sonin.mn
Нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачих үйл ажиллагаа эхлээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хүрээнд хэрэгжүүлсэн уг ажлыг хүмүүс тухайн үедээ л алга ташин хүлээж авсан юм. Утаа, хог, замын түгжрэл зэргээр нийслэлийн иргэдийн амьдралд тулгамддаг бэрхшээлийн эхний тавд ямартай ч замын түгжрэл ордог. Тиймээс л машинаа нэгдүгээр эгнээнд тавьж зам түгждэг бүдүүлэг хүмүүсийг жигшсэн олон түмэн энэ ажлыг дэмжиж, сонин хэвлэлээр сайшаасан мэдээлэл гарч байлаа. 
 
Энэ онд хотжин амьдарч байгаа хүмүүсийн хүсэн хүлээсэн ажил мөн байсан. Гэвч өдөр өнгөрөхийн хэрээр талархал, дэмжлэг багасч, алга ташилт алсарсаар. Учир нь машин ачилт хийдэг компаниуд ёс зүйг уландаа гишгэж, ашигт нүдээ сохлуулан иргэдийн дайсан болсон хэрэг.
 
Нийслэлд өдгөө машин ачих ажлыг 13 компани гүйцэтгэж байна. Энгийнээр бол “зуун ямаанд жаран ухна” гэдэг шиг сонсогдож байгаа биз. Нөгөө талаас энэ олон тоо нь хэдэн төгрөг олох гэсэн жижиг бригадуудын ажил болохыг илтгээд байгаа юм. Угаасаа ч автомашин ачих нь ашигтай ажил. Тиймээс л өнөөдөр эзэн нь машинаасаа буугаад хэдэн хором өнгөрөнгүүт л хулгайч шиг анаж байгаад чирээд явчихна. 
 
Тэгээд 55 мянган төгрөгөөр “гэмгүй хулгайлагдсан” машинаа гаргана. Дээрээс нь журмын хашааны хөлс таван мянган төгрөг нэмэгддэг гэж байгаа. Тухайн ачуулсан өдрөө авахгүй маргааш нь дахиад л төлбөр нь нэмэгдэнэ. Тэгэхээр өдөрт хичнээн бол хичнээн машиныг шуурхайхан ачаад, ашиг унагаад байж болно гэсэн үг. Ер нь бол нэгдүгээр эгнээнд түр хугацаанд ч бай машинаа тавих нь буруу юм. Тиймээс тохирсон шийтгэл ч байх учиртай. 
 
Гэвч аль компанийн ачигч, хааш нь аваад явсан нь мэдэгдэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд иргэн хүн эд хөрөнгөө хулгайчид алдсан, ачуулсан хоёрыгоо ялгахгүй хоцорч байна. Тийм болохоор энэ ачилтын ажлыг ашиг харсан жижиг бригадуудаар биш нэг төвлөрсөн төрийн үйлчилгээний компаниар хийлгэвэл зохино. Ачилтын компани нэртэй жижиг бригадууд ашиг харж хүмүүсийн дургүйг хүргээд байна. Үүний оронд нэг төвлөрсөн газар ачсан машинаа аваачдаг байвал иргэдэд ч амар тусна. 
 
Түүний дээр төлсөн мөнгө нь шууд өөрийнх нь халаасанд орж байдаг жижиг бригадууд бус томоохон төрийн өмчийн компани байвал улаан шуналаар иргэдийн хөрөнгийг хараад байхгүй. Ядаж л орлого халаасанд нь биш улсын дансанд ордог болохоор ажилдаа хойрго ханддаг төрийн албаны ажилчдын зан чанар хэрэг болно. Тэгэхгүй бол өнөөдрийн нөхцөлд мөнгө олохын төлөөх зорилготой жижиг бригадуудын ажилчид тээврийн хэрэгслийг ачих журмаа ч мөрдөхгүй ажилладаг боллоо. 
 
