулын ажлыг сайжруулах, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд өөрийн биеэр оролцож гадаадын зочид төлөөлөгчдөд, төрийн тэргүүнүүдийг хүндэтгэн угтаж авах, итгэмжлэх Жуух бичгээ барих зэрэг төрийн ёслол хүндэтгэлийн олон арга хэмжээнд оролцож байлаа. Энэ хугацаанд Жуух бичиг барих ёслолд нийт 200 гаруй удаа оролцож өөрөө 100 гаруй ёслолыг биечлэн удирдсан. Мөн төрийн их баяр наадмын есөн хөлт цагаан тугийн хамгаалалтыг удирдан зохион байгуулж явлаа.
 
Дараагийн томилолт Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн штабын орлогч байлаа. Тус ангид ажиллаж байх үедээ буюу 1999 онд зохион байгуулагдсан супер офицер тэмцээнд оролцож улмаар БХУА-д шалгалт өгч элссэн. 2001 онд төгсөөд ЗХЖШ-ын соёл хүмүүжил хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Удалгүй ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Дашзэвэг дуудаж Зэвсэгт хүчний 016 дугаар ангид ажиллах томилгоо өгч байлаа. Тухайн үед Цэргийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан хурандаа Ч.Магсар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байгаад ОХУ-д акамдемид явж суралцаад томилогдоогүй байсан хурандаа Б.Батбаатар нартай хамт томилогдон ажилласан.
 
Энэ томилгооны дараа хошууч генерал М.Борбаатар гэж гайхалтай чадварлаг жанжин даргын санал болгосны дагуу ЗХЖШ-т дахин томилогдож Зэвсэгт хүчний цэргийн алба сахилга, зохион байгуулалтыг хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Тэр үед одоогийн Хяналт, шалгалт, үнэлгээний газар чинь Цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах алба нэртэй байсан. Дотроо Хяналт шалгалтын нэгжүүдээс бүрдсэн том алба бөгөөд албаны дарга нь хурандаа Ц.Галбадрах, орлогч дарга нь хурандаа Ц.Доржхүү нар байлаа.
Ингээд Зэвсэгт хүчний сахилга зохион байгуулалт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэлт гээд бүхий л асуудлыг хариуцан анги, байгууллагаар явж их зүйл сурсан. Энэ чиглэлээр мөн ч олон сайн, муу зүйлийг харж, дуулсан. Бас сайн олон зүйлийг хэвшүүлж чадсан гэж боддог. Тухайн үед миний хүндэлж явдаг дарга нар ажиллаж байлаа. Тухайлбал, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЦУСТГ-ын даргаар хошууч генерал Б.Шагдар, орлогч даргаар нь хошууч генерал А.Ганбат болон хурандаа Ц.Галбадрах, Ц.Доржхүү нар. Эдгээр дарга нар хатуу шаардлага, ажлын чиглэл өгдөг байсан. Одоо ч дарга нартайгаа холбоотой ажиллаж хэлсэн ярьсан зүйлийг нь ажил албандаа тусган ажиллаж байна даа.
Үүний дараа Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар томилогдсон. Энэ анги бол элитийн батальон гэж нэрлэгдсэн, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд бэлтгэгдсэн байнгын бүрэлдэхүүний цэргийн алба хаагчдын анги байлаа. Энэ ажиллагаа дөнгөж эхэлж байсан үе нь бөгөөд энхийг сахиулах ажиллагааны багт явах үеийн ажил, арга хэмжээ, сонгон шалгаруулалт, бэлтгэл сургуулилт гээд бас л шинэ ажил руу орж байсан. Хамт олонтойгоо дасаж багагүй сайн ажиллаж байтал хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Баатар дуудаж "Та ажлаа хүлээлгэж өг. ЗХЖШ-т шинэ хэлтэс байгуулагдаж байгаа тэнд ажиллахаар болсон" гэж утасдаж билээ. Ингээд очиж уулзаад тухайн үед Улсын баярын өмнөх өдөр хурандаа Д.Энхбаатарт өмнөх ажлаа хүлээлгэн өгсөн. Надтай хамт дэд хурандаа С.Лхаасүрэн, С.Ууганбаяр нар хамтран ажиллаж байсан. Дараа нь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагчаар томилогдсон юм. Энэ хамт олонтойгоо сэтгэл санаа, гар бие нийлж 2009-2013 оныг дуустал хамтран ажиллаж байлаа. Энэ хугацаанд Зэвсэгт хүчний олон удаагийн тэмцээн уралдаанд оролцон тэргүүн байр эзэлж, ангиа танилцуулан бие бүрэлдэхүүнийхээ ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах талаар санаачилга гарган сайн ажилласан гэж боддог. Зэвсэгт хүчний удирдлага ч тодорхой хэмжээгээр үнэлсэн. Тус ангид ажиллаж байх үедээ хурандаа цол хүртсэн.
Үүний дараа 2014-2018 он хүртэл ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч даргаар ажиллаж байгаад 2018 оны 8 дугаар сараас Зэвсэгт хүчний ХЗЦК-ийн штабын даргаар томилогдон ажилласан. Одоогийн албан тушаалд 2019 оны 11 дүгээр сард томилогдсон.
 
Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байсан талаараа ...
 
-Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллаж байх хугацаанд дэслэгч генерал Ц.Бямбажав дарга итгэл хүлээлгэж тодорхой үүрэг чиглэл өгч, БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх 2 дугаар мотобуудлагын батальоны захирагчийн орлогчоор томилсон. Өөрийн зорьсон зорилгодоо хүрч үүргээ амжилттай гүйцэтгээд 850-уулаа эх орондоо ирсэн.
 
ЗХЖШ-т хэд хэдэн удаа томилогдон ажиллаж байсан хүний хувьд Зэвсэгт хүчний удирдах байгууллагын бодлого, мөн чанарын талаар юу хэлэх вэ?
 
-Тиймээ аливаа ажил албанд төрийн бодлого, залгамж чанар байдаг гэж боддог. Ялангуяа сүүлийн 10 гаруй жилд Зэвсэгт хүчинд нэлээд шинэчлэл явагдаж байна. Сүүлийн жишээг дурдахад барилга инженер, кибер аюулгүй байдлын тусгай хүчний цэрэгтэй боллоо.
 
Цэргийн дарга, цэргийн хүний баримталдаг зарчмын талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу? Таны хувьд ямар зарчмыг албандаа, амьдралдаа мөрдлөг болгодог юм бол ...
 
-Миний баримталдаг гол зарчим бол хүнд худлаа хэлэхгүй байх. Мөн за, ойлголоо гэж хэлэх дуртай. За гэж хэлснийхээ төлөө араас нь явж, зүтгэж биелүүлж, ард нь гарч байж санаа амардаг даа. Тиймээс өөрийнхөө удирддаг хамт олондоо ч гэсэн та бүгдээс тусламж хүсээд ирж байгаа ямар ч хүнд туслаад баярлуулаад гаргаж байгаарай гэж захидаг.
 
ОХУ-д зохион байгуулагдсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний төлөөлөл болсон цэргийн алба хаагчдаа ахалж яваад ирсэн. Цаг үеийн байдал хэцүү байгаа үед цэрэг хүний ёсоор хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэнд юуны өмнө баяр хүргэе. Ёслолын жагсаалын сонин сайхнаас манай уншигчдад хуваалцахгүй юу?
 
-Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалыг 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путин 5 дугаар сард гаргасан. Тус шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу тус цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг оролцуулах хүсэлтийг Батлан хамгаалахын сайд М.Энхболдод ирүүлсэн. Ингээд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч ОХУ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу, коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу, эх орондоо 14 хоногийн тусгаарлалтад байж, гурван хоногийн өмнө вирусийн шинжилгээ өгч, 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Москва хотод очоод дахин шинжилгээнд хамрагдаад Москва хотоос 100 км зайтай орших цэргийн сувилалд байрласан. Ингээд 6 дугаар сарын 15-ны өдөр шинжилгээний хариу гарсны дараа үндсэн байрлалдаа очиж байрласан. Энэ хугацаанд цэргийн ёслолын жагсаалд оролцож буй орнуудын цэргийн алба хаагчид өдөр бүр байрлалынхаа ойролцоо тусгай талбайд 2-3 цагийн бэлтгэл хийж байсан бөгөөд нэгдсэн бэлтгэлийг 6 дугаар сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбайд зохион байгуулсан.
 
Бэлтгэлийн явцад манай цэргүүдийг бусад орны цэргүүдээс илүү сайн зохион байгуулалттай, бэлтгэлтэй байсныг хариуцан ажиллаж байсан ОХУ-ын БХЯ-ны хүмүүс албан ёсоор мэдэгдэж байсныг энд хэлэхэд таатай байна.
 
