sonin.mn
Монголын Тогооч нарын холбооны ерөнхийлөгч, Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн, академич, Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор Ж.Октябрьтай ярилцлаа.
 
-Таны амьдрал Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуультай салшгүй холбоотой юм шиг ээ?
 
-Тийм ээ. Би Увс аймагт төрсөн ч гурван настайгаасаа нийслэлд амьдарсан бараг л нийслэлийн иргэн. Нийслэлийн нэгдүгээр арван жилийн сургуулийн долдугаар ангийг төгсөөд тухайн үеийн нэрээр Худалдааны техникумыг хоолны техникч, технологичоор төгссөн. Үндсэндээ хоолны мэргэжлийг 17 настайдаа эзэмшсэн. Дараа нь миний төгссөн сургууль Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль болж би Олон улсын аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газрын менежментийн тэнхимийн эрхлэгчээр 16 жил ажиллаад сүүлийн хоёр жил нь МУИС-д нэгдэн МУИС-ийн Худалдааны сургууль болоход нь сургуулийнхаа захирал хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Өөрөөр хэлбэл, энэ сургуульд 14-тэй жаахан хүүхэд техникум байхад нь орж 17-той төгсөөд 60 настайдаа захирал нь болж байсан байх юм.
 
Би зөвхөн энэ сургуулийг төгсөөгүй л дээ. Техникум төгссөнийхөө дараа нь Москвад Улс ардын аж ахуйн дээд сургууль төгсч хоолны инженер болсон. Худалдаа бэлтгэлийн яаманд Хэлтсийн дарга, нийтийн хоол эрхэлсэн орлогч сайдаар ажиллаж байгаад дахиад Москвад Нийгмийн ухааны академид дөрвөн жил аспирантурт суралцаж доктор хамгаалсан. 
 
Ирээд картын барааны хүнд үед Улаанбаатар импекс компани буюу тухайн үеийн Л.Энэбиш даргын үеийн нэршлээр Худалдаа хоолны ерөнхий компанид Засгийн газрын томилолтоор очсон. Энэ компанийн захирлаар таван жил ажиллах хугацаанд Монгол Улс ч картын бараанаас гарч амжсан. 1996 оноос Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульдаа тэнхимийн эрхлэгч, захирлын ажил хашсаар тэтгэвэртээ гарсан даа. 
 
-Монголын тогооч нарын холбоо хэзээ байгуулагдсан бэ?
 
-Хамгийн түрүүнд ягаан тасалбараар хувьчлагдсан салбар бол нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, худалдааны салбар. Энэ үед манай мэргэжил нэгт нөхөд Монголын тогооч нарын холбоо гэдэг төрийн бус байгууллагыг байгуулж намайг тэргүүнээр нь сонгоод 23 дахь жилдээ ажиллаж байна. Монгол Улсын бүх аймаг, нийслэлийн бүх дүүрэгт салбартай. Дэлхийн тогооч нарын холбоонд элсээд долоон жил гаруй болж байна. Тогооч нарынхаа мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах, мэргэжил мэдлэгийг нь ахиулах, амжилт гаргасныг нь шагнаж урамшуулах гээд ажлууд хийж байна. 
 
-Тогооч нарыг бэлтгэдэг сургууль олон бий юү?
 
-Олон байнаа. МСҮТ-үүд байна. Нийтийн хоолны тогооч бэлтгэх, хүнийг амьдрах ухаанд сургах хоёр шал өөр л дөө. Курс дамжаанууд 5, 7,10 хоног сургаад нэг үнэмлэх өгсөн болдог нь амьдрах ухаанд сургаж байгаа хэлбэр. Ер нь цаашдаа нийтийн хоолны тогоочийг МСҮТ-ээр бэлтгэх нь зүйтэй. Хүнсний технологийн сургууль гэж байна. ШУТИС-д хоолны инженер, технологич бэлтгэж байна. Эдгээр томоохон сургуулиуд тогоочийг удирдах ажилтан бэлтгэж байгаа юм. Тогооч гэдэг чинь хамгийн эртний юм шиг мөртлөө хамгийн түгээмэл мэргэжил болчихож. 
 
