sonin.mn

Хэдэн мянган жилийн тэртээгээс төрт улсаа байгуулж, төв азийн цээжинд нүүдэллэсээр ирсэн эрэлхэг хөвгүүдийн баатарлаг гавьяа энэ цаг дор ч үргэлжилсээр.
Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн дайчин хөвгүүдийн байгуулсан ялалтаас хүргэж байна.

1921 оны үед цагаантны дээрэмчдийг бут ниргэж Ардын хувьсгалын ялалтыг баруун нутагт гарамгай зохион байгуулсан төр, цэргийн цөөн зүтгэлтнүүдийн жагсаалтад Ц.Хасбаатарын нэр, баатарлаг гавьяа зүй ёсоор багтдаг. Энэ бол Толбо нуурын тулалдаан буюу тусгаар тогтнолын түүхэнд мөнхөрсөн 43 хоногийн бүслэлтийн тухай баримт юм.

Ц.Хасбаатар Ордос нутгийн хүн байжээ. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцож, 1913 онд Хятадын цэргийн эсрэг байлдаанд манлай баатар Дамдинсүрэнгийн ангид алба хааж, гавьяа байгуулснаар нэр нь тодорчээ. Түүнийг ядуувтар амьдралтай, сайн морь, буу хоёрт дуртай ханхар цээжтэй, хатан зоригтой хүн байсан гэж ярьдаг. Жанжин Д.Сүхбаатартай 1921 онд цэрэг эрсийг элсүүлж явах үед нь анх учирч, ардын журамт цэрэгт элсчээ.

Түүний дараахан Бургастын тулаанд оролцож, анхны ялалтаа байгуулжээ. Улмаар цэргийн дөрвөн хорооны нэгийг захирч, Хиагтыг чөлөөлөх тулалдаанд оролцон гарамгай сайн байлдсан тухай хувьсгалын түүхэнд тэмдэглэсэн бий. 1921 онд Ардын түр засгийн газар байгуулагдахад төлөөлөгчөөр оролцон Засгийн газрын гишүүн болсон байна.

Ард иргэдийг зэвсэгт тэмцэлд уриалан дуудах, цэргээ байлдааны урлагт сургах үүргийг нарийн чанд гүйцэтгэж байв. Энэ үед монголын баруун нутгаар цагааны дээрэмчид олноор нэвтэрч, улс орны байдлыг улам хурцатгаад байлаа. Кайгародов, Казанцевын ангиуд Ховдод төвлөрөн, Бакичийн үлэмж тооны цэрэг Шинжааныг дайран түйвээгээд эргэн Ирмэгтийн даваагаар давж, тэдэнтэй нийлж, Унгернд хүч нэмэгдүүлэхээр завдаж байв.

Иймд тэдний хоорондын холбоог таслах, баруун нутгийг чөлөөлөх цагийн байдал үүсээд байлаа. Улс орны тусгаар тогтнолтой холбоотой тус хэргийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Хасбаатарыг томилж, цэрэг захируулан Д.Сүхбаатар,  Х.Чойбалсан нар хүндэтгэлтэйгээр үдэн мордуулжээ.

Тэд тус бүр тэргэнд сургасан гурван морь хөлөглөн ОХУ-ын Тройцк хот, Кошагач районаар дамжин коминтерний төлөөлөгч, хэлмэрч Нацов нартай уулзан чөлөөлөх тэмцлээ хэрхэн хийх талаар тохиролцоод баруун нутагт ирж байлдааны ажиллагааг шуурхайлан хийж эхлэв.

Нутгийн дөрвөд, казах, урианхай ноёдтой уулзаж, богино хугацаанд хэдэн зуун цэрэг элсүүлээд цагаантны оргодлуудыг хэсэг хэсгээр нь бут ниргэж эхэлсэн тухай түүхэн баримт бичгүүдэд /Ц.Дамбадоржийн "Толбо нуур" / баримтат тууж, /К.К.Байкаловын дурдатгалын бүтээл/ тодорхой бичсэн байдаг.

Баян-Өлгий аймгийн болон Бугат сумын төвөөс холгүй, 10 орчим км зайтай Ховд болон Хатуугийн голын эрэг орчимд байх "Цэргийн хар толгой" буюу хожим нь "Хасбаатарын хар толгой" гэх болсон газарт Хасбаатар цэргээ төвлөрүүлэн Хязгаарын цэргийн жанжин штабыг байгуулжээ.

Улмаар түүнийгээ өргөжүүлэн Баруун Монголын хувьсгалын төв штабын голомтыг бий болгов. Хиагт дахь нам засгийн төвтэй эндээс холбоо барин харилцаж байжээ.

Ардын журамт цэргийн отряд Ховд хотод төвлөрсөн цагаантны     бүлэглэлүүдтэй Улаангом, Улаан байшинт, Ховд, Улиастай зэрэг уудам нутагт олон дахин тулалдсаар Толбын Бураат дахь Саруул гүний хүрээнд очсон байдаг. Гэтэл тэднийг хүрч ирэхийг урьдаас мэдсэн цагаантууд хүнсээ базааж, хүч хуралдуулан өндөр бэлтгэлтэй бүслэлтийг хийсний дээр хэд дахин давуу хүчтэй байлаа.