ОХУ-д байрлан бэлтгэл хийж байх үед халдвар хамгааллыг дээд зэргээр сахиж байсан. Ингээд 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаан талбайд Монгол цэргүүд үндэсний соёл, цэргийн уламжлалаа хадгалсан шинэ загварын хувцастай эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтуулж чадсан. Уг цэргийн ёслолын жагсаалыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, цэргийн атташе бригадын генерал Д.Энхбаатар болон бусад албаны хүмүүс үзэж өндөр сэтгэгдэлтэй бид бүхэнтэй уулзсан.
Мөн 6 дугаар сарын 25-ны өдөр Москва хотын хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн.
 
Ялалтын баярын цэргийн ёслолын жагсаалд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн цэргийн алба хаагчид маань өдгөө тусгаарлалтад байгаа. Тэдний нэг нь та. Цаг үеийн байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу. Орчин нөхцөл ямар байгаа вэ?
 
-Үүргээ амжилттай гүйцэтгээд 6 дугаар сарын 26-ны өдөр ирж, "Багабаян-Энхийн төлөө" цогцолборт тусгаарлалтад орж, эхний шинжилгээгээ өгч бүгд сөрөг гарсанд баяртай байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Улсын онцгой комиссоос хэрэгжүүлж байгаа уг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Нөхцөл байдал боломжийн байгаа.
 
Цэргийн нөхөрлөлийн талаар юу хэлэх вэ?
 
-Цэргийн нөхөрлөл үнэхээр сайхан. Анх 1987 онд ЦНДС-д ороод одоо ажиллаж байгаа гурван хурандаа байна. Манай курсээс хурандаа Б.Дамба, Д.Жигжигдсүрэн бид гурав юм. Б.Дамба маань одоо Казахстан улсад алба хааж байгаа бол Д.Жигжидсүрэн маань Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч хийж байгаа. Бид гурав гурвуулаа бага дарга, дэд түрүүч цолтой нөхөрлөлөө эхлүүлсэн. Нэг үед гурвуулаа ангийн захирагч хийж байлаа гээд манай Б.Дамба бахархан ярих дуртай.
 
Цэргийн хүн болсондоо хамгийн их баярлаж байсан үе хэзээ юм бол ...
 
-Надад олон баярт мөч тохиож байсан. Тухайлбал, цэргийн цол авах, төрийн дээд одон медаль хүртэх үедээ алтан соёмбоо тэргүүндээ залсан гээд олон зүйлд баярлаж явдаг. Мөн сайхан хань, гурван сайхан үртэй болоод Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хүндлэл хайрыг хүлээж яваа минь Зэвсэгт хүчин хэмээх их айлын гишүүн болж өргөсөн тангарагтаа үнэнч байж хоёргүй сэтгэлээр албаа гүйцэтгэдгийг минь үнэлсэн шагнал гэж боддог юм.
 
Гэр бүлээ танилцуулахгүй юу?
 
-Миний гэр бүлийн хүнийг А.Мэндбаяр гэдэг. Увс аймгийн Зүүнхангай сумынх. Анх Ленин клубын автобусны буудал дээр танилцаж байснаас хойш 30 гаруй жилийг хамт үдэж гурван сайхан үр хүүхдийн аав, ээж болцгоожээ. Том хүү маань аавынхаа мэргэжлийг эзэмшин цэргийн хүн болсонд нь их баярлаж явдаг. Охин минь анагаахын чиглэлээр сурч төгсөөд Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байна. Бага хүү энэ жил наймдугаар дугаар ангид орно. Мөн том хүү маань гэр бүлтэй болж намайг өвөө болгосон. Миний өдий зэрэгтэй яваа нь ханийн маань буян заяа гэж боддог. Ар гэртээ санаа зовохгүй ажлаа хийнэ гэдэг том давуу тал юм. Ханьдаа баярлаж явдаг даа.
 
Тун удахгүй Улсын их баяр наадам тохионо. Таны наадмын өглөө хэрхэн эхэлдэг вэ?
 
-Ер нь наадмаар дандаа л ажилтай байж таардаг. Сүүлийн жилүүдэд хийж байгаа ажил албатай холбоотойгоор улсын их баяр наадмын зохион байгуулах салбар зөвлөлд ажиллаж байна. Өнгөрсөн жил хурдан морины салбар зөвлөлд ажиллаж Хүй 7 худагт өнгөрөөж байсан бол энэ жил хөл хорионд байгаа учир өрөөндөө ганцаараа зурагтаар наадмаа үзэж, утсаар ойр дотынхонтойгоо холбогдож наадамлана даа.
 
Сүүлчийн асуултыг танд үлдээе ...
 
-Удахгүй болох Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярын мэндийг Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүн БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага, бие бүрэлдэхүүнд хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Ярилцсанд баярлалаа.
 
 
Хошууч Д.Оюунгэрэл
Эх сурвалж: "Соёмбо" сонин