Урд нь доод тал нь сар сургаж байж бэлтгэгч тогооч болгодог нарийн систем байсан. Одоо бол МСҮТ-ээр бэлтгэж байна. Тогооч гэдэг бол тав хоног, долоо хоног суралцдаг мэргэжил биш. Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулиар үсчин, гуталчин, гоо сайханч, эксковаторчин, тогоочийг байгууллага ч бэлтгэж болно, хувь хүн ч бэлтгэж болно гээд хаячихсан. 
 
Дээд зэргийн замбараагүй байдалд орсон. Тогооч гэдэг мэргэжил үнэн хэрэг дээрээ хүн бүрийн хийж чадах ажил, ажилгүй хүний ажлын байр болж хувирсан. Гэтэл хэрэглэгч цаанаас нь шал өөр юм нэхээд байна. Хүний амьдралын гол хэрэгцээ атлаа хэрэглэгч талаас нь авч үзвэл хүн бүр хийгээд байх ажил биш. Ахмадад зориулсан, хүүхдийн, эмчилгээ сувилгааны, жуулчны, хөдөө аж ахуйн, ажилчдын гээд төрөлжих ёстой. Өнөөдөр Улаанбаатарт 150 гаруй ресторан байна.
 
Дагаад олон үндэстний хоол ороод ирчихсэн. Тогооч нар төрөлжих, төрөлжсөн чиглэлдээ мэргэших, тэднийг системтэй бэлтгэх хэрэгтэй байна. Үүнийг задгай тавьснаас болоод тогоочийн нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Сайн тогооч маш олон байна. Манай холбоо 2008 онд Дэлхийн тогооч нарын холбоонд элсээд Турк, Гонконг, Солонгос, ОХУ, Грек гээд хэд хэдэн улсад өөрийнхөө тогоочийг уралдаан тэмцээнд явууллаа. Манай тогооч нар амжилттай оролцоод гранпри, медалийг нь аваад ирсэн байдаг. 
 
Залуу аварга тогооч шалгаруулах уралдаан, улсын аварга тогооч шалгаруулах уралдааныг жил бүр зохион байгуулж байна. Хоёр жил тутам бүх болзлыг нь хангасан хүмүүст Монгол Улсын баатар тогооч болох шалгаруулалт явуулдаг. Сайдын тушаалаар тэр цолыг олгодог болохоор ХХААЯ-тай хамтардаг. Дэлхийн тогооч нарын өдөр аравдугаар сарын 20-нд болдог. Энэ өдөр Монгол хоолоо дэлхийд таниулах, сурталчлах үүднээс монгол туургатан улсуудын тогооч нарын дунд Улаанбаатарын цом гэдэг тэмцээнийг жил бүр явуулдаг.
 
-Аль ч зоогийн газар, ресторанд орсон хоолны чанарт эргэлзэх сэтгэл төрөх юм. Нэг л юм дутаад байх шиг?
 
-Хоолны газруудад эргэлтийн хөрөнгө гэж бараг байдаггүй. Орлогоороо зарлагаа нөхөж аж ахуйн тооцоон дээр явдаг болохоор хямралд амархан өртдөг. Гэхдээ байгаа юмандаа тохируулаад хэрэглэгч хараад ч баярладаг, амсаад ч цаддаг юм хийчих сэтгэл дутаж байгаа нь үнэн. Хоолны газрууд дээр порцын их багын асуудал байж болохгүй. 1986 оноос хойш 1140 хоолны жор гээд улсын хэмжээнд мөрдүүлэхээр баталсан жор одоо хүртэл үйлчилж байна. Зах зээлд орлоо гээд гуляшны махыг хасах юм уу, шөлийг нэмж болохгүй. 
 
Өнөөдөр хоолны газрууд анх хувьчлагдсан шигээ хяналтгүй болчихсон. Хяналт тавих цорын ганц байгууллага бол мэргэжлийн хяналтын байгууллага. Гэвч мэргэжлийн хяналт тэр болгонд хүрч чадахгүй байна. Мөнгөөрөө хоол худалдаж авч байгаа хэрэглэгч заавал чанар шаардана. Үүнийг хангаж чадах байгууллага цөөн болсон нь үнэн.
 