1921 оны 9 сарын 19-нд цагаантны толгойлогч Бакич, Кайгородов нар хүчээ 2 хуваан Саруул гүний хүрээг бүх талаас дайрахаар төлөвлөжээ. Төлөвлөгөөгөөр цохилтын бүлгийг Кайгородовын отрядаас 300 цэрэг, нэг их буу, 4 пулемёт, Бакичийн корпусаас 420 цэрэг, 1 их буу, 7 пулемёттайгаар зохион байгуулсан ба түүнийг командлах үүргийг Кайгородов өөртөө авсан байна.

43 хоног үргэлжилсэн тус бүслэлт Толбо нуурын тулалдаан хэмээх үйл явдлыг түүхийн хуудаснаа үлдээжээ. Бүслэлтэд ормогц хэдхэн хоногийн дараа цаг үеийн байдал, дайсны арав дахин давуу хүчний байдлыг бүрэн мэдсэн Хасбаатар "Бүслэлт дунд бид дээрэмчдийг дийлэхгүй тул хүч нийлүүлэн бүслэлтийг сэтэлж гарцгаая" гэсэн санал гаргасныг Байкалов, Дамбадорж нар хүлээн зөвшөөрсөнгүй.

Өөрөөр хэлбэл энэ отрядын гол удирдагч, баруун нутгийн бүх цэргийн командлагч    Хасбаатарын тушаалыг биелүүлээгүй. Үүнээс дээд тушаалын даргынхаа байлдааны үүргийг эсэргүүцэн, цэргийн дүрэм зөрчиж, давшилт хийх боломжгүй гэдгээ мэдсэн хэрнээ хамгаалалт хийсэн үлдсэн нөхдийн буруу гэсэн дүгнэлт хийвэл үнэнд нийцнэ.

Байкалов бол хэргэм зэргийн хувьд түүнтэй адилхан ч гадны хүн учир Монгол нутагт асуудлын үндсэн голыг шийдэх нь зүйд нийцэхгүй бөгөөд үүнд Хасбаатарын санал гарцаагүй зөв байсан. Үүнийг болсон үйл явдал баталсан. Өөрөөр хэлбэл бүслэлтийг сэтэлж гарах нь зөв гэдгийг Хасбаатараас 30 гаруй хоногийн хожуу ойлгож зугтахаар завдахад хойноос нэмэлт хүч орж иржээ.

Ингээд Хасбаатар хэсэг цэргийг шөнө дагуулан довтолж бүслэлтийг сэтлэн гарах үед ихэнх нь суманд өртөж, зоригт жанжин хүнд шархдаад 70 орчим км зам туулж "Цэргийн хар толгой" дахь төв байрандаа иржээ, "Хасбаатар    жижиг оромжинд байрлаж өөрөө шархаа эмчлэхээр оролдсон ч тус болсонгүй хэвтэрт орсон.

Хүүхдүүд түүнд хоол унд хүргэж өгдөг байлаа. Удсан ч үгүй өвлийн эхээр тэр хүн нас барсан" гэж нутгийн уугуул С.Шошай өвгөн хуучилсан байдаг. 1937-1938 онд Алтай ханы хошууны бага сургуульд багшилж байсан Ховд аймгийн харьяат Цэрэндаш дурдатгалдаа бичихдээ: "Би Алтай ханы бага сургуульд Мишиг, Ломбодоржтой хамт багшаар ажиллаж байлаа.

Биднийг партизан Ш.Тэвэгт гуай дагуулан Ховд голын цаад талын Их булангийн булшнаас Хасбаатарын толгойн ясыг  олж, түүний нас барсан газрыг бидэнд үзүүлж байлаа" гэж өгүүлсэн байдаг.

Толбо нуурын тулалдаанд ялалт байгуулж баруун нутгийг чөлөөлсөн Монгол, Орос дайчин эрсийн баатарлаг гавьяа, бат найрамдлын бэлгэ тэмдэг болгож 1957 онд Өлгий хотын төв талбайд, 1980 онд Толбо сумын төвд томоохон дурсгалын хөшөө босгожээ.

1960-аад оны дунд үеэр залуучуудын байгууллагаас санаачлан өрнүүлсэн эх оронч дайчин уламжлалын мөрөөр аялал зохиох, хувьсгалт түүхэн газруудыг тодруулан тогтоох ажлын хүрээнд Ховд голын эрэг дээрх "Хар толгой"-н өндөрлөгт Хасбаатарын түүхэн дурсгалд зориулан бунхан босгосон байна.

Хасбаатарыг чулуугаар тааруухан дүрсэлсэн бунхан өнөөг хүртэл байдаг. Баруун Монголыг дайсны савраас аврах гол үүргийг биелүүлж, эх орныхоо зүүн хязгаараас баруун хязгаарт ирж мөнх нойрссон Хасбаатарын булшин дээр 50 орчим жилийн турш нэг удаа боловч цэцэг өргөөгүй нь харамсалтай.

Эх сурвалж: “Соёмбо” сонин