sonin.mn

Жил жилийн өвлөөр ярьдаг гол сэдэв бол агаарын бохирдол. Энэ жилийн хувьд эрт хүйтэрсэн гэдэг утгаараа ч тэр үү агаарын бохирдол анхаарал татахаар хэмжээнд хүрээд байна.
Уг нь агаарын бохирдолд төрөөс мөнгө зарж байгаа. Утаагүй зуухнаас эхлээд хэрэгжүүлж байгаа ажил чамгүй бий. Гэхдээ агаарын бохирдол мэдрэгдэхүйц хэмжээнд буугаагүй. Саяхан нийслэлд өтгөн манан буусан. Энэ үзэгдлийг мэргэжилтнүүд агаарын бохирдолтой холбон тайлбарлаж буй.

Агаарын бохирдлыг ихэнх оронд хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон, тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг 6-8 үзүүлэлтээр хэмждэг бол манай улс зөвхөн хүхрийн давхар исэл, азотын давхар исэл хоёроор л хэмжиж байна.

Агаарын бохирдлын хамгийн гол айх нөлөөлөл нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй байдал. Амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн системийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшинг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх), хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдаг нь олон улсын болон манай орны эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүнгээс тодорхой харагддаг.

Энэ жил л гэхэд Канадын Simon Fraser-ийн Их Сургуулийн Хүрээлэн буй орчин, эрүүл ахуйн зөвлөх профессор Райн Ален судалгааныхаа дүнг танилцуулсан. Тэрээр Улаанбаатарын утаанаас болж нийслэлийн хүн амын арван хүний нэг нь нас барж магадгүй байна гэсэн сэтгэл эмзэглэмээр дүгнэлтийг хэлж байна. Манай улсад эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр амьсгалын замын эрхтэний өвчлөл нь амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны хоёрдугаар байранд орж байгаа аж.

ХҮХРИЙН ДАВХАР ИСЭЛ МЕТАЛЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ҮҮСДЭГ

Агаарын бохирдлын гол хэмжигдэхүүн болдог хүхрийн давхар исэл гэж юу вэ. Энэ талаар бид тэр бүр мэддэггүй. Хүхрийн давхар исэл нь хүхэр агуулсан түлшний /нүүрс, дизель/дутуу шаталт, металл боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсдэг. Өөрөөр хэлбэл уул уурхай эрчтэй хөгжиж байгаа, цаашид үйлдвэрлэлдээ анхаарч буй манайх шиг хөгжиж байгаа улсын хувьд анхаарал татахаар баримт. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх явдал гэж эмч нар сануулдаг.

Зүрх судасны өвчтэй болон уушигны архаг өвчтэй хүмүүс энэ хорны нөлөөнд автамтгай. Тэр дундаа хүүхдүүд, өндөр настнуудын хувьд илүү өртөмтгий байдаг. Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа орчинд биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд илүү өртөмтгий байдгийг аль хэдийнэ тогтоочихсон. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг. Өртсөн хүнд шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.

Хүхрийн давхар ислийн агууламж маш өндөр байхад эрүүл хүмүүст ч шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэгүүд илрэх нь бий. Хүхрийн давхар ислийн сөрөг нөлөө зогсоход уушигны үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог аж.

ХИМИЙН ҮЙЛДВЭР, МАШИНУУД АЗОТЫН ДАВХАР ИСЛИЙН ҮҮСГЭГЧ

Азотын давхар исэл нь автотээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулагч эх үүсвэрээс ялгардаг. Энэ исэл цочроох үйлчилгээтэй. Амьсгалын замаар орсон хийн 80-90 хувь нь амьсгалын замын салстад шингэдэгээс ихэнхи нь уушгинд шингэдэг. Азотын давхар исэл нь уушигны эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг.

Мөн гуурсан хоолойн багтраа болон бронхиттой хүний мэдрэгшлийг ихэсгэдэг. Азотын давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх. Зүрх судасны өвчтэй болон уушигны архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг гэж эмч нар хэлдэг.

Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ” сонин