-Солонгос, хятад хоолны газрууд монголд олон болжээ. Үүнийг дагаад бидний мөнгө гадагшаа урсаад байх шиг ээ?
 
-Хятад, Солонгос, Япон алдартай хоолтой улсууд мөн үү гэвэл мөн. Тэр хүчтэй өрсөлдөөнөөс шахагдаж орж ирсэн хүмүүс нэг байшингийн булан түрээслээд хоолны газар байгуулдаг. Аливаа юм бүхэн шинэ дээрээ хүний анхаарал татах нь их. Ялангуяа Азийн хоол салхин доогуур нь гарахад л үнэрэнд нь татагдаад ормоор болдог. Үүнийг бас буруутгаж болохгүй. Гаднын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх ёстой. Гэхдээ жинхэнэ КFС, Макдоналдс шиг стандартаар ажиллах хоолны газар Монголд байна уу гэвэл ховор. 
 
Гадны хоолны газрууд Монгол Улсын хууль дүрмийг дагаж мөрддөггүй. Үүн дээр хүчтэй хяналт тавих газар бол мэргэжлийн хяналт. Хятад, солонгос хоолны газрууд хугацаа нь дууссан, хаанаас гарал үүсэлтэй нь мэдэгдэхгүй хоолны амт оруулагч, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн тайланг мэргэжпийн хяналтынхан их гаргаж байна. Үүний эсрэг дорвитой арга хэмжээ авч үнэхээр чадахгүй байна. Тиймээс наад зах нь хэрэглэгч өөрөө хүртэл хяналт тавьж шаардлагатай бол шүүмжилж л байх хэрэгтэй. 
 
Аль өөдтэй гэсэн бүх тогооч цалин мөнгийг нь дагаад томоохон уул уурхайн компанийн тогоочоор явчихлаа. Мэдлэг чадвар сэтгэл гурав нэгдэж байж сайхан хоол гарна шүү гэдгийг тогооч нар сайн ойлгох хэрэгтэй.
 
-Бодоод байхад монгол үндэсний хоол ховор юм шиг санагдах юм. Тийм үү?
 
-Хоол гэдэг өргөн ойлголт. Монгол гэхээсээ монголжсон хоол гэвэл зохино. Бүгд л гадаад хоол шиг санагдах явдал бий. Гэхдээ монгол хөрсөн дээр монгол хүний онцлогт тохируулж гаргасан монголжсон хоол манайд их бий. Жишээ нь, хятадын хуйцай байна. Хятад хуйцайны гол түүхий эд пүнтүүз, байцаа хоёр байдаг. Гэтэл монголчууд мах оруулаад, сүүл оруулаад монголжуулсан байх жишээтэй. Ер нь цэвэр монгол хоол гэх юм бол 200 гаруй хоол бий. Шөлөн хоол, махан хоол, холимог хоол, цагаан хоол гээд явна. 
 
Ааруул гэхэд л нэг төрлийн монгол хоол. Ээзгий бас нэг хоол. Ааруул, ээзгий хоёрыг холихоор өөр нэг хоол гарч ирнэ. Малын гэдэс дотроор шавай, зайдас, хярамцаг гээд хоол хийнэ. Прожкитай төстэй түнтэг гэдэг монгол хоол байна. Хуушуур, бууз бол тэртэй тэргүй монголжсон хоол. Хорхог боодог гээд цэвэр монгол хоол байна. Манайхан нэг камертай гадаадын хүн ирэхээр хотон дотроосоо нэг ямаа төхөөрөөд л нүдэн дээр нь хорхог, боодог хийж байгаа харагдах юм.  Технологио алдаж байгаагаа мэдэхгүй байна. Ингэж болхгүй. Жишээ нь, Зөвлөлтийн 100 мянга гаруй орос манайд ажиллаж байлаа. Наташа, Танянуудад бид харуулж байгаад л бууз ингэж хийдэг юм гээд заагаад өгчихсөн. Нарийн яривал Орост өөрт нь бууз байхгүй. Ингээд оросууд бууз хийгээд сурчихсан.
 
-Тогоочдын холбооны ерөнхийлөгч Октябрь гуай бууз чимхэж чаддаггүй гээд нэг сайт дээр гарчихсан байна. Та чимхэж чаддаггүй юм уу?
 