Автомашиныг нь ачих үед эзэмшигч нь очвол ачихгүй байх ёстой юм билээ. Гэтэл өнөөдөр ачигч бригадуудын ажилчид тээврийн хэрэгсэл эзэмшигч рүү хараалын үг урсган, гар хөдөлгөх хэмжээндээ тулд автомашиныг нь ачдаг болсон байна лээ. Бүр зарим нь иргэдээс 10,20 мянган төгрөг аваад машиныг нь үг дуугүй өгөөд явуулсан жишээ бий.
 
Хэрэв төрийн байгууллага энэ үйлчилгээг дангаараа эрхэлдэг бол тэд хүний машиныг хулгайч нохой шиг аваад зугтахгүй эзэнд нь утсаар хэлнэ. Ерөөс эзэнд нь хэлээд машинаа авахаар гарч ирэхээр нь торгууль тавиад машиныг нь ч өгчихдөг байвал зохилтой. Түүнээс ачиж алга болоод баахан хайлгаж олдоод өдий төдий чирэгдэл учруулдаг нь өнөөгийн нийгэмд тохирохгүй. 
 
Хэн нэгэн нь утасдаад “Машинаа ачуулчихжээ хө. Одоо хайгаад араас нь явж байна” гэж яривал тухайн өдөр өөр ажилд сатаарч чадахгүйнээ гэж хэлж байгаатай утга нэг сонсогддог болжээ. Гэтэл хүний нэг өдрийн ажлын хөлс яахав. Бүр гүнзгий бодвол нэг өдрийг дэмий өнгөрөөсөндөө харамсахгүйгээр тийм урт настай амьтад ингэхэд бид мөн билүү.
 
Хогны машинууд “Мишээсэн дагина шиг миний Улаан-баатар...” хэмээн цангинатал эгшиглэдэг. Энэ дууг сонссон найман настай балчираас наян настай буурал хүртэл хогоо ачуулах болсноо мэдээд гардаг. Тэд хаана хогны машин явж байгааг ойлгодог байх амьдралд нь хэрэгтэй байна. Тийм болохоор хог ачдаг машины дуу нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулж байгаа юм. Түүнтэй адил нэгдүгээр эгнээнд тавьсан автомашин ачдаг унаануудыг дуутай болговол ямар вэ. 
Улаанбаатар хоттой холбоотой намуухан дуу олон л байдаг шүү дээ. Тухайлбал, “Такси цоохор машин нь хө, Ачих нь болоод иржээ” гэдэг ч юмуу. Цагдаа нарыг хуучин сэргийлэгч гэдэг байсан даа. Тэр төрийн хувцастай хүний явж байгаа газар амар амгалан байдаг. Түүнийг сэргийлж байгаа цагт урт гартай нь ч, уур уцаартай нь ч хэрэг төвөг гаргадаггүй учиртай. Барьж цагдах, хорих биш харин хаа яваа газраа амар амгаланг үүсгэж байгаа хэрэг.
 
Ачигч машинууд хогны машин шиг дуутай болсноор сэргийлэгчийн үүргийг гүйцэтгэх боломж бүрдэнэ. Түүний дуу эгшиглэж байхад машинаа нэгдүгээр эгнээнд тавиад хаа нэг газар руу гялс орчихоод ирэх зоригтой хүн гарахгүй. Мөн түүний дуу эгшиглээд эхлэхэд л өөрийнхөө машиныг хориотой газар тавьсан хүн хаанаас ч гэсэн гараад л ирнэ. 
 
Энэ нь хүнлэг болоод ёс зүйтэй арга болно. Хэн ч хулгайчид алдчихав уу, ачуулчихав уу гээд гайхаад явж байхгүй болно гэсэн үг. Ашиг харсан хүмүүсээр амгалан байдлыг тогтоодоггүйг нийслэлийн удирдлагууд ухаарах хугацаа өнгөрсөн биш үү. 
 
Г.Цэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"