sonin.mn

Ханбогд сумын сургуулийн захиргаа нь нийт багш ажилчдынхаа дунд “Миний хобби, Миний бүтээл” уралдаан зарлаж дүгнэв. Багш ажилчдын авьяас сонирхлыг өрнүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж өөрийгөө сурталчлан таниулах, туршлага солилцох, хамт олны нэгдмэл байдлыг бэхжүүлэх зорилготой уг уралдаанд багш ажилчдын сонирхон цуглуулсан элдэв сонирхолтой цуглуулга, хобби, мөн авьяаслаг, гарын ур дүйтэй багш нарын хийж бүтээсэн төрөл бүрийн бүтээлүүд дэлгэн тавигдаж үзэгчдийн таашаал хүртэж байлаа.

“Шилдэг хобби”- ний уралдаанд хамгийн ховор нандин цуглуулга болох өврийн хуанлиуд, ил захидлын цуглуулгаар ажилчин Д.Шархүү, 108 ширхэг заан цуглуулсан   багш У.Жавзандулам, үе үеийн даасан ангийнхаа сурагчдын хичээлийн дэвтрүүдийг нандигнан хадгалсан багш Ж.Одгэрэл, ховор сайхан номын цуглуулгатай багш Х.Буманцэцэг нар шалгарч шагнагдав.

“Шилдэг бүтээл”- ийн уралдаанд гарын ур, авьяас чадвараа ашиглан шилдэг бүтээлүүд туурвиж бүтээсэн багш Г.Энхжаргал, С.Насандулам, Б.Дүнжиймаа, Ө.Алтантогос нарын бүтээлүүдийг шалгаруулж шагнаж урамшуулав.
 
Хандивын тоглолт болов

Хөдөөгийн хүн амд  эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх энхийн үйлсэд олон жил идэвх зүтгэл гарган ажилласан  ЭХ- ын тэргүүний ажилтан эмч Ц.Энхтуяагийн эмчилгээний зардалд зориулж С.Сандагсүрэн захиралтай “Оюуны өргөө” сургалт мэдээллийн төв, И.Нарангэрэл эрхлэгчтэй соёлын төв, Д.Отгончулуун даргатай  Гавилууд багийн нийт иргэд, Д.Эрдэнэцэцэг даргатай иргэдийн нийтийн хурал, багийн ардын авьяастнуудаас бүрдсэн урлаг соёлын идэвхтэнүүд хандивын тоглолт зохион байгуулав.

Тоглолтонд СТА  Ш.Эрдэнэжаргал, сумын тэргүүний ардын авьяастан Ц.Биндэрмаа, ахмад тэргүүний ардын авьяастан Р.Цэвээн, Б.Баярцог зэрэг олон авьяастнууд сэтгэлийн дэм болгож ая дуугаа өргөлөө.

Цолгүй бөхчүүдийн барилдаанд Х.Тодмагнай түрүүллээ

Сумын  начин Х.Өнөрбаярын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг Д.Эрхэмбаатар ахлагчтай сумын бөхийн холбооноос зохион байгуулав. Барилдаанд 16 цолгүй  бөх барилдаж хүч бяр, авхаалж самбаагаа сорьсноос Жавхлант багийн харьяат залуу бөх Х.Тодмагнай 14 даван түрүүлж  сумын начин цол хүртэв. Удаах байрт ЕББДС- ийн сурагч Д.Сумьяабазар, Б.Хатанзолбоо, М.Алтангэрэл  нар шалгарч шагналын эзэд болов.

Ч. Амгалан

Эх сурвалж: "Монгол говь" сонин