-Тэр бол худлаа. Би Монголын бүх хоолыг хийж чадна.
 
-Тогооч гэснээс Монголын бүх эзэгтэй нар тогооч шүү, тийм ээ?
 
-Тийм шүү. Улаанбаатарын бараг бүх эмэгтэйчүүд хөдөө очоод мал сааж, өрөм загсааж, тараг бүрж, аарууд хийж чадахгүй шүү дээ. Гэхдээ ойр зуурын хоол бол хийчихнэ ээ. Энэ утгаараа жинхэнэ тогооч нар чинь хөдөөд л байгаа юм. Тэр бүү хэл хөдөөний монгол эмэгтэй эсгий гэрт тогоо нэрж архи хийж байна. Бүгд л гэр бүлдээ хоолоо хийж, хоолны нэр төрөл давтахгүйгээр хоол хийхэд наад зах нь сар өөр өөр хоол хийж чадна.
 
-Хоол бол урлаг гэдэг. Гэтэл хэт урлаг болгох гэсэн нөхөд орой бүр зурагтаар янз бүрийн мэдэхгүй хоолны жор яриад л ядуу монголчуудын дуулаа ч үгүй элдэв шош, далайн замаг, хавч гэх шиг юм яриад байх юм хэмээн Го Бадарч гуай нэгэнтээ шүүмжилж байсан шүү?
 
-Нийт масст зориулсан биш заримыг нь идэж чадахгүй, заримыг нь хийж чадахгүй, заримынх нь орц материалыг худалдан авч чадахгүй хоол хийгээд л олон нийтэд сайн сайхан хүн болж өөрийгөө таниулах гэсэн нэвтрүүлэг байдаг. Гэхдээ хоол гэдэг бол өргөн утгатай. Үүнийг бас буруутгаж болохгүй. Тэд хоолыг урлаг болгож харагдуулах, хоёрт өөрийгөө сайн тогооч болгож харуулах зорилгоор тэгээд байх шиг байгаа юм. Гэтэл бас Го.Бадарчийн хэлдэг үнэн. 
 
Жирийн хүний үзэж дуулаагүй амт оруулагч ярина. Роз мари, яншуй, шош, шопар, оливийн тос гээд л ярих. Үнэхээр энгийн айлын гал тогоонд байхгүй. Энэ бол яахав. Үзэгдэл юм. Хажуугаар нь эмчилгээний хоол, нялх хүүхдийн хоол, цагаан хоол гэх мэтийг гарын доорхи матералаар яаж хийх талаар бас заах хэрэгтэй. 
 
-Бантанг алтан медальтай хоол гэж их ярих юм. Үнэхээр олон улсын хоолны тэмцээнээс алтан медаль авчихсан хоол уу?
 
-Яахав. Зүгээр онигоо л байхгүй юу. Монгол үндэсний хоол мөн үү гэвэл мөн. Дэлхийд байгаа бүх зутан шөл орц материалыг бүгдийг няцалж, нүдэж хийдэг. Манай бантан бол гурил, мах хоёр л орно. Цохиж нүдэх шаардлагагүй, гараа сайн угааж байгаад л гурилд ус дусааж бөөрөнхийлж алгадаад шөлөндөө буцалгаад л болоо. Гарын дор, маш хурдан. Амархан болохоор ч тэрүү эрчүүд мэргэжлийн хийнэ. Архи уугаад шартчихсан үедээ юм уу, гэртээ нялх хүүхдээ хараад үлдсэн үедээ тав, арван минутын дотор л хийчихнэ шүү. Хамгийн гол нь гараа л сайн угаах хэрэгтэй.
 
-Монголчуудын маань нийтлэг хоол юу вэ?
 
-Оросоор бол лапша. Монгол нэр нь гийдаа. Шөлөнд нь сайхан яс, мах чанаад л. Хөдөөнийхөн нэг хийдэг дээ. Бас л аян дайны явцад гаднаас авчирсан технологи. Монголжсон хоол гэх үү дээ. Олон орныг эзэлсэн агуу түүхтэй орон болохоор авах юмаа авчихсан. Тэр оронд үлдээх юм аа ч үлдээсэн байдаг. Гадаадад монголоос гаралтай хоол олон байдаг. Монголд байгаа гадаад хоолны газар эхлээд ороход порц ихтэй байна. Дараа нь ороход багассан байна. Дараа нь ороход аяга таваг нь багассан байна. Тэртэй тэргүй амтанд нь татагдаад дахин дахин орж ирнэ гэсэн байдлаар их зальжин ажилладаг л даа.
 
