sonin.mn
XX зууны эхэн үеийн Нийслэл хүрээний нэгэн бичлэгийг үзээгүй хүн тун цөөн биз ээ. Тэр үеийн түүхэн ховор бичлэг дээр хүрээнийхэн харамсалтай нь өвөг дээдэс минь энэ гэж хэлчих бахархалтайгаар үлдсэнгүй. Харин ч гудамжаар яваа хөдсөн дээлтэй хүмүүс хаа таарсан газраа “морь харж" байгааг бичлэгт тодхон буулгажээ. За яах вэ, Манж Чин гүрний олон зуун жилийн дарлалаас дөнгөж ангижирсан, цаг үе нь ийм юм гэж тэднийг өмгөөлж хаацайлж болох л юм.
Тэр цагаас хойш даруй бүтэн зууныг элээж цаг үе хувьсан өөрчлөгдсөн ч хотынхон өнгөрсөн зууны муу зангаасаа бүрэн хагацаж чадаагүй л явна. Өнөө үеийн хотын иргэд зам түгжих олон унаатай, найман настай балчраас 80 настай буурай хүртлээ ухаалаг гар утас барьсан, хоногийн 24 цаг мэдээлэл авдаг хэрнээ физиологийн хэрэгцээгээ хангаад, паалантайгаа байг гэхэд нүхэн жорлондоо ч бие засчих сэтгэл, ухаангүй байгаа нь харамсалтай. 
Ялангуяа үүнд хаа таарсан газраа бие засчихдаг эрчүүдийг “чичилчихвэл” нэг их буруудахгүй биз ээ. Учир нь, өвөлдөө “Утаанбаатар” гэх нэр зүүж ад үзэгддэг хот маань урин дулаан цагт “Жорлонбаатар” болчих гээд байна.
Гадаа дулаан ороод, өвөлжин утаанд нүдүүлсэн Улаанбаатарчууд арайхийн уушгиа дүүртэл амьсгалах нь уу гэтэл хаа сайгүй шээс шивхэг ханхийх болов. Ялангуяа гарааш, автобусны буудлын ТҮЦ хавьд удаан зогсвол бараг ухаан балартах нь холгүй болох юм. Тэгэхдээ бүр булан тохой, хүмүүсийн хөл хөдөлгөөн сийрэг хэсгийг андахгүй, “морь харна” гээч, тэд.
Ухаан балартана гэснээс дундад зууны үед бидний соёлтны өлгий гэгддэг Парист ч өнгөрсөн зуун, өнөө үеийн Улаанбаатар шиг шээс ханхалсан хэцүүхэн байсан гэдэг.
Францын хаадын ордон болох Луврт л гэхэд нэг ч бие засах газар байгаагүй юм гэнэ лээ. Тийм болохоор хаад, хатад ордондоо, шатан дээр, тагтан дээр л морь харж, хөнгөрнө. Эсвэл тэд том цонх нээгээд л шууд бие засах буюу вааранд хэрэгцээгээ хангадаг байжээ. Дараа нь тэрхүү ваартай өтгөн, шингэнийг ордны хойд хашаанд цацаж орхидог байсан гэдэг.
Жишээлбэл, XIV Людовик хааны үед Версалийн ордны хатагтай нар яриан дундаа шууд босоод л булан тохойд нь бие засчихдаг байж. Нэгэн удаа хаан дээр Испаниас элч иржээ. Элч хааны өргөөнд өглөө эрт ирсэн биш, үнэр танарт нь байж ядан нүднээс нь нулимс цувж гэнэ. Ингээд хэцүү байгаагаа мэдэгдэхгүйн тулд элч цэцэрлэгт хүрээлэнд уулзах санал соёлтойхон тавьж, хаантны унтлагын өрөөнөөс хар хурдаараа гарч иржээ.
Гэтэл цэвэр агаар амьсгална гэж найдсан цэцэрлэгт хүрээлэн нь ордны өтгөн, шингэнээ асгадаг газар байж таарч, сандарсан элч яаж ч чадалгүй ухаан алдан унасан гэдэг. Мэдээж ийм бохир заваан орчинд өвчин эмгэг яаж газар авч, хэрхэн тахал дэгдсэн нь ойлгомжтой. XIV зуунд Франц улс тахлаас болж нийт хүн амынхаа гуравны нэгийг алдсан түүхтэй.
Хаа холын дундад зуун, Францын талаарх яриагаа ингээд зогсооё. Тэр үеийн юм тэр үедээ дуусаж, өнөөдөр Парис үнэртний өлгий, цэвэр цэмцгэрийн туйл хот болчхоод байна. Гэтэл манай хот өнгөрсөн зууны үеийнхтэйгээ адил, бахь байдгаараа байгааг юу гэх вэ.
Ил задгай бие засах нь үнэр танараас гадна эрүүл мэндэд тун сөрөг нөлөөтэй. Тухайлбал, гэдэсний суулгалт, шар зэрэг олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог байна.
Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, химийн ухааны доктор Ш.Батдэлгэр “Температур нэмэгдэхэд хий илүү дэгдэмхий болдог учраас зуны улиралд шивтрийн хий илүү үнэртэнэ. Тиймээс ч дулааны улиралд янз бүрийн таагүй үнэрээс шалтгаалсан асуудал их яригддаг гэж ойлгож болно.
Шивтрийн хий нь ихэвчлэн амьсгалын замаар хүний бие махбодод шингэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Шивтрийн хийг амьсгалснаар хоолой загатнах, хорсох, ханиалгах, чээж давчдахаас гадна нүд загатнах, улайх, үрэвсэх, арьс улайж загатнах зэрэг өвчний шинж тэмдэг илэрдэг. Маш мэдрэмтгий хүмүүс их хэмжээгээр шивтрийн хийг амьсгалсан тохиолдолд толгой нь эргэж, бөөлжис цутгах, нүүр хавагнах явдал байдаг.
Мөн энэ хий эхийн урагт нөлөөлж, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай. Жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээр бодис нь 18 cap хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчин үүсгэгч нянг агуулдаг. Хортой нэгдлүүд нь амьсгалын замаар хүний биед орвол өвчин үүсгэнэ" гэж хэдэн жилийн өмнө нэгэн хэвлэлд мэдээлсэн байх юм.
Ил задгай бие зассанаас үүдэлтэй шивтрийн хий нь хорт хийн төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээрт багтдаг гэнэ. Тэгэхээр хүн физиологийн хэрэгцээ шаардлагаа хангаад бие засаж байна, гудамжинд ил бие засах нь хүнд ямар нэгэн нөлөөгүй гэж бодож огт болохгүй юм. Хүүхдийн эмнэлгүүдэд өвлийн улиралд ханиад томуу, дулаараад ирэхээр гэдэсний халдварт өвчтэй хүүхдүүд нэмэгдэж, ачаалал ихэсдэг. Гэтэл тэр бүгдийн буруутан нь бидний харсан ч хараагүй мэт өнгөрдөг гудамжинд ил бие засах үзэгдэл аж.
Тиймээс ч бид өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож байвал гудамжинд хаа дуртай газраа морь харж байгаа хүмүүст дутагдлыг нь хэлэх, энэ асуудалд хяналт, торгуулиа чангатгах хэрэгтэй байгаа юм.
 
Э.Мөнхзаяа
Эх сурвалж: "Өглөөний сонин"