-Та онигоо их ярьдаг сан. Сүүлийн үед онигоочин нөхөдтэйгөө уулзаж байна уу?
 
-СГЗ Цэрэнжамц “Амгай зуузай” гэж нэг онигооны клуб байгуулаад Монголын хошин шогийн томчууд түүгээр бүгд дамжсан байх. Тэнд Т.Галсан гуай, Ж.Лхагва, Ц.Доржготов, Б. Бадар-Ууган, Ш.Ёолк, Ш.Гүрбазар гээд бүгд байсан. Энэ клубын гишүүн байсан. Зууны шилдэг онигооны уралдааны хоёрдугаар байрт хоёр ч удаа шалгарч байлаа. Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай бидэнтэй их нийлдэг. Тэмцээнийг алгасахгүй үздэг байсан. Дизайны сургуулийн захирал байсан гитарчин Төмөрхуяг, Чапи, циркийн найруулагч Батсүх гээд манай уралдаан тэмцээнд ордог, бидэнтэй нийлдэг хүмүүс их байсан. Богдод тоглодог Цогоо, Нэргүйбаатар, Магсаржав гээд бүхэл бүтэн арми байлаа. 
 
Гавьяат Сосорбарам, Цэнддоо, Одончимэд гээд акулууд байна л даа. Шог хошин уран зохиолын хамгийн богино төрөл, хошин байдлаар онож хэлэхийг л онигоо гээд байгаа юм. Т.Галсан гуай “Онигоо гэдэг чинь онож хошигнохыг л хэлээд байгаа юм” гэдэг. Уг нь анекдот гэдэг орос үг хуньлаатар, гүүзүү, данхраад гэдэг шиг монголжиж ирсэн нь онигоо болсон байгаа юм. Цэрэнжамц гуай “Нэг тосгонд эд бараа ачсан 100 илжиг ирснээс онигоо ярьдаг нэг хүн ирвэл тосгоныхон бүгд инээнэ” гэж ярьдаг. Хамгийн сүүлд Тоншуулын С.Цогтбаяр 2005 онд онигооны уралдааныг зохион байгуулаад түүнээс хойш зохиогдохоо больсон.
 
-Онигоо ярихаас гадна чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна вэ? 
 
-Биллярд тоглоно. Монголоор бол ёворцог юм л даа. Т.Галсан гуайн нэрлэсэн нэр. Бодоод байхаар ёворцог мөн байгаа юм. Бас дугуй унаж байна. 4-11 сар хүртэл дугуй унадаг тусгай газраа очиж унана. Түүнээс хотын энэ хөл хөдөлгөөн дотор дугуй унана гэдэг хэцүү. Ном их цуглуулсан. Гадагшаа явахдаа заавал авчирдаг юм бол хэдэн ном байдаг. Соён гэгээрүүлэгч телевизийн “Сонгомол номын сан” нэвтрүүлэгт миний номын сан орсон. Нийтийн хоолны салбарт жирийн тогоочоос сайдыг нь хүртэл, сурагчаас доктор, профессорыг нь хүртэл болж явсан болохоор элдэв янзын сав суулга, амт оруулагч, хоолны жор бас сонирхоно.
 
-Дэлхий дээр хамгийн сайхан хоолтой газар хаана байна гэвэл та юу гэх вэ?
 
-Азид гэвэл урд хөрш маань байна. Тайланд, Солонгос гээд байна. Европт Франц, Испани, Итали, Орос байна. Америкт хамгийн мундаг гал тогоо мексик, бразил гээд байна. Ер нь миний хувьд дундад Азийн хоол их сайхан. Казакстан, Узбекстан Киргизийн плов, шорлог бешпирмак гээд сайхан хоолууд байдаг.
 
Ц.Мөнх
Эх сурвалж: "Нийслэл